Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 339

 

Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  шүүхийн хурлын  танхимд хаалттай  хийсэн  иргэний хэргийн шүүх хуралдаанаар Я.Тогосчүлтэмийн нэхэмжлэлтэй, Б.Гэрэлсүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” -ыг хүссэн иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд хотод 1978 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, тракторын засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 8 дугаар байр /дан байр/, 2  тоотод оршин суух, Сүхбаатар ДЕПО-д түлш түгээгч  ажилтай    

                              Боржигон  овгийн Ядамсүрэнгийн Тогосчүлтэм    

                              регистрийн дугаар: МЮ- 78083011

 

             Хариуцагч: Ховд аймгийн Ховд суманд 1980 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 89 дүгээр байрны 67 тоотод оршин суух, одоогоор эрхэлсэн  ажилгүй     

                             Боржигон  овгийн Бямбацэрэнгийн Гэрэлсүрэн  

                             регистрийн дугаар:ПЮ- 80110604

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Доржпүрэв

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  С.Энхтайван оролцов.

                                                                           

                                           Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч:  Я.Тогосчүлтэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ..Миний бие Б.Гэрэлсүрэнтэй 2001 онд гэр бүл болж, 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулж бүртгүүлсэн. Бид гэр бүл болж  хүү Т.Дөлмөнх 2001 оны 06 дугаар сарын 7-ны өдөр төрсөн. Одоо 16 настай.  Миний аав Ядамсүрэн нь Төмөр замын байгууллагад 1986 онд ажилд ороод Сүхбаатар зангилааны татах хэсгийн депод 11 жил тасралтгүй ажиллаж байгаад 1998 онд нас барсан юм. Би аавынхаа ажлыг залгамжлан 1999 онд Төмөр замын байгууллагад түлшний ачигчаар ажилд орсон билээ. Намайг ажилд ороход Төмөр замын байгууллагаас аавд минь хувьчилж өгнө гэж байсан орон сууцыг хүү Я.Тогосчүлтэм надад өвлүүлэн хувьчилж Чойбалсан  гудамжны 8 дугаар байрны 28 мкв 2 өрөө орон сууцыг өгсөн юм. Энэ орон сууцандаа одоо би хүү Т.Дөлмөнхтэйгөө хамт амьдарч байна.

             Эхнэр Б.Гэрэлсүрэн нь 2016 оны 9 сарын эхээр надаас сална хамт амьдрахгүй би өөр хүнтэй сууж байгаа гэхдээ та 2-ыг харьцуулж байж амьдралаа шийднэ гэж хэлж яваад одоог хүртэл ирээгүй байна. Б.Гэрэлсүрэн нь урьд өмнө нь  олон удаа олон сараар гэрээсээ ажил хийнэ гээд явдаг байсан бөгөөд тэр үедээ надаас өөр хүнтэй явж байсан байдаг.

 

            Тухайлбал 2012 оны 5 сард яваад 2012 оны 12 сард ирсэн. 2014 оны 6 сард яваад 2014 оны 12 сард ирсэн. 2015 оны 2 сард яваад 2015 оны 7 сард ирсэн. Удалгүй дахиж яваад 2015 оны 12 сард ирээд 4 хоноод л буцаад явсан. 2016 оны 2 дугаар сард дуудуулж байж ирсэн. Удалгүй буцаад явсан. 2016 оны 4 дүгээр сард хүүгийн гар нь гэмтэж хугарсан. Хүүгийн гар нь хугарсан эмчлүүлж байна ирээч гэж дуудуулахад Гэрэлсүрэн  ирээгүй 2016 оны 4 сард ирээд сална гээд явсан. Тэгээд 2016 оны 8 сарын сүүлээр ирээд 9 сарын эхээр сална гэж яваад тэр үеээс хойш гэртээ ирээгүй байна. Гэрэлсүрэн намайг олон удаа гомдоож байсан. Миний зүрх өвддөг, даралт багатай, байнга толгой өвддөг, заримдаа ухаан алдаж унадаг, нүдний эмчийн хяналтанд байдаг. 2015 онд миний бие өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад Гэрэлсүрэн нэг ч удаа биеийг минь асуугаагүй бөгөөд иргэж ирээгүй.

             Үүнд би маш их гомдсон Гэрэлсүрэн нь гэрээсээ хол явахдаа утсаа унтраадаг эсвэл дугаар нь гарахгүй утсаар ярьдаг эсвэл өөр хүний дугаартай утаснаас ярьдаг. Би өөр хүний утсаар ярьсан дугаар нь луу нь залгахаар хүмүүстэй хамт байгаа нь мэдэгддэг. Заримдаа гэртээ ирээд хэдхэн хоноод шөнө орой өөр хүнээс утсанд нь мессеж ирдэг бөгөөд тэр хүнээ хэлдэггүй.  Асуухаар чамд хамаагүй гэж уурладаг юм. Би Гэрэлсүрэнг олон сараар гэрээсээ явахад нь  араас нь зардлын мөнгө явуулж дуудаж ирүүлдэг байсан билээ.

               Би хөдөлмөрийнхөө хөлсөөр олсон цалин мөнгөнөөсөө Гэрэлсүрэнд олон удаа өгч байсан. Гэрэлсүрэн нь намайг ажилтай бах үед гэртээ бусад залуучууд авчирч архи ууж согтуугаар миний ажил дээр ирээд ажлын баримт бичгийг урж хаяж агсраад байхаар нь би ээжийгээ дуудсан юм. Миний ээжийг ирэхэд Гэрэлсүрэн  элдэв янзаар доромжилж зодсон. Энэ бүгдийг манай ажлын хүмүүс гэрчилнэ. Урьд өмнө нь намайг ч бас согтуудаа зодож байсан юм. Энэ мэт зүй бус үйлдлүүдийг би тэвчээд л өнгөрөөдөг байсан. Өөр бусад зүйлүүдийг би хэлж бичиж болох боловч бичсэнгүй үлдээж байна. Би Гэрэлсүрэнг өөр хүнтэй гэр бүл болж одоо хамт амьдарч байгааг мэдсэн юм. Миний хувьд биеийн эрүүл мэнд муудаж сэтгэл санаагаар унаж цаашид ийм байдалтай амьдарч чадахгүй болж байна. Тэвчээр минь барагдаад гомдоод арга буюу шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгч гэр бүлээ цуцлуулахаар хандсан юм. Гэтэл Гэрэлсүрэн нь эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан урилгад ирэхгүй байсан тул миний өргөдлийг буцаасан. Иймд энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Гэрэлсүрэн бид 2-ын гэр бүлийн баталгааг салгаж гэрлэлтийг цуцалж өгнө үү! гэжээ. 

 

            Нэхэмжлэгч: Я.Тогосчүлтэм  шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа:

            … Би Б.Гэрэлсүрэнтэй 2001 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2003 оны 04 дүгээр сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан. 2001 оны 06 дугаар сарын 07-нд бидний дундаас хүү Т.Дөлмөнх төрсөн. Бидний салах болсон шалтгаан нь хариуцагч Б.Гэрэлсүрэн өөр гэр бүлтэй болсон ба хүүхэд төрүүлсэн. Бид хоёр 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Би одоо хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!. Гэрлэлт цуцлах болсонтой холбоотойгоор хүүгээ хэн нь авах, тэтгэвэр төлөх эсэх, эд хөрөнгийн талаар маргалдах эсэх талаар харилцан тохиролцож гэрээ багуулсан байгаа. Энэ талаараа шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсч байна... гэв.  

 

                Хариуцагч:  Б.Гэрэлсүрэн шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа:

            … Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Бид 2001 онд гэрлэсэн, яг хэзээ гэрлэлтээ батлуулсанаа сайн санахгүй байна. Хүүхдийн асрамж бусад зүйлийг нэхэмжлэгч талтай ярилцаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Би хүүгээ өөрийнхөө асрамжинд үлдээнэ. Эцэг нь сар бүр тэтгэвэр төлнө гэсэн байгаа.  Хүү бид хоёр Тогосчүлтэмтэй байр орон сууцны талаар маргаан гаргахгүй. Миний хувьд яг одоогоор шинэ амьдрал зохиосон зүйл байхгүй байгаа. Одоо хотод амьдарч байгаа.

 

 

             Хүүгээ хичээл сургууль нь тарахаар авахаар тохиролцсон. Хүү маань ч гэсэн надтай хамт байна гэсэн юм... гэв.

 

             Шүүх хуралдааны өмнө зохигчид насанд хүрээгүй хүү Т.Дөлмөнхийг хэний асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах эсэх, эд хөрөнгийн талаар маргах эсэх  талаар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулсан  байна. Үүнд:

      ...Миний бие Ядамсүрэн овогтой Тогосчүлтэм нь Бямбацэрэн овогтой Гэрэлсүрэнтэй харилцан тохиролцсон. Хүү Дөлмөнхдөө 18 нас хүртэл нь сар болгон 160.000 төгрөгийг өөрийнх  нь нэр дээр банканд хадгаламж нээлгэж сар бүрийн 22-нд хийж байна.

         Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Дөлмөнхийг 2017 оны 05 дугаар сарын 30-наас ээж Гэрэлсүрэнгийн асрамжинд насанд хүртэл нь үлдээхэд татгалзахгүй. Гэрэлсүрэн нь хүү болон өөртөө бидний хамт амьдарч байсан Сэлэнгэ аймаг Төмөр замын 7 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах Чой 8 дугаар байрны №2 тоотын 2 өрөө байрыг Гэрэлсүрэн болон хүү Дөлмөнх нь хуваалцахгүй болно. Харилцан тохиролцож шийдсэн учраас шүүхийн шийдвэрт дээрх байдлаар тусгаж өгнө өгнө үү!.

         Нэхэмжлэгч      /гарын үсэг/          Я.Тогосчүлтэм 

         Хариуцагч         /гарын үсэг/           Б.Гэрэлсүрэн... гэжээ.  

 

 

                    Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж     

                                                              Үндэслэх нь:

 

          Нэхэмжлэгч Я.Тогосчүлтэм  нь  хариуцагч Б.Гэрэлсүрэнд холбогдуулан  “гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.   

           Зохигчид нь 2000 онд танилцан улмаар 2003 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2001 оны 06 дугаар сарын 07-нд хүү Т.Дөлмөнх төрсөн  болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон  хэрэгт  авагдсан Я.Тогосчүлтэм, Б.Гэрэлсүрэн  нарын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ  аймаг, Сүхбаатар  сумын  Улсын бүртгэлийн хэлтсээс  2003 оны 04 дүгээр сарын 21-ний  өдөр Иргэний гэрлэсний бүртгэлийн 43 дугаарт бүртгэж, Бүртгэлийн дугаар 43” гэж олгосон “Гэрлэлтийг баталгаа”-ны хуулбар, мөн Сэлэнгэ  аймаг, Сүхбаатар  сумын  Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн газраас хүү Т.Дөлмөнхийг ИГБББ-ийн төрсний бүртгэлд “Боржигон овгийн Тогосчүлтэмийн Дөлмөнх, 2001 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн” гэж олгогдсон Г-224, № 0153278 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг   баримтуудаар нотлогдож байна.

           Нэхэмжлэгч Я.Тогосчүлтэм нь  шүүхэд “гэрлэлт цуцлуулах” тухай  нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Гэрэлсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын  эд хөрөнгийг хуваах тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар нэхэмжлэгч Я.Тогосчүлтэм нь хүү Дөлмөнхөд “18 нас хүртэл нь сар болгон 160.000 төгрөгийг өөрийнх  нь нэр дээр банканд хадгаламж нээлгэж сар бүрийн 22-нд хийж байх, Дөлмөнхийг 2017 оны 05 дугаар сарын 30-наас эх Б.Гэрэлсүрэнгийн асрамжинд насанд хүртэл нь үлдээх, Б.Гэрэлсүрэн, хүү Т.Дөлмөнх нар нь  Сэлэнгэ аймаг,  Ган замын  7 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах Чойбалсан гудамжны  8 дугаар байрны №2 тоотын 2 өрөө байрыг Я.Тогосчүлтэмийн эзэмшилд үлдээж, энэ талаар эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцож, бичгээр тайлбар гарган хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулж, энэ тохиролцооны талаарх шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүссэн байна.   

 

 

 

            Иймд Гэр бүлийн хуулинд зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Т.Дөлмөнхийг зохигчдын тохиролцсон байдал болон хүү Т.Дөлмөнхийн “ Одоо би 11 дүгээр ангиа төгсөхөд хичээлийн цөөхөн хоног үлдсэн тул аавтайгаа амьдарч байгаад сургуулиа төгсөөд ээжтэйгээ цаашид цуг амьдармаар байна...” гэх саналыг харгалзан үзэж насанд хүртэл эх Б.Гэрэлсүрэнгийн асрамжинд үлдээж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын  7 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах Чойбалсан гудамжны  8 дугаар байрны № 2 тоотын 2 өрөө байрыг Я.Тогосчүлтэмийн эзэмшилд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Чүлтэмсүрэнгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.      

             Монгол Улсын  Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар  ...“Эцэг  эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр  хүүхдээ  асран  хамгаалах,  тэжээн  тэтгэх, эрүүл   чийрэг  бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэхийг тус тус дурдах нь зүйтэй

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1,  132 дугаар  зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:  

1.  Гэр  бүлийн  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1-д зааснаар ажилтай  Боржигон  овгийн Ядамсүрэнгийн Тогосчүлтэм, Боржигон овгийн Бямбацэрэнгийн Гэрэлсүрэн нарын гэрлэлтийг цуцласугай.

2.  Гэр бүлийн  тухай  хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5-д  зааснаар 2001 оны 06-р сарын 07-нд төрсөн хүү Т.Дөлмөнхийг насанд хүртэл эх Б.Гэрэлсүрэнгийн  асрамжинд үлдээхээр, эцэг Я.Тогосчүлтэм нь сар бүр 160.000 төгрөгийг хүү Т.Дөлмөнхийн хадгаламжинд байршуулж байхаар, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын  7 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах Чойбалсан гудамжны  8 дугаар байрны №2 тоотын 2 өрөө байрыг Я.Тогосчүлтэмийн эзэмшилд үлдээхээр  тус тус тохиролцсон болохыг дурдсугай.

3. Зохигчдын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй гэснийг  дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн ирж  шүүхийн  шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ