Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01175

 

 

 

 

 

      2017 оны 04 сарын 05 өдөр

        Дугаар 101/ШШ2017/01175

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Л холбогдох,

 

5,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 онд иргэн С.*******той хэлцэл хийж, түүний өмчлөлийн төвлөрсөн халаалтын шугамаас халаалт авсан шугамаас халаалтын шугам татахаар болж түүний төлбөрт 5,000,000 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 06-нд 2,000,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 04-нд 1,000,000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 30-нд 1,000,000 төгрөг өгч тохирсон болно. Ингээд 2015 оны 9 дүгээр сард түүний хашаанд 40-ийн голчтой 36 метр турбаг 180,000 төгрөгөөр худалдан авч 260,000 төгрөгийн зардал гаргаж байрлуулсан болно. Уг хэлцлийг үндэслэн 2015, 2016 онуудад “*******” ХК-д хандан техникийн нөхцөл гаргуулахаар өргөдөл гаргатал доорхи 2 үндэслэлээр техникийн нөхцөл гаргах боломжгүй гэсэн.

  1.       .Иргэн С.*******гийн дулааны шугам татсан гол хөрөнгө оруулагч н.*******тай тохирсон байх, түүнээс зөвшөөрөл авах,

       2.Тус шугам нь одоо дулаанд холбогдсон айл өрх, албан газруудыг хангаж чадахгүй байгаа, нэмж дулаан авах техникийн боломж байхгүй тул техникийн нөхцөл зөвшөөрөл гаргах боломжгүй гэсэн болно.

         Энэ талаар иргэн С.*******д хэлж, өгсөн мөнгөө авах талаар ярихад өгч чадахгүй, шүүхээр яв гэсэн тул миний бэлнээр өгсөн 5,000,000 төгрөгийг болон 6 ширхэг турбаны үнэ 180,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан 5,180,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.*******д нэхэмжлэгчийн хувийг гардуулах ажиллагааг шүүх хийхдээ удаа дараа дуудсаны эцэст 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 3 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

Ийнхүү шүүхийн тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

В.******* нь С.*******той 2011 онд С.*******гийн өмчлөлийн төвлөрсөн шугамд холбогдсон халаалтын шугамнаас В.******* өөрийн өмчлөлийн объект руу халаалтын шугам татуулахаар харилцан тохиролцож, В.******* нь С.*******д 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зохигчдын хооронд мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү В.******* нь өөрийн өмчлөлийн объект руу халаалтын шугам татуулахтай холбоотой зөвшөөрлийг авахаар эрх бүхий байгууллагад хандахад “Иргэн С.*******гийн дулааны шугам татсан гол хөрөнгө оруулагч н.*******тай тохирсон байх, түүнээс зөвшөөрөл авах, тус шугам нь одоо дулаанд холбогдсон айл өрх, албан газруудыг хангаж чадахгүй байгаа, нэмж дулаан авах техникийн боломж байхгүй тул техникийн нөхцөл зөвшөөрөл гаргах боломжгүй” гэсэн хариуг өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т “Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно” гэж зааснаар зохигчдын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд үүрэг үүсээгүй буюу хариуцагч С.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 6 ширхэг турбаны үнэ 180,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч С.*******д шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 27 минутад түүний 94561732 дугаарын утсаар холбогдож “шүүх хуралдааны тов, хариу тайлбар өгөхийг шаардахад” ойлголоо гэсэн хариуг өгсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******гоос 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.*******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.*******од олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ЭНХЖАРГАЛ