Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2017/00026/И |
Дугаар | 307 |
Огноо | 2017-06-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 307
2017 оны 06 сарын 07-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00307 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Цэцэрлэг сумын, Чулуут багт оршин суух, Боржигон овогт Сэдбазарын Отгонсайхан /РД:АН63052006/-ы хүсэлттэй
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч С.Отгонсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хийгдсэнээс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Гэвч хөдөлмөрийн дэвтэр одоо засвартай болчихоод байгаа. Гэрчийн мэдүүлэг өгсөн С.Батсайхан, Б.Хүрэлчулуун нарыг би танихгүй. Харин сүүлд мэдүүлэг өгсөн Г.Дулам, Ш.Төмөрбаатар, Н.Чулуунбаатар нар бол надтай яах аргагүй байнга хамт ажиллаж байсан хүмүүс юм. 1980 онд сургуульд төгсөөд 10 дугаар сараас нь нэгдэлд ажилласан.
Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Отгонсайхан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
С.Отгонсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хүсэлтээ гаргасныг тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба Архангай аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Отгонсайхан нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- С.Отгонсайхан нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн хувьчлалд хамрагдсан талаарх тус нэгдлийн 1993 оны их хувьчлалын баталгаажилтын эхлэл, бичвэр, төгсгөлд Чөлөөт амьдрал нэгдлийн болон Архангай аймгийн АХГЗ-ны өмч хувьчлалын зохих тамгууд дарагдсан материал,
2. С.Отгонсайханы 1981 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн:
- 1981 оны 01-12, 1982 оны 01-09 дүгээр саруудад гишүүний татвар төлсөн бичилт бүхий зохих тамга дарагдсан 220923 дугаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн хувьчлалд хамрагдсан талаарх тус нэгдлийн 1993 оны их хувьчлалын баталгаажилтын материалд шүүхийн зүгээс үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан материал,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:
Гэрч Г.Дуламын ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадад 1971 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд төлчин, саальчнаар ажилласан. С.Отгонсайхан 1980 онд манай суманд илгээлтээр ирсэн. Тэгээд С.Отгонсайхан нь Чөлөөт амьдрал нэгдэлд 1992 оныг хүртэл ажилласан. С.Отгонсайхан бид хоёр Чулуунбаатар гэдэг хүний суурьт хамт ажилладаг байсан. С.Отгонсайхан бид хоёр нэг суурьт ажиллаж байгаад нэгдэл тарахад хувьчлалаар мал авч байсан. С.Отгонсайханых 4 хүүхэдтэй байсан болохоор 1992 онд хувьчлалаар цөөн тооны мал авсан. Манайх 9 хүүхэдтэй байсан болохоор С.Отгонсайханаас арай олон тооны мал авсан. С.Отгонсайхан нь Чөлөөт амьдрал нэгдэлд 1980-1992 оныг хүртэлх хугацаанд төлчин, малчнаар тасралтгүй ажиллаж байсан үнэн ... гэх мэдүүлэг,
уг гэрчийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлчин саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шийдвэрийн хуулбар,
Гэрч Ш.Төмөрбаатарын ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ардын хянан шалгах хорооны даргаар 1984 оны 09 дүгээр сараас 1989 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажилласан. Тэгээд би тус сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргаар 1991 оны 10 дугаар сараас 1993 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Намайг 1984 онд Цэцэрлэг сумын Ардын хянан шалгах хорооны даргаар очиход С.Отгонсайхан нь Чулуунбаатарын туслах малчнаар ажиллаж байсан. С.Отгонсайхан нь Чулуунбаатарын суурьт нэгдэл тартал төлчин, саальчнаар ажиллаж байсныг би сайн мэдэж байна. Чөлөөт амьдрал нэгдэл нь 1993 оны 06 дугаар сард татан буугдсан. Би Ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа С.Отгонсайханы гэрээр байнга орж, гардаг байсан. С.Отгонсайханы нөхрийг нь Энхбуян гэдэг. С.Отгонсайхан нь Чөлөөт амьдрал нэгдлээс өөр сум, нэгдэл рүү шилжин ажиллаж байгаагүй. С.Отгонсайхан болон Чөлөөт амьдрал нэгдлийн бүх малчид миний тушаал, шийдвэрээр хувьчлал авч байсан. Манай Чөлөөт амьдрал нэгдэл 1600 гаруй гишүүнтэй байсан. Ямар ч байсан С.Отгонсайхан нь Чөлөөт амьдрал нэгдэлд ажиллаж байсан болохыг би гэрчилж байна ... гэх мэдүүлэг,
Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн уг гэрчийн 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цэцэрлэг сумын Ардын хянан шалгах хорооны даргаар томилогдсон, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргаар томилогдсон бичилт, холбогдох тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч Н.Чулуунбаатарын ... Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадад 1969-1992 оныг хүртэлх хугацаанд суурийн ахлагчаар ажиллаж байсан. Би 1970-1973 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. С.Отгонсайхан нь манай Чулуут бригадад саальчин, төлчнөөр ажилладаг байсан. С.Отгонсайхан 1980 онд сургуулиа төгсөөд илгээлтээр манай суурьт хувиарлагдаж ирсэн. С.Отгонсайхан нь 1980-1992 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй манай суурьт төлчин, саальчнаар ажиллаж байсан үнэн бөгөөд би тухайн үед суурийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд баталж байна. С.Отгонсайхан Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадаас өөр сум, нэгдэл, бригад руу шилжин ажиллаж байгаагүй нь үнэн. С.Отгонсайхан нь зан араншин сайтай, хүний үгнээс гарахгүй, ажлаа бие даан хийх чадвартай манай сайн малчдын нэг байсан. С.Отгонсайхан нь Чөлөөт амьдрал нэгдлээс баярын бичиг, өргөмжлөлөөр шагнуулж байсан. Би одоо С.Отгонсайханыг хэдэн онд шагнуулж байсныг санахгүй байна ... гэх мэдүүлэг,
уг гэрчийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1969 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг болно.
Түүнчлэн Архангай аймгийн Архивын тасаг нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 570, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 294 тоот албан бичгүүдээр С.Отгонсайханд холбогдох лавлагаа гаргах боломжгүй болохыг, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот албан бичгээр Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал ББХК-ийн конторын барилга, банк, дэлгүүр, агуулах нь эд хогшлын хамт 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шатсан болохыг тус тус тодорхойлсон.
Иймд хэрэгт авагдсан баримт, хүсэлтэд дурдсан хугацаа, хүсэлт гаргагчийн ажилласан байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэж хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт нотлох баримтыг үнэлсэн бөгөөд бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, механик засвар хийж дэвтэр эзэмшигчийн овог, төрсөн оныг өөрчилсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэрэгт эх хувиар буй С.Отгонсайханы хөдөлмөрийн дэвтэр, мөн хүсэлт гаргагч өөрөө танихгүй гэж нотлох баримтын эх сурвалжаа өөрөө үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн тул гэрчээр мэдүүлэг өгсөн С.Батсайхан, Б.Хүрэлчулуун нарын мэдүүлгийг тус тус шүүхийн зүгээс үнэлээгүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Сэдбазарын Отгонсайханы Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ