Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 06

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: А аймгийн Т сумын Засаг дарга
            Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа А аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг А аймгийн Т сумын Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагч А аймгийн Т сумын Засаг даргад Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичиг хүргүүлсэн. А аймгийн Т сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 12, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан. Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төлөвлөгөөг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн байна.
Гэтэл хариуцагч нь хуульд заасан үүргээ эс биелүүлэхээс татгалзсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу А аймгийн Т сумын Засаг даргын дээрх үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах хууль зүйн үндэслэл бий болсон байна.
А аймгийн Т сумын Засаг даргын дээрх эс үйлдэхүйг гаргасаар тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа болсон тул сунгахтай холбоотой бусад бичиг баримтуудыг бүрдүүлэн холбогдох төлбөр хураамжийг төлөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.
Дээрх шийдвэр гарсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 7/4854 дугаартай “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул Кадастрын хэлтсийн даргын 321 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэж дурдсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй болохыг олж мэдсэн. Ийнхүү нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу А аймгийн Засаг даргад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй болно. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцохоор заасан байна.
Иймд А аймгийн Т сумын Засаг даргын тус аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг А аймгийн Т сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-иас А аймгийн Т сумын Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа сум, дүүргийн засаг дарга байгаль орчныг хамгаалах менежментийг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хүргүүлнэ гэж заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 3 дугаар сарын 18, 2019 оны 3 дугаар сарын 18, 29-ний өдрүүдэд менежментийг төлөвлөгөөг хүргүүлсэн. Менежментийг төлөвлөгөөг хүргүүлснээс хойш 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/17 дугаартай албан бичгийг “Н” ХХК-д ирүүлсэн байдаг. Уг албан бичгийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан. Уг хуулийн заалтыг хоёр агуулгаар ойлгож байгаа, тодруулбал уг төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцааж хүргүүлэх гэж ойлгож байна. Уг хуулийн заалтад ямар нэг байдлаар сонгох боломж, нөхцөлийг зааж өгөөгүй байна.  Гэтэл хуульд заасан 10 хоногийн хугацаа өнгөрөөд 1 сарын дараа хуульд зааснаас гадна өөр үндэслэл тайлбар шалтгааныг тоочиж хариу ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүний улмаас манай компани тусгай зөвшөөрлөө алдах нөхцөл байдалд хүрж байна. Хэрэв тус аймгийн Т сумын Засаг дарга тус хуулийн заалтыг дагаж мөрдөөд менежментийг төлөвлөгөөг батлаад хүргүүлчихсэн бол бид өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх ёстой байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл маань эрсдэлд орсноороо бидний эрх ашиг хөндөгдсөн учраас уг асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай боллоо.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж заасан. Тэгэхээр ёр нь бол заавал батлах ёстой юм байна гэсэн агуулгыг хууль тогтоогчид хуульчилж өгсөн байна. Одоо бид энэ хуулийг би тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн тухайн орон нутагт засгийн газрыг шийдвэр тогтоолыг хэрэгжүүлэх гээд сууж байгаа сумын Засаг дарга гэдэг хүн энэ хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой, дагаж мөрдөхийг сурталчлах ёстой. Гэвч энэ үүргээ умартаад үндэслэлгүйгээр хугацаа хожимдуулсан, бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчлөө.
Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хууль бус эс үйлдэхгүй гаргасан байна. Батлах ёстой үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна гэж үзэж байна.
Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу засаг даргын дээрх үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах хууль зүйн үндэслэл бүрдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Дараагийн дугаарт, уг хууль бус үйл ажиллагааны улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 321 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК-ий ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрх зөрчигдөж байна. Иймд уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу бид аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Уг гомдлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9-т аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих гэж заасан. Энэ эрх үүргийн дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан боловч хариу өгөөгүй учир шүүхэд хандсан. Хариуцагчийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна. Хуульд 10 хоног гэж заасныг зөрсөн, хүргүүлнэ гэж заасныг зөрсөн, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж байна. Энэ үндэслэлээр батлахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тусгай хэрэгцээнд авсан юм бол холбогдох газар нь  мэдэгдсэн юм уу, “Н” ХХК-д мэдэгдсэн юм уу, нөхөн олговрыг олгосон юм уу, 2006 оноос хойш яагаад нөхөн олговрыг олгоогүй юм бэ гэсэн асуудал байна. Хэрэв нөхөн олговрыг олгож чадаагүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хуулийн заалт байгаа.
Иймд А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа А аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг А аймгийн Т сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал ташаа ойлголттой байна. Энэ бол хайгуулын тусгай зөвшөөрөл юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн менежментийн төлөвлөгөөг тухайн эзэмшиж байгаа компани боловсруулж тухайн сумын Засаг даргад хүргүүлдэг. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч менежментийн төлөвлөгөөг Засаг даргатай зөвшилцөж хамтран боловсруулна гэсэн ойлголттой тайлбарлаад байна. Энэ бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа үед хэрэглэдэг хуулийн заалт байна. Энэ нь тухайн талбайн хэсэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулсны дараагаар тухайн жилд үйл ажиллагаа явуулах гэж байгаа тохиолдолд сум орон нутгийн Засаг даргатай хамтарч менежментийн төлөвлөгөөг боловсруулж хамтран зөвшилцөөд тухайн орон нутагт байршуулах барьцаа хөрөнгийн талаар ярилцдаг асуудал байгаа. Тэгэхээр 8953Х тусгай зөвшөөрөл бүхий талбай бол хайгуулын тусгай зөвшөөрөл юм, ашиглалтын тусгай зөвшөөрөл биш юм.
Хоёрдугаарт, бидний хүргүүлсэн менежментийн төлөвлөгөөнд маш тодорхой заасан байгаа, бид уг төлөвлөгөө Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн албаар 2019 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулсан, тэрийг нь Мэргэжлийн хяналтын газар хянаад 2019 оны төлөвлөгөөндөө оруулаад мэдээ мэдээллээ авсан байдаг. Тэрний дагуу энэ үндэслэл дээрээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, тухайн газарт хийгдэж байгаа ажлын объём, хэмжээ, өрөмдлөгө хийх газрын гүн мэдээллийг оруулж менежментийн төлөвлөгөөг боловсруулж байгаа.Тэр хэмжээнд нь тохирсон байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс сэргийлсэн хэд хэдэн арга хэмжээг заасан байдаг. Тэр нь ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ, тухайн газар байгаа цооногийг яаж бөглөх вэ, тэр нь хичнээн төгрөгийн зардал гарах талаар бүгдийг тусгаад менежментийн төлөвлөгөөндөө заасан байдаг. Тэр заагдсан менежментийн төлөвлөгөөний зардлын 50 хувийг байршуулдаг. Бид өнөөдөр менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй байж, тухайн сум орон нутгийн үйл ажиллагаанд зориулагдсан дансанд мөнгө байршуулах шаардлага байхгүй гэж үзсэн гэв.
Хариуцагч А аймгийн Т сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Т сумын нутагт орших Халзан давааны ам хэмээх газар дээр “Н” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2019 оны 2 дугаар сард уг компани нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар албан бичгийн хамтаар хүргүүлсэн. Миний бие тухайн төлөвлөгөөг батлаагүй, учир нь нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн компани боловсруулж батлуулах ёстой байдаг, зөвшилцсөн асуудал байхгүй, хоёрдугаарт, уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 дугаар тогтоолоор 10 жил, 2007 оны 3 дугаар тогтоолоор 10 жил, 2008 оны 7 дугаар тогтоолоор 10 жил, 2014 оны 6 дугаар тогтоолоор 30 жилээр тусгай хэрэгцээнд авсан. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 111 дүгээр тогтоолоор 2006, 2007, 2008 онуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Хөхсүм багийн Халзандавааны ам нь сумын ойн нөөцийн гол хэсэг, ан амьтан, булаг шанд ихтэй, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан уг газар нь олон малчид нүүдэллэж амьдардаг, тэнд малчдыг бэлчээрлэх талбай, амьдрах эх үүсвэр учраас багийн иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг газар дээр хайгуул хийлгэхгүй гэсэн байр суурьтай байсан. Эдгээр шалтгаануудыг би “Н” ХХК-д хариу хүргүүлэхдээ мэдэгдсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа. Маргаан бүхий газрыг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Үүнд, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой гэх газрууд, уг газрын солбицолыг заасан бөгөөд уг солбицолд маргаан бүхий газар хамаарч байгаа гэдгийг А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр албан бичигт дурдсан байна. Тодруулбал, “Н” ХХК-ийн 8953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь А аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан Хөхсүм багийн Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой гэх газруудтай 100 хувь, бүрэн давхцаж байна гэжээ. Маргаан бүхий газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газар учраас “Н” ХХК-иас ирүүлсэн менежментийн төлөвлөгөөг батлах үндэслэлгүй байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна.
Ашигт  малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.6-д .энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах гэж заасан. “Н” ХХК нь менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасан заалтыг хэрэгжүүлээгүй, мөн орон нутгийн дансанд байгаль орчныг хамгаалахтай холбоотой мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байдаг. Мөн тус компанийн 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч цуцлагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
            “Н” ХХК-иас А аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан “А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа А аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг А аймгийн Т сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан А аймгийн Т сумын Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
            Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Алтандорнод монгол”  ХХК-д А аймгийн Т сумын нутаг Халзан давааны ам гэх нэртэй газарт 1921 гектар талбайг хамарсан 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулыг тусгай зөвшөөрөл олгожээ. /х.х-н 6/
            “Алтандорнод монгол” ХХК-иас тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгуулсан байна. /х.х-н 8/
            Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрээр Ашигт  малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.6.1-т заасныг үндэслэн “Алтандорнод монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008915 дугаартай өргөдлийг хянаж, А аймгийн Т сумын нутаг дахь Халзан давааны ам нэртэй 1919.51 гектар талбай бүхий XV-008953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Н” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэжээ. /х.х-н 138/
            Ийнхүү 8953 дугаартай тусгай зөвшөөрлийг “Н” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Алтандорнод монгол” ХХК-иас шилжүүлэн авсан байна. /х.х-н 8/
            Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж зааснаар “Н” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар  2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 19/01, 19/02, 11, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14 дугаартай албан бичгүүд, холбогдох төлөвлөгөөг хүргүүлжээ. /х.х-н 15-18, 86-92/
            Дээрх албан бичгийн дагуу А аймгийн Т сумын Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр “ ... тус сумын нутагт байрлах “Халзан давааны ам”, “Хөх сүмийн ам” хэмээх газруудад 200 гаруй айл өрх нутаглаж 50 орчим мянган толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газруудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны  өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол,  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолуудаар тус тус сумын тусгай хэрэгцээнд авсан болно. Иймд дээрх газруудад хайгуул хийлгэх асуудлыг дэмжихгүй байгаа тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэж үзэж байна.” гэх хариу хүргүүлжээ.
            А аймгийн Т сумын тухайд, А аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан; /х.х-н 23-26/
            А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Төмөртийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталсан; /х.х-н 27-30/
            А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус сумын 1, 2, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 7 газрыг /Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрмийн овгор, Төмөртийн толгой, Хүйтний нуур/ 10 жилээр тусгай хэрэгцээнд авахыг зөвшөөрч баталж байжээ. /х.х-н 31-34/
           А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрт оршин Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг дахин сумын тусгай хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар авчээ. /х.х-н 35-37/
            Хариуцагчаас “Н” ХХК-ий эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хэрэгцээнд авсан /А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолтой 8953Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа/, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой зарлын тодорхой хувийг орон нутгийн дансанд байршуулаагүй гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байна гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2. дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3. дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж тус тус заасан.
Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч “Н” ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 2 дугаар сарын 28, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлд А аймгийн Т сумын Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр татгалзсан хариу, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/110 дугаар албан бичгээр хайгуулын ажлыг зогсоох тухай хүсэлт хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /х.х-н 19, 74/
Нэхэмжлэгчээс гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хариу өгөх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарын тухайд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар “тусгай зөвшөөрөл авснаас 30 хоногийн дотор...”, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа...” тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэг хүлээлгэсэн гэж ойлгох бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт  “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.3 “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан нь сумын Засаг даргад уг төлөвлөгөөг хянан батлах эрх олгосон зохицуулалт юм. Иймээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлах үүрэг хүлээсэн заалт гэж үзэхгүй.
Хариуцагч А аймгийн Т сумын Засаг даргын дээрх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ ...” гэж заасан хуулийн заалтад нийцсэн бөгөөд иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч А аймгийн Т сумын Засаг дарга нэхэмжлэгч талд хариу хүргүүлсэн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.
Нөгөөтэйгүүр шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “Н” ХХК-ий 8953Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий А аймгийн Т сумын Халзан давааны ам гэх нэртэй газарт орших 1921 гектар талбай нь А аймгийн Т сумын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа эсэх нотлох баримт цуглуулсан бөгөөд А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “ ...”Н” ХХК-ий 8953X дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтын 006-СЕ дугаарт бүртгэгдсэн солбицлыг Т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2014 оны 07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан солбицолтой тус тус давхцуулан үзэхэд компани 8953X дугаартай талбай нь Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан Хөх сум багийн Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой гэх нэртэй газруудтай 100% бүрэн давхцалтай байна гэж хариу ирүүлжээ. Хэргийн оролцогч нар уг газрын байршил дээр маргаангүй болохыг тэмдэглэв. /х.х-н 134-135/
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4.-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.3.-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заасан байна.
Хариуцагч А аймгийн Т сумын Засаг дарга нь дээр дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын талаар “Н” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 28, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдэгдсэн, нэхэмжлэгч “Н” ХХК-иас дээрх тогтоолд холбогдуулан гомдол гаргаагүй, уг тогтоолтой холбогдуулан маргаагүй бөгөөд А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчинтөгөлдөр байна.
Иймд хариуцагч тал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг зөрчөөгүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах, сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ. 
Түүнчлэн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговор олгох ёстой байсан гэж маргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.7. дахь хэсэгт “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.” заасан.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллага нөхөн олговрын асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцох, хэрэв тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдээр дүгнэлт гаргуулахаар хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгч “Н” ХХК нь 8953Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан асуудлаар эрх бүхий байгууллагатай тохиролцох, тухайн шийдвэр гаргасан байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор гаргуулах талаар нэхэмжлэл гаргах, уг асуудлаар маргавал шүүхэд хандах эрх нээлттэй болохыг тэмдэглэв.
Шүүх дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас А аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Н” ХХК-ий А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа А аймгийн Т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг А аймгийн Т сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
 
                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА