| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0276/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0299 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0276/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт А-н Бд /регистрийн дугаар: ........ /, .....оны ...... дүгээр сарын ..... -ны өдөр ........ аймгийн ....... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ......., .......... -ийн хамт ....... аймгийн ......... сумын ........... баг, .......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ........... аймгийн ......... гол сумын .............. багийн нутаг “........ ” гэх газар хувийн маргааны улмаас иргэн Ж.Ч-г түлхэж унаган биед нь тархи доргилт, зүүн талын нэг хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ........ аймгийн ............ гол сумын ............. багийн нутаг “.......... ” гэх газар хувийн маргааны улмаас иргэн Ж.Ч-г түлхэж унаган биед нь тархи доргилт, зүүн талын нэг хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ы мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000304 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Ч-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 09 дүгээр сарын 22, 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Б бид хоёр өдөр манай өвсийг бэлдэж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би өөр айлын өвсөнд явж Б өвөлжөөн дээр юм хийгээд үлдсэн. Тэгээд үдээс хойш өвөлжөөн дээр ирсэн чинь Б архи уучихсан ганцаараа сууж байсан бөгөөд намайг ганц нэг татах уу гэхээр нь би зөвшөөрч хажууд нь суугаад архинаас нь нэг татангаа чи машин барьж чадахгүй. Шинэ тавьсан дугуйг халцартал явсан байсан гэж тоглоомоор хэлсэн чинь Б уурлаад би танайд өрийн 100,000 төгрөгөөр ажиллаж байгаа шүү мэдэж байгаа биз дээ гэж надтай маргалдахаар нь би согтуу хүнтэй зууралдаад яах вэ гэж бодоод эхнэр Т-ийг гэр лүү ороод ажилласан хөлс мөнгийг нь авч ирээд өг гэж хэлээд түүнд 300,000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь би явлаа гээд зам тосоод явсан. Тэгээд эхнэр бид хоёр үлдэж дүүгээс нь болж жаахан хэрүүл маргаан хийж байгаад уурандаа эхнэрийнхээ нүүрэн тус газарт нь гараараа түлхсэн чинь цаанаас Б буцаж ирээд над руу дайрч намайг нэг удаа түлхэж газар унагасан. Энэ үед миний хавирга гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Учир нь түр зуурын хэрүүл маргаанаас энэ зүйл боллоо.” гэх мэдүүлэг[1],
Гэрч А.Т-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр айлын өвсөнд явж дүү Б өвөлжөө дээр ганцаараа үлдсэн ба манай дүү Б, нөхөр Ч нарын хооронд хэрүүл маргаан болж байхаар нь дундуур нь ороод салгах гэсэн боловч хоорондоо маргалдаад салахгүй байсан. Тухайн үед юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Ч уурандаа Бд ажлын хөлс өг гээд надаас гэрээс мөнгө авахуулаад 300,000 төгрөг өгөөд явуулсан. Үүний дараа Ч над руу уурлаж намайг түлхээд унагахад цаанаас Б ирээд яахаараа манай эгчийг цохидог юм гээд Чг түлхэхэд газар унасан.” гэх мэдүүлэг[2],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 643 дугаартай “...Ж.Ч-ийн биед тархи доргилт, зүүн талын нэг хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Ч-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Ч-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[3],
А.Б-ы яллагдагчаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Ч ах намайг загнаж хэрүүл маргаан хийж байгаад 300,000 төгрөг өгөхөөр нь тэр мөнгийг аваад явлаа гэж хэлээд замын цаад талд ойрхон хараад зогсож байсан чинь манай эгч Тийг алгадаад унагахаар нь эгчийгээ өмөөрч Ч ахыг чанга түлхэж унагаад явсан.” гэх мэдүүлэг[4] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б нь иргэн Ж.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ж.Ч-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн талын нэг хавирганы хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан түүний үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж Ж.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Б-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР