Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0010/Э/219/2021/0007/001/2021/0340

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Г.Гт холбогдох эрүүгийн 2018004420499 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Г.Г /РД: /, 1978 оны 01 дүгээр сарын 25-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг 2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Гын өгсөн: ...Ярих зүйлгүй, шинжээчийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Уын өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд гэртээ найз Цогийн хамт ороод цай уугаад сууж байтал Г гаднаас нэлээн ууртай орж ирээд Цог “гарч бай би эхнэртэйгээ юм яримаар байна” гэж хэлээд Цог гаргасан. Тэгснээ учир зүггүй намайг “гар, зайл, юу гээд намайг доромжлоод байгаа юм бэ? чам шиг пиздатай амьдарлаа юу би, энэ байрыг зарна, чи одоо гарч зайл” гээд миний баруун гараас татаад хойшоо эргүүлж мушгиад араас хүзүүгээр тэвэрч боогоод сандал дээрээс босгоод үүд рүү түлхсэн. Тэгээд би эсэргүүцэл үзүүлээд хөлөө жийгээд газарт суугаад “цагдаа дуудлаа” гэхэд миний гарыг тавиад нөгөө гарт байсан утсыг булааж авах гэж байгаад зүүн тохойгоороо миний эгэм рүү цохиход би хойшоо толгойгоороо нэлээ хүчтэй унасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/,

...Би өөрийн биед учирсан хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179/,

Гэрч Л.Цн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр У өөрийн найз Цогийн хамт гэртээ буюу Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод цай уугаад юм яриад сууж байхад Г гаднаас орж ирээд Цог гэрээсээ гаргаж явуулчхаад Уын эрх чөлөөнд халдаж цохиж зодсон байсан. Тухайн үед Цо ч над руу “Г гэртээ нэлээн ууртай орж ирээд намайг гэрээсээ гаргаж явуулчхаад Утай маргалдаад үлдлээ, цохиж зодчих вий дээ” гэж ярьсан. Тухайн өдрийн орой У манайд ирэхэд зүүн гар, хүзүүнд нь улайлт үүсчихсэн, толгой өвдөөд байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/,

Гэрч П.Цогийн өгсөн: ...Саяхан 2020 оны 8 дугаар сарын сүүлээр У над дээр ирээд “гэрийнхээ түлхүүрийг цагдаагаар дамжуулаад авхууллаа. Одоо гэр лүүгээ явах гэж байна. Айгаад байна, хамт орооч” гэхээр нь би гэрт нь хамт орсон. Удалгүй Г гаднаас маш ууртай орж ирээд “чи шүүх дээр юу гээд байгаа юм бэ?” гээд намайг гарч бай гэхээр нь би гараад Уын ээж рүү залгасан. 30-аад минутын дараа У над руу дүрсээ харж яриад “намайг зодчихлоо, миний толгой өвдөөд байна” гээд үс нь сэгсийчихсэн ярьж байсан. Г нь Уыг гэрээсээ хөөж гаргах гээд чирч, түлхээд шалан дээр толгойгоор нь унагааснаас болоод Уын тархи доргисон гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100, 211/,

Гэрч Ч.Мийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г, У нар миний өрөөнд өөрсдөө ирээд Г нь гэрийнхээ түлхүүрийг Уд өгчхөөд манай өрөөнөөс хамт гараад явсан. Тэгээд ойролцоогоор нэг цаг гаруйн дараа У над руу утсаар “би таны өрөөнөөс гараад найз Цогийн хамт өөрийн гэртээ буюу Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод орж ирээд цай уугаад сууж байтал Г гаднаас орж ирээд Цог гаргаж явуулчхаад намайг хэл амаар доромжлоод гэрээс гарч зайл гээд хөөж туугаад намайг зодчихоод яваад өглөө. Миний толгой тархи өвдөөд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та эмнэлэгт очиж үзүүлчхээд цагдаагийн газар дээр очиж гомдол гаргаарай” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214/,

Гэрч Ч.Дийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад 22 цаг 38 минутад Уын биед үзлэг хийхэд баруун эгэм, зүүн шуу орчимд зулгарсан шинэ шархтай, дагзны хөшингө байхгүй байсан бөгөөд клиник шинжээрээ хоёр нүдний алимын чичирхийлэлтэй, хоёр нүдний зовхины унжилттай тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216/,

Гэрч Б.Мийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг дээрээ байхад У ирж биеийн байдлаа үзүүлсэн. Үзлэг хийхэд артерийн даралт 150/100, судасны цохилт 1 минутад 116 цохилж, хөлөрсөн байдалтай байсан байна. Уын хүзүүний баруун өмнө хэсэг улайсан, зүүн гарын бугалга, суганы орчимд улайсан шинж тэмдэгтэй байсан. Мөн Уын тархины судасны бичлэгийг хийхэд гавлын дотор артерийн бүсэд, өмнөд, дунд артерийн бүсэд судасны агчилт илэрсэн. Энэ нь тархи доргилтын анхны шинж тэмдэг илэрч байсан гэж үзээд нарийн мэргэжлийн эмчил үзүүлэхийг зөвлөж явуулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217/,

Гэрч З.Лгийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Уын биед үзлэг хийхэд зүүн эгмээр эмзэглэнэ, зүүн гарын бугалга хөхөрсөн, хүүхэн хараа бага зэрэг өргөссөн байсан. Эдгээр эмнэл зүйг үндэслэн тархины битүү гэмтэл байх магадлалтай гэж үзэн толгойн томограф хийлгэхийг зөвлөсөн. Уын биед илэрсэн зовууриас үзэхэд тархины битүү гэмтэл үүссэн байх магадлалтай байсан. Уын биед үзлэг хийхэд толгойн зовуурь ихтэй, хүүхэн хараа хоёр талдаа бага зэрэг өргөссөн байсан нь эмнэл зүйн шинжээрээ тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218/,

Шинжээч Д.Даваахүүгийн өгсөн: ...Уын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр зовуурь толгой өвдөнө, огиулж бөөлжинө, гүйлгэнэ, нүдний ухархай руу хатгана, үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, нүдний алимын чичирхийлэл хөндлөн, дагзны булчингийн хөшингөө нэг хуруу, эмнэлгийн бичиг баримт, эрүүл мэндийн картад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт тархины битүү гэмтэл гэсэн оноштой, эмнэлэгт хэвтүүлэх заалттай байна гэснийг үндэслэн тархи доргилт гэсэн оношийг тавьж, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэж дүгнэлт гаргасан. Уын биед учирсан зүүн бугалга, хүзүүнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэг хамаарна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220, 222/,

Шүүгдэгч Г.Гаас гаргаж өгсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцан ярианы 3 бичлэг бүхий 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 46/,

Шүүгдэгч Г.Гын Самсунг галакси Эс-7 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 195-196/,

Шүүгдэгч Г.Гын Самсунг галакси Эс-7 загварын гар утсанд бичигдсэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн бичлэгийг хураан авч бэхжүүлсэн ANGTE гэх бичвэртэй сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 197/,

Хохирогч Э.Уаас гаргаж өгсөн ANGTE гэх бичвэртэй цагаан алаг өнгийн 4 бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 692 дугаартай “Э.Уын биед 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14:00 цагийн орчимд бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Э.Уын биед тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Э.Уын биед учирсан гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 224-225/,

Э.Уын баруун эгэм болон зүүн шуу орчим зулгарсан шархтай, нүдний алим чичирхийлэлтэй... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 226-227/,

Хохирогч Э.Уын “Саран элит” клиник эмнэлэгт хийлгэсэн тархины судасны допплерографийн дүгнэлт болон мэдрэлийн эмч Б.Мөнхзоригт үзүүлсэн үзлэгийн баримт /1-р хх-ийн 228-229/,

Хохирогч Э.Уын зүүн эгмээр өвдөнө, эмзэглэнэ, зүүн гар бугалга хөхөрсөн, тархины битүү гэмтэл гэх амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /2-р хх-ийн 8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 551 дугаартай “Э.Уын биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Э.Уын биед тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Урьд гаргасан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 692 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 157-159/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч саналдаа: Шүүгдэгч нь хамтран амьдралтай байсан Э.Уын эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүний гэм буруу тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: ...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн дүгнэлтээр Э.Уд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь тогтоогдож, өмнөх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв байна гэсэн байх тул шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй. Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2020 оны 8 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод байрлах гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Э.Уыг гэрээсээ гаргах зорилгоор биед нь халдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас Э.Уын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г, хохирогч Э.У нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох хамтран амьдрагч мөн болох нь гэрч Л.Ц, П.Цо, насанд хүрээгүй гэрч Г.Х, Г.С болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Г.С, Г.Х нарын төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 10/ зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Г.Гын эхнэр Э.Уын бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Уын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь нэхэмжлэл гаргаагүй болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу болон дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу болон дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР