Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2021/0489/З |
Дугаар | 221/МА2023/0571 |
Огноо | 2023-08-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2023/0571
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд “Б*** п***” ХХК, “К*** б***” ХХК, “М***” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/919 дүгээр захирамжийн “Б*** п***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжийн “Ц*** б***” ХХК, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0480 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У***, Ж.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, гуравдагч этгээд “Б*** п***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***, гуравдагч этгээд “Б*** п***” ХХК-ийн өмгөөлөгч Б.М*** нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нар.
Хэргийн индекс: 128/2021/0489/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас анх нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/919 дүгээр захирамжийн “Б*** п***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжийн “Ц*** б***” ХХК, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0480 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн /1994 он/ 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газраас нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжийн “Ц*** б***” ХХК болон Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн “Б*** п***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газраас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй,
3.2. Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу,
3.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад эрх зүйн ойлгомжгүй дүгнэлт өгч, хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоол, 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаар “Хувьчлалын тайлан батлах тогтоол”-уудын хавсралтад нэрлэн заасан өмч хөрөнгийн жагсаалтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаа нь бүрэн дүүрэн харьцуулан үзэж бодит эрх зүйн дүгнэлт хийгээгүй,
3.4. Маргаан бүхий 11,290 м.кв талбай бүхий газарт Д.Б***д хувьчлуулсан “Төр, засгийн үйлчилгээний барилга засварын анги” ТӨҮГ-ын данстай нэг ч объект байхгүй байхад шүүх энэхүү үйл баримтад үндэслэл бүхий бус ойлгомжгүй дүгнэлт гаргасан гэж зэрэг үндэслэлээр тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянахад нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
3.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоол, Хот байгуулалт, газрын харилцааны газрын Техникийн зөвлөлийн 2002 оны 11 дүгээр сарын 20, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт агуулах, аж ахуйн зориулалтаар 14835 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт, 11290 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар “Ц*** б***” ХХК-д тус тус ашиглуулахаар,
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “М***” ХХК /хуучнаар “Ц*** б***” ХХК/-ийн эзэмшил бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11290 м.кв газрыг “Б*** п***” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн олгож шийдвэрлэжээ.
3.2. Нэхэмжлэгч “...Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харъяа “Төр, засгийн үйлчилгээний барилга, засварын анги” УҮГ нь 1968 онд байгуулагдаж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төр, засгийн үйлчилгээний автобаазын дэргэд байрладаг байсан...Засгийн газрын 1999 оны 3 дугаар тогтоолоор Төр, засгийн үйлчилгээний барилга, засварын ангийг битүүмжилсэн дуудлага худалдаа явуулан иргэн Д.Б*** 85000000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон тул .... Төрийн өмчийн хорооны 2000 оны 451 дүгээр тогтоолоор Төр засгийн үйлчилгээний барилга, засварын ангийн өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байхад дээрх өмч хувьчлалын баримтад үндэслэн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах 26125 м.кв газар болон үл хөдлөх хөрөнгөөс 11290 м.кв газрыг тасалж, нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжаар “Ц*** б***” ХХК-д олгосон нь хууль бус” гэж,
Хариуцагчаас “... “Ц*** б***” ХХК нь 2002 онд Төрийн өмчийн хорооны 2000 оны 451 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө хувьчлан авсан тухай баримт бүрдүүлэн газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2002 оны А/565 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Төр, захиргааны үйлчилгээг эрхлэх газрын эзэмшил газраас 11290 м.кв газрын эрхийг баталгаажуулан олгосон” хэмээн тус тус тайлбарласан маргажээ.
3.3 Төрийн өмчийн хорооны 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 451 дүгээр тогтоолоор иргэн Д.Б***д худалдан авсан төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Төр засгийн үйлчилгээний барилга засварын анги” ТӨҮГ /эд хөрөнгийн цогцолбор/-ын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгож, Төрийн өмчийн хорооны 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаар “Хувчлалын тайлан батлах тухай” тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65 дугаар зүйл, Төрийн өмчийн хорооны 2000 оны 451 дүгээр тогтоол, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байршилтэй “Төр, засгийн үйлчилгээний барилга, засварын анги” улсын үйлдвэрийн газрыг хувьчилсан тухай тайланг хэлэлцэн баталсан байх бөгөөд тус тайланд “... “Төр засгийн үйлчилгээний барилга засварын анги” улсын үйлдвэрийн газар нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн нутагт Төр засгийн үйлчилгээний автобаазын дэргэд байрладаг.... “Өмчлөгчийн эрхийг шилжүүлэх тухай” ТӨХ-ны 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 451 дүгээр тогтоол гарч иргэн Д.Б***д тус үйлдвэрийн газрыг хүлээлгэн өгсөн” гэж дурдсанаас үзвэл иргэн Д.Б***д хувьчилж өмчлүүлсэн “Төр засгийн үйлчилгээний барилга засварын анги” ТӨҮГ /эд хөрөнгийн цогцолбор/, дагалдах эд хөрөнгө, газар нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг, хамаардаг болох нь тогтоогдож байна.
4. Төрийн өмчийн үйлдвэрийн газрыг худалдсан тухай 05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнд “Төр засгийн үйлчилгээний барилга засварын анги” ТӨҮГ /эд хөрөнгийн цогцолбор/-ыг нэг багц болгон 100 хувь худалдан авсан болно” гэж зааснаас үзвэл иргэн Д.Б***гийн хувьчлан авсан төрийн өмчит үйлдвэрийн газар болон түүнийг доорх газар нь мөн адил Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг, хамаардаг болох нь тогтоогдож байхад Д.Б***гээс өөрийн “Ц*** б***” ХХК-ийн нэрээр 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын даргад хандан “...Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын аж ахуйн хашаа нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт /гурвалжингийн гүүрний зүүн доор/ байдаг бөгөөд тус газрын харъяа Барилга анги нь өөрийн аж ахуйн агуулах савыг энэ хашааны хойд хэсэгт барьж, эзэмшиж ирсэн юм. Барилга анг 2000 онд хувьчлагдаж “Ц*** б***” ХХК нэртэй аж ахуйн нэгж болсон тул хашааг зааглаж орох хаалгыг тусгаарлах шаардлагатай байгаа учир хашааны манай эзэмшиж буй хойд хэсгийг компанийн нэр дээр эзэмших эрх олгож өгнө үү” хэмээн хашааны план зураглалыг хавсарган хүсэлт гаргасныг нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар 11290 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар “Ц*** б***” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус гэж үзэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5. Газрын тухай хууль /1994 оны/-ийн 5 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан бөгөөд иргэн Д.Б***д хувьчилсан “Төр засгийн үйлчилгээний барилга засварын анги” ТӨҮГ /эд хөрөнгийн цогцолбор/-ын өмчлөлийн газар нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байхад түүнд Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газраас 11290 хүсэлтэд дурдсаных нь дагуу шууд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Энэ талаарх нэхэмжлэгчийн “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/919 дүгээр захирамжийн “Б*** п***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болож, нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжийн “Ц*** б***” ХХК, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА