Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 291

 

В.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Л-д холбогдох

 

Худалдан худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: В.Г

Хариуцагч: С.Л-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд иргэн С.Л-ы өмчлөлийн төвлөрсөн халаалтын шугамаар дамжуулан халаалтын шугам татахаар харилцан тохиролцсон. Ингээд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус түүнд өгсөн. 2015 оны 9 сард түүний хашаанд 40-ийн голчтой 36 м турбаг 180 000 төгрөгөөр худалдан авч 260 000 төгрөгийн зардал гаргаж байрлуулсан. Уг хэлцлийг үндэслэн 2015, 2016 онуудад “Дулаан түгээх сүлжээ” ХК-д техникийн нөхцөл гаргуулахаар өргөдөл гаргасан боловч С.Л-гийн дулааны шугам татсан гол хөрөнгө оруулагч н.Отгонбаяртай тохиролцож, зөвшөөрөл авах, татагдсан шугам нь одоогийн дулаанд холбогдсон газруудыг хангаж чадахгүй байна, нэмж дулаан авах техникийн боломж байхгүй гэж техникийн нөхцөл олгож, зөвшөөрөл өгөхөөс татгалзсан. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөгийг болон 6 ширхэг турбоны үнэ 180 000 төгрөг, нийт 5 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Л- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Г нь өөрөө зөвшөөрлөө авна гэсэн. Манай хашаагаар шугам татахад би өөрөөсөө зардал гаргаад турба, дулаалгын мөнгө гаргасан. В.Г нь н.О уулзаад дулаанаа татуулья гэхэд 10 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед 2 давхар байсан бөгөөд сүүлд байшингаа 5 давхар болгоход нь холбогдох газраас нь зөвшөөрөл өгөөгүй. Харин В.Г “чи ганцхан дулаанаа өгчих, би зөвшөөрлийг нь зохицуулаад авчихна” гэсэн гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-гоос 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Год олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Л-гоос 94 950 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч В.Год олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч С.Л- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би анх дулааны шугам тавиулахад 20 000 000 төгрөгийн зардал гаргасан. Шүүх яагаад хэрэглэгч бөгөөд эзэмшигч биш гэж үзсэнийг ойлгохгүй байна. Мөн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна. Уг шугам татуулах ажилд ажилчдын хөлс, хоол, гагнуурын хөлс, материал, турба гагнах, турба худалдан авах гэх мэт нийт 3 000 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг би нэхэмжилж байна. Бид мэргэжлийн байгууллага ямар хэмжээний зардал, ажиллагаа, материал гардаг гэдгийг шалгуулж, энэ мөнгөө гаргуулах хүсэлттэй байна. Иймд шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй бөгөөд хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч С.Л-гоос худалдан худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч В.Г нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч С.Л-той байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл буюу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд энэ нөхцөл биелэгдээгүй тул гэрээг байгуулсанд тооцохгүй гэж тайлбарлаж төлсөн төлбөрөө буцаан шаарджээ.

Хариуцагч С.Л- нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах нөхцөл гэрээгээр тохиролцоогүй гэсэн агуулгаар тайлбар гарган маргасан байна. 

Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бичгээр хэлцэл хийгдсэн бөгөөд С.Л- нь өөрийн эзэмшлийн төвлөрсөн шугамд холбогдсон халаалтын шугамаас холболт татахыг В.Год зөвшөөрсөн, В.Г нь уг зөвшөөрлийг авсаны хариу төлбөрт 5 000 000 төгрөгийг С.Л-д төлөхөөр тохиролцжээ. Уг хэлцлийн агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

Хариуцагч С.Л- Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д тодорхойлсноор хэрэглэгч болох талаар маргаангүй бөгөөд мөн хуулийн 30.1.10-т зааснаар С.Л- нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүргийг хүлээх боловч энэхүү үүргийг биелүүлэх нөхцөл нь В.Г эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан байх үндэслэл юм.

С.Л-гийн хуулийн дагуу хүлээх энэхүү үүргийн урьдчилсан нөхцөл нь В.Г, С.Л- нарын хооронд байгуулсан гэрээний нөхцөл болохгүй тул нэхэмжлэлийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Л- нь өөрийн эзэмшлийн халаалтын шугамнаас холболт татах зөвшөөрлийг нэхэмжлэгч В.Год 5 000 000 төгрөгөөр худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийсэн хэлцлийн агуулгыг хариуцагчийг  тусгай зөвшөөрөл эзэмшигч бус, өөр этгээдийг дулаан түгээх шугамд холбох, ашиглахыг зөвшөөрөх эрхгүй, талуудын хооронд хийгдсэн хэлцэл бусад этгээдийн зөвшөөрөл, тусгай нөхцлөөс хамаарах тул тэдгээрийн хооронд хууль зүйн үр дагавар бүхий үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.Л-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

           

                                      ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Ч.ЦЭНД