Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03469

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03469

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг..., ... хороолол, ...тоотод оршин байх, Х ХХК /РД: 5268052/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо...лол, ...гудамж ...Н..Б..З ХХК /РД: .../-д холбогдох, 

  

Гэрээний үүрэгт 551,826,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.....ХХК-тай 2014 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 30,000 тонн цементийг 4,200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу 34,598.20 тонн буюу 4,748,183,802 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Хариуцагч нь цементийн төлбөрт 4,535,984,607 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Хариуцагч өөрөө ийм хэмжээний өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Талуудын төлөөлөл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар хариуцагчийн төлөх ёстой төлбөр нь 567,884,580 төгрөг гэдгийг баталгаажуулсан байдаг. Энэхүү тооцооны баталгааг 2 тал үйлдсэний дараа хариуцагч нь 200,000,000 төгрөгийг 2017 онд манай дансанд хийсэн гэх боловч уг төлбөр нь Ц..... ХХК-ийн дансанд хийсэн байсан. Энэ 200,000,000 төгрөгийг манай компани нь Ц..... ХХК-тай хоорондын төлбөрт тооцон суутгахаар тохиролцсоны дагуу Н.....ХХК-ийн төлөх ёстой 567,884,580 төгрөгөөс 200,000,000 төгрөгийг хасч 367,884,580 төгрөгийн үндсэн төлбөрийн өр үлдээд байна.

 

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх нэмэлт хугацааг хангалттай тогтоосон боловч хариуцагч нь төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу дагуу 367,884,580 төгрөгийг шаардах эрхтэй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Худалдан авагч нийлүүлсэн барааны төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохилдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутамд төлнө. гэж зааснаар 183,942,290 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхтэй. Иймд харуицагчаас талуудын хооронд 2014-2015 онуудад байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 367,884,580 төгрөг, алдангид 183,942,290 төгрөг, нийт 551,826,870 төгрөгийг хариуцагч Н.....ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төлбөрөөс 100,000,000 төгрөгийг төлсөн тул энэ төлбөрийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч Н.....ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бэйсмент ХХК буюу одоо Х ХХК, Э...ХХК, Н.....ХХК гэх гурван компанийн захирлуудын аман тохиролцоогоор цемент аваад оронд нь бетон зуурмаг нийлүүлэх байдлаар тохирсон байдаг. Эхний ээлжинд Э...ХХК болон Н.....ХХК-ийн хоорондын 448,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн актаар суутган тооцсон байдаг. Үүнээс хойш 1 сарын дараа дахин тооцоо нийлэхэд Н.....ХХК нь Э...ХХК-нд 201,000,000 төгрөгийг өглөгтэй тухай тооцоо нийлж гурван компанийн нягтлангууд гарын үсэг зурсан байдаг. Уг тооцоо нийлсэн баримт нь хэрэгт авагдсан байсан. Иймд уг 201,000,000 төгрөгийг 367,884,580 төгрөгөөс хасч үлдэгдэл 166,510,000 төгрөгийн төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. Мөн шүүх хуралдаан хойшилсон хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манай компанийн зүгээс 100,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алдангийг төлөхгүйгээр үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх болно. Барилгын салбар сүүлийн хэдэн жил улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалж уналтанд орсон байдлыг харгалзан алдангийг хасч өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.....ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 551,826,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр /гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах/ Цемент худалдах-худалдан авах гэрээг байгуулах үедээ Б... ХХК гэх нэртэй байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б... ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн оноосон нэрийг Х ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээгээ шинээр авчээ. Нэхэмжлэгч нь нэрээ өөрчилсөн ба компанийн эрх, үүрэг, хариуцлага, гүйцэтгэх удирдлага солигдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК /хуучин нэрээр Б... ХХК/ болон хариуцагч Н.....ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ХГ14/03 тоот Цемент худалдах-худалдах авах гэрээ байгуулж, гэрээгээр Б... ХХК нь 1 тонн нь 140,000 төгрөгийн үнэ бүхий нийт 4,200,000,000 төгрөгийн үнэтэй 30,000 тонн цементийг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 өдрийн дотор гэрээний урьдчилгаа 1,000,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг тухай бүр төлөх, худалдан авагч нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Мөн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ХГ15/08 тоот худалдах-худалдах авах гэрээ байгуулж, гэрээгээр Б... ХХК нь 1 тонн нь 132,204 төгрөгийн үнэ бүхий нийт 7,932,240,000 төгрөгийн үнэтэй 60,000 тонн цементийг 2015 онд нийлүүлэх, худалдан авагч нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд 1 тонн цементийн үнэ 132,204 төгрөг байсныг 139,200 төгрөг болгож нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хүү тооцох талаар тусгаагүй, харин төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиодолд алданги тооцохоор тохирсон зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Талууд гэрээ байгуулагдсан талаар болон нэхэмжлэгч Х ХХК /хуучин нэрээр Б... ХХК/ нь 2 удаагийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 90,000 тонн цемент нийлүүлэхээс 4,748,183,802 төгрөгийн үнэ бүхий 34,598.20 тонн цементийг нийлүүлсэн, хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй болно.

 

Цемент худалдах-худалдан авах тухай 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн ХГ 14/03 тоот гэрээний 2.2-т ... 30,000 тонн цемент, 1 тонн цемент 140,000 төгрөг, нийт 4,200,000,000 төгрөг, урьдчилгаа 1,000,000,000 төгрөг,, мөн 2.3-т худалдан авагч нь барааны төлбөрийн үлдэгдлийг тухай бүр урьдчилан төлнө, 7.3-т худалдан авагч нийлүүлсэн барааны төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиодолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги худалдагчид төлнө. Алданги нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй., 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ХГ/15/08 дугаар гэрээний мөн 1.3-т Энхүү гэрээ нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2015 оны 1... сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй., мөн 2.1-д Худалдагч нь Монгол улсын стандартын шаардлага хангасан цементийг Х нөхцлөөр нийлүүлэх, худалдан авагч нь цементийн төлбөрийг 14 хоногт нийлүүлсэн цементийн нийт хэмжээгээр тухай бүрт худалдагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээв., 2.2-Т худалдах-худалдан авах цементийн тоо хэмжээ 2015 онд нийт 60,000 тонн бөгөөд цемент татан аварлтын хуваарийг 2 тал харилцан тохиролцож сар бүр нийлүүлэлтийг хийнэ. гэжээ.

 

Гэрээний дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Н.....ХХК нь 2015 онд тухайн худалдан авч буй цементийн төлбөрийг бараа хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлөх, нэхэмжлэгч Х ХХК нь 60,000 тонн цементийг нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Х ХХК нь 2014-2015 онд нийт 34,598.20 тонн буюу 4,748,183,802 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн талаар хариуцагч Н.....ХХК нь маргаагүй ба гэрээний хугацаа 2015 оны 1... сарын 31-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Н.....ХХК нь ... барилгын салбар сүүлийн хэдэн жил уналтад орсон, эдийн засгийн хямралтай байдлыг харгалзан алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан боловч зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд талууд алдангийн талаар тодорхой тусгасан ба гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчаар алдангийг гэрээнд заасан хэмжээгээр төлүүлэх нь зүйтэй. Мөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 551,826,870 төгрөгөөс хасч тооцов. Иймд хариуцагч Н.....ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 441,826,870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 23... зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Тгаас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Н.....ХХК-иас 441,826,870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,917,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,367,084 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР