Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 341

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:  Ц.Уянгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Баасанд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг хуваалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ц.Уянга, хариуцагч Г.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уянга РД: /МИ89061708/-нь шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь 2014 онд Г.Баасантай танилцаж, гэр бүл болон 3 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 07 дугаар сарын 03-нд охин Б.Маргад төрсөн. Бид хоёр энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Энэ хугацаанд ээж аавтайгаа амьдарч байгаад тусдаа гарсан. Энэ хугацаанд хамтран амьдарч байх явцдаа хашаа байшинтай болсон. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө согтуу ирэн биед маань гэмтэл учруулах хэмжээний зодож хэл амаар доромжилсон ээжид маань хүртэл гар хүрсэн. Үүнээс хойш 1 сарын хугацаанд өөрчлөгдөх нь үү гэж харсан боловч дахин архи ууж ажил дээр гудамж талбайгаар мөн ээжийн маань ажил дээр очиж агсан согтуу тавин биднийг хүнд байдалд оруулсан. 2 удаа цагдаагийн байгууллагаар баривчлуулсан. Одоо охин маань 1 ой 08 сартай төрсөн охин Б.Маргадын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, Г.Баасангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хөрөнгийн асуудлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье /үл хөдлөхийн гэрчилгээн дээр миний нэр хамтран эзэмшигчээр байгаа болно/ гэх.

Нэхэмжлэгч Ц.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2013 оноос би Г.Баасантай хамт амьдарсан. 2015 онд охин Б.Маргад төрж бид 2015 оны хавар тусдаа гарсан. Энэ хугацаанд Г.Баасан хөдөө ажилладаг байсан ар гэрийн бүх ажил бүгд орхигдож би бүх ачааг үүрдэг байсан. Намайг хэл амаар доромжилж, гурваас дөрвөн удаа зодсон миний ажил болон ээжийн ажил дээр агсан согтуу тавьсан. Ах дүү нартайгаа нийлээд бүх эд хөрөнгөө ачаад явсан. Намайг зодохдоо зэрлэг балмад авирладаг толгойруу цохидог, эд хогшлоо эвддэг байсан. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй. Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, эд хөрөнгө хуваалгах хүсэлтэй байна гэх.

 

Хариуцагч; Г.Баасан РД: /МЕ88110418/-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Бид хоёрын дундын өмч гэх хашаа байшинг би 10,000,000 төгрөгөөр цалингийн зээлээр авсан. Цалингийн зээлээ би өөрөө боломжоороо төлдөг. Өмчлөлийн гэрчилгээ хамтрангаар байдаг. Миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрөөд амьдарч байгаа, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна  гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уянгын тус шүүхэд гаргасан ... охин Баасангийн Маргадын төрсөн эцэг Г.Баасан мөн болох, хүүхдийн тэтгэлэг  тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Ц.Уянга, Г.Баасан  нар нь  2014 оноос эхлэн хамтын амьдралтай байсан  бөгөөд 2015 оны 07 сарын 03-ны өдөр охин Маргадыг төрүүлсэн ба энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй, амьдрах хугацаанд хашаа байшинтай  болсон байна. Ц.Уянга, Г.Баасан нар нь  цаашид  хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд өгсөн  тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна хариуцагч Г.Баасан нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... охины төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн ба хамтын амьдралаа цаашид үргэлжлүүлэх болон охин Маргадаа өөр дээрээ авч асарч хүмүүжүүлэх, дундын эд хөрөнгийг өөрийнхөө цалингийн зээлээр авсан гэж байгаа боловч, охин Маргад нь одоо  1 ой гарантай эх Ц.Уянга дээр өсөн хүмүүжиж байгаа тухай  эмнэлэгийн тодорхойлолт, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр  нотлогдож байх тул  хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь  зүйтэй.

Харин  хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох  519 мкв талбай бүхий газар, 78 мкв талбай бүхийн хувийн орон сууц нь дээрх 2 хүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь нотлогдож байхаас гадна, дээрх хамтран амьдрагч нарын дундаас  2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Баасангийн Маргад нь мөн уг хөрөнгийг дундын хамтран өмчлөгч мөн гэж үзэхээс гадна хэргийн 13-28 дугаар талд авагдсан “Ашид билгүүн”ХХК-ний үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь  13.778.000 төгрөгөөр  үнэлэгдсэн болох нь нотлогдож байх тул  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2 дахь хэсэгт зааснаар  дээрх үл хөдлөх эд хөрөнгийг  эдгээр 3 хүний  хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж мөн хуулийн  129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт зааснаар ... дээрх хамтран амьдрагч нар нь  гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч ногдох хэсгийн талаар маргаж, хөрөнгөө хуваалгахаар маргаж байх тул  Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн буюу хамтран амьдрагч талуудын шаардлагаар  хуваах нь зүйтэй гэж үзэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн  130.3 дахь хэсэгт зааснаар  ...гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тогтоохдоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар  ... гэр бүлийн бүх гишүүд адил тэнцүү байхаар  тогтоох нь зүйтэй.

Иймд хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан 13.778.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө / газар, хувийн сууц /- ийг гэр бүлийн  3 гишүүнд / 13.778.000 х 3 = 4.592.666.66 төгрөг / адил тэнцүү хуваан олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307 040 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 307 040 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь  зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар  2015 оны  07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Маргадын эцэг Бэрсүүд овогт Ганбаатарын Баасан мөн болохыг тогтоож, Б.Маргадыг эх Ц.Уянгын асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн   40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны  өдөр төрсөн охин Б.Маргадыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас /- нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баасангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.2, 129.1.1, 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар  / Г-1317002036 улсын бүртгэлийн дугаар бүхий  519 мкв талбай бүхий  газар, Ү-1317004242 дугаар бүхий 78 мкв талбай бүхий хувийн орон сууц/ нийт 13.778.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн 3 гишүүнд адил тэнцүү  / 1 гишүүнд 4.592.666.66 төгрөг / хуваан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307 040 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 307 040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,195 төгрөгийг харицагчаас нөхөн гаргуулж  орон нутгийн төсөвт оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН