Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 20

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    Оролцогчид:

                             Хариуцагч                                   Д.Одгэрэл

                             Түүний  өмгөөлөгч                     П.Буманзаяа

                                Хариуцагч Д.Орхонбаатарын

                              өмгөөлөгч                                  Ц.Гэнэндулам

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш. Энхцэцэг нар оролцож,

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор “Төрийн банкны Хөтөл тооцооны төв”-ийн нэхэмжлэлтэй Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нарт холбогдох “12.555.061 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батзаяа  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нар нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкнаас 15.000.000 /арван тав/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 16/001 тоот зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээнд сар бүр тогтмол үндсэн зээл болон хүү төлөгдөхөөр тусгагдсан байгаа. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтын нэгд заасан хувиарын дагуу зээлээ төлөөгүйгээс банканд хохирол учруулж байгаа учраас зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа хөрөнгө буюу 2 өрөө байр барьцаалагдсан байгаа бөгөөд уг хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үндсэн зээл болох 12.062.075/арван хоёр сая жаран хоёр мянга далан тав/ төгрөг, зээлийн хүү нэхэмжлэл өгөх үеэр 491.007/дөрвөн зуун ерөн нэг мянга долоо/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1978/мянга есөн зуун далан найм/ төгрөг нийт 12.555.061/арван хоёр сая таван зуун тавин таван мянга жаран нэг/  төгрөгийг нэхэмжилж байна...”  гэжээ.

     

 Хариуцагч Д.Орхонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “…2016 оны 08 дугаар сараас эхлээд гэр орноосоо хөөгдсөн. Гэр орондоо ерөөсөө оруулахгүй байсан. Банкны зээлээ 2016 оны 10 сар хүртэл төлсөн. Тэрнээс хойш хийж чадаагүй. Би сард 560.000 /таван зуун жар/ төгрөг хийдэг байсан. Эхнэр бид хоёр Солонгос явна гэж зээл авсан. 5.000.000 /тав/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 10.000.000 /арав/ төгрөг нэмж зээл авсан. Төрийн банкнаас нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Надад одоо төлөх чадвар байхгүй. Энэ орон сууц эхнэр хүүхэд бид гурвын нэр дээр байгаа...” гэжээ.

 

 Хариуцагч Д.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Төрийн банкнаас зээл авсан нь үнэн. Энэ мөнгийг бид хоёр цуг байж байгаад зарцуулсан. Би үлдсэн мөнгөө төлж барагдуулна. Надад хугацаа хэрэгтэй байна. би одоо хүүтэйгээ амьдарч байгаа. Би говьд ажиллаж байгаад 7 сард ажлаасаа гарч ирсэн. Энэ хүн намайг говьд ажиллаж байхад гэртээ архи уугаад гадуур хонож өнжөөд байхаар нь би ажлаасаа гараад ирсэн. Энэ хүн 8 сард ажилгүй хүнийг би тэжээж чадахгүй гээд гэрээсээ явсан. Банкнаас зээлийн үлдэгдэл 5.000.000 /тав/ төгрөг дээр 10.000.000 /арав/ төгрөгийг нэмж зээлж авсан. Энэ мөнгийг бид 2 хамтдаа захиран зарцуулсан. Зээл авсан нь үнэн би төлнө. ...Үйлдвэр 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлнэ гэсэн. Ажил эхлээд би зээл аваад би зээлээ төлнө...Энэ зээлийг би төлж барагдуулна. Надад хугацаа хэрэгтэй байна гэв. Би ажилд ороод удаагүй байгаа болохоор банк надад итгэж зээл олгохгүй байна...” гэжээ.

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 37 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх зүйлд зааснаар хариуцагч Д.Отгонбаатараас 6.277.530 төгрөг, Д.Одгэрэлээс 6.277.530 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Төрийн банкны Хөтөл тооцооны төвд олгуулж,

 -Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нарыг сайн дураараа гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах Ү-1310001321 дугаарын улсын бүртгэлтэй 22-26 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж,

 -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдэж Д.Орхонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 107.915 төгрөг, Д.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 107.915 төгрөг тус тус гаргуулан Төрийн банкинд олгуулан шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч Д.Орхонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сайхан сум 2 дугаар баг 22-26 тоот  2 өрөө орон сууцыг Төрийн банкны Хөтөл дахь салбарт барьцаанд тавьсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн надаас тус банкинд 6.277.530 гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхэд тайлбар гаргасан, шүүх хуралд оролцож тайлбар хийхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ тайлбарласан юм. Би гэр бүл болох Д.Одгэрэлтэй ярилцан 2016 оны 01 дүгээр сарын    04-ний өдөр Төрийн банкны Хөтөл дахь тооцооны төвд гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн уг зээлийг төлж байгаад 5.000.000 төгрөг үлдсэн бөгөөд бид Солонгос улс руу ажил хийхээр явахаар 10.000.000 төгрөг зээлж авсан. Солонгос улсруу явах виз гараагүй учраас энэ асуудал өөрчлөгдсөн. 10.000.000 төгрөгийг Одгэрэл авсан бөгөөд миний дансанд уг мөнгө ороогүй. Эрээн явж Улаанбаатарт виз хөөцөлдөх зардал 2.000.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд үлдэгдэл 8.000.000 төгрөгийг Д.Одгэрэл зээлэнд буцааж төлөх ёстой. Мөн 2016 оны 08 сараас эхлэн намайг орон байрнаас хөөсөн бөгөөд одоо би өөр газар найз нөхдийндөө амьдарч байгаа. Ийм учраас Д.Одгэрэлийн авч хэрэглэсэн мөнгийг би төлөх боломжгүй учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж надаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн 6.277.530  төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан боловч зээл авснаас хойш тухайн зээлээс нэг ч төгрөг өөртөө зарцуулаагүй, одоогоор эрхэлсэн ажилгүй, Д.Одгэрэлээс тусдаа амьдарч байгаа тул зээлийг төлөх боломжгүй гэж хариуцагч тайлбарладаг. Иймд миний бие хариуцагч Д.Орхонбаатарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв. 

 

Хариуцагч Д.Одгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкнаас зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан. Д.Орхонбаатар нь зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй, би цалингаасаа төлж байгаад ажилгүй болоод төлж чадахгүй байдалд хүрсэн. Банкнаас зээл авснаас хойш 8 сарын дараа элдэв шалтгаан хайсаар байгаад л гэрээсээ яваад өгсөн. Бид хоёр албан ёсны гэр бүл. Зээлийг хамтарч  авчихаад одоо төлөхгүй гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.  Хариуцагч Д.Орхонбаатар нь хамтран зээлдэгчийн хувьд  гэрээнд  заасны дагуу зээлийг хамтран хариуцах үүрэгтэй тул түүний давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

   

Төрийн банк нь зээлийн гэрээний үүрэг 12.555.061 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нарт холбогдуулан гаргасныг анхан шатны шүүх бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч Д.Орхонбаатар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

 Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Төрийн банкны Хөтөл тооцооны төв 2016 оны 01-р сарын 04-ний өдөр хариуцагч  Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нартай   үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон барьцаат зээлийн  16/001 тоот гэрээ байгуулан   15.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэх, зээлийн гэрээний барьцааны зүйлд Ү-1310001321 дугаарын улсын бүртгэлтэй  2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Гэтэл тус гэрээний зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нар нь хамтран банкнаас зээл авсан ба зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан ба тэдний гэр бүлд үүссэн таарамжгүй харилцаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж зээлийн гэрээний үүргийг хувь тэнцүүлэн хариуцуулахаар шийдвэрлэжээ.

 

Тус хэргийн хариуцагч Д.Орхонбаатар нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг зээлийг гэр бүлийн хүний хамт хамтран авсан боловч зээлийн мөнгийг эхнэр Д.Одгэрэл зарцуулсан, зээл авснаас хойш хамт амьдраагүй, зээлийн мөнгөнөөс зарцуулалт хийгээгүй, одоо тусдаа амьдарч байгаа тул зээлийг Д.Одгэрэл бүрэн хариуцан төлөх ёстой, гэтэл анхан шатны шүүх зээлийг надаар төлүүлэхээр буруу шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг хүлээх нь  хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг бөгөөд Д.Орхонбаатар нь эхнэр Д.Одгэрэлийн хамт 2016 оны 01-р сарын 04-ний өдөр Төрийн банктай 16/001 тоот  зээлийн гэрээ байгуулснаар тухайн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болжээ. 

 

Хариуцагч Д.Орхонбаатар нь зээлийг эхнэр Д.Одгэрэл бүрэн төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү  тайлбартайгаа холбогдох нотлох баримт шүүхэд ирүүлээгүй,  үүргийг хамтран зээлдэгч нар хэрхэн хариуцах талаар  зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон бусад хэлбэрээр  тодорхойлсон  эсэх нь тодорхойгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар заасан тул хариуцагч Д.Орхонбаатарыг зээлийг буцаан төлөх үүргээс  гэрээ болон хуулиар чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

 Нэхэмжлэгч Төрийн банк нь гэрээний үүргийг биелүүлүүлэхээр хамтран үүрэг гүйцэтгэгчид шаардлага гаргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээний үүрэг болох зээл, зээлийн хүү, алдангийг  хамтран хариуцагч Д.Орхонбаатар, Д.Одгэрэл нарт  тэнцүү хуваарилан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж,  хэрэгт авагдсан нотлох баримтад  үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байх тул  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Д.Орхонбаатарын давж заалдах гомдлыг  хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Орхонбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Орхонбаатараас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 115.390 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

          

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН