Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/0109/э |
Дугаар | 00129 |
Огноо | 2016-08-02 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 00129
2016 оны 08 сарын 02 өдөр Дугаар 129 Баян-Өндөр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг,
Улсын яллагч Ц.Идэрмөнх,
Шүүгдэгч Х.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховдбаатарын Мөнхжаргалд холбогдох Эрүүгийн 201614000239 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 61-03 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хоз овгийн Ховдбаатарын Мөнхжаргал /ОБ 88012212/.
Холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Мөнжаргал нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2016 оны 04 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 27-04 тоотод оршин суух Д.Цэрэндэлгэрийн гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагт 1 ширхэг, зурагт хананд тогтоогч 1 ширхэг зэргийг хулгайлж, 640 000 төгрөгийн, 2016 оны 04 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 60-07 тоотод оршин суух Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн LG загварын зурагт 1 ширхэгийг хулгайлж 520 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :
1. Шүүгдэгч Х.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн бүх мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, иймд мэдүүлэг өгөхгүй, надад хөнгөн ял өгнө үү гэв.
2. Хохирогч Д.Цэрэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би Булаг багийн 27-4 тоот хашаандаа бага хүү Чинболорын хамт амьдардаг. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 04 сарын 17-ны өдөр Ар жанчивлан Рашаан сувилалд хэвтэхээр явсан байсан. Миний хүү Чинболор бэр Буянтын хамт гэрээ хараад үлдсэн. Буянтыг 2016 оны 04 сарын 18-ны өдөр манайд байхад нь гаднаас хүү Чинболор өөрөөсөө гадна 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй орж ирээд үүднийхээ өрөөнд архи уусан гэсэн. Буянт тэдгээр хүмүүсийг айлд архи уулаа гээд загнаж гаргаад манай гэрийг цоожлоод өөрийн гэртээ очиж унтсан гэсэн. Өглөө нь 10 цагийн үед манайд очиход манай байшингийн гаднах цонхны тор газар уначихсан, цонх онгорхой байхаар нь Чинболорыг гэртээ ирсэн юм байх гэж бодоод гэрт ороод цонхыг хааж түгжээд миний өрөөнд байсан заазуурыг авч хураасан гэж хэлсэн. Том өрөөний урд хананд байсан 2008 онд Орхон аймгаас 1 204 900 төгрөгөөр авсан Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хананд тогтоодог суурьтай нь хулгайч аваад явчихсан байхаар нь манай охин Жинсмаад хэлж цагдаад дуудлага өгсөн байсан. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Харин манай зурагтыг худалдан авсан залууд 100 000 төгрөг өгч зурагтаа авсан, зурагтыг хулгайлсан залуугаас үүнийгээ нэхэмжилж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-р талд/
3. Хохирогч Г.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би ээж, дүү, хүүгийнхээ хамтаар Наран багийн 60-07 тоотод амьдардаг юм. Хулгайд алдагдсан зурагт минийх учир хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байна. Тэр өдөр ээж маань хөдөөнөөс ирчихсэн байсан бөгөөд Батсайхантай хамт гэртээ байж байсан чинь манай хойд гудамжны залуу болох Мөнхжаргал 1 эмэгтэйтэй архи барьчихсан аяга байна уу гэж орж ирсэн гэсэн. Ээж маань тэр хоёрт аяга өгч тэр архинаас нь 2-3 хундага уугаад согтоод унтаад өгсөн байна лээ. Ээжийг унтаж байхад Батсайхан ах Мөнхжаргалтай үлдээгээд дэлгүүр рүү загас, талх авахаар явсан байсан. Гэтэл Мөнхжаргал манай гэрийн хойморт байдаг LG маркийн 32 инчийн зурагтыг удирдлагтай нь хулгайлж аваад гарсан байсан. Би зурагтыг 2015 оны 10 сард Орхон аймгаас 520 000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөрдөн байцаагчаас 2016 оны 05 сарын 03 өдөр өөрийнхөө зурагтыг бүрэн хүлээн авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 талд/,
4. Гэрч Н.Ганцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Одоо харвал таних залуу 32 инчийн хавтгай ЛСД зурагт барьчихсан зарна гэж ирсэн юм. Тэр залуу жаахан халамцуу байсан бөгөөд үнэ нь хэд юм бэ? зүгээр ажилладаг юм уу? гэхэд зүгээрээ 150 000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Би түүнээс хулгайн юм биш биз дээ гэхэд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Шалгаад үзсэн чинь ажиллаж байсан. Би түүнээс ярих уу гэж асуухад 120 000 төгрөгөөр ав гэсэн. Би 100 000 төгрөг л байна гэхэд тэр залуу за за ав гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 талд/
5. Гэрч Ц.Буянтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Дүү Жинсмаагийн хамт хадам ээжийн гэрт очсон чинь цонх нь онгойсон, цонхоор нь хулгай ороод хананд нь байсан ЛСД зурагтыг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 тал/
6. Гэрч Ж.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би хэрэг болсны нөгөөдөр нь Мөнхжаргалтай тааралдахад манай зурагтыг халуураад аваад явсан, айлд тавьчихсан байгаа авч ирж өгнө гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 тал/
7. Гэрч А.Мягмаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 17-18 цагийн үед Мөнхжаргал гэж дуудаг залуу Хүлэг хүнсний зах дээр байна зурагт худалдаж авах уу? би танд хямдхан өгнө манай аав, ээж мэдэж байгаа бид нар хамт Улаанбаатар хот руу явж байна гэж хэлсэн. Одоо дугаарыг нь санахгүй байна. Зурагт авахгүй гэж хэлсэн боловч залгаад байхаар нь зурагтыг нь үзэхээр зах руу явсан. Зах дээр очиж зурагтыг нь авч Амраагийн гэрт очиж шалгаж үзсэн. Тэрээр надад 100 000 төгрөгөнд зарна гэсэн болохоор түүнд 100 000 төгрөг өгөөд зам дээр буулгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 талд/
8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
9. Найдвар-Од аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 96 дугаартай, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
10. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-ийн 31-35 тал/
11. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Х.Мөнжаргал нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч 2016 оны 04 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 27-04 тоотод оршин суух Д.Цэрэндэлгэрийн гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагт 1 ширхэг, зурагт хананд тогтоогч 1 ширхэг зэргийг хулгайлж, 640 000 төгрөгийн, 2016 оны 04 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 60-07 тоотод оршин суух Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн LG загварын зурагт 1 ширхэгийг хулгайлж 520 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Цэрэндэлгэр, Г.Сувд-Эрдэнэ, гэрч Н.Ганцоож, Ц.Буянт, Ж.Наранцэцэг, А.Мягмаржаргал нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэв.
Шүүгдэгч Х.Мөнхжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мөнхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ц.Цэрэндолгорын гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагт, хананд тогтоогч, 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хохирогч Г.Сувд-Эрдэний гэрээс 32 инчийн хэмжээтэй LG загварын зурагт зэргийг хулгайлсан үедээ Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэний дараа дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан журмыг баримтлан ял оногдуулсан болно.
Хохирогч Д.Цэрэндэлгэр, Г.Сувд-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж эд мөрийн болон ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 93 хоног цагдан хоригдсон болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хоз овгийн Ховдбаатарын Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас 2 сарын баривчлах ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 2 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхжаргалын цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Х.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.