Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0400/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шинжээч Д.Даваахүү /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч,

Хохирогчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Лхагвадорж,

Иргэний хариуцагч Д.Ж,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Х.Хад холбогдох эрүүгийн 2018000000417 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Х.Х /РД: /, 1992 оны 6 дугаар сарын 27-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Хыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04-05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дархан Баптист” сүмийн урд талын зам дээр **-** УБВ улсын дугаартай “Хюнда Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5.а, 3.5.б, 3.4.а, 12 дугаар бүлгийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн С.Жаы амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Х.Хын өгсөн: ...Би Ж гэх хүнтэй зарын дагуу утсаар холбогдож уулзаад хадлангийн ажилд явахаар тохирсон. Улаанбаатар хотоос гараад Нд гэх хүн жолоодож яваад Баруунхараад ирсэн. Баруунхараагаас хөдлөхдөө Нд гэдэг ах би шөнө юм харахдаа муу, чи жолоо барьчих гэхээр нь би жолоодсон. Гэм буруу болон хэргийг зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чгийн өгсөн: ... Би ганц ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, замын зардалд 16.191.000 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээр нэмээд шүүх хуралдаантай холбоотой нааш ирсэн, буцсан замын зардалд 1.044.200 төгрөг, нийт 17.235.900 төгрөгийг шүүгдэгч Хаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Д.Жгийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16 хүний бүрэлдэхүүнтэй 4 машинтай Улаанбаатараас хөдөлсөн. Хыг хадлангийн ажилд туслалцуулахаар авч явсан. Нд гэх миний танил. Бас настай хүн байдаг. Тэр хадлан хариуцаж явсан. Би араас нь гүйцэж очоод Баруун хараа дээр хоол идээд хөдлөхөд Нд миний машинд суучихаар нь гайхаад “машинаа хэнээр бариулж байгаа вэ?” гэж асуухад “би хараа муутай, машин бариад өгөөч гээд Хад хэлэхэд за гэсэн” гэхээр нь “жолоочийн хариуцлагын даатгалгүй болох юм уу?” гэж Ндаас асуухад Нд “компанийн машин учир болно. Х жолооны үнэмлэхтэй Дархан руу хэд хэдэн удаа машин барьж явсан юм байна лээ тэгээд бид тохироод жолоогоо шилжүүлсэн” гэж хэлсэн. **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...............” ХХК-ийн машин байсан. Би худалдаж авахаар аман гэрээ байгуулсан. Мөнгийг нь 1 сарын дараа өгнө гэж тохирсон байсан. Тэгээд Нд 7 хоногийн хугацаанд засвар хийгээд ойр зуур зүйлийг нь зассан гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Даваахүүгийн өгсөн: Талийгаачийн биед учирсан олон ясны хугарал бүхий гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл. Нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч В.Үын өгсөн: ...Талийгаач маань ээж болон дүү, дүүгийн хүүхдүүд, хамтран амьдрагч болон түүний хүүхдүүдийг тэжээн тэтгэдэг хүн байсан. Ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна. Гэм буруутай этгээд бид нартай ерөөсөө уулзаагүй яваад байгаа. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/,

Гэрч Х.Бчны өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ж гэх хүний хадланг бэлтгэхээр цагаан өнгийн Бонго маркийн автомашин, трактор, хадуур, тармуур ачсан Хино маркийн автомашин, том чиргүүлтэй автомашин, захирлын приус-30 маркийн автомашин гээд 4 машин Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явсан. Замдаа Баруунхараад хоол идээд Хино маркийн чиргүүлийн гэрэл эвдэрснийг засаад шөнө 01-02 цагийн үед Дархан руу хөдөлсөн. Тэгэхдээ Бонго маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан залуу Дарханыг сайн мэддэг гэхээр нь Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулаад урдаа гаргаад зам заагаад яв гэсэн. Баруунхараагаас хөдлөхдөө би Бонго маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Дархан-Уул аймагт 04-05 цагийн хооронд л орж ирсэн. Тухайн үед гадаа харанхуй, бороо шивэрсэн, гудамжны гэрэл бүдэг ассан, машины гэрэл муу асаж байсан. Дарханд орж ирээд урд замаар 2 эгнээ замын 2 дугаар эгнээгээр тойрог өгсөөд явж байхад зам дээр нэг хар зүйл хальт харагдсан. Тэр зүйл юу байсан, хөдөлж байсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Яг тэр үед миний утсанд дуудлага ирээд би анхаарал сарниад доош хараад дуудлагыг авах гэж байхад миний утасны цэнэг дууссан. Тэгээд би утсаа асаах гэж оролдож байхад миний сууж явсан тээврийн хэрэгсэл жоохон донсолж хөдөлсөн. Тээврийн хэрэгсэл донсолсон нь ямар нэгэн нүхээр орсон дуу чимээтэй зүйл байгаагүй. Миний хажууд сууж байсан Нб “сая юу байсан бэ? хүн байсан уу?” гэж хэлж байсан. Тэгэхэд жолооч Х юу ч дуугаралгүй хэсэг явснаа 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжсэн. Жолооч болон хамт явсан хүн ямар нэгэн зүйл ярихгүй болохоор нь би хурд сааруулагч дээгүүр гарсан байх гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76, 87/,

Гэрч Р.Шбын өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ж хэдэн хүмүүс хөлсөлж аваад Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хадлан хийхээр гарсан. Бид 4 машинтай бригад болоод явсан. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймагт орж ирээд төв засмал замаар явсан. Машины байрлалын хувьд хамгийн урд талын 2 дугаар эгнээнд **-** улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг нэг залуу жолоодож явсан. Ар талд нь би 6*-9* улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй, миний ард Бб том чиргүүлтэй машинтай явж байсан. Хамгийн ард захирал 1 дүгээр эгнээнд явж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78, 88-89/,

Гэрч С.Ббын өгсөн: ...Дарханд бид нар цуваагаар орж ирсэн. Хамгийн урд Бонго пронтер яваад араас нь чиргүүлтэй Хино машин яваад би араас нь 5*-8* УНМ улсын дугаартай машинтай яваад манай захирлын цагаан өнгийн приус-30 машин миний ард явсан. Бид Үйлдвэрийн цаад талын шороон замаар Дарханд орж ирээд Анагаах Ухааны их сургуулийн хажуугаар яваад Үйлчилгээний төвийн урдуур гараад хамгийн эхний гэрлэн дохиогоор зүүн гар тийш эргээд явж байсан чинь шатахуун түгээх станцын хажуу замд хориглосон тэмдэг байхаар нь буцаж эргээд явсан. Тэгээд зүүн гар тийш эргээд театрын урдуур яваад ОХУ-ын элчний уулзвараар зүүн гар тийш эргээд шулуун явж байгаад аюулгүйн тойргоор тойроод гүүр доогуур гараад чигээрээ явсаар байгаад Хушаат руу салдаг зам дээр машин дотроо унтацгаасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83/,

Гэрч О.Нбын өгсөн: ...Жаргалант гэх газраас хөдлөхөд захирлын найз гэх хүн Х бид 2-той Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд суугаад захирлын машиныг жолоодсон. Баруунхараа хүртэл захирлын найз машин бариад Баруунхараагаас манай найз Х жолоодож яваад Дархан-Уул аймагт 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 4-5 цагийн хооронд орж ирсэн. Дарханд орж ирээд тусгаарлах шугамтай төв замаар явж байсан. Замын төгсгөлд “Өргөө” кинотеатр байсан. Тэгээд кинотеатрын наад талд замын дунд машин доогуур юм тээглээд донсолсон юм. Тэгэхээр нь Хаас “сая юу байсан бэ? хүн байсан уу? хонхор газар байсан уу?” гэж асуухад Х юу ч дуугаргаагүй чимээгүй явсан. Төв аймгаас анх гарахдаа Х бид 2 ойр зуурын юм яриад байсан. Сүүлд хэрэг явдал болсны дараа хадлан дээр очоод Х үг дуугарахгүй, асуухаар “зүгээр ээ зүгээр” гэж хэлчхээд чимээгүй дотроо юм бодоод байгаа байдал надад анзаарагдсан. Х хувийн зан байдлын хувьд хүнтэй маргалдах, хэрүүл хийхээрээ, янз бүрийн асуудалд орохдоо дуугүй болчихдог хүн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86, 90/,

Гэрч Ч.Мийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-аас 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт жижүүрийн зөрчил бүртгэгчийн 24 цагийн үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өглөөний 05 цаг 04 минутад “Хээтэй хорооллын голын зам дээр согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага ирэхээр нь замын цагдаагийн зохицуулагч цагдаа Ш.Дийн хамт очсон. “Дархан баптист” сүмийн урд талын авто замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 40-50 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би тэр хүний хүзүүн дээрх гүрээний судсыг дарж үзэхэд цохилохгүй байсан. Удалгүй эмнэлгийн ажилтан ирээд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тухайн үед цаг агаарын хувьд үүлэрхэг, гудамжны гэрэлтүүлэг байхгүй, замын гэрэлтүүлэг ч байхгүй, тас харанхуй байсан. Бороо шивэрч орж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91/,

Гэрч Д.Өын өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр такси үйлчилгээнд явж байхад Дархан сумын 9 дүгээр багт байрлах “Дархан Баптист” сүмийн наад уулзвараар орж байхад зам дээр цагаан өнгийн тортой хог байна даа гэж харсан. Тэгэхээр нь би эгнээгээ шилжүүлээд 1 дүгээр эгнээ рүү ороод хажуугаар нь гараад харсан чинь эрэгтэй хүн ухаангүй дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92, 108-109/,

Гэрч Г.Пын өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01 цаг 48 минутад би талийгаачтай утсаар яриад хаана байгааг нь асуухад “явж байна” гээд архи уусан байдалтай сайн юм ярихгүй байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед талийгаач “Улаанбаатар хот руу цутгалтад явлаа” гэж хэлээд гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93, 110-111/,

Гэрч Н.Бийн өгсөн: ...галт тэрэгний буудлаас зорчигч авч такси үйлчилгээнд явж байхад шөнө 02 цаг өнгөрөөд 03 цаг дөхөж байхад Хээтэйн урд замаар хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлд явж байхад 4.12 дугаар байрны харалдаа замын бордюр паркийн хашаа хоёрын голд замаас зайтай өвсөн дээр хажуу тийшээ харсан байдалтай, 40 орчим насны, бараан бордуу царайтай эрэгтэй хүн архи уугаад тасарсан байдалтай хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95, 133-134/,

Гэрч П.Бын өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 05 цаг 12 минутад “Хээтэй хорооллын урд зам дээр машинд мөргүүлсэн хүн байна” гэж дуудлагын дагуу очсон. Тэгтэл зам дээр дээш харсан байдалтай 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан. Чагнуур тавьж үзэхэд зүрх нь цохилохгүй байсан. Тухайн цогцсын хажууд архины шил байсан, цогцсын баруун хөл хугараад гадагш эргэсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98/,

Гэрч Д.Нын өгсөн: ...дүүжин гүүр хүртэл паркийн арын замаар явж байхад хаана гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүн 2 дугаар эгнээнд хэвтэж байсан. Би 1 дүгээр эгнээгээр хажуугаар нь өнгөрсөн. Би согтуу хүн хэвтэж байна гэж хэлээд өнгөрсөн. Манай машинд сууж явсан хүмүүс анзаарсан эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129/,

Гэрч З.Хын өгсөн: ...урд талын суудал дээр гар утсаа оролдоод явж байхад манай хүргэн ах “энэ согтуу хүн зам дээр хэвтэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би харахад Хээтэй хороололд байдаг сүмийн урд зам дээр ямар ч байсан нэг хүн хэвтэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131/,

Гэрч Д.Мийн өгсөн: ...ОХУ-ын элчний уулзвар өнгөрөөд явж байхад миний урд явж байсан цагаан өнгийн приус-20 маркийн машин Хээтэйн голын уулзварын тэнд байдаг сүмийн ойролцоо зогсохоор нь би зам дээр юм байгаа юм болов уу гээд хурдаа сааруулаад явж байтал замын 2 дугаар эгнээнд нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь приус-20 маркийн машины ард зогсоход миний ард приус-30 маркийн машин ирж зогссон. Урд талын машины жолооч “энэ хүн согтуу байх шиг байна. Замаас гаргая” гэхээр нь би машинаасаа буугаад тэр хэвтэж байгаа хүнийг харахад хөдлөхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/,

Шинжээч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэд дурдсан анхааруулах зориулалттай дуут дохио ажилгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах үүрэгтэй ажлын тоормосны барабан элэгдэлтэй, зогсоолын буюу гар тоормосны ган татлагыг тэлэгчид холбоогүй гэх гэмтлүүдийг **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мэдэх боломжтой байсан. Дээрх гэмтлүүд нь осол болохоос өмнө бий болсон эвдрэл байсан учраас осол гарахад нөлөөлсөн шалтгаан болсон гэх дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158/,

“Хээтэйн урд замын голд хүн хэвтэж байна” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 8 дугаар сарын 27-оос 28-ны өдрийн дуудлага мэдээллийн жагсаалт /1-р хх-ийн 3/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Дархан чуулган” гэх нэршилтэй хүмүүсийн хэлж заншсанаар “Баптист” сүмийн урд талын зам байна... гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, ослын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-10/,

Талийгаач С.Жаы хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 13-15/,

Талийгаач С.Жаы цогцсын гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Куали” гэх нэршилтэй аж ахуйн нэгжийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,

Гэрч Э.Бч, О.Нб болон шүүгдэгч Х.Хын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-33/,

Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэр дэх авто замын 2 дугаар эгнээнээс Дархан сумын 9 дүгээр багийн “Од” зочид буудал хүртэлх зам хооронд хонхорхой газар, хурд сааруулагч, машины дугуйнд тээглэж болохуйц зүйл байгаа эсэхийг тодруулах зорилгоор мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34/,

Мөрдөн шалгах туршилтын дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 35/,

Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 028 дугаартай “Жолооч Х.Хын жолоодож явсан **-** УБВ улсын дугаартай Хьюндай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн дуут дохио, зогсоолын буюу гар тоормос ажиллагаагүй, хойд тэнхлэгийн ажлын тоормосны барабан элэгдэлтэй, их гэрлийн тохиргоо алдагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан байна. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 151-154/,

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Амарбаясгалангийн 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаартай “Жолооч Х.Х нь **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, 3.5.а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;” гэж, 3.5.б-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” гэж, 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Талийгаач С.Жа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэж, 5.12.б-д “явган зорчигчид аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 159-160/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай “Талийгаач С.Жаы биед үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины дээд дэлбэнгийн язрал, зүрхний баруун тосгуурын доод хэсгийн урагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, цээжний хөндийд 1.5 литр нөжирсөн цус, хэвлийд 1.2 литр нөжирсөн шингэн цус, гол судас, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, дунд чөмгийн хугарал, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, цээжний зүүн талын хавирга 1, 2 дугаар хавирга хоёрлосон хугарал, 3 дугаар хавирга гуравласан хугарал, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, багана нуруу дагнасан цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт зулгаралт, шарх, хуйхны баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд байхдаа үүссэн. Цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Талийгаач С.Жаы биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас дайрагдах үед үүсэх боломжтой гэмтэл болно. Талийгаач С.Жаы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүрхний баруун тосгуурын урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Талийгаач С.Жаы цогцост хийсэн үзлэг болон шинжилгээгээр талийгаач нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-5 цагийн орчим нас барсан байх боломжтой байна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 6% промилли, ходоодны агууламжид 5.2% промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь зүрхний баруун тосгуурын урагдлын улмаас нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 206-212/,

Талийгаач С.Жаы нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 87/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Х нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт 4-5 цагийн үед **-** УБВ улсын дугаартай Хюндо Бонго пронтер маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5.а, 3.5.б, 3.4.а гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн С.Жаы амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хэрэг гарахад бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан. Гэрлийн тохиргоо алдагдсан, цонх цантсан, үзэгдэх орчин муу байсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн байна. Иймд шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналын шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгчид дүгнэлтдээ: Шүүгдэгчийн тал гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй байх тул шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлд бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэг байсныг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамааруулах болсон. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Х.Хын жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.Ж гэдэг нь тогтоогдож байна. Тэгэхээр тус тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг Д.Ж хариуцах ёстой. Шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарсан шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна. Иймд Д.Жгийн үйлдэл хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдлийг энэ хэргээс тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаалгах саналтай байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Энэ хэрэгт иргэний хариуцагчийг зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. Д.Ж нь **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч юм уу? үгүй юм уу? гэдгийг тодорхойлсон баримт байхгүй, нотлох баримт дутуу байхад иргэний хариуцагчаар татах боломжгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хэн болохыг давхар нотлох зорилгоор холбогдох баримтыг гаргаж өгсөн. Техникийн гэрчилгээгээр тус тээврийн хэрэгсэл нь хэний өмчлөлд байгаагаар нь хариуцах ёстой. Гэтэл Л.Ж нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь биш байхад иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зөвшөөрөлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад бусдад хохирол учруулсан бол жолооч өөрөө хариуцах ёстой гэж заасан байдаг. Д.Ж нь шүүгдэгч Х.Хад **-** УБВ улсын дугаартай пронтер маркийн машиныг жолоодох зөвшөөрөл өгөөгүй атал шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон. Иймд Д.Ж нь хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй, ямар нэг гэрээ хэлцлээр үүрэг хүлээгээгүй, хэм хэмжээний акт зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хариуцагч Д.Ж нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу хадлан бэлтгэхээр приус-30 маркийн 3*-1* УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хино маркийн 6*-9* УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8 тонны Хьюндай маркийн 5*-8* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг удирдан Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Баруунхараа дээр Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан н.Нд нь Дархан-Уул аймаг руу орох болон аймгаас гарах замыг мэдэхгүй, хараа муутай, зам сайн харахгүй гэх шалтгаанаар шүүгдэгч Х.Хад жолоогоо шилжүүлснээр шүүгдэгч Х.Х нь Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон бусдадаа зам заан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн үүрээр 4-5 цагийн үед Дархан-Уул аймагт орж ирсэн, улмаар Дархан сумын 10, 9 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Хээтэй хорооллын урд төв засмал замаар явж байгаад авто замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд согтуу хэвтэж байсан С.Жаыг дайрсны улмаас С.Жаы биед үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины дээд дэлбэнгийн язрал, зүрхний баруун тосгуурын доод хэсгийн урагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, цээжний хөндийд 1.5 литр нөжирсөн цус, хэвлийд 1.2 литр нөжирсөн шингэн цус, гол судас, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, дунд чөмгийн хугарал, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга суга урд шугамаар, цээжний зүүн талын хавирга 1, 2 дугаар хавирга хоёрлосон хугарал, 3 дугаар хавирга гуравласан хугарал, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, багана нуруу дагнасан цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт зулгаралт, шарх, хуйхны баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл үүсэж, С.Жа нь зүрхний баруун тосгуурын урагдлын улмаас нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч Х.Хын жолоодож явсан **-** УБВ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн дуут дохио, зогсоолын тоормос ажиллахгүй, хойд тоормосны барабан элэгдэлтэй, их гэрлийн тохиргоо алдагдсан зэрэг гэмтэлтэй, цаг агаарын нөхцөл байдал бүрхэг, бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч Л.Лхагвасүрэнгийн 28 дугаартай дүгнэлт, болон гэрчүүдийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолооч гэх бөгөөд жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэж, 12 дугаар бүлгийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчин бүрхэг бороотой, харанхуй зэрэг үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын  5.2-т заасан хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэмтэл бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс замын зорчих хэсэг дээр согтуу хэвтэж байсан С.Жаыг дайрч зам тээврийн осол гаргасан үйлдэл нь уг ослын улмаас иргэн С.Жа зүрхний баруун тосгуурын урагдлын улмаас нас барсантай шууд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч Х.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Мөн шүүгдэгч Х.Х нь авто замын зорчих хэсэг дээр байсан хүнийг дайрч зам тээврийн осол гаргаснаа мэдсээр байж Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, 3.5.б-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” зэрэг үүргээ биелүүлэлгүй ослын газрыг орхин явсан түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг зүйлчлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнээс гадна үйлдэл, хохирлын хоорондох шалтгаант холбоог үндэслэдэг.

Талийгаач С.Жаы амь хохирсон үйл баримт нь шүүгдэгч Х.Хын өөрийн жолоодон явж байсан тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, цаг агаарын нөхцөл байдлын улмаас үзэгдэх орчин хангалтгүй байхад тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүй зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Харин иргэний хариуцагч Д.Ж нь Х.Хын жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй нь талийгаач С.Жаы амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын иргэний хариуцагч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар, энэ хэргээс тусгаарлан прокурорт буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч нь талийгаачийн оршуулгын зардал, шүүх хуралдаанд удаа дараа ирсэн замын зардал зэрэгт нийт 17.235.900 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба нь **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй. Гэтэл Л.Ж нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь биш байхад иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Түүнчлэн Д.Ж нь шүүгдэгч Х.Хад **-** УБВ улсын дугаартай Бонго пронтер маркийн авто машиныг жолоодох зөвшөөрөл өгөөгүй тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч гэдэг.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан эсхүл хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол тээврийн хэрэгслийг эзэмшигч нь гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Д.Ж нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хадлан бэлтгэхээр хүмүүс хөлсөлж, приус-30 маркийн 3*-1* УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хино маркийн 6*-9* УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8 тонны Хьюндай маркийн 5*-8* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бусад тоног төхөөрөмжийг бэлтгэн Улаанбаатар хотоос гарсан. Замдаа Баруунхараа дээр Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан н.Нд нь Дархан-Уул аймаг руу орох болон аймгаас гарах замыг мэдэхгүй гэх шалтгаанаар шүүгдэгч Х.Хад жолоогоо шилжүүлснээр шүүгдэгч Х.Х нь Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймагт ирсэн болох нь тогтоогдож байна.

Д.Ж нь **-** УБВ улсын дугаартай Бонго пронтер маркийн авто машиныг өөрийн мэдэлд байлгаж, өөрийн хүсэл зоригт нийцүүлэн ашиглаж байгаа этгээд тул түүнийг **-** УБВ улсын дугаартай Бонго пронтер маркийн авто машины эзэмшигч гэж үзнэ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баруунхараа гэх газарт түүний эзэмшлийн Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан н.Нд нь жолоогоо шүүгдэгч Х.Хад шилжүүлсэн болохыг иргэний хариуцагч Д.Ж нь мэдсэн боловч таслан зогсоох ямар нэгэн үйлдэл хийлгүй Дархан-Уул аймаг хүртэл хамт явсан болох нь тогтоогдсон тул Д.Жг шүүгдэгч Х.Хад өөрийн эзэмшлийн Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Х.Х нь Бонго пронтер маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч болох Д.Жгийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Д.Жг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.  

Дээрх зам тээврийн осол хэрэг гарахад Х.Хын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс гадна иргэний хариуцагч Д.Жгийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг зохих ёсоор хангаагүй үйлдэл, талийгаач С.Жаы Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6, 5.12.б-д заасныг зөрчиж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар авто замын зорчих хэсэгт хэвтсэн үйлдэл тус тус нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 17.235.900 төгрөгийн нэхэмжлэлийг 20 хувиар багасгаж 3.447.180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 13.788.720 төгрөгийн хохирлын 70 хувь болох 9.652.104 төгрөгийг шүүгдэгч Х.Хаас, 30 хувь болох 4.136.616 төгрөгийг иргэний хариуцагч Д.Жгээс тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чд 9.655.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд оролцогчдоос гаргаж өгсөн хохирлын мөнгийг хүлээлцсэн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 70/20 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 194/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 102/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх санал, хохирогчийн өмгөөлөгчдөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх хуульд хамруулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Х.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуур орлоготой зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 100/, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 579 дугаартай албан бичиг, тодорхойлолт /2-р хх-ийн 132-133/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Хын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан ба шүүгдэгч Х.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлд хамаарахгүй байхаас гадна шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Х нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж түүнийг суллах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хад буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Х.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг сулласугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б овогт Д.Ж /РД:, утас: /-ээс 4.136.616 /дөрвөн сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С овогт С.Ч /РД:, утас: /-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 3.447.180 /гурван сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хад буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР