Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00839

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн  Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Б-гийн нэхэмжлэлтэй,

“Р” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Р ХХК-нд хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилогдсон. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/154 дугаар тушаалаар ажлын байранд тавигдах шаардлага хангагдаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд Р ХХК-ийн хөдөлмөрийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Р ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Р ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн мөртлөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нь одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй ажилтныг хохироож байна. Иймд Б-гийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Р” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь Р ХХК-д 2017оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн эдийн засагчийн түр ажлын байранд томилогдсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Р ХХК-ийн ажилчдын ажлын байранд тавигдах шаардлагыг баталж, үүний дагуу дотоод хэвийн хэргийн үзлэг хийгдсэн ба Б- нь хөдөлмөрийн эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хөдөлмөрийн эдийн засагч байх шаардлагад нийцэхгүй байх тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1.-т хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх гэж зааснаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгосон болно. Иймд нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан Б-г Р ХХК-ны Санхүү, эдийн засгийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт зааснаар Р ХХК-аас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.901.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагч Р ХХК-аас нэхэмжлэгч Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 109.377 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцаг Р ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.377 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн утга бүхий тушаалын хуулбар, мөн мэдэгдэх хуудас, тойрох хуудас зэргийн хуулбарыг гаргаж өгсөн. Нэгэнт шүүх хуралдаан хойшилж байсан учир шүүхээс дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар тайлбарлахад хариуцагчийн төлөөлөгч баримтаа буцаан авч, нотлох баримтын шаардлага хангуулахаар буцаан авсан. Гэтэл хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлэхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгчхөөд түүнийгээ шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхөөр буцааж авчхаад дахин алга болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь ундэслэлгүй юм. Энэ тушаал нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, шаардлагагүй баримт юм. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг ажлаас чөлөөлөх зохицуулалтын талаар заасан байх бөгөөд харин ажилтныг ажлаас чөлөөлчхөөд тушаал нь үндэслэлгүй болж, шүүхээр маргаан эхлэх үед ажилтныг дахин ажлаас чөлөөлөх талаар зохицуулалт байхгүй. Ажил олгогчийн тухайд ажилтныг ажил мэргэжилд тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байсан учраас мэдэгдэл өгч ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байна. Гэтэл мэдэгдэл гэх баримтын шүүхэд өгсөн хуулбараас харахад уг мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажилтанд өгч, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх талаар зохицуулсан. Ажил олгогч ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлж, мэдэгдэл өгсөн гаргаж, үүнийг шаардлагатай чухал нотлох баримт гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн хуулбар хэлбэрээр гаргаж өгсөн гэх дээрх баримтууд нь маргааны гол зүйлтэй хамааралгүй, ач холбогдолгүй, зохигч нотлох баримтыг эх хувиар гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүйгээр, шүүхийг төөрөгдүүлэх байдлаар хуулбараар өгсөн баримтаа эх хувиар нь өгөхөөр буцаан авчхаад өгөхгүй шийдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг ач холбогдол бүхий баримт, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй  байна.

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлийг хариуцагч Р ХХК эс зөвшөөрч, маргажээ.  

Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Б/127 дугаар тушаал гаргаж, Б-г хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд томилсон, ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн Б/154 дүгээр тушаалаар ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр дээрх тушаалыг хүчингүй болгожээ /хэргийн 2-3  дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар байгуулах ба мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.-т “ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 231.2.-т “хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.7-т “энэхүү гэрээг ахлах, эдийн засагч С.Уянгыг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүртэл түүний үүрэгт  ажлыг хөдөлмөрийн эдийн засагч Х.Бадмаанямбуу дэвшин түр орлон гүйцэтгэх хугацаанд ажилтан Б- хөдөлмөрийн эдийн засагчийн албан тушаалд түр ажиллахаар байгуулав”, 1.8-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан Б-тай туршилтын 3 сарын хугацаагаар байгуулав” гэсэн байх ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэсэн тайлбар гаргаж, гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/223 дугаар тушаалыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 76 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.

Хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан дээрх баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх жинхэнэ эхийг шаардан авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, өмгөөлөгч М.Ганзориг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ