Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                      Ерөнхий шүүгч          Б.Батзориг

                      Шүүгчид                      С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

             Оролцогчид:

                        Нэхэмжлэгч                          Ц.Уянга

                     Хариуцагчийн

                     итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Цуурай

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор Г.Баасанд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах тухай” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ц.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2014 онд Г.Баасантай танилцаж, гэр бүл болсон 3 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 07 дугаар саырн 03-нд охин Б.Маргад төрсөн. Бид хоёр энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Энэ хугацаанд хамтран амьдарч байх явцдаа хашаа байшинтай болсон. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө согтуу ирэн биед маань гар хүрсэн. Үүнээс хойш 1 сарын хугацаанд өөрчлөгдөх нь үү гэж харсан боловч дахин архи ууж ажил дээр гудамж талбайгаар мөн ээжийн маань ажил дээр очиж агсан тавин биднийг хүнд байдалд оруулсан. 2 удаа цагдаагийн байгууллагаар баривчлуулсан. Одоо охин маань 1 ой 08 сартай төрсөн охин Б.Маргадын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, Г.Баасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгөн үү. Мөн хөрөнгийн асуудлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье /үл хөдлөхийн гэрчилгээн дээр миний нэр хамтран эзэмшигчээр байгаа болно/...” гэжээ.

                                                  

     Хариуцагч Г.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёрын дундын өмч гэх хашаа байшинг би 10,000,000 төгрөгөөр цалингийн зээлээр авсан. Цалингийн зээлээ би өөрөө боломжоороо төлдөг. Өмчлөлийн гэрчилгээ  хамтрангаар байдаг. Миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрөөд амьдарч байгаа, хүүхдээ  өөрийн асрамжид авах хүсэлтэй байна...”  гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 341 дугаартай шийдвэрээр:

 -Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Маргадын эцэг Бэрсүүд овогт Ганбаатарын Баасан мөн болохыг тогтоож, Б.Маргадыг эх Ц.Уянгын асрамжинд үлдээж,

-Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Маргадыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баасангаар сар бүр тэжээн тэтгүүлж,

-Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүний адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

-Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.2 дахь хэсэг 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар / Г-1317002036 улсын бүртгэлийн дугаар бүхий 519мкв талбай бүхий газар, Ү-1317004242 дугаар бүхий 78мкв талбай бүхий хувийн орон сууц/ нийт 13.778.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн 3 гишүүнд адил тэнцүү / 1 гишүүнд 4.592.666.66 төгрөг/ хуваан олгож,

-Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн  57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдилан төлсөн 307.040 төгрөгийг орон нтгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Ц.Уянгын нэхэмжлэлтэй Г.Баасанд холбогдох хэргийн, хариуцагч Г.Баасан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай бид анхан шатны шүүхийн 2017.05.05-ны өдрийн 341-р шийдвэрийг эс зөвшөөрөн анхан шатны шүүх нь хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчид хэтэрхий хохиролтойгоор нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

            1.Нэхэмжлэгч Ц.Уянга, Г.Баасан нар нь хууль ёсны гэрлэгчид биш байхад тэдний хамтын амьдрал дунд бий болсон 519м2 талбай бүхий газар, 78м2 талбай бүхий хувийн орон сууцны маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126.1, 126.2.2 мөн 129.1.1 дэх хэсгийн баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 126.1 дэх заалтад “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон...хөрөнгө” орох бөгөөд Ц.Уянга, Г.Баасан нарыг албан ёсоор бүртгүүлсэн гэрлэгчид гэж үзэхгүй энэ талаар Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны  20-р тогтоолд тодорхой тайлбарласан байгаа.

         Гэр бүлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д “Гэрлэлт” гэж гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус, амины болон хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээсэн нөхөр эхнэрийг ойлгох талаар тодорхойлжээ. Гэтэл Ц.Уянга Г.Баасан нар Гэр бүлийн тухай хуулиар баталгаажсан хууль ёсны гэр бүл биш юм. үүний улмаас дээрх хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 3-р бүлэгт заагдсан “Гэр бүлийн хөрөнгийн эрхээр шийдвэрлэх” боломжгүй. Анхан шатны шүүхийн баримтлан шийдвэрлэсэн Иргэний хуулийн 126.1, 126.2.2,  129.1.1, 130.1, 129.2 дахь заалтууд нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон хөрөнгийг шийдвэрлэх зохицуулалт юм.

         2. Анхан шатны шүүхийн 341-р шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад: ...13.778.000 төгрөгийн үнэ бүхийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүнд адил тэнцүү “4.592.666.66төгрөг” хуваан олгогдоно гэсэн, мөн тогтоох хэсгийн 5 дугаарт: ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.040 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд  төлөгдөх Улсын тэмдэгтийн хураамж 28.195 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулах...гэжээ.

         Эдгээр заалтууд нь үндэслэл муутайгаас гадна гэр бүлийн гишүүдэд адил тэнцүү хөрөнгийг нь хуваасан атлаа хангагдсан үнийн хэмжээгээр Улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх байтал 307.040 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулахаар заасан, мөн “нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлоогүй атлаа улсын тэмдэгтийн хураамж 28195 төгрөг гаргуулахаар” заасан нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188-р зүйлийн 118.5 дахь заалтыг зөрчсөн байна.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.05-ны 341-р шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.1 дэх заалтыг баримтлан хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Уянга нь хариуцагч Г.Баасанд холбогдуулан  охин Маргадад эцэг тогтоолгож, тэтгэлэг  тогтоолгох, дундын эд хөрөнгөөс  ногдох хэсгээ  гаргуулах  тухай нэхэмжлэл гаргаж,  анхан шатны шүүх  шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэснийг  хэргийн хариуцагч Г.Баасан эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн хариуцагч Г.Баасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг хамтын амьдралтай байсан  хүмүүсийн  үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж гэр бүлийн гишүүдэд хуваасан, улсын тэмдэгтийн хураамжийг буруу  хуваарилан хариуцагчаас гаргуулсан, тухайн үл хөдлөх хөрөнгийг Г.Баасан цалингийн зээлээр худалдан авсан байхад дундын өмч гэж тодорхойлж шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж тайлбарлажээ.  

 

Давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ц.Уянга, Г.Баасан нар нь 2014 оноос эхлэн хамтын амьдралтай байсан бөгөөд 2015 оны 07 сарын 03-ны өдөр охин Маргадыг төрүүлсэн байх ба зохигчид нь хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдийн эцэг мөн эсэх талаар  маргаагүй, түүнчлэн 2015 оны 07 сарын       09-ний өдөр Иргэний улсын бүртгэлд 2015 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн охин Маргадын эцэг  Бэрсүүд овгийн Ганбаатарын Баасан, эх Бичээч авгийн Цолмонгийн Уянга гэж бүртгэн төрсний гэрчилгээ олгосон байна.

 

Энэхүү төрсний гэрчилгээгээр охин Маргадын эцэг нь Бэрсүүд овгийн Ганбаатарын Баасан болох нь тодорхой байхад шүүх нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.  

 

Харин охин Б. Маргадыг нас, эхийн халамж зайлшгүй шаардлагатай байгаа зэрэг байдлыг харгалзан эх Ц.Уянгын асрамжид үлдээж, Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар  эцэг  Г.Баасангаар тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй байна.

 

Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор  хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг “Гэрлэлт” гэж тодорхойлжээ.

 

 Тус хэргийн зохигчид нь хамтын амьдралтай байсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртүүлээгүй тул  тэдгээрийг гэрлэгчид гэж үзэхгүй бөгөөд  тэдгээрийн хооронд үүссэн  үл хөдлөх хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн Гэр бүлийн хөрөнгийн эрхийн тухай зохицуулалтыг баримтлан шийдвэрлэх боломжгүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэн тэдгээрийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд өөрөөр хэлбэл эцэг, эх хүүхдэд хувааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул давж заалдах шатны шүүх  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд эд хөрөнгийг дундаа хамтран өмчилж болохоор заасан бөгөөд тус хэргийн зохигчид нь хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2016 оны 08 сарын 23-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1-р хэсгийн 028 тоот хаягт байрлалтай, 519 мкв талбай бүхий газар, 78 мкв талбай бүхий хувийн орон сууцыг худалдан авч тухайн үл хөдлөх хөрөнгийн  хууль өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нар болсон  байна.

 

Нэхэмжлэгч Ц.Уянгын цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг төгрөгөөр үнэлэн  өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага нь  үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар  газар түүнээс  салгамагц зориулалтын дагуу  ашиглаж үл болох эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлсон бөгөөд  зохигчдын хамтран өмчлөх  хувийн орон сууцыг  бодит байдлын хувьд хуваах боломжгүй тул зохигчдын хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг 13.778.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайланг үндэслэн  өмчлөгч тус бүрт тэнцүү хуваах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү үл хөдлөх хөрөнгийг хуваахдаа нэхэмжлэгч Ц.Уянгын  хүсэлтийг харгалзан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1-р хэсгийн 028 тоот хаягт байрлалтай 519 мкв талбай бүхий газар, 78 мкв талбай бүхий хувийн орон сууцыг хариуцагч Г.Баасангийн өмчлөлд үлдээж, хариуцагч Г.Баасангаас орон сууцны тал үнэ болох 6.889.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уянгад олгох нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 307.040 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан буюу үл хөдлөх хөрөнгө хуваасан 6.889.000 төгрөгт ногдох хэмжээгээр буюу 125.174 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох,  2017 онд төвийн бүсийн амьжиргааны доод түвшин 166.200 төгрөгөөс 50 хувь буюу нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг 997.200 төгрөгт  хэмжээнд ногдох хэмжээгээр тодорхойлон 28.483 төгрөгийн  тэмдэгтийн хураамжийг  хариуцагчаас  гаргуулан орон нутгийн оролгод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 4, 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх үндэслэлтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 05-ны  өдрийн 341 дугаартай шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн

1 дэх заалтыг:

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7–д зааснаар нэхэмжлэгч Ц.Уянгын хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар охин Б.Маргадыг эх Ц.Уянгын асрамжид үлдээсүгэй.” гэж,

2 дахь заалтыг: 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Маргадыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/  нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баасангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.” гэж ,

4 дэх заалтыг:

”Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1-р хэсгийн 028 тоот хаягт байрлалтай, 519 мкв талбай бүхий газар, 78 мкв талбай бүхий хувийн орон сууцыг хариуцагч Г.Баасангийн өмчлөлд үлдээж, хариуцагч Г.Баасангаас орон сууцны тал үнэ болох 6.889.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уянгад олгосугай.” гэж,

5 дахь заалтыг:

“Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн  57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эд хөрөнгийн шаардлагад 125.174 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.483 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Г.ДАВААРЕНЧИН