Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 399

 

“Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буянбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0588 дугаар магадлалтай, “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 9 дүгээр зүйлийн 9.1.9, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөгийг хууль бусаар төлүүлсэн, бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 221/МА2016/0588 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2006 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам батлагдсан байдаг. Уг журмын 2-ийн 10-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбай, орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл бүрдэж байна. Дээрх журмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэмшигч бус этгээд гэрээний үндсэн дээр тухайн төлбөрийг төлөхөөр заасан. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                        ХЯНАВАЛ

Шүүхүүд Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг баталсан, энэ журмын 10-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх”-өөр заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Эрдмин” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХК-тай “Хүдэр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, 2009-2011 онд нийт 754,9 мянган тонн хаягдал хүдэр худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419,3 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-д төлсөн, өөрөөр хэлбэл, дээрх журмын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр талбайгаас олборлосон хүдрийн хаягдал овоолгыг нэхэмжлэгч гэрээний үндсэн дээр худалдан авч, ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-д төлсөн болох нь тогтоогдсон байна.

Гэтэл Татварын ерөнхий газраас 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/98, мөн оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/660 дугаар албан бичгээр “Эрдмин” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-иас 2009-2012 онд худалдан авсан хаягдал хүдэрт ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхийг шаардаж, нэхэмжлэгч 2013 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт дахин 982,667,099 төгрөгийг төсөвт төлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, 47.6-д “...үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын болон бусад тайланд тусгаж, төсөвт төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХК хариуцахаар байна.

Өөрөөр хэлбэл, “Эрдмин” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул өөрийн ашигласан ашигт малтмалд ногдох төлбөрийг “Эрдэнэ үйлдвэр” ХК-иар дамжуулан улсын төсөвт төлсөн байхад дахин нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн 982,667,099 төгрөгийг бусад өр төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, суутган тооцохыг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0588 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН