Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0384/Э/001/2020/0287

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Б.Чинбаатар, Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Бцийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О овогт Р.Э, Б овогт Э.У, Д овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, О овогт Р.Э /РД: /, 1979 оны 5 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, “...........” ХХК-нд менежер ажилтай гэх, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, Б овогт Э.У /РД: /, 1989 оны 10 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Д овогт Б.Б /РД: /, 1982 оны 6 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Б.Батсүх нар нь шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Р.Эын өгсөн: ...Намайг бэлэн мөнгөний кассаас мөнгө авсан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэж буруутгаж байна. Кассын нярав Э.У нь Цагдаагийн газар, Авилагтай тэмцэх газар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Р.Э гэдэг хүн бэлэн мөнгөний кассаас их хэмжээний мөнгө дураараа авсан зүйл байхгүй. Албан томилолт болон цалингийн урьдчилгаа болгож дараа төлбөр төлөх зорилгоор бол мөнгө авсан болохоос дур мэдэн мөнгө авч байгаагүй” гэдгийг мэдүүлсэн байгаа. Б.Бцтэй үгсэн хуйвалдсан гэж буруутгаж байгаа. Харин ч Б.Бц миний эсрэг үйл ажиллагаа явуулж, намайг Авлигатай тэмцэх газарт өгч байсан. Р.Э, Э.У нарын үйлдэл сэжигтэй байна гэж мэдүүлсэн байдаг. Кассын нярав гэдэг хүн байдаг. Хуйвалдах боломж байхгүй. Гэтэл өнөөдөр биднийг үгсэн хуйвалдсан гэж яриад байгаа нь буруу. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаар намайг хувьдаа 10 сая төгрөг завшсан гэж үзэж, уг мөнгийг би төлсөн байгаа. Гэтэл түүний 7 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэсэн баримтыг гаргаж өгсөн. Энэ нь намайг хувьдаа мөнгө завшаагүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Миний бие гүйцэтгэх захирлын албан үүрэгтээ хайнга хандсан, хяналтаа тавьж чадаагүй нь миний буруу. Би байгууллагын мөнгийг завшаагүй... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бцийн өгсөн: ...А гэх хүн дараа тайлангаар урьдчилгаа цалин авахыг хүсвэл мөнгө хүссэн өргөдөл бичээд 1-р гарын үсэг буюу захиралд танилцуулан цохолт хийлгүүлнэ, дараа нь 2-р гарын үсэг буюу ерөнхий нягтлан бодогч танилцаж гарын үсэг зурна. Дараа нь барааны нягтлан бодогч авлага үүсгэж, мөнгө хүссэн өргөдлийн ард нь зарлага гаргасан баримт үдэгдээд кассын нярав дээр очно. Касс үүнийг үндэслээд мөнгө гаргана. Программ дээр А гэх хүнд авлага үүснэ. Энэ авлагаа хаахгүй бол тухайн хүний цалингаас суутгаж авна. Авлагыг мөнгө авсан хүн нь өөрөө анхан шатны баримтаа авч ирээд хаалгана. Дээрх мөнгө гарах процесс явагдаагүй, анхан шатны баримт байхгүйгээр мөнгө гарсан болохоор л касст дутагдал гарч байгаа юм. Би санхүүгийн албаны дарга, комиссынхонтой хамт кассын үлдэгдлийг тоолоод дутагдал байгаа гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Мэдэгдсэний дагуу энэ хүмүүсээс асуухад “...байгаа нь л энэ, системийн алдаа юм байлгүй” гэсэн утгатай зүйлс хэлсээр байсан. Анхан шатны баримтгүйгээр программ дээр хаах эрх надад байхгүй. Би шаардлага тавьсан. Би энэ нөхдөд хяналт тавьж байсан... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Уын өгсөн: ...тухайн үед тушаал гараагүй юм уу, удирдах албан тушаалтнуудын амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр би дэвтэр дээрээ тэмдэглэж аваад кассаас мөнгө гаргаж байсан удаа байгаа. Түүнээс би дураараа мөнгө гаргаж байгаагүй. Зөвшөөрөлгүй мөнгө авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Бын өгөн: 2015 онд Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж манай байгууллагад 166 сая төгрөгийн алданги тогтоосон. Үүн дээр тэтгэвэрт гарсан 2 хүний дутуу олгосон мөнгө нэмэгдээд 182 сая төгрөг болсон. Үүн дээр 4 дүгээр сарын кассын үлдэгдэл 3.829.114 төгрөг нэмэгдээд 186 сая төгрөгийн дутагдал үүссэн. Энэ дутагдлаас Санхүүгийн хяналтын албаас баримтаар гаргаж өгсөн 22 сая төгрөг хасагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хишигжаргалаас 700.000 төгрөг өгсөн нь хасагдсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр Р.Эаас 12.357.653 төгрөг өгсөн нь хасагдсан. Ингээд үлдэгдэл 148,142,957.34 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд

Хохирогч Б.Шын өгсөн: ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 142.2 сая төгрөгийн хохирол гэдэг нь 2-3 жилийн кассын зарцуулалтын мөнгөн дүн гэж би ойлгож байна. Түүнээс манай байгууллагын касст өдөр бүр тийм их хэмжээний бэлэн мөнгө орж ирдэггүй учир нэг жилд 142.2 сая төгрөг касст байхгүй. Энэ нь тухайн ажиллаж байсан кассын нярав, ерөнхий нягтлан бодогч нарын ажилдаа хайнга хандаж, бэлэн мөнгөний зарцуулалтыг тухай бүрд нь санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж, зарлагыг хаадаггүй байдлаар хуримтлагдаж үүссэн дүн гэж бодож байна. Тэгэхээр дээрх 142.2 сая төгрөгийн хохирол нь манай байгууллагад ор мөр зарцуулаагүй гэнэт хэн нэгэн хүний буруу шийдвэр, дур зоргоороо хувьдаа ашигласан хохирол биш, харин тухайн мөнгө байгууллагын тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдсан боловч эргээд зарцуулсан ажлынхаа холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг дутуу бүрдүүлсэн, эсвэл бүрдүүлээгүй хайнга хандсан үйлдлээс болоод энэ нь өөрөө кассаас бэлэн мөнгө зориулалтын бусаар дутаад байгаа хохирол мэт харагдаж байгаа юм... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 125-126/,

Гэрч Б.Бы өгсөн: ...манай нөхөр Хишигжаргал нь 2014 онд кассын нярав Уаас найз нөхдийн хувиар 1.7 сая төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнөөс 1.0 сая төгрөгийг Уд эргүүлж төлсөн. Харин 700.000 төгрөгийг У ажлаасаа гарчихсан, байгууллагад нь төлье гэхээр Х байгууллагаасаа баримт үйлдэж аваагүй тул хаана яаж төлөхөө мэдэхгүй байгаагаас төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 188-189/,

Гэрч Д.Цийн өгсөн: ...ерөнхий нягтлан бодогч Б.Бцийн албанд ашиглаж байсан компьютерын хатуу диск шатсан нь Б.Бцийн өөрийнх нь компьютер дээрээ хийж байсан хувийн файлууд устаж арилахаас төв серверт хадгалагдаж байгаа санхүүгийн мэдээ, мэдээлэлд ямар ч хамааралгүй. Б.Бцийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн программ хангамж руу оруулсан бүх мэдээ, мэдээллүүд нь төв толгой компьютер буюу сервер дээр хадгалагдаж үлдсэн... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 105-107/,

Шинжээч Ц.Оюунтуулын өгсөн: ...”...................” ХК-ийн санхүүгийн баримтуудын бүрдэл нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байснаас шинжилгээний хугацаа маш их алдсан. Мөн гол дутагдлыг гаргах илрүүлэх ач холбогдол бүхий кассын зарлагыг гүйлгээг нотлох баримт болох санхүүгийн анхан шатны баримтууд дутуу байснаас дутагдлыг илрүүлж тогтоох боломжгүй байлаа... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 157-160/,

Шинжээч Ц.Оюунбилэгийн өгсөн: “...................” ХК-ийн 2013-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтаар “...................” ХК-ийн кассын үлдэгдэл нь байх ёстой хэмжээнээсээ 142.2 сая төгрөгөөр зөрсөн. Санхүүгийн баримтууд дутуу, хөтөлбөл зохих бүртгэл тайланг хөтлөөгүй гэх мэтээс энэ хохирлыг дутагдал уу? санхүүгийн зөрчлөөс үүссэн зөрүү юу? гэдгийг бүрэн тогтоох боломжгүй байсан. Энэ 142.2 сая төгрөгийн хохирлоос 21.4 сая төгрөг нь зарцуулалтын утга байгаа хэдий ч холбогдох баримтгүй, баримт байгаа ч санхүүгийн шаардлага бүрэн хангаагүй зарцуулалт хийсэн тул дүгнэлтдээ тусгаж өгсөн. Энэ 21.4 сая төгрөгийн хохирлыг тухайн байгууллага нягтлан бодох бүртгэлдээ авлагаар тусгаад холбогдох баримтуудыг үндэслэн бүрэн гүйцээж бүрдүүлж барагдуулж авбал шинжилгээгээр тогтоогдсон хохирлын дүнгээс хасаж болно... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 161-162/,

Шинжээч Л.Одончимэгийн өгсөн: ...”...................” ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шалгалтаар “...................” ХК-нд 160.3 сая төгрөгийн хохирол учирсан. Иргэдээс ус хэрэглэсний төлбөр тушаасан орлогын баримтууд, тухайн орлогын мөнгийг орлогын байцаагч нар өглөө бүр кассын нярав Э.Уд бэлнээр тушаасан мөнгө хүлээлцсэн санхүүгийн баримтууд, “...................” ХК-ийн кассын тайлан, кассын үлдэгдэл тоолсон баримт болон бусад санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрх 160.3 сая төгрөгийн дутагдал нотлогдоно. Энэ мөнгө нь цэвэр кассын нярав Э.Уаас дутсан мөнгө юм. Касст ийм их мөнгө дутагдахад юу нөлөөлж байна вэ гэхээр кассын няравт холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар хяналт тавьж ажиллах ёстой байсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бц нарын хариуцлагагүй, ажилдаа хяналтгүй байдал нөлөөлсөн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 27-32/,

Шинжээч Л.Одончимэгийн дахин өгсөн: ...16/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг манай албаны шинжээч нар болох Оюунбилэг, Лхамхүү нар гаргасан. Энэ шалгалт нь хугацааны хувьд 2014 оны 5 сараас 2015 оны 5 сарыг дуустал хугацааны санхүүгийн баримтад хийгдсэн шалгалтаар тогтоогдсон дутагдал нь 142.2 сая төгрөг байсан. Гэтэл 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг миний бие нь улсын байцаагч Энхбаяр, улсын ахлах байцаагч Баасанжаргал нартай хамтарч гаргасан ба “...................” ХК-ний 2014 оны 5 сараас 2016 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамарч хийсэн шалгалтын дүн учраас мөнгөн дүн нь урьд гаргасан 142.2 сая төгрөгийн хохирлоос нэмэгдэж 186.6 сая төгрөгийн хохирол гарсан болно. 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд 44.4 сая төгрөгийн хохирол дутагдал нэмэгдсэн. Үүнээс 26.3 сая төгрөг нь тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдсан баримттай учраас 186.6 сая төгрөгийн хохирлоос хасаж дутагдлын эцсийн дүн 160.3 сая болсон болно... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 131-132/,    

Шинжээч Б.Баасанжаргалын өгсөн: ...”...................” ХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Манай шалгалтаар Э.Уаас анхан шатны баримтгүй 160.3 сая төгрөгийн дутагдал тогтоогдсон... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 33-38/,

Шинжээч Б.Жаргалсайханы өгсөн: ...тухайн шинжилгээгээр 188,736,245.34 төгрөгийн дутагдал илэрсэн. Тухайн дутагдал нь зарцуулалтын анхан шатны ямар ч нотлох баримт байхгүй учраас бэлэн мөнгөний дутагдал гэж үзэж болно. Энэ дутагдлаас “...................” ХК-ийн гүйцэтгэх захирал Агийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 136/А тоот тушаалаар кассын нярваар ажиллаж байсан Уын өгсөн зарлагын баримтыг үндэслэн 22,034,869 төгрөгийг, Э.Уыг кассын нярваар ажилд ороход кассын тайлангаар байх ёстой үлдэгдэл нь 10,926,516.16 төгрөг байхаас тоолж авсан мөнгө 5,609,070 төгрөг байсан, үүний зөрүү 5,537,446.16 төгрөгийг тус тус хасаж, нийт дутагдлын дүн 161,383,930.18 төгрөг болсон. “...................” ХК-ийн касс дахь бэлэн мөнгийг 11 удаа тоолсон байдаг. Тооллогоос тооллогын хооронд дутагдал өссөөр байсан нь тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бц, кассын нярваар ажиллаж байсан Э.У нарын ажилдаа хариуцлагагүй хандаж байсан, санхүүгийн дотоод хяналт сул, бүртгэлээр тавих хяналтгүй байсан зэргээс үүссэн байна... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 103-104/,

2015 оны 10 дугаар сарын 22-нд Авлигатай тэмцэх газраас “...................” орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-9 сарын ерөнхий журнал, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, кассын дансны хуулга, 2015 оны 10 сарын 1-20-ны өдрийн байдлаарх ерөнхий журнал, 2015 оны 7-9 сарын кассын нярвын тайлан зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 208-с 3-р хх-ийн 8/,

Кассын нярав Э.Уаас гаргаж өгсөн түүний хувийн ногоон өнгийн хавтастай “Internet” гэсэн бичиглэл бүхий дөрвөлжин шугамтай дэвтэр, “Notebook” гэсэн бичиглэл бүхий бор өнгийн хавтастай дөрвөлжин шугамтай дэвтэр, “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” хаягтай ягаан өнгийн дэвтэр, өнгөгүй гялгар хавтастай 1-94 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-15 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримт, өнгөгүй гялгар хавтастай 1-18 хүртэл дугаартай санхүүгийн задгай баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авч хадгалах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 118/,

Э.Уын хувийн тэмдэглэлийн дэвтэр, задгай санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 119-124/,

Р.Эыг гүйцэтгэх захирлаас томилсон тухай “...................” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 85 дугаартай тогтоол /3-р хх-ийн 191/,

“...................” ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн кассын нярав, ерөнхий нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 204-208/,

Ерөнхий нягтлан бодогч Б.Бцийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаартай тушаал /4-р хх-ийн 87/,

Б.Бцийг ерөнхий нягтлан бодогчоор ажилд томилох тухай “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/267 дугаартай тушаал /4-р хх-ийн 88/,

Э.Уыг кассын нярваар сэлгэн ажиллуулах тухай “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1/123 дугаартай тушаал /4-р хх-ийн 89/,

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай ...“...................” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалж тус компанид 142.2 сая төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 96-110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шаардлагыг хангахгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Ирүүлсэн баримтын хүрээнд Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 146-150/,

Шүүгдэгч Э.Уаас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргаж өгсөн ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дээрх баримтад үзлэг хийсэн тухай “...................” ХК-аас эдийн засгийн нэмэлт шинжилгээнд зориулан гаргуулан авсан санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 153-157/,

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай ...“...................” ХК-ийн эд хариуцагч, эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүрдгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалан тус компанид 160.3 сая төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /5-р хх-ийн 12-23/,  уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 160-176/,

Гүйцэтгэх захирал Р.Эыг ажлаас чөлөөлөх тухай “...................” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 127 дугаартай тогтоол /5-р хх-ийн 177/

Кассын нярав Э.Уд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс жирэмсний амралт олгох тухай “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 192 дугаартай тушаал /5-р хх-ийн 178/,

“Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай “...2013 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “...................” ХК-нд учирсан хохирол 161,383,930.17 төгрөг байна. Үүнээс ажил хүлээлгэж өгөх явцад баталгаажсан дутагдал 3,829,114.85 төгрөгийг кассын нярав Э.У, хувийн шинжтэй албан бус зардалд зарцуулагдсан 12,357,653 төгрөгийг гүйцэтгэх захирал Р.Э нар дангаар хариуцна. “...................” ХК-нд учирсан 161,383,930.17 төгрөгийн хохирлоос гүйцэтгэх захирал Р.Э, кассын нярав Э.У нарын дангаар хариуцах хохирлыг хассан 145,197,162.32 төгрөгийн хохирлоос 50,456,162.82 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У нар, 94,740,999.50 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У, Б.Бц нар тус тус хариуцна...” гэх дүгнэлт /6-р хх-ийн 173-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай

- Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад авагдсан кассын орлого зарлагын анхан шатны болон дэмжих баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын хуудас зэргийг үндэслэн хохирол дутагдлын хэмжээг тооцлоо. Дээрх санхүүгийн баримтыг үндэслэн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг тооцох боломжтой, өөрөөр хэлбэл шинжилгээнд тэнцэхээр байна. Даймонд программын 2013-2016 онуудын цахим мэдээлэл устгагдсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, санхүүгийн мэдээлэл устсан эсэх талаар мэргэжлийн байгууллагын ямар нэгэн акт дүгнэлт шинжилгээнд ирээгүй.

- Эдийн засгийн шинжилгээ хийлгэх тухай 2016 оны 02 дугаар 25-ны өдрийн тогтоолын дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Оюунбилэг, Б.Лхамхүү нар эдийн засгийн шинжилгээ хийж 2016 оны 3 сарын 17-нд 16/02 тоот Аудиторын дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтийн хавсралт тооцоолол ирээгүй, мөн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг хэрхэн тооцсон, өмнөх шинжээчийн гаргасан хохирлын тооцооллыг тулган шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд дахин шинжилгээгээр үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. “Пийк ом аудит” ХХК нь хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ны дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамруулж хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-ний санхүүгийн тайланд тусгасан бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 11,727,639.38 төгрөг дээр орлого 5,263,191,278.77 төгрөгийг нэмж, баримтаар нотлогдсон 5,062,655,027.81 төгрөгийн зарлагыг хасаж байвал зохих үлдэгдэл нь 2016 оны 4 сарын 30-наар 212,263,890.34 төгрөг байна. Үүнээс 2016 он 4 дүгээр сарын 30-ны өдрөөрх кассын тайлангаарх үлдэгдэл 23,527,645.00 төгрөгийг хасаж тооцоход учирсан хохирол дутагдлын дүн 161,383,930.17 төгрөг байна гэж 2019 оны 3 сарын 29-ний 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Дахин шинжилгээгээр тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Хохирол дутагдлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудсыг үндэслээгүй, нярвыг ажлаас гарснаас хойших 20 хоногийн орлого зарлагын тооцоог оруулж тооцсон, бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг Э.Уын ажилд ороогүй хугацаа буюу 2013.07.01-нээс эхлэн тооцсон зэрэг зөрчилтэй байна.

Дээрх 2 шинжилгээгээр хохирол дутагдлыг тооцохдоо санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр тоолсон бэлэн мөнгөний тооллогын баримтыг, “Пийк ом аудит” ХХК нь 2016 оны 01 сарын 30-ныг дуусталх хугацааны санхүүгийн тайлан дахь кассын бэлэн мөнгөний үлдэгдлийг үндэслэсэн байна. Иймд хохирол дутагдлыг тооцсон цаг хугацаа нь өөр хоорондоо харилцан адилгүй байгаа тул хохирол дутагдал нь зөрүүтэй гарсан байна.

- Өмнөх шинжээчид нь 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ныг дуусталх хугацаагаар касс дахь бэлэн мөнгөний тооцоог хийж хохирол дутагдлыг тооцсон байна. Дахин шинжилгээг хийхдээ 2014 оны 5 сарын 08-ны өдөр Э.Уын нярвын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-нд бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгсөн өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын тооцоог хийлээ. Дээрх хугацаанд нийт 3,812,826,361.26 төгрөгийн орлого олж 3,643,691,239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн бөгөөд касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169,135,122.00 төгрөг байхаар байна. Э.У нь 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр касс дахь бэлэн мөнгөө тоолуулахад 3,079,880.00 төгрөг байсан байна. Мөн “...................” ХК-ийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны 136/А тушаалаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдон хасагдсан 22,034,869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт хохирол дутагдал нь 144,020,373.00 төгрөг байна. Э.Уыг ажил хүлээн авахаас хүлээлгэн өгөх хооронд гүйцэтгэх захирлаар Р.Э, ерөнхий нягтлан бодогчоор Т.Э, Б.Бц Д.У нар ажиллаж байсан байна. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 7, 11, 17, 18, 19, 20 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчин ажилласан байна. Дээрх кассын дутагдал гарсан тухай бүр нь хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй байна. Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан хэчнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй.

- Бэлэн мөнгөний дутагдал, илэрсэн зөрчил нь “...................” ХК-ийн кассын орлого зарлагын баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын баталгааны хуудас баримтуудаар тогтоогдож байна.

- “...................” ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас “...................” ХК-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад төлөвлөгөөт шалгалтыг хийж санхүүгийн улсын байцаагчаас 120,238,290.00 төгрөгийн дүнтэй акт нь хэдэн оны хэдэн сарын хэдэн тоот болох, энэ акт нь шинжилгээнд ирээгүй тул тогтоох боломжгүй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шинжилгээнд ирүүлсэн 2016.03.17-ны 16/02 тоот аудиторын дүгнэлт, 2017.07.16-ны өдрийн 17/02 тоот шинжээчийн дүгнэлт, 2018.11.05-ны өдрийн 18/01 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.05.10-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.10.27-ны өдрийн 23-06-16/127 тоот Монгол Улсын Сангийн яамны улсын ахлах байцаагчийн акт, 2019.03.29-ний өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг хуулбарлан ирүүлсэн бөгөөд дээрх дүгнэлтүүдийн хавсралт тооцооллыг дүгнэлт гарах өдөр хүртэл ирүүлээгүй болно.

Э.Уыг кассын нярваар ажиллаж байх хугацаанд /2014.05.08-2016.04.11-ний хооронд/ нийт нь 144,020,373.00 төгрөг кассаас дутагдсан байна.

- “...................” ХК-ийн даргаар ажиллаж байсан Р.Э, нягтлан бодогч Б.Бц, кассын нярав Э.У нар нь компанийн буюу байгууллагын мөнгийг хоорондоо шилжүүлж байсан эсэхийг тогтоох хувийн харилцах дансны мэдээлэл шинжилгээнд ирээгүй болно... гэх дүгнэлт /7-р хх-ийн 246-250, 8-р хх-ийн 1-3/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дугаартай

Хэрэгт холбогдох баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд:

- Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад авагдсан кассын орлого зарлагын анхан шатны болон дэмжих баримтууд, кассын нярвын тайлан, санхүүгийн тайлан, бэлэн мөнгөний тооллогын хуудас зэргийг үндэслэн хохирол дутагдлын хэмжээг тооцлоо. Даймонд программын 2013-2016 онуудын цахим мэдээлэл устгагдсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, санхүүгийн мэдээлэл устсан эсэх талаар мэргэжлийн байгууллагын гаргасан акт дүгнэлт шинжилгээнд ирээгүй.

- Шинжилгээгээр мөнгөн хөрөнгийн дутагдлын хэмжээг Э.Уыг кассын нярваар ажиллаж байх хугацааг /2014.05.08-2016.04.11-ний хоорондох/ хамруулсан. Ойн арга хэмжээнд зориулан зарцуулагдсан мөнгөн хөрөнгө нь кассын зарлага талд тусгагдан мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс хасагдаж тооцогдсон.

- “...................“ ХК-ийн 50 жилийн ойн баярт кассаас бэлнээр 63,974,500 төгрөгийг зарцуулсан нь үндэслэлтэй байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэх захирал Р.Эын хувийн шинжтэй албан бус зардалд 12,357,653.00 төгрөг зарцуулагдсан байна гэснийг дахин шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Учир нь “...................” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шийдвэр, 3-р хавтаст хэрэг 52, 53-р хуудсанд авагдсан баримтууд шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

- Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон улсын байцаагчийн актууд нь өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт, өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгийн дутагдалд нөлөөгүй болно.

- Э.Уын гаргаж өгсөн анхан шатны 49 ширхэг баримт нь анхан шатны болон дэмжих баримтгүй, кассын тайланд тусгагдаагүй байна.

- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27.2-д заасны дагуу эдийн засгийн шинжээч нь баримтын шалгалт дахин хийх буюу тооллого явуулах эрх эдлэхгүй болно. Мөн Б.Бцийг ерөнхий нягтлан бодогчоор томилогдох үед /2014.10.02, 2014.10.29-нд/ бэлэн мөнгөний тооллого хийж үлдэгдлийг баталгаажуулан бүртгэлийн байвал зохих үлдэгдэлтэй тохируулаагүй байна... гэх нэмэлт шинжилгээ хийссэн дүгнэлт /8-р хх-ийн 29-33/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Э нь ................... ХК-д 2013 оны 7 дугаар сарын 17-ноос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Э.У нь 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл кассын нярваар, шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолт болон бусад хууль журамд заасны дагуу дээрх нэр бүхий хүмүүс нь ажил үүргийн дагуу тухайн байгууллагын мөнгө санхүүтэй харьцах, мөнгөн гүйлгээ хийх, итгэмжлэн хариуцах эрхтэй субъектүүд мөн бөгөөд шүүгдэгч Р.Э нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “...................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байсан Э.Утай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "..................." ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бц, кассын нярваар ажиллаж байсан Э.У нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12,357,653 төгрөгийг завшиж, “...................” ХК-нд нийт 157,554,815.32 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.У нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Этай бүлэглэн холбогдох хууль, журмыг зөрчиж тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б Бц, “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Э нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3,829,114.85 төгрөгийг завшиж, “...................” ХК-нд нийт 149,026,277.17 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “...................” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э, “..................." ХК-ийн кассын нярав Э.У нартай бүлэглэн тус байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Өмгөөлөгч Н.Баттунсаг саналдаа: “...................” ХК нь орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд тухайн байгууллагад 148,142,957.42 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирол төлөгдөөгүй. Шүүгдэгч нарын хувьд санхүүгийн эрх бүхий албан тушаалтай хүмүүс, захиран зарцуулах, хариуцах үүрэгтэй хүмүүс байсан тул Нягтлан бодох бүртгэлийг тухай хууль, Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай байна гэв.

Өмгөөлөгч П.Батжаргал нь саналдаа: ...Гэмт хэргийг үйлдсэн байхын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг заавал хангасан байх ёстой. Субъектийн шаардлагыг хангасан гээд энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг биш. Субьектив тал, объектив талын шаардлагыг хангаж байна уу гэдгийг анхаарах ёстой. Тухайлбал хөрөнгө завших гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй, шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэг байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд санаатай гэмт хэрэг гэдгийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн үйлдэлд  “...................” ХК-аас мөнгө аваад, хохирол учруулахаа мэдэж, хүсэж үйлдсэн үйлдэл тогтоогдоогүй. Үүгээр субьектив тал үгүйсгэгдэж байна. Хоёрдугаарт завших гэмт хэргийн объектив тал нь эд хөрөнгийг албан тушаалаа урвуулан өөрийн эзэмшилд оруулсан хууль бус үйлдлээр илэрдэг. Энэ үйлдэл ивэхтэй үйлдлээр илрэх ёстой. Гэтэл Б.Бцийн хувьд харин ч эсрэгээр кассаас дутсан мөнгийг мэдээд, эхлээд тайлбар авсан, дараа нь хяналт шалгалт хийсэн, зөрчлөө засахыг шаардсан, гүйцэтгэх захиралдаа танилцуулсан, тооллогыг удаа дараа баг бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байдаг. Ийнхүү хяналт шалгалтын ажиллагааг хийсэн байхад түүнийг ажлаа дутуу хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Хяналт шалгалтыг хийсний дараа зарим хохирлыг төлүүлсэн байдаг. Төлөгдөөгүй баримтыг асууж сураглахаар “санхүүгийн программын алдаа байж магадгүй” гэх нярвын тайлбарыг үндэслээд гүйцэтгэлийн хяналт шалгалтаар өөрийнх нь хийсэн хяналт шалгалтыг давхар хянаад кассын дутагдлыг гаргаж ирэх байх гэж бодсон боловч гүйцэтгэлийн аудит гаргаж ирж чаддаггүй. Өөрийн хүчээр энэ дутагдлыг арилгаж чадахгүйн улмаас Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Энэ нь завших гэмт хэрэг үйлдэж байгаа биш харин ч эсрэгээрээ ажлын байрны болон хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. Иймд шүүгдэгч Б.Бцийг цагаатгаж өгнө үү гэв.

Өмгөөлөгч З.Энхтуяа саналдаа: ...прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн үйлдэлтэй нь нийцээгүй хуулийн зүйл ангийг баримталж яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэж тусгасан байгаа. Итгэмжлэгдсэн хариуцсан этгээд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээд би энэ хөрөнгийг хариуцна гээд үүрэг хүлээсэн хүн байдаг. Эсвэл хуулиар тэр хүнд үүрэг хүлээлгэсэн, тэр эд хөрөнгийг хариуцуулсан, тухайн эд хөрөнгийг өөрийн нэр дээр авсан хүнийг хэлнэ. Өнөөдрийн яригдаад байгаа асуудал нь зөвхөн кассаас бэлэн мөнгө дутсан асуудал яригдаж байгаа. Гэтэл Р.Э гэх хүнд касс байгаа мөнгийг зарцуулах, кассыг итгэмжлэн хариуцуулсан зүйл байхгүй. Хууль дүрэм, захиргааны хэм хэмжээ байхгүй. Харин Э гүйцэтгэх захирлын хувьд нягтлан нярвынхаа ажилд хяналт тавих, чиг үүрэг өгөх үүрэгтэй хүн. Гэтэл өнөөдөр энэ хүнийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Р.Э нь хийх ёстой ажилдаа хайнга хандсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэх зүйл заалтаар энэ хүний үйлдлийг зүйлчлэх боломжтой... гэв.

Өмгөөлөгч Б.Чинбаатар саналдаа: ...Өнөөдөр байгууллагад учруулсан хохирлыг ганц нярав хүлээхгүй. Уыг ганцаараа энэ их мөнгийг авсан гэдэгт бол эргэлзэж байна.  Өмнөх тогтоолоор Уаас 3 сая гаран төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол үндэслэлтэй байна. Бусад дүн дээр эргэлзээтэй байна. 3 удаагийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Ийм их хэмжээний мөнгө дутаад байгаа нь байгууллага санхүүгийн сахилга бат муутай байна гэж үзэж байна. Уд тодорхой хэмжээний гэм буруу байна гэж үзэж байна. Харин их хэмжээний мөнгийг ганцаараа авсан гэдэг бол эргэлзээтэй... гэв.

Өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар саналдаа: ...Прокуророос Э.Уыг нийт 149,026,270.15 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд үйлдэж хэргийг шилжүүлсэн. Э.У нь энэ их хэмжээний мөнгийг үрэгдүүлээгүй. Гүйцэтгэх захирал 1 дүгээр гарын үсэг, ерөнхий нягтлан бодогч 2 дугаар гарын үсгийг зурж байгаа нь нягтлан нь нярваа, гүйцэтгэх захирал нь нягтлангаа, ерөнхийнд нь орлого зарлага хянаж байх ёстой. Ялангуяа ерөнхий нягтлан бодогч орлого, зарлагаа хянаж байх ёстой. Энэ 2 хүний шийдвэргүйгээр У гэх хүн ганцаараа дур мэдэн мөнгө тараах боломж байхгүй. Аудитын дүгнэлтээр өөрийнх нь бусдад зээлсэн 3 сая төгрөгийн тооцоо гарч байгаа.  Энэ бол байж болох зүйл. Бусад энэ их үнийн дүнтэй мөнгийг У ганцаараа зарцуулах боломж байхгүй. Шүүгдэгч Р.Э компанийн үйл ажиллагааг хурдан шуурхай явуулахын тулд ам шийдвэрээр өгч байсан гэж хэлсэн. Гүйцэтгэх захирал болон нягтлангийн амаар өсгөн шийдвэрийн дагуу мөнгө өгч байсан гэж Э.У хэлсэн. Тиймээс завших гэмт хэргийн бүрэлдэхүүн Уын үйлдэлд хангагдахгүй байна. Завшсан гэж үзэж байгаа бол өөртөө ашигласан үйл баримтыг нь тогтоох ёстой. Гэтэл тийм үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд “...................” ХК-ийн бэлэн мөнгөний касст гарсан дутагдлын хэмжээг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Гэвч эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээс Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай “...................” ХК-д 142.2 сая төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 96-110/ нь хохирол учирсан гэх цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, “...................” ХК-ний 2014, 2015 оны санхүүгийн баримтад үндэслэсэн тул дутагдлын хэмжээг бүрэн бодитой тогтоосон гэж үзэх боломжгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шаардлагыг хангахгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Ирүүлсэн баримтын хүрээнд Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /4-р хх-ийн 146-150/ нь хэрэгт ач холбогдолгүй тул шүүх нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай ...2014 оны 5 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд “...................” ХК-ний кассаас нийт 160,3 сая төгрөг дутагдсан байна... гэх дүгнэлт /5-р хх-ийн 12-23/ нь шинжээч Д.Энхбаярт эрх, үүрэг танилцуулж, хууль сануулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай ... ...2014 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын хооронд “...................” ХК-ний кассаас нийт 160,2 сая төгрөг дутагдсан байна... гэх дүгнэлт 5-р хх-ийн 160-176/ нь үндсэн дүгнэлт болох Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай дүгнэлтээс хохирол учирсан цаг хугацаа болон үнийн дүн зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Харин “Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ...2013 оны 7 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “...................” ХК-нд учирсан хохирол 161,383,930.17 төгрөг байна. Үүнээс ажил хүлээлгэж өгөх явцад баталгаажсан дутагдал 3,829,114.85 төгрөгийг кассын нярав Э.У, хувийн шинжтэй албан бус зардалд зарцуулагдсан 12,357,653 төгрөгийг гүйцэтгэх захирал Р.Э нар дангаар хариуцна. “...................” ХК-нд учирсан 161,383,930.17 төгрөгийн хохирлоос гүйцэтгэх захирал Р.Э, кассын нярав Э.У нарын дангаар хариуцах хохирлыг хассан 145,197,162.32 төгрөгийн хохирлоос 50,456,162.82 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У нар, 94,740,999.50 төгрөгийн хохирлыг Р.Э, Э.У, Б.Бц нар тус тус хариуцна гэх дүгнэлт гаргажээ.

Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай ... “Пийк ом аудит” ХХК нь хохирлыг тооцохдоо 2013 оны 7 сарын 01-нээс 2016 оны 4 сарын 30-ны дуусталх хугацааны санхүүгийн баримтыг хамруулж 2013 оны 7 сарын 01-ний санхүүгийн тайланд тусгасан бэлэн мөнгөний эхний үлдэгдэл 11,727,639.38 төгрөг дээр орлого 5,263,191,278.77 төгрөгийг нэмж, баримтаар нотлогдсон 5,062,655,027.81 төгрөгийн зарлагыг хасаж байвал зохих үлдэгдэл нь 2016 оны 4 сарын 30-наар 212,263,890.34 төгрөг байна. Үүнээс 2016 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн кассын тайлангаарх үлдэгдэл 23,527,645.00 төгрөгийг хасаж тооцоход учирсан хохирол дутагдлын дүн 161,383,930.17 төгрөг байна гэж 2019 оны 3 сарын 29-ний 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Дахин шинжилгээгээр тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Хохирол дутагдлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудсыг үндэслээгүй, нярвыг ажлаас гарснаас хойших 20 хоногийн орлого зарлагын тооцоог оруулж тооцсон, бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг Э.Уын ажилд ороогүй хугацаа буюу 2013.07.01-нээс эхлэн тооцсон зэрэг зөрчилтэй байна.

Дахин шинжилгээг хийхдээ 2014 оны 5 сарын 08-ны өдөр Э.Уын нярвын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-нд бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгсөн өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын тооцоог хийлээ. Дээрх хугацаанд нийт 3,812,826,361.26 төгрөгийн орлого олж 3,643,691,239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн бөгөөд касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169,135,122.00 төгрөг байхаар байна. Э.У нь 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр касс дахь бэлэн мөнгөө тоолуулахад 3,079,880.00 төгрөг байсан байна. Мөн “...................” ХК-ийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны 136/А тушаалаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдон хасагдсан 22,034,869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт хохирол дутагдал нь 144,020,373.00 төгрөг байна гэх дүгнэлтээр “Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Шүүх дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг харьцуулан шинжлээд “...................” ХК-д учирсан хохирлын хэмжээ, хохирол учирсан цаг хугацааг илүү нарийвчлан тогтоосон байдал, шүүгдэгч нарт ашигтай байдал зэргийг нь харгалзан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар “...................” ХК-д шүүгдэгч Р.Э нь 2013 оны 7 дугаар сарын 17-ноос 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч Э.У нь 2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл кассын нярваар, шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан ба дээрх хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “...................” ХК-ний бэлэн мөнгөний кассаас 144.020.373 төгрөг дутагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас “...................” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э, нярав Э.У нар нь бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50,456,162.82 төгрөгийг завшсан,

“...................” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э, нярав Э.У, ерөнхий нягтлан бодогч Б.Бц нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94,740,999.50 төгрөгийг завшсан,

“...................” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э нь 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлэн мөнгөний кассаас 12,357,653 төгрөгийг, “...................” ХК-ийн кассын нярав Э.У нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3,829,114.85 төгрөгийг завшиж “...................” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

Шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нар нь эрхэлж байсан албан тушаалаараа “...................” ХК-ийн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд мөн боловч тэдний үйлдэлд тус байгууллагын бэлэн мөнгөний касс дахь 144.020.373 төгрөгийг хувьдаа авсан, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулсан, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн зэрэг шинж агуулагдахгүй байна.

Харин Р.Э нь “...................” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа кассаас бэлэн мөнгө гаргах журмыг зохих ёсоор биелүүлэлгүй, холбогдох баримтыг бүрдүүлэлгүйгээр кассын нярав Э.Уаас шууд мөнгө авч албаны чиг үүргээ хэрэгжүүлж байсан, шүүгдэгч Э.У нь мөнгө хүссэн өргөдөл, зарлагын баримтыг үндэслэлгүйгээр удирдах албан тушаалтны амаар өгсөн зөвшөөрлийн дагуу бэлэн мөнгөний кассаас мөнгө гаргаж байсан, шүүгдэгч Б.Бц нь байгууллагын бэлэн мөнгөний кассаас мөнгө гаргах үйл ажиллагаанд зохих хяналтыг бүрэн тавиагүйгээс “...................” ХК-ийн бэлэн мөнгөний касст дутагдал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нар нь “...................” ХК-нд ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас “...................” ХК-нд их хэмжээний буюу 144.020.373 төгрөгийг хохирол учирчээ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж хайнга хандах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Б нь шүүгдэгч нараас 2015 онд Авлигатай тэмцэх газраас “...................” ХХК-нд шалгалт хийж тогтоосон 166 сая төгрөгийн алданги дээр тэтгэвэрт гарсан 2 хүний дутуу олгосон тэтгэмжийн мөнгө, 4 дүгээр сарын кассын үлдэгдэл 3.829.114 төгрөг нэмэгдээд, нийт 186 сая төгрөгийн дутагдал үүссэн. Үүнээс Санхүүгийн хяналтын албаас баримтаар гаргаж өгсөн 22 сая төгрөг, Хишигжаргалаас байгууллагад өгсөн 700.000 төгрөг, шүүгдэгч Р.Эаас төлсөн 12.357.653 төгрөгийг хасаж, үлдэгдэл 148,142,957.34 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Гэвч шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас “...................” ХК-д нийт 144,020,373 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Бэлэн мөнгөний касст дутагдал гарсан 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тухайн байгууллагад шүүгдэгч Р.Э, Э.У нар нь бүтэн ажиллаж байсан, шүүгдэгч Б.Бц нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан тул “...................” ХК-нд учирсан хохирлыг шүүгдэгч нарт хариуцуулан тооцохдоо тэдний ажилласан хугацаанд үндэслэн шүүгдэгч Б.Бцээс нийт хохирлын 25 хувьтай тэнцэх хэмжээ буюу 36.005.093 төгрөгийг, шүүгдэгч Р.Э, Э.У нараас тус бүр нийт хохирлын 37.5 хувьтай тэнцэх хэмжээ буюу тус бүр 54.007.640 төгрөгийг гаргуулахаар ялгамжтай тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Э нь хохирол төлбөрт 12.357.653 төгрөг төлсөн болох нь 8 дугаар хавтаст хэргийн 187 дугаар талд авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул түүнээс гаргуулах 54.007.640 төгрөгөөс 12.357.653 төгрөгийг хасах нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч Р.Эаас 41.649.987 төгрөг, шүүгдэгч Б.Бцээс 36.005.093 төгрөг, шүүгдэгч Э.Уаас 54.007.640 төгрөгийг тус тус гаргуулан “...................” ХХК-нд олгож, хохирогчийн 148,142,957.42 төгрөгийн нэхэмжлэлээс 16,480,237.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон “Пийк ом аудит” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал бөгөөд гэм буруутай этгээдээс энэхүү зардлыг гаргуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нараас тус бүр 3.773.334 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О овогт Р.Э, Б овогт Э.У, Д овогт Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт Р.Э, Б овогт Э.У, Д овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Эаас 41.649.987 /дөчин нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуун наян долоо/ төгрөг, шүүгдэгч Б.Бцээс 36.005.093 /гучин зургаан сая таван мянга ерэн гурав/ төгрөг, шүүгдэгч Э.Уаас 54.007.640 /тавин дөрвөн сая долоон мянга зургаан зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулан “...................” ХХК-нд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 16,480,237.42 /арван зургаан сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Р.Э, Б.Бц, Э.У нараас тус бүр 3.773.334 /гурван сая долоон зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

6. Шүүгдэгч Р.Э, Э.У, Б.Бц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассны бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, Э.Уын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Э, Б.Бц, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР