Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0621

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн

гомдолтой хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0617 дугаартай шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч Т.Энхмаа

            Бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн

            Илтгэгч шүүгч  С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

            Гомдол гаргагч:  “П” ХХК

            Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч “Т”

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “С”, “Ч”

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч  “Т”

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “Л”         

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0338/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны  өдрийн 0617 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан “П” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож”  шийдвэрлэсэн байна.

2. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч М.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л” шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “... Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ч”, “С” нараас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг шалгахад иргэн “Ө” болон “П” ХХК нь харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасныг дараах үйлдлүүдийг гаргасан байдаг. Үүнд:

 Зөрчлийн хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, талуудын тооцоо нийлсэн акт, талуудын мэдүүлэг, банкны данс, холбогдох бусад баримтуудын хүрээнд талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн үнийг гадаад валютаар тогтоосон, мөн худалдан авагч тал буюу “П” ХХК-аас төлбөр тооцоог гүйцэтгэхдээ төлбөрийн зарим хэсгийг гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу америк доллароор тус тус гүйцэтгэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага ногдуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд талууд гэрээг хуулийн хүрээнд буюу Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуультай нийцүүлэн байгуулах үүрэгтэй байдаг. Хэрэв хууль тогтоомж зөрчих нөхцөл байдал үүсвэл татгалзах зөрчил үйлдэхгүй байх бүрэн боломжтой нь “П” ХХК-аас зарим төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэсэн үйлдлүүдээр тогтоогддог. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу холбогдох этгээдүүдийн үйлдсэн үйлдэл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан хуульд заасан хориглосон үйлдэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу холбогдох шийтгэлийг ногдуулсан хууль ёсны дагуу оногдуулсан байдаг.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10-т Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлтэй холбон тайлбарлахдаа зөвхөн орлого олсон тохиолдолд зөрчил гаргагч гэж үзэхээр тайлбарласан байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” Мөн зүйлийн 2-т “2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил гэдгийг зөрчил гаргагч нь заавал орлого олсон тохиолдолд зөрчил гаргасан гэж үзэх зохицуулалт байхгүй байна.

Хуульд зөрчил гэж заасан үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж заасны дагуу шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд тус хуульд зөрчлөө илчилсэн, мэдэгдсэн эсэхээс үл хамаарч хөнгөрүүлэх, шийтгэлээс чөлөөлөх, зөрчилд тооцохгүй байх зохицуулалт байхгүй байхад хянавал хэсгийн 12-т хуульд заагаагүй агуулгаар тайлбарласан байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11-т “Тодруулбал, иргэн, хуулийн этгээдийг төлбөр тооцоо хийсэн гэдгээр нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээлгэж, эд хөрөнгийг нь хураавал Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн  2  “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална ”, “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно ”, Арван зургадгаар зүйлийн 3 “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ”, гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөнө гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авсан болно.” гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-т заасан төлбөр тооцоог гүйцэтгэх гэдэг үйлдлийг Үндсэн хуульд харшлах учир зөрчил биш гэх агуулгыг хүлээн зөвшөөрч байгаагаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.” гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0617 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:   “ ... Хариуцагчийн гомдлын Агуулгын хүрээнд Дараах тайлбарыг гаргахаар байна. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд “... илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах ...” хэмээн тодорхой хуульчилж, түүнийг нарийвчлан мөн зүйлийн 1.1 хэсэгт “... үнийг ... үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, ... төлбөр тооцоог гүйцэтгэх ...” , мөн зүйлийн 1.2 хэсэгт "... үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн           зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ... торгоно.” хэмээн дэлгэрүүлэн томьёолжээ.

Зүй нь: “... илэрхийлж, ... гүйцэтгэлийг хангуулах ...” хэмээх агуулга нь үүрэг хүлээх субъект нь өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч тал болохыг тодорхойлсон. “илэрхийлж” хэмээх  үйл үг нь “гүйцэтгэлийг хангуулах” хэмээх  өгүүлэхүүн гишүүн болох үйл үгтэй холбогдож буй нэмэлт гишүүн бөгөөд нэг бүхэл ойлголт болохыг нь “-ж” дагавраар тодруулан хуульчилсан. Эх хэлний дүрмээр нэмэлт гишүүн нь үйл үгийг дэлгэрүүлэн тайлбарладаг. “гүйцэтгэлийг хангуулах” хэмээх үйл үг нь эх хэлний бусдаар үйлдүүлэх хэв бөгөөд агуулгын хувьд “гүйцэтгэл хангах” субъект нь өмчлөгч биш, үнэ төлөгч, худалдан авагч, зарлага гаргагч талыг заасан. өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч тал нь “гүйцэтгэлийг хангуулах” субъект өөрөөр хэлбэл өгүүлэгдэхүүн гишүүн болох хуулийн дагуу үүрэг хүлээлгэх тал байхаар хуульчилсан. илэрхийлэх ... , ... төлбөр тооцоо гүйцэтгэх ... , ... үнэ тогтоосон ... , ... төлбөр тооцоо гүйцэтгэсэн ....... зарлан сурталчилсан ...” хэмээх үйл үгнүүдээр хуулиар үүрэг хүлээсэн субъект болох өмчлөгч,  тогтоогч, худалдагч, орлого ологч талд хориглох үйлдлүүдийг нарийвчлан тоочин хуульчилсан. Тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж ... торгоно.” хэмээн өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого хүлээн авагч субъектэд оногдуулах хариуцлагыг тодорхойлсон. ”... орлогыг хурааж торгох ...” агуулгатай хуульчилсан нь хуулийн зохицуулалтыг мөн тодруулан заасан. Өмчлөгч биш, үнэ төлөгч, худалдан авагч, зарлага гаргагч болох нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулиар үүрэг хүлээлгэсэн этгээд биш болно. Эх хууль болох “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 хэсгээр Хуулийн зорилтыг “... илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх ...”, 4 дүгээр зүйлийн 4.1 хэсгээр "... илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх ...” хэрэглээг зааж, үүрэг хүлээх субъект болох өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч талд хориглох үйлдлүүдийг дэлгэрүүлэн хуульчилсан. Хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар тогтоохоор заасан.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 хэсэгтэй холбогдуулан авсан арга хэмжээ: 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гэрээ” нь хуульд нийцээгүй нөхцөл байдал 2022 оны намар хийсэн Дотоод хяналт, шалгалтаар илэрсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 33 дугаарт “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын тогтоох нь хэсгийн 2 заалтад “Харин хууль дагаж мөрдөгдсөнөөс хойш байгуулагдсан энэ төрлийн гэрээ, хэлцэл зөвхөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 .-4.2.-т зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.” хэмээн тайлбарласан дагуу Хүчин төгөлдөр бус тул өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч талд татгалзал хүргүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1 хэсэгт “хууль зөрчсөн ... хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар тодорхой заасан. Зөрчил гаргасан эсэхийг шалгах эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд шалгуулах, үр дагаврыг арилгуулах 2 асуудлаар 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хандсан боловч үр дагаврыг арилгах арга хэмжээг огт авалгүй 2,029,840 ам.долларын хохирол учирсан нөхцөл байдалд “П” ХХК орсон. “Гэрээ” байгуулсан тухайн үеийн гүйцэтгэх удирдлагыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 хэсэгт"... шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна.” хэмээн “нөхцөл байдал, шинж, хохирлын хэмжээ”-нд тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн байхаар заасан. Нөхцөл байдал ба шинжийн хувьд Зөрчлийн хуульд хариуцлага хүлээлгэх субъект биш атал хариуцагчийн зүгээс шийтгэл оногдуулсан. Хохирлын хувьд 2,029,840 ам.долларын хохирол учирсан нөхцөл байдалд нэхэмжлэгч тал орсон. Үр дагаврыг арилгах, албадлагын арга хэмжээг авах үүргээ хариуцагчийн зүгээс огт биелүүлээгүй. Мөн зүйлийн 2 хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил ...” хэмээн тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа биш болно. Зөрчил үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг залруулах, хуульд нийцүүлэх арга хэмжээ авч хариуцагчид хандсан атал хуулийг буруу ойлгон хэрэгжүүлж торгох шийтгэл оноосон төдийгүй зөрчлийн үр дагаврыг арилгах шударга ёсыг тогтоох арга хэмжээг огт аваагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10 дахь заалтын талаар тус заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйл, 4.1 дүгээр зүйлийн агуулгыг нэгтгэсэн дүгнэсэн. “илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах” субъект болох өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч тал, “зөрчил үйлдэж олсон орлого” гэж юу болох талаарх мөн зүйлийн тайлбар хэсэгт хуульчилсан агуулгыг нэгтгэн дүгнэж Зөрчил гаргагч нь “орлого” олсон худалдагч тал гэж шүүх дүгнэсэнтэй санал нэг байна.

“гүйцэтгэлийг хангах” тал гэж тухайн тохиолдолд ойлгогдох нэхэмжлэгч нь Зөрчлийн хуульд заасан субъект биш бөгөөд “зарлага” л гаргасан. Улмаар үр дагаврыг нь хариуцагч огт арилгаагүй тул 2,029,840 ам.долларын хохирол болж хувирч байна. хурааж ... торгох” замаар үр дагаврыг арилгах учиртай атал татгалзал  эс үйлдэхүйн шинжтэй шийдвэр, үйл ажиллагааг хариуцагчийн зүгээс явуулсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 хэсгийн талаар тус заалтуудад гагц Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдлээр л Зөрчлийг тодорхойлох талаар хуульчилсан. Зөрчлийн хариуцлага нь нөхцөл байдал, шинж, хохирлын хэмжээнд тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн байх агуулгатайгаа улмаар холбогдоно. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн талаар. Зөрчлийн шинжийг харгалзан шийтгэл оногдуулна хэмээн хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн зорилго, шударга ёсны зарчим, зөрчлийн бүрэлдэхүүний шинж, нөхцөл байдал, хохирлын хэмжээнд нийцээгүй шийтгэлийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан. “илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах” замаар орлого олоогүй, харин ч зарлага гаргасан, хохирол учирсан нэхэмжлэгч нь зөрчлийн хуульд заасан субъект биш. Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 12 дахь заалтын талаар шүүхийн шийдвэрт хянавал хэсэг байхгүй тул үндэслэх нь хэсгийн 12 дахь заалтын талаар гомдол гаргасан гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны  өдөр хариуцагчид хандан "... зөрчлийн шинжтэй үйлдлийг шуурхай хянан шалгаж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.” хэмээн 2 агуулгаар хүсэлт гаргасан. Хүсэлтэд дурдсан “учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ”-г авахгүй байхаар үл барам, хуулийг буруу хэрэгжүүлэн зөрчил гаргагч гэж үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцээгүй гэж шүүх дүгнэсэнтэй санал нэг байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 11 дэх заалтын талаар Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 хэсгийг нарийвчлан, дэлгэрүүлэн, тоочин заасан 1.1, 1.2 заалтуудыг алгасаж хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн зөрчил үүсгэх учир хуулийн зохицуулалт, зорилгодоо захирагдалгүй, үүрэг хүлээгээгүй субъектэд шийтгэл оногдуулах боломжгүй талаар шүүх дүгнэсэнтэй санал нэг байна. Хариуцагчийн хувьд нарийвчилсан заалтыг хуулиар үүрэг хүлээлгээгүй бусад субъект, хэнд ч хэрэглэж болно хэмээн Шүүх хуралдааны үед гаргасан логик эндүүрэл бүхий тайлбараа давтсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 хэсгийн талаар “төлбөр тооцоог гүйцэтгэх” гэх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байна гэж үзсэн гэж Хариуцагч андуу, ташаа ойлгосон. Шүүхийн шийдвэрт “илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулах” субъект биш атал хуулийн нарийвчилсан зохицуулалтыг нь алгасуулан хэрэглэж, үүрэг хүлээгээгүй этгээдэд хариуцагчийн зүгээс шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил болох талаар шүүх дүгнэсэн. Үр дагаврыг арилгах арга хэмжээ авахгүй, асуудлыг шийдвэрлэхгүй төдийгүй хууль буруу биелүүлэн шийтгэл оногдуулсныг шүүхийн зүгээс хууль хэрэглэн, залруулан шийдвэрлэсэнтэй санал нэг байна  хэмээн нэхэмжлэгчийн зүгээс тус тус үзэж байна. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулгын хүрээнд дээрх тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад Зөрчлийн тухай хуулийн зорилгын талаарх мэтгэлцээнд шүүхийн дараах шийдвэрийг иш татах үед хариуцагчийн зүгээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого, огт өөр тохиолдол гэх зэргээр дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/0156 дугаар тогтоолын хянавал хэсгийн 17-д “... нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй тул “... хэрвээ хуулийг нэг мөр биелүүлж тэгш шударга ханддаг бол ам.доллароор зээл олгосон хөрөнгө зээлдүүлж нэмж хүү авч байгаа иргэд төлбөр тооцоо хийсэн гэдгээрээ Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээх үндэслэлтэй ...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлтэй холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дүгнэлт гаргасан. “Өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч тал нь язгуур эрхээ хэтрүүлэн эдлэн гадаад валютаар үнийг илэрхийлж, гүйцэтгэлийг хангуулсандаа хариуцлага хүлээх нь зүйн хэрэг бөгөөд харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авахаар хэлцэл хийсэн, хуульд нийцээгүй тул татгалзсан нэхэмжлэгчийг шийтгэх нь хуулийн зорилгод нийцэхгүй юм.” хэмээн дүгнэн, хууль хэрэглээний талаар байр сууриа нэхэмжлэгчийн зүгээс илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрыг ажлаа хийгээгүй тул үр дагаврыг арилгах аргачлал, заавар, журам байгаагүй тул хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх агуулга илэрхийлсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаарт тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлс, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Хариуцагчийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлдэггүй, хуулийг буруу ойлгодог, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг ч мэддэггүй болох нь бодит байдалд илэрсэн. Иймд шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү” гэжээ.

4. “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн давж заалдах гомдолд 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:  “... Цаг хугацааны хувьд: 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль” анхлан батлагдсан. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Хууль тогтоомжийн тухай хууль” шинэчилсэн найруулгатайгаар батлагдсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.2 заалтуудаар хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан. “зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох;” "... зөрчлийг арилгаагүй бол зөрчлийг арилгах хүртэл хугацаанд ... төгрөгөөр торгох буюу үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;” “тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ... зөрчлөө арилгах талаар ... шаардлагыг хэрэгжүүлээгүй бол ... тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох.” , “Шүүх ... нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэнэ.” хэмээн шат дараалсан байдлаар хуульчилсан. Хариуцлага хүлээх субъект нь өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч, гүйцэтгэлийг хангуулагч тал нь “тухайн үйл ажиллагаанаас орлого ологч” хэмээн дүгнэх нэмэлт үндэслэл болохоор байна. “Зөрчлийг арилгуулж тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох” хэмээх хуулийн зохицуулалт хэрэгжиж байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс “улсын орлого болгох” агуулга нь шууд хасагдсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу үр дагавар, хохирол, хор уршгийг арилгасны дараа үлдэх хэсгийг улсын орлого болгох зохицуулалттай. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэл хугацаанд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн  6 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль   төдийгүй, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг маш олон хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйл хэрэгжиж эхэлсэн.

Анхны хуулийн “зөрчлийг арилгуулах шаардлага” хэмээх ойлголт нь хасагдаагүй харин ч дэлгэрэнгүй зохицуулалт болж “Зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар" хэлбэртэйгээр хэрэгжүүлэхээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нарийвчилсан агуулгатайгаар хэрэгжиж эхэлсэн.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “хуульд өөрчлөлт оруулах”, “хуулийн шинэчилсэн найруулга” хэмээх зарчмын хувьд өөр хуулийн төрлийг заасан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5.3, 24.9 заалтуудаар “Өөрчлөн найруулсан” хэмээх ойлголт нь "... өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохгүй байвал түүнийг өөрчлөн найруулна.” хэмээх агуулгаар, зарчмын шинжтэй өөрчлөлт хамаарахгүй болохыг тодорхойлжээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.4 заалтуудаар “Шинэчилсэн найруулга” хэмээх агуулга нь “хуулийн үзэл баримтлал, бүтэц, уялдаа, зохицуулалтын агуулгыг бүхэлд нь өөрчлөх” зэрэг зарчмын шинжтэй ихээхэн өөрчлөлт хамаарахыг тодорхойлжээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хариуцлага хүлээх субъектэд өмчлөгч биш, үнэ төлөгч, худалдан авагч, зарлага гаргагчийг нэмэн хамруулах, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ зэргийг хасах гэх зэргээр зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан бол “Шинэчилсэн найруулга” хэмээн тодорхойлогдох учиртай.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн агуулга, хүрээ, бүтэц, хүрээ, хариуцлагын тогтолцоо зэрэгт зарчмын шинжтэй зохицуулалтыг нэмж оруулаагүй өөрөөр хэлбэл “нэмэлт оруулах тухай”, “нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль биш “өөрчлөн найруулсан” хууль болно. “хурааж улсын орлого болгох” шууд заалтыг нь хасаж, зөрчлийн үр дагаврыг арилгах, хохирол, хор уршгийг арилгуулах арга хэмжээнд зарцуулах нь нэн тэргүүнд эрэмбэлэгдэхийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

Хувийн дүгнэлт: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн агуулгаас үүрэг хүлээсэн субъект нь өмчлөгч, үнэ тогтоогч, худалдагч, орлого ологч, гүйцэтгэлийг хангуулагч тал болно. Өмчлөгч биш, үнэ төлөгч, худалдан авагч, зарлага гаргагч, гүйцэтгэл хангагч тал нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль  болон Зөрчлийн тухай хуулийн дагуу үүрэг, хариуцлага хүлээх субъект биш болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “П” ХХК гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1. “П” ХХК-аас “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

2. Уг шийтгэлийн хуудсаар “... “П” ХХК-ийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулжээ.

3. Анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохдоо “... Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 болон тухайн хуульд заасан “Тайлбар”-аас үзвэл бүх төрлийн орлогыг олсон хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж үзэхээр байна. ... мөн хуулийн 11.30 дугаар зүйлийн агуулгыг мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн агуулгатай холбон авч үзвэл зөрчил гаргагч нь орлого олсон худалдагч тал гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хуулийг буруу тайлбарлажээ.

4. Зөрчлийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Албадлагын арга хэмжээний талаар зохицуулсан бөгөөд “зөрчил” болон “зөрчил үйлдсэн этгээд”-ийг тодорхойлоход тухайн бүлгийн зүйл, заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй. Учир нь албадлагын арга хэмжээг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулсныхаа дараа шаардлагатай бол авдаг арга хэмжээ юм.

5. Харин Зөрчлийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт Зөрчлийн шинжийн талаар зохицуулсан ба 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаар орлого олсон эсэхээс үл хамаарч хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж, уг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан этгээдийг зөрчил гаргагч гэж үзэхээр байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-д “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд: 1.1. бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэж заасан.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “П” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн “Ө”-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд  “1 м.кв-ын үнэ 4000 ам.доллар, нийт үнэ 2.029.840,00 ам.доллар” гэж илэрхийлж, “Ө” болон “Х” ХХК-ийн дансанд тухайн хөрөнгийн төлбөрийг шилжүүлэхдээ ам.доллароор шилжүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад заасан зөрчилд тооцох үйлдэл буюу бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байна.

8. Иймд шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан анхан шатны шүүх зөвхөн орлого олсон тохиолдолд зөрчил гаргагч гэж үзэхээр тайлбарласан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасанд нийцээгүй талаарх гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9. Уг шийтгэлийн хуудсаар зөвхөн худалдах худалдан авах гэрээнд “үнийг илэрхийлэхдээ болон төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгээгүй” зөрчилд шийтгэл ногдуулсан байх бөгөөд гэрээний агуулга буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, үл хөдлөх эд хөрөнгө олж авах хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлын талаар шийдвэрлээгүй тул Үндсэн хуульд заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчсөн эсэхтэй холбоотой гомдол, тайлбарууд нь маргааны зүйлд хамааралгүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014028 дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч “Т”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л”-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан “П” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

                    ШҮҮГЧ                                        Н.ДОЛГОРСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ