Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч,

                       Ерөнхий шүүгч        Б.Батзориг

                       Шүүгчид                     С.Оюунцэцэг

                                                                Г.Давааренчин

               Оролцогчид:

                        Нэхэмжлэгчийн

                        итгэмжлэгдсэн төлөөлөгч       Л.Цуурай

                          Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ж.Болдбаатар

                          Түүний  өмгөөлөгч                   Г.Амартүвшин

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Болдбаатарт холбогдох “Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”, “хувийн орон сууцны байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ж.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлтэй, Б.Мөнхдалайд холбогдох “хувийн орон сууцны байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэн би өөрийнхөө эзэмшлийн газар байшингаа өмчлөх эрхтэй байгаа боловч Ж.Болдбаатар нь чөлөөлж өгөхгүй байна. …Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн 000612777 дугаартай гэрчилгээ мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000381157 дугаар бүхий гэрчилгээг иргэн Мөнхдалай миний нэр дээр хууль ёсны өмчлөгч гэж улсын бүртгэлийн Ү-1317001267 дугаарт бүртгэж олгосон болно. Эдгээр хууль ёсны үндсэн баримтуудыг түшиглэж Ж.Болдбаатар гэдэг хүний хууль бус эзэмшлээс миний газар болон үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Иргэн миний бие 1969 оноос өнөө болтол тус сумын Буурын гол хэмээх энэ газар нутагт амьдарч байгаа болно. Анх 1996 онд Улсын хэмжээнд хувийн ээмшлийн газар орон сууцанд тооллого явуулж гэрчилгээжүүлж эхэлснээр Мөнхдалай миний нэр дээр одоогийн хаягаар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшин газарт 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших эрхтэй №001825 дугаартай гэрчилгээтэй болсон юм. Би энэ газар орон сууцаа хэзээ ч хэнд ч худалдаагүй болно. …н.Болдбаатарын  асуудлаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны Захиргааны хэргийн шүүх хурал болж, маргаантай байгаа хашаа байшингийн өмчлөлийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохоор миний хавсаргасан баримт, нотолгоонуудыг үндэслэн иргэн Б.Мөнхдалай намайг жинхэнэ хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэжээ.

 

 Нэхэмжлэгч Ж.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 “…Миний бие эхнэр Ж.Батгэрэлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинг 576.2мкв газрын хамт 2004 онд М.Бахетжан  гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад  Бахетжан гэдэг залууд газар, байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаар Сумын засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 мкв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан. Манайх энэ газар дээр байсан хуучин байшинг буулгаж /30 жил болсон байсан/ шинэ байшин барьж 12 жил амьдарч байна.

…Сумын эрх мэдэлтэнгүүд болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд нэг газарт давхардуулан газар олгосноор эцэст нь хүү бид хоёр орох оронгүй очих газаргүй үлдэх болчихоод байна. Дээрх хүмүүс болон Мөнхдалай нар нь газар эзэмших эрх өөрсдөд нь шилжсэн учраас энэ байдлыг урвуугаар ашиглаж байшин өмчлөлийн гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авсан ба захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх “эхлээд байшингийн өмчлөлийн асуудл гарч байгаа тул  иргэний шүүхээр шийдүүл” гэсэн. Гэтэл үүний дагуу Мөнхдалай нь тус шүүхэд хандсан ба миний зүгээс мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, 2-р хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгч нь хүү Б.Отгонбаатар болон миний бие болох Ж.Болдбаатар нар мөн болохыг тогтоож өгнө үү! гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ. 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 293 дугаартай шийдвэрээр:

 - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Б.Мөнхдалайн нэхэмжлэлтэй Ж.Болдбаатарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

- Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй “хашаа байшингийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлаыг хэрэгсэхгүй болгож, “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай 57мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Болдбаатар болохыг тогтоож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн “газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гарган буцаан олгож, “Хашаа байшингийн өмчлөгч болохыг” тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.Болдбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 …1.Шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бодит байдалд зөв дүгнэлт өгөөгүй нотлох баримтыг дутуу үнэлсэн зэргээрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь заалтанд нийцээгүй.

2.Иргэн Б.Мөнхдалай нь Болдбаатарын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх, хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн 2 шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Ж.Болдбаатарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэхдээ: Сүхбаатар сумын 4-р хороо 3-р хэсэг 161 тоот халга гэсэн 2007 онд бүртгэлтэй байсан газрын байршлын кадастрын зургийн дагуу  Сүхбаатар сумаас 2008.02.18-нд Ж.Болдбаатарын эхнэр Ш.Батгэрэлд №0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү нэг газарт гурван гэрчилгээ давхардуулан олгосон байгаа асуудлаар зохигчид Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлж байгаа ба уг газрын асуудлаар гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх гэсэн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа болох нь хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон тул...гээд Б.Мөнхдалайгийн ...161 тоот газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Гэтэл Ж.Болдбаатар нь “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Буур хээрийн 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх 2017.02.20-ны өдөр 24  тоот шүүгчийн захирамж гарган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1-д заасныг баримтлан ...хашаа байшингийн өмчлөлийн маргаан гарсан тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоолгон эцэслэн шийдвэрлэх хүртэл...түтгэлзүүлжээ. Эндээс харахад газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл биш байхад Иргэний хэргийн шүүх буруу дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзсан нь хууль бус юм.

Түүнчлэн дээрх 161 тоот хаягтай газар нь иргэн Б.Мөнхдалайгийн эзэмшлийн “60 жилийн хугацаатай” газар мөн болох нь 1996 оны 09 сарын 09-ноос 2056 он хүртэл 60 жилээр эзэмшүүлсэн гэрчилгээгээр нотлогдоно. Энэ гэрээ хүчинтэй хэвээр байгаа бөгөөд 2016.02.23-нд шинэчлэгдэн баталгаажсан бөгөөд 2016.10.14-нд 000381157 тоот гэрчилгээ олгогджээ. Энэ нь хуучин бүртгэлийг сэргээн баталгаажуулснаас гадна иргэн Б.Мөнхдалайгийн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шалгаад, “2008.02.15-ны өдрийн 47 тоот захирамжийг үндэслэн Ш.Батгэрэлд газар эзэмших эрхийн 0122457 дугаар бүхий гэрчилгээг нь Б.Мөнхдалайгийн газар дээр давхардуулан олгосон байна” гэж нотолсон юм. Иймээс ч дээрх ГХБХБ газар нь Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт 2016.04.21-нд 1/244 тоотоор “...0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь эргүүлэн хурааж хүчингүй болгон газар давхардуулж олгосон гэх асуудлыг шийдвэрлэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг шилжүүлэн кадастрын зургаар баталгаажуулах арга хэмжээ яаралтай зохион байгуулж хариу ирүүлэхийг мэдэгдье” гэсний дагуу Б.Мөнхдалайд 000381157 тоот гэрчилгээ олгогдсон. Энэ нь 1996.09.09-нд 60 жилээр эзэмшүүлэхээр олгосон газрын гэрчилгээг баталгаажуулж шинэчилсэн асуудал болохоор шинээр газар эзэмшсэн гэсэн явдал биш юм. Ийм байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж “газраа чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох 161 тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай асуудлыг шүүх шийдвэрлэхдээ: Иргэний хуулийн 74-р зүйлийн 74.1, 75-р зүйлийн 75.1, 75.2.2, 99-р зүйлийн 99.1, 100-р зүйлийн 100.1 дэх заалтуудыг баримтлан Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй хашаа байшингийн хууль ёсны эзэмшигч болохыг хэрэгсэхгүй болгож “161 тоот хаягт байршилтай 57мкв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Болдбаатар болохыг тогтоожээ. Шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгч Б.Мөнхдалай хашаа байшингийн өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэн байхад 161 тоот хаягт байрлалтай 57мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө...” гэж өөр утга агуулгаар бичсэн нь ойлгомжгүй юм. Иргэний хуулийн 99.1, 100.1-р заалтыг барьж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Ж.Болдбаатар  өмнө нь уг хашаанд байсан М.Бахетжанаас худалдан авсан боловч “худалдан авах гэрээ байхгүй, М.Бахетжан нь Б.Мөнхдалайгаас худалдан авсан гэх боловч мөн энэ нь нотлогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад уг газрын хууль ёсны эзэмшигч нь Б.Мөнхдалай болох нь нотлогдсон. “Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.3, 90-р зүйлийн 90.1, 93-р зүйл” мөн газар дээр баригдсан хашаагаа нэхсэн байхад үүнийг шийдээгүй орхисон Б.Мөнхдалай 2015 онд газраа зарагдах гэж байгааг мэдээд маргаан үүсгэсэн байхад Иргэний хуулийн 74, 75-р зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эдгээр байдлуудаас дүгнэж үзэхэд шүүх асуудлыг нэхэмжлэлийн хүрээнд шийдээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн зарим баримтыг үнэлж үзээгүй орхигдуулсан, хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан Ж.Болдбаатарын талыг барьж шийдвэрлэсэн нь буруу учир гомдолтой байна. Ер нь байшин нурааж суурин дээр нь шинэ байшин барьсан гэх асуудалд Мөнхдалайгийн тэр хөрөнгө хаачсан эсвэл холилдуулан барьсан уу гэдгийг үзлэг хийлгэх шаардлагатай, мөн үнэлүүлэх шаардлагатай байгаа. Иймд шүүхийн 2017.04.19-ний 293 тоот шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Энэ хэрэг маргаан өөр өөр шүүхээр 2 жил явсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Газар эзэмшихээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Яагаад гэвэл гурван газрын гэрчилгээ давхардаад гарчихсан. 1996 онд авсан гэрчилгээ, талийгаачийн авсан гэрчилгээ, сүүлд Б.Мөнхдалайгийн хууль зөрчиж авсан гурван гэрчилгээ байгаа учраас Захиргааны хэргийн шүүх хүлээж авсан. …Гурван гэрчилгээний аль нь ч хүчингүй болоогүй байгаа. н.Батгэрэлд өгсөн гэрчилгээг хүчингүй болгоогүй байгаа учраас гурван гэрчилгээ гурвуулаа хүчинтэй байгаа. Гэрчилгээний асуудал бол захиргааны хэргийн шүүхэд харъяалагддаг. Сүүлд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаад, захиргааны хэргийн шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой гэсний үндсэн дээр Засаг даргад хандсан.

Ж.Болдбаатар 2004 оноос хойш эхнэр хүүхэдтэйгээ тэр байшинд амьдарсан. Худалдах худалдан авах гэрээ хийх боломж байхгүй. Яагаад гэвэл энэ байшин ямар ч бичиг баримтгүй байсан. н.Бахетжан Б.Мөнхдалайгаас энэ байшинг худалдаж авсан гэдэг ч бас гэрээ хийгдээгүй. Ер нь тэр байшинг Б.Мөнхдалайгийн байшин гэж хэн нотлох вэ? Тухайн үед ямар ч гэрчилгээ байхгүй байсан. Б.Мөнхдалайгийн өмнө өөр хүн байвал яах вэ? түүний өмчлөлийн газар гэдгийг нотлох нотолгоо байхгүй.

1996 онд авсан газрын гэрчилгээ тодорхой бус. Маргаад байгаа газрын гэрчилгээ яг мөн гэсэн зүйл байхгүй. Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. 2004 оны 06 сард шөнөөр н.Бахетжан нүүж, Ж.Болдбаатарынх тэр шөнөдөө нүүж ирсэн гэдэг. Нэхэмжлэгч эхнэр дээр нь ирээд энэ манай байшин, худалдаагүй шүү гэдгийг хэлсэн байдаг. Энэ үеэс өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг мэдээд гомдол гаргах эрх нь нээгдсэн байдаг. Өөрийнх нь байшинд хүн худалдаж авсан гээд нүүгээд орчихоод байхад арван хэдэн жилийн дараа маргаан гаргадаг. Өмнөх шүүх хуралдаанд би нэхэмжлэгчээс та хоёр Ж.Болдбаатарыг нүүж ирэхэд гэрт орсон уу гэж асуухад орсон яагаад манай байшинд нүүж ордог билээ гэхэд хариуцагч худалдаж авсан гэж хэлсэн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Мөн байшинг нь буулгаж байгааг харсаар байж тухайн үед гомдлоо гаргаагүй. Тиймээс гомдлыг хүлээж авах боломжгүй гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Б.Мөнхдалай нь Ж.Болдбаатарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх, байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч  Ж.Болдбаатар нь нэхэмжлэгч Б.Мөнхдалайд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус  гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  Тус хэргийн нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь  Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 162 тоот хашаанд оршин суудаг  бөгөөд  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшинг  Бахетжан гэдэг залууд 2003 онд  сарын 15.0 мянган төгрөгөөр бодож 150.000 мянган төгрөгөөр хөлслүүлж байсан гэтэл тухайн байшинд одоогийн амьдарч байгаа Ж.Болдбаатар нь  2004 оны 6 дугаар сард шөнөөр нүүж орсон байсан.

 Маргаан бүхий Сүхбаатар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашааны газар  1996-2056 он хүртэл 60 жил эзэмших газрын гэрчилгээтэй,  түүнийгээ өмчлөхөөр хуулийн дагуу хөөцөлдөж, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сумын засаг даргын захирамжаар (А/125) гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000612777 дугаартай гэрчилгээ, үүнийгээ үндэслэн хуулийн дагуу Монгол улс, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсанаар иргэн Б.Мөнхдалай миний нэр дээр 57 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1217004267 дугаарт бүртгэж, 000381157 дугаартай гэрчилгээ авсан. Иймд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож,  тус хөрөнгийг одоогоор эзэмшиж байгаа Ж.Болдбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  гэж тайлбарлажээ. 

 

Хариуцагч  Ж.Болдбаатар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  Сүхбаатар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшинг 2004 оны 06 сард Бахетжан гэдэг залуугаас 450,000 төгрөгөөр худалдан авсан. 2007 онд тухайн байшингийн газарт эхнэр Ш.Батгэрэлийн  нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Сүхбаатар сумаас олгосон. 2008 онд хуучин байшингаа нураан шинээр байшин барьж орсон тул тухайн байшингийн хууль ёсны  өмчлөгч  тул тухайн үл хөдөлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:  1996 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Буурын гол, Баянхааны 4 дүгээр баг, 9 дүгээр хэсэгт  Б.Мөнхдалайд 956 мкв талбайг орон сууц, хашаа, хүнсний ногооны талбай гэсэн зориулалтаар 60 жил эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 23-нд мөн Б.Мөнхдалайд 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоотод гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбай бүхий газар олгосон, уг гэрчилгээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх газарт байршилтай 57 мкв талбай бүхий хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Б.Мөнхдалайгийн нэр дээр гэрчилгээ олгосон байна.

Гэтэл Сүхбаатар сумын 4 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 161 тоот хаалга гэсэн 2007 онд бүртгэлтэй байсан газрын байршлын кадастрын зургийн дагуу Сүхбаатар сумаас 2008 оны 02 дугаар сарын 18-нд Ж.Болдбаатарын эхнэр Ш.Батгэрэлд №0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү  тухайн маргаан бүхий газарт  гурван гэрчилгээ давхардуулан олгогдсон байна.

  

Тухайн маргаан бүхий газрын гэрчилгээг давхардуулан олгосон эсэх,   олгогдсон газрын гэрчилгээ нь хуулийн дагуу хүчинтэй эсэх талаар ердийн харьяаллын шүүх  шийдвэрлэх боломжгүй  тул  нэхэмжлэгч Б.Мөнхдалайн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот газрыг бусдын хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэх  тухай шаардлагыг  хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүх  хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

 

Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот хаягт байрлалтай  хувийн орон сууц нь хэний өмчлөлийнх болох талаар хэргийн зохигчид маргадаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын хүсэлтээр асуугдсан  гэрч М.Бахтжаны  “ би Сүхбаатар сумын Буурын голын 4 дүгээр багийн 3 дугаар хэсгийн         /хуучнаар/ 161 тоотод байрлах хашаа байшинд 2003 оны 04 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар хүртэл 1 жил гаран амьдарсан. Би тэр хашаа байшинг түрээсэлж байгаагүй, худалдаж авсан юм. Тухайн үеийн ханшаар 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад зарсан хашаа байшингийнхаа хажуу хашаанд өөрийнх нь гэр орон байсан болохоор итгээд л худалдаж авсан. Би ганцаараа Б.Мөнхдалай гуайн гэрт орж эхнэрийг нь байхад мөнгөө өгч байсан. Б.Мөнхдалай гуай газрын гэрчилгээ аваагүй, чи өөрөө хөөцөлдөөд аваарай гэж байсан. Дараа нь 2004 оны 6 дугаар сард байшингаа 450.000 төгрөгөөр худалдаж, тэр мөнгөөрөө 60 айлд найз н.Мөнхбаатараасаа хашаа байшин худалдаж авсан. Тухайн үед 7х4 харьцаатай шургааган, урд талдаа 4 цонхтой, зүүн талдаа цонхгүй, баруун талдаа битүү, урд талдаа цонхгүй, залгаа байхгүй урт чигээрээ байшин байсан...хашаа нь хоёр хажуу талдаа айлтай, хойд талдаа хашаа байхгүй, урд талдаа муу сараалжин хашаа байсан. Би банз худалдаж авч, хойд тал болон урд талаа нөхөж хашаа барьсан... Хэрвээ маргаж буй хашаа байшин Б.Мөнхдалай гуайн өмч хөрөнгө байсан бол намайг хашаа байшинг зараад нүүдэл, суудал хийж байхад яагаад маргаан гаргаагүй юм бэ? Б.Мөнхдалай гуайнх маргаан бүхий хашаа байшингийн хамар хашаанд амьдарч байсан бүгдийг харж, мэдэж байсан. Би аймгийн холбоонд Б.Мөнхдалай гуайн хүргэнийх нь ахтай цуг ажилладаг байхад намайг хаана ажиллаж амьдардгийг нь мэдэхгүй гэж ярьсан байна лээ... “ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Отгонбаярын “... Би 2004-2008 онд Буурын голын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Намайг засаг даргаар ажиллаж байхад одоогийн маргаад байгаа хашаанд Б.Мөнхдалай гуай амьдардаг байсан. Тэгээд хажуу талдаа шинээр газар аваад өөрсдөө тусдаа хашаа байшин бариад тэндээ орж амьдрах болсон. Миний мэдэхээр маргаан бүхий хашаа байшинд эхлээд Өлзий гэдэг айл байсан, дараа нь аймгийн холбоонд ажилладаг М.Бахетжан гэдэг залуу байж байгаад Ж.Болдбаатарынх орсон. Н.Өлзий нь түрээслэн сууж байсан. Харин Бахтжан түрээслэсэн үү, худалдаж авсан уу гэдгийг мэдэхгүй. Харин М.Бахетжанаас Ж.Болдбаатарынх худалдаж авсан гэдгийг Ж.Болдбаатарын талийгаач эхнэр Ш.Батгэрэл нь надад хэлж байсан... 2007 онд газрын өмч хувьчлалын бүртгэл явагдсан. Энэ үеэр газрын албанаас кадасртын хүмүүс ирж айл өрхүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээг хэмжиж бүртгэл хийсэн. Иймд энэ 2 айлууд тус тусдаа бүртгэлд орсон байгаа ... “гэх мэдүүлэг болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл  маргаан бүхий  хувийн орон сууц нь 2016 он хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, тус орон сууцыг нэхэмжлэгч Д.Мөнхдалай нь эзэмшиж байгаад 2003 онд иргэн М.Бахетжанд 150,000 төгрөгөөр худалдсан, М.Бахетжанаас хариуцагч Ж.Болдбаатар 2004 онд 450,000 төгрөгөөр худалдан авч 2008 онд  орон сууцыг  шинээр дахин барьж, өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ  байлгаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

 Маргаан бүхий орон сууц нь  2004 онд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд хариуцагч Ж.Болдбаатар нь иргэн М.Бахетжанд байшинг худалдан авахаар тохиролцон үнэд 450,000 төгрөг шилжүүлсэн, иргэн М.Бахетжан нь байшинг Ж.Болдбаатарын эзэмшилд шилжүүлсэн байх тул  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д  “эд хөрөнгө  шилжүүлснээр гэрээ байгуулахаар  хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд  тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж тухайн гэрээний дагуу байшинг Ж.Болдбаатар нь эзэмшилдээ авсан гэж үзэхээр байна.

 

2004 онд орон сууцыг худалдаж авахдаа  Ж.Болдбаатар нь өмчлөлийн хувьд маргаантай гэдгийг нь мэдэх боломжгүй байсан бөгөөд 2008 онд хуучин байшинг нь нураан дахин шинээр байшин барьж байхад нэхэмжлэгч Д.Мөнхдалай нь өмчлөлийн талаар маргаан гаргалгүй  өнөөдрийг хүрсэн  зэргээс үзвэл   Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д  “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.” гэж заасны дагуу Ж.Болдбаатар нь тухайн эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэхээр байна.  

 

 Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д  зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу маргаан бүхий  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот хаягт байрлалтай,  хувийн орон сууцны өмчлөгч нь Ж.Болдбаатар болох нь тогтоогдож байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь 1969 оноос өнөө болтол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 162 тоот хаягт оршин сууж байгаа бөгөөд иргэн М.Бахетжан нь түүний өмчлөлийн буюу маргаан бүхий  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот хаягт байрлах орон сууцыг нь бусдад худалдсан, улмаар орон сууцыг нь Ж.Болдбаатар 2008 онд нураан шинээр барьж байгааг мэдсээр байж өөрөөр хэлбэл түүнийг өмчлөх эрх зөрчигдсөн  2004 оноос хойш мэдсээр байж эрхээ хамгаалуулахаар эрх бүхий этгээдэд  хандаж байгаагүй  болох нь тогтоогдож байна.

 

 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч  Б.Мөнхдалай нь  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа арван жил, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар хуульд заасан тул  өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалах хөөн хэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр түүний  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай, 57 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 19-ний  өдрийн 293 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

2 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй “хашаа байшингийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай, 57мкв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Болдбаатар болохыг тогтоосугай.” гэж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН