Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                     С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

                    

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа оролцож,  Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор “ХАС” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Банкны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 32.155.118.74 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Хариуцагч Ц.Болормаа нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай банктай 1100007135 тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай 30 хоногт 1.6 хувийн хүүтэй холимон зориулалтаар, мөн 2013 оны 08 дугаарын сарын 14-ний өдөр 1100012428 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 70.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.7 хувийн хүүтэй холимог зориулалтаар авч хамтран үүрэг гүйцэтгэгчээр хамтран амьдрагч С.Отгонбаатар дээрх гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зах зээлийн болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байдлаас шалтгаалан зээлдэгч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурсантай холбоотойгоор зээлээ төлөхөд хүндрэл учирсан тул зээлдэгч нарын хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1100007135, 11000012428 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд тус тус өөрчлөлт оруулж уг 2 зээлийн үлдэгдлийг нэгтгэн зээлийн хугацааг 33 сараар сунгаж үлдэгдэл 31.260.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 1 сард 1.8 хувийн хүүтэй 1100020806 тоот “Зээлийн гэрээ”   байгуулан өөрчилсөн. Зээлийн барьцаанд Ц.Болормаагийн өмчлөлийн Сэлэнгэ

2.

 

аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах       ГД-000120806, Ү-1301000632 дугаартай 183.6м2 талбайтай, 2010 онд ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай барилга, ГД-0306131 дугаартай 20 жил эзэмших эрхтэй газрын хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй 2 дугаар байрны 07 тоот ГД-000189134, Ү-1301000441 дугаартай 25м2  2 өрөө  орон сууцыг тус тус тавьсан. Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй 170 хоногийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Барьцаат зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү 52.510 төгрөг нийт 32.155.118.74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ц.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …Үндсэн зээлэн дээр нэмэгдүүлсэн хүү бодож барьцаа хөрөнгийг маань зарж төлөх гэж байгаа нь миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Цувуулж төлнө гэж байгаа учраас энэ журмаар шийдэж өгнө үү ...” гэжээ. 

 

Хариуцагч С.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Одоо надад байгаа өмч бол 2 дугаар байрны 07 тоот байна үүнийг л чөлөөлж өгөөч гэж хүсмээр байна. Энэ байранд би охинтойгоо амьдарч байгаа. Энэ 200 гаран сая төгрөгийг төлсөн одоо энэ байрыг маань чөлөөлж өгөөд иргэн Ц.Болормаагийн саналыг хүлээж аваад сарын 500.000 төгрөгөөр төлөлт хийх нөхцлийг хангаж өгнө үү гэж хүсмээр байна...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 305 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар Зохигчид хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1100012428 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 1100012428-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус татгалзсанд тооцон цуцалж,

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Ц.Болормаа, С.Отгонбаатар нараас нийт 32.155.118.74 төгрөгийг гаргуулан “ХАС” банканд /Сэлэнгэ салбарт/ олгож,

-Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т  зааснаар Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1100012428 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 1100012428-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтөнд заагдсан Ц.Болормаагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий газрын эрхийн хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 өрөө орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангаж,

-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 1100012428 дугаартай “Барьцаат

3.

 

зээлийн гэрээ”, 1100012428-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтөнд заагдсан Ц.Болормаагийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий газрын эрхийн хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 өрөө орон сууцны зориулалттай байр зэргийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 318.726 төгрөгийг орон  нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 318.726 төгрөг гаргуулан “ХАС” банканд /Сэлэнгэ салбарт/ олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...1. Шүүгч 2016.02.26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус татгалзаж цуцалсан нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 1-д заасан …заалтыг зөрчсөн.

2. Иргэний хуулийн 208.4-д зааснаар гэрээний хугацаа дуусах өдөр 2019.02.25-ны өдөр.

3. Мөн хуулийн 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл Хас банкны барьцаалсан хөрөнгө банкны өөрийнх нь үнэлгээгээр 87сая 400.000 төгрөг, хөрөнгө хасагдаагүй сар бүрийн эргэн төлөлт зогсохгүй сар бүрийн 500-800.000 төгрөг төлөх боломжтойгоо мэдэгдсэн.

4. Иргэний хуулийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан. Гэтэл иргэн Болормаа намайг гэм хор учруулаагүй байхад хувийн хуулийн этгээдэд үйлчилж иргэн надаа “гэм хор учруулсан” шийдвэр гаргасан. Үүнд: Үндсэн зээл 120сая төгрөгийг төлсөн. Нийт зээлийн 50 хувиас илүү буюу 66 сая төгрөгийг хүүнд буюу нэмэгдүүлсэн хүү алдангид төлсөн байхад шүүгч нэг талд үйлчилж миний барьцаа хөрөнгүүдийг зарах, шилжүүлэх, шийдвэр гаргаж нэг талд үйлчилсэн. Иргэний хуулийн 225.6-д Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно гэж хуулиар олгогдсон миний эрхийг зөрчиж нэг талд үйлчилсэн.

5. Баталгаат ипотекийн гэрээний хугацаа 2016.08.13-ны өдрөөр дууссан цаашид сунгаагүй тул хүчингүй. Шинээр хийгдээгүй. Иймд иргэн Болормаа дээр ч иргэн С.Отгонбаатар дээр ч цуцлагдах шилжүүлэгдэх барьцаа, гэрээ байхгүй! Учир нь үндсэн зээл, үндсэн хүү төлөгдсөнөөр барьцаа хөрөнгө “суллагдсан” зөвхөн ялимгүй нэмэгдүүлсэн хүүн дээр л гэрээ хийгдсэн гэж үүрэг гүйцэтгэгч Ц.Болормаа би үзэж байгаа. Гэтэл шүүгч “байхгүй Баталгаат ипотекийн гэрээ” гэгчийг цуцалж иргэд бидний өмчийг хууль зөрчин нэг талд шилжүүлэх шийдвэр гаргаж иргэд бидний эрхэнд халдсан.

 

4.

 

6. Иргэн С.Отгонбаатар нь “нэмэлт гэрээнд оролцоогүй” барьцаа гаргаагүй! Иймд нэмэлт сунгасан гэрээг шүүгч шийдвэрлэж байгаа бол иргэн С.Отгонбаатар дээр төлбөр гарах, хөрөнгийг шилжүүлэх эрхгүй байхад С.Отгонбаатарын эрхэнд халдсан. Зөвхөн Ц.Болормаа дээр л асуудал шийдвэрлэгдэх маргаан үүсэх ёстой байхад С.Отгонбаатарын эрхэнд халдсан.

7. Иргэний хуулийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж заасан. Гэтэл “үүргийн гүйцэтгэлийг хангах” хугацаа “сунгалт хэлбэрээр” хийгдсэн гэрээнд үүсэх болоогүй байхад нэг талд үйлчилж өмчид минь халдсан.

8. Шүүгчийн шийдвэрлэх үндэслэл болгосон 453-р зүйлийн 2 дахь заалтад энэ заалт зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тусгайлан заасан байхад “үл хөдлөх” хөрөнгөд ашиглаж шийдвэрлэсэн.

9. а) Үндсэн хуулийн язгуур эрх ашиг нь ард түмэн иргэд

    б) хувийн хуулийн этгээд, хувь иргэд шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж зааж өгсөн. Гэтэл шүүгч, шүүх Үндсэн хууль, Иргэний хуулийн дээр гарч үйлдэгдсэн “Банкны зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт” гэх мэт актуудад үйлчилж, төрийн нэрийн өмнөөс, төрийн нэр барин нэг талд үйлчилж, ард иргэдийг хуулиас давсан хүүгээр, нэмж дээрээс нь нэг талд үйлчилж орон гэр лүү нь, өмч хөрөнгө рүү нь халдаж хувийн хуулийн этгээдийн эрх ашгийн төлөө үйлчилж, шүүхийг бизнесийн байгууллага болгон ашиглаж байна. Учир нь банк буюу хувийн хуулийн этгээд зээлүүлсэн мөнгөө авсан ашиг болох үндсэн хүүгээ авсан. Ахиад нэмж яагаад зээлсэн хөрөнгүүдийг нь шилжүүлж авах ёстой юм бэ? Энэ чинь тэгш “эрх үү” иргэд бидэнд эрх байна уу? Иргэддээ үйлчилдэг шүүх байна уу? иймд гомдлын шаардлага дээрх шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож иргэд бидний хохирсон эрхийг сэргээж өгнө үү…” гэжээ.

Үндэслэх нь:

   

 Нэхэмжлэгч “ХАС” банк нь  талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 32.155.11874 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Болормаа, С.Отгонбаатар нарт холбогдуулан гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

ХАС банкны Сэлэнгэ салбар нь  хариуцагч Ц.Болормаа, С.Отгонбаатар нартай 2011 оны 06 сарын 13-ны өдөр  50.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 60 сарын хугацаатай  байгуулж,  зээлийн  барьцаанд хариуцагч нарын өмчлөлийн орон сууц, газар эзэмших эрх зэргийг барьцаалж улмаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд  зээлдэгч нар нь зээлийн үндсэн болон нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан гарсан  байна.

Ийнхүү зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

Тус хэргийн хариуцагч Ц.Болормаа, С.Отгонбаатар нар нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг  ХАС банк зээлийг гэрээний хугацаанаас өмнө цуцласан, зээлийн гэрээний хугацаанд нийт 120.000.000 төгрөг буюу зээлийн 50 хувиас илүүг төлсөөр байхад шүүх зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж иргэнийг хохироосон,  Баталгаат ипотекийн гэрээг сунгаагүй байхад  шүүх тухайн гэрээг цуцлаж, улмаар дуусгавар болсон Ипотекийн гэрээний дагуу  гэж С.Отгонбаатарын хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл:  Хариуцагч Ц.Болормаа нь 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХАС банкны Сэлэнгэ салбартай 1100007135 тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай 30 хоногт 1.6 хувийн хүүтэй холимог зориулалтаар,  2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1100012428 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 70.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.7 хувийн хүүтэй  зээлийг холимог зориулалтаар авчээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг хүлээх нь  хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг бөгөөд тус хэргийн хариуцагч  С.Отгонбаатар нь Ц.Болормаагийн хамт  2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1100007135 тоот,  2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 тоот  зээлийн гэрээг ХАС банктай байгуулснаар тухайн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна. 

Мөн зээлдэгч С.Отгонбаатар, Ц.Болормаа нар нь  зээлийн гэрээний үүрэг буюу банкны шаардлагыг хангах баталгаа болгож,  Ц.Болормаагийн  өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 орон сууцны зориулалттай барилга,  0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий газрын эрхийн хамт тус тус барьцаалуулжээ.

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч нарын хүсэлтээр урьд байгуулсан 1100007135, 11000012428 тоот Барьцаат зээлийн гэрээ-нд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж дээрх гэрээнийхээ  үлдэгдлийг нэгтгэн зээлийн гэрээний хугацааг 33 сараар сунгаж, үлдэгдэл 24.595.000 төгрөгийг 1 сард 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Барьцаат зээлийн 1100020806 тоот гэрээ байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Отгонбаатар тус тус гарын үсэг зурснаар  зээлдэгч нарын хүсэлтээр 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Баталгаат зээлийн  гэрээний  хугацаа сунгагдсан байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т  барьцааны эрх дуусгавар болох  үндэслэлүүдийг заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан үндсэн гэрээ буюу Барьцаат  зээлийн гэрээний үүрэг  дуусгавар болоогүй,  өөрөөр хэлбэл   барьцаагаар хангагдах шаардлага нь дуусгавар болоогүй тул зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 08 сарын 14-ны өдрийн 1100012428-01 тоот Ипотекийн  гэрээ нь үндсэн гэрээний хамт сунгагдсан байх тул хариуцагч нарын ипотекийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т  хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр  гэрээнээс татгалзах, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал гэрээг цуцлаж болохоор заасан.

Тус хэргийн хариуцагч С.Отгонбаатар, Ц.Болормаа нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээл төлөх боломжийг нь олгох үүднээс нэхэмжлэгч ХАС банк зээлдэгч нарын хүсэлтээр  зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж,  зээл төлөх хугацааг сунгасан боловч зээлдэгч нар нь 2016 оны 12 сараас хойш зээлийн төлөлтөө төлөхгүй үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэдэг. 

Зохигч талуудын хооронд байгуулсан 2013 оны 08 сарын 14-ний өдөр 1100012428-01 тоот Ипотекийн  гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч  нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн  зөрчсөн тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн  шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд  энэхүү шаардлагыг  гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг  мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу албадан  худалдаж болохоор заасан тул  үүрэг гүйцэтгүүлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Болормаа нь зээлийн гэрээний дагуу үүргийн 50-иас илүү хувийг гүйцэтгэсэн тул зарим барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохих төлбөр хийсэн тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлөх  талаар талууд тохиролцоогүй  тул  шүүх тухайн үндэслэлээр  барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн  хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай  хуулийн  22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан ба хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн татгалзах үндэслэл, тайлбар  түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч ХАС банк нь хариуцагч С.Отгонбаатар, Ц.Болормаа нартай  2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан  1100012428, 1100007135 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн  эргэн төлөлтийн хуваарийн дагуу  зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний зохих заалтыг зөрчсөн  гэсэн үндэслэлээр зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж,  үндсэн зээл 29.202.896.74 төгрөг, зээлийн хүү 2.899.712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.510 төгрөг нийт 32.155.11874 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  шаардлагууд  хууль зүйн  үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч,  зохигчдын хооронд банкны зээлийн гэрээнээс  үүссэн маргааныг зөв шийдвэрлэсэн  байх тул хариуцагч нарын  давж заалдах гомдлыг  хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 Харин  анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул  давж заалдах шатны шүүхээс  шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 25-ны  өдрийн 305 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.1, 221.3-т зааснаар Зохигчид хооронд байгуулагдсан  2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт бүхий зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318.726 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН