Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00919

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 287 дугаар магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01044 дугаартай шүүгчийн захирамжаар Сэнсордачик ХХК-аас 95.000.000 төгрөг гаргуулан Тал нутгийн эрдэнэс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар иргэн Б.А- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075496 дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж 82 дугаар байр, 31 тоот хаягт байрлах 48.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хаалга дээр мэдэгдэл наах, битүүмжлэх, байраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсаар байна. Би төлбөр төлөх үүрэгтэй этгээд биш, шүүхийн хүчин төгөлдөр захирамж, шийдвэр, магадлал, тогтоол байхгүй байхад иргэн миний өмчийг хууль бусаар хураан авах гэж байна. Би 2 өрөө орон сууцыг 2015 онд худалдан авч анхны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар надад мэдэгдэлгүйгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнд гомдолтой. Мөн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300/808 дугаартай тогтоолоор миний өмчлөлийн орон сууцыг, 18300808/01 дугаартай тогтоолоор 4 тоот авто зогсоолыг битүүмжилсэн зөвшөөрөхгүй байгаа тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.           

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01044 дүгээр захирамжаар Сэнсордачик ХХК-аас 95.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 632.950 төгрөгийг гаргуулан Тал нутгийн эрдэнэс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Сэнсордачик ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч Сэнсордачик ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Б.А-ын нэр дээр Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Цайз /13292/ Б.Доржийн гудамж, 82 дугаар байр 31 тоотод байрлах 2 өрөө орон сууц, автомашины зогсоол бүртгэлтэй талаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хариу ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасныг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу хөрөнгө битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч Б.А- нь шүүхийн шийдвэр компанийн нэр дээр гарсан гэх шалтгаанаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 18300808, 183000808/01 тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунчулуунд олгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 287 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1852/ШШ2018/02421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 287 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01044 дүгээр захирамжаар “Сэнсордачик” ХХК-иас 95.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 632.950 төгрөгийг гаргуулан “Тал нутгийн эрдэнэс” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасныг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу хөрөнгө битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 1852/ШШ2018/02421 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 287 дугаар магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч Б.А-ын “...эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, маргажээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01044 дүгээр захирамжаар хариуцагч Сэнсордачик ХХК нь Тал нутгийн эрдэнэс ХХК-д 95.000.000 төгрөг төлөхөөр тохирч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар эд хөрөнгө, үнэт цаас, тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж, арилжааны банкуудаас дансны лавлагааг гаргуулжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18300808, 183000808/01 дугаар тогтоолоор Сэнсордачик ХХК-ийн  хувьцаа эзэмшигч Б.А-ын өмчлөлийн Баянзүрх  дүүргийн 5 дүгээр хороонд байрлах 82 дугаар байрны 31 тоотын 48.26 м.кв талбай бүхий байр, тус байрны зоорийн 4 тоот авто зогсоолыг  тус тус битүүмжилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  талууд”  гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь “Сэнсордачик” ХХК байна.

Мөн хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч-хуулийн этгээд “Сэнсордачик” ХХК-с төлбөр гаргуулах ажиллагааг зарим байгууллагаас  лавлагаа авснаар хязгаарласан ба хуульд заасан ажиллагааг бүрэн  гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг   хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль  тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан, хариуцагч  уг заалтыг үндэслэн  төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Б.А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн талаар тайлбар гаргажээ.

Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3.-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээдийн төлбөрт битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-т “төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн орон сууц, зогсоолыг  битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан, шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь учир дутагдалтай болжээ.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 287 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/02421 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “...Ч.Оюунчулуунд” гэснийг “...Б.А-од” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ