Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 293

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй, Ж.Болдбаатарт холбогдох    “Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”,”хувийн орон сууцны байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ж.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлтэй, Б.Мөнхдалайд холбогдох “хувийн орон сууцны байшингийн  өмчлөгч” болохыг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

              Нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1938 онд төрсөн, дээд боловсролтой, хүүхдийн их эмч  мэргэжилтэй, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 162  тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг

                                     Боржигон овгийн  Гомбын Банзрагч    

                                     регистрийн  дугаар:МЭ- 38010107

              Хариуцагч: Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1955 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 162 тоотод оршин суух хаягтай,тэтгэвэрт байдаг   

                              Боржигон овгийн  Жалбуугийн Болдбаатар    

                              регистрийн  дугаар: МЬ- 55012011

             Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

              Гэрч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 110 тоотод оршин суух хаягтай, Хилийн мэргэжлийн хяналтын албанд байцаагч  ажилтай   

                               Боржигон  овгийн  Мөнхдалайгийн Нармандах      

                               регистрийн  дугаар:ЦД - 66051468

                Гэрч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 110 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй 

                               Боржигон  овгийн  Чимэдийн Цэрэнчимэг     

                               регистрийн  дугаар:МЭ - 55011838

              Гэрч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 191 тоотод оршин суух хаягтай, 1 дүгээр цэцэрлэгт жижүүр  ажилтай  

                               Боржигон  овгийн Чээжүүний  Батмөнх       

                               регистрийн  дугаар:МЭ - 63050373

 Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар   оролцов.

                                                                            

Тодорхойлох нь :

       Нэхэмжлэгч: Б.Мөнхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ... Иргэн би өөрийнхөө эзэмшлийн газар байшингаа өмчлөх эрхтэй байгаа боловч Н.Болдбаатар нь чөлөөлж өгөхгүй байна. Болдбаатар нь ямар нэг хууль бус асуудлыг мөнгөөр шийдэх сонирхолтой хүн юм байна. Жишээ нь: Ямар ч бичиг баримтгүйгээр Бахетжанд 450.000 төгрөг өгөөд  миний мэдлийн 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших эрхтэй газар байшинг худалдаж авсан гэж худлаа хэлж хуйвалдаан зохиож 2004 оны 6 дугаар сард нүүн ирж өнөө болтол амьдарч байгаа болно.

               Ямар аргаар авсан нь мэдэгдэхгүй гэрчилгээндээ найдаж 2015 онд манай байшин хашааг худалдах зорилгоор дур мэдэн богино хугацаанд бага зэргийн засвар хийснээ шинэ байшин барьсан гэнэ. Уг гэрчилгээ нь хуурамч болох нь  нотлогдчихоод байхад түүнийгээ өмгөөлүүлэх гэж 350.000 төгрөг төлсөн зэргээс  харж болох байна.

               Ж.Болдбаатар нь миний эзэмшлийн газар байшинд 13 жил шахам амьдарч байгаа боловч ямар ч гэрээ хэлэлцээргүйн дээр түрээс төлбөр төлөөгүй болно. Анх нүүж  ирсэн тэр өдрөөс нь бид хашаа байраа хэнд ч зарж худалдаагүй гэдгээ ойлгуулж байсан.Тэр ч байтугай эхнэр хүүхэд нь  бидэнд газрынхаа бичиг баримтыг өг гэж тулган шаардаж байсан. Би газар байшингаа худалдаагүй тул өнөө болтол газрын гэрчилгээ надад байгаа юм.

               Эдгээр үндсэн баримт газар орон сууц нь  миний мэдлийнх болохыг улс, аймаг, сумын газрын албанаас шалгалтуудаар бүрэн нотлогдсон болно.

               Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар хөрөнгийн өмчлөлөө шийдвэрлүүлэх эрхээ эдлэхийг хүсч байна. Үүнд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/244 тоот  чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн 000612777 дугаартай гэрчилгээ мөн үл хөдлөх  эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000381157 дугаар бүхий гэрчилгээг иргэн Мөнхдалай миний нэр дээр хууль ёсны өмчлөгч гэж улсын бүртгэлийн Ү-1317001267 дугаарт бүртгэж олгосон болно. Эдгээр хууль ёсны  үндсэн баримтуудыг түшиглэж Ж.Болдбаатар гэдэг хүний хууль бус эзэмшлээс миний газар болон үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлүүлж өгнө үү! гэжээ.

 

              Нэхэмжлэгч:  Б.Мөнхдалайгийн нэмэгдүүлсэн  нэхэмжлэлийн шаардлага:

              Нэхэмжлэлийн үндэслэл:

                Иргэн миний бие 1969 оноос өнөө болтол тус сумын Буурийн гол хэмээх энэ газар нутагт амьдарч байгаа болно. Анх 1996 онд Улсын хэмжээнд хувийн эзэмшлийн газар орон сууцанд тооллого явуулж гэрчилгээжүүлж эхэлснээр Мөнхдалай миний нэр дээр одоогийн хаягаар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшин газарт 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших эрхтэй №001825 дугаартай гэрчилгээтэй болсон юм. Би энэ газар орон сууцаа хэзээ ч, хэнд ч худалдаагүй болно. 2002 онд энэ хашааны хажууд барьсан шинэ байшиндаа амьдрах болсноор хуучин байшинд минь орон байртай болтолоо түр суухыг хүссэн янз бүрийн амьдралтай хүмүүст туслах сэтгэлээр 5-6 айлыг суулгаж байлаа. Тэдний нэг Бахетжан гэдэг залуу нь 2003 онд “жирэмсэн эхнэрээ төртөл нь эмнэлэгт ойр баймаар байна, хороололоос явахад хэцүү юм, танай  сул байгаа байшин хашаанд түр сууя, сарын 15.0 мянган төгрөөөр бодож 150.000 мянган төгрөг өгье” гэхээр нь тохиролцоод зөвшөөрч суулгасан юм. Бэлнээр 120.000 төгрөгийг өгч үлдсэнийг нь 5 сард цувуулан арай ядан төлж дуусгасан. Бахетжан тэр үедээ ажилгүй манай байшинг худалдаж авах талаар ямар ч яриа байгаагүй. Гэтэл бид нарт огтхон ч хэл мэдэгдэлгүйгээр, одоо амьдарч байгаа Болдбаатар нь 2004 оны 6-р сард шөнөөр Бахетжаныг нүүлгэж өгөөд түүнтэй хуйвалдан үгсэн тохирч хуйвалдаж, манай хашаа байшинг худалдаж авсан гэж мөн  тэр шөнө нүүж орсон байсан. Бид тэр өдрөөс эхлэн энэ газар байшингаа хэн ч худалдаагүй шүү, манайд газрын бичиг баримт бүгд байгаа, та нар бичиг баримтгүй газар хашаа байшинг худалдаж авах ёсгүй ” гэж хэлдэг байсан ба 2005 онд бүр хэрүүл ч хийж үзлээ. Ж.Болдбаатар нь 2004-2015 онд манайд орж ирж үзээгүй. Хашаа байшингийн талаар юу ч хэлээгүй. Харин 2014 онд мөн л шөнөөр байшинг /орой нь/ буулгачихсан байсан болохоор бид “энэ айл 10 гаруй жил ямар ч үнэ, хөлсгүй суусан болохоор  байшинд минь засвар хийх нь, нэгэнт эвдүүлчихсэн байшингаа яаж засаж бүтэн болохыг нь харах нь зөв” гэж үзээд хэл яриа гаргалгүй  ажиглаж байлаа. Манай байшин одоо хуучин хундааман суурин дээрээ байгаа ба бага зэргийн өөрчлөлт хийчихсэн нь бидэнд төдийлөн таалагдахгүй байгаа. 2014 оны 8-р сард цөөхөн хоног хийсэн засвараа одоо бүр шинэ байшин барьсан гэж гүжирдэж байгаа нь луйварын аргаар өөрийн болгох гэсэн шуналын санаа юм. Надад 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших газрын гэрчилдгээ байгаа, түүнийгээ өмчилөхөөр хуулийн дагуу хөөцөлдөж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сумын Засаг даргын захирамжаар (А/125) гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000612777 дугаартай гэрчилгээ, үүнийгээ үндэслэн хуулийн дагуу Монгол улс, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртлгэл, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандснаар иргэн Мөнхдалай миний нэр дээр 57 мкв талбайтай хувийн сууцны зориулалтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004267 дугаарт бүртгэж 000381157 дугаартай гэрчилгээ олгосон болно. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байна. Миний хууль ёсны эзэмших эрхтэй газар, өмчлөх эрхтэй орон сууцанд ямарч хууль ёсны гэрчилгээ баримтгүй, залилан хуйвалдаж ирээд, улмаар дээрэлхэж луйвардаж өөрийн болгох гэж маргаан үүсгэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан н.Болдбаатарын асуудлаар 2017 оны  02 дугаар сарын 20-ны Захиргааны хэргийн шүүх хурал болж, маргаантай байгаа хашаа байшингийн өмчлөлийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохоор миний хавсаргасан баримт, нотолгоонуудыг үндэслэн иргэн Б.Мөнхдалай намайг жинхэнэ хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү ! гэжээ.

     

           Нэхэмжлэгч: Ж.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг  нэхэмжлэлдээ:

           Нэхэмжлэлийн үндэслэл:

        ... Миний бие эхнэр Ж.Батгэрэлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинг 576.2 мкв газрын хамт 2004 онд М.Бахтжан гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад Бахтжан гэдэг залууд газар, байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаа Сумын засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 мкв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан. Манайх энэ газар дээр байсан хуучин байшинг буулгаж / 30 жил болсон байсан/ шинэ байшин барьж 12 жил амьдарч байна. Эхнэр Ш.Батгэрэл нь 2012 онд нас барсан  ба би 13 настай өнчин хүүгийнхээ хамт үлдсэн.

            Улмаар миний бие хүнд өвчин тусч харвалт өгсөн ба хөдөлмөрийн чадвар алдалтаар группт гарсан. Цаашид өвчний байдал ямар ч байдлаар эргэх магадлалтай тул ганц хүүгийнхээ нэр дээр талийгаач ээжийнх нь газар эзэмших гэрчилгээг болгохоор хууль ёсны дагуу өв нээгдсэн үеээс нь хойш нотариатчид хандаж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан юм. 

             Гэтэл манайхтай олон жил айл явсан эхнэр, нөхөр болох Б.Мөнхдалай, Г.Банзрагч нар нь огт чимээгүй байж байгаад эхнэр нас барснаас хойш буюу 2016 оноос гэнэт “энэ газар чинь манай эзэмшлийн газар байгаа юм. Манайх 1996 онд энэ газар дээр гэрчилгээ авсан байсан” гээд хүү бид хоёрыг хөөж туух болсон.  Энэ байдлыг лавлахаар худалдаж авсан Бахтжанаас асуухад  “Би энэ газар байшинг тухайн үед Б.Мөнхдалай, Г.Банзрагч нараас худалдаж авсан. Намайг худалдаж авахад гэрчилгээгүй байсан” гэж байсан. Сүүлд зарсныг энэ хоёр мэдэж байсан. Яагаад ингээд байгаа юм бол” гэж гайхаж байсан. Гэтэл Б.Мөнхдалай, Г.Банзрагч нар гэрт дайран орж Засаг даргын захирамжийг үзүүлэн “газар эзэмших эрх манай нэр дээр шилжсэн тул одоо гар” гэж хөөх болсон. Энэ талаар миний бие огт мэдээгүй явсан ба одоо болтол надад албан ёсоор ирсэн бичиг байхгүй байна.

              Тэгээд миний бие газрын албан дээр очиж асуухад 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны хавьцаа канондож өгсөн.

             Дээрх хүмүүс ямар учраас 12 жилийн хугацаанд айл хөрш явж байхдаа энэ асуудлаар ярьдаггүй байсан байж эхнэрийг минь нас барж, намайг харвалт өгч хүнд өвчин туссан хойно гэнэт энэ асуудлыг сөхөөд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 1966 онд энэ газар өөр хүний нэр дээр байсан бол яагаад тухайн үед 2008 онд манай эхнэрийн нэр дээр захирамж гарч гэрчилгээ олгосон юм бэ? Сумын эрх мэдэлтэнгүүд болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтанууд нэг газарт давхардуулан газар олгосноор эцэст нь хүү бид хоёр орох оронгүй очих газаргүй үлдэх болчихоод байна. Дээрхи хүмүүс болон мөнхдалай нар нь газар эзэмших эрх өөрсдөд нь шилжсэн учраас энэ байдыг урвуугаар ашиглаж байшин өмчлөлтйн гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас  авсан ба захиргааны хэргийн шүүхэд хандсан ба захиргааны хэргийн шүүх “эхлээд байшингийн өмчлөлийн асуудал гарч байгаа тул иргэний шүүхээр шийдүүл” гэсэн.    Гэтэл үүний дагуу Мөнхдалай нь тус шүүхэд хандсан ба  миний зүгээс мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, 2-р хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгч нь хүү Б.Отгонбаатар болон миний бие болох Ж.Болдбаатар нар мөн болохыг тогтоож өгнө үү! гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ...гэв.

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: Г.Банзрагч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан  тайлбартаа:    

           ...1996 оноос 2056 он хүртэл 60 жил эзэмших газрын гэрчилгээтэй айл. Энэ айл 2004 онд ирсэн. 2003 онд нэг казак залуу танай сул байгаа байранд түр сууя” гэж жирэмсэн эхнэртэйгээ хоёулаа орж ирээд хорооллоос гэр орон хол байна эмнэлэгтээ ойртож байя” гэж биднээс зовлон тоочсон байдлаар хэлсэн. Би өөрөө эмнэлгийн хүн болохоор урьд нь хүн суудаг байсан болохоор тэр хоёртой сарын 150.000 төгрөгөөр тооцоод 150.000 төгрөгөөр харилцан ярилцаж тохироод суулгахаар шийдсэн. 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр үедээ байшинг зарах тухай огт яриагүй. Ингээд 2004 онд энэ айл тэр казак залууг бидэнтэй огт уулзуулахгүйгээр шөнөөр нүүлгээд өөрсдөө шөнөөр нүүж  /өөрөө бол байгаагүй/ ирээд орсон байсан. Бид Монгол ёсоо бодоод орсон Батгэрэл бага хүүхэдтэйгээ байсан “яагаад танайх энд ороод ирэв” гэхэд “манайх худалдаж авсан” гэхээр нь “бид худалдаагүй бичиг баримт нь манайд байгаа бичиг баримтгүй байранд яагаад танайх орсон юм танайх чүдэнзний ард байсан байшингаа яасан” гэхэд “бид тэр байшингаа зарсан” гэсэн бид тэхээр нь “та нар ямар ч бичиг баримтгүй хашаа байшингаа зардаг юм уу? танайх бүх юмаа бүрдүүлээд өгөө биз, тийм байхад ямар ч бичиг баримтгүй энэ байшинг худалдаж авсан гэдэг нь арай л худлаа байх тэр казак залуугаас худалдаж авсан гэдэгт ерөөсөө итгэхгүй байна нэг уулзья” гэхэд энэ Болдбаатар бидэн дээр огт орж ирдэггүй байсан 2016 онд маргаан үүсэхэд л нэг орж ирсэн бидэнтэй нэг ч уулздагүй хүн байсан харин Батгэрэл бол бидэнтэй тааралддаг байсан. Тэгээд би 2005 онд ерөөсөө “өмчлөх эрхтэй больё, шинэ гэрчилгээг нь хөөцөлдий” гэж бодоод кадастарын зураг хийлгэх гээд хүн авчраад хэмжилт хийлгэж байтал Батгэрэл охин Номинтойгоо гарч ирээд хөгшин бид хоёрыг загнаад “байшин хашааныхаа гэрчилгээг өгөхгүй, энд юу хийгээд байгаан” гэсэн тэгээд би албан ёсны шинэчилсэн гэрчилгээ авч албан ёсны өмчлөх эрхтэй баймаар байна гэхэд ирсэн хүнийг хойш нь татаад ингээд 2005 онд өмчлөх эрхтэй байсныгаа хойш нь татсан. Ингээд нөгөө казак залуутай уулзах хэрэгтэй юм байна, арай ч бас зарчаагүй байлгүй” гээд ерөөсөө итгээгүй. Тэгээд би Болдбаатартай бол уулзаж байгаагүй харин Батгэрэлтэй удаа дараа уулзаж бүр “Lemon” бааранд ажиллаж байхад нь хүртэл бид хамт тэр баар луу нь очиж хоорондоо ярьж “та нар гэрчилгээ байхгүй нилээд олон жил суулаа та нарыг 450.000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг чинь бодоод 3 жил за яахав манайх 150.000 төгрөгөөр жил суулгасан юм чинь ингээд 3 жилийн хугацаанд байя” гэж бодоод байгаа юм байлгүй гэж бодоод нөгөө бүсгүйд хэлж байлаа гэтэл Бахтжаан “гэрчилгээ байгаа гэсэн шүү дээ” гэсэн би юу яриад байгаан Бахтжан бидэн дээр нэг ч орж ирээгүй бичиг баримт нь бидэнд байхад арай ч та нар тэгж үзэж болохгүй ээ” гэсэн.  Тэгээд газар бол 60   жил эзэмших гэрчилгээгээ үндэслээд ингээд гарын албанд  хандаж байсан. Энэ айл зарна гээд 2014 онд зургаан хоногийн засвар хийсэн бид хажууд нь байсан гэтэл нэг өглөө л буулгаад эхэлсэн буулгасан гэж ярьдаг нь үнэн гэхдээ бүтэн буулгаагүй манай хуучин байшин суурин дээрээ хэвээрээ байгаа харин баруун тийш нь тэлж барьсан тэр нь үнэн ингэж засвар хийсэн тэр сунгасан хэсэгтээ л хундаам цутгасан байх манай байшин суурин дээрээ хэвээрээ байгаа харин ч манай байшингий материалыг буцаагаад ашигласан одоо ч байгаа ингэж засвар хийснийгээ бүтэн буулгаж шинээр барьсан гэж худлаа яриад байна. Энэ бол шинээр бариагүй манай башингийн суурин дээр манай материалаар барьсан. Харин залгасан хэсэгтээ шинэ материал ашигласан эсэхийг би үгүйсгэхгүй. Гэрчлэх хүн эхнэр Батгэрэл нь нас барсан, охин Номин нь Америкад байгаа ингээд гэрчлэх хүмүүс байхгүй байхад энэ хүн улаан цайм хувилдааны аргаар орж ирээд луйварын аргаар биднийг элэг барьж булааж авах гэсэн байдалтай байгаад их гомдолтой байна. Эднийх 2004 оноос 2016 он хүртэл 3 байшин бариад хоёрыг нь зараад машинтай болсон бид энэ барьсан байшиндаа орох бол уу гэж горьдоод байсан ороогүй. Бид эднийд туслаж байна буян үйлдэж байн гэж бодоод цаг хугацаа алдсан зүйл бий. Ж.Болдбаатар 2014 онд байшингаа засчихаад 2015 онд зарна гэсэн зар тавьсан байсан 99272600 гэсэн утсаар зарлал  тавьсан байхаар нь би өөрийгөө хэлэлгүй ярьсан /Номин Америк яваагүй байх үе/ тэгээд энэ байшингийн чинь бичиг баримт нь байгаа юм уу гээд тэгсэн Номин бичиг баримт байгаа гэсэн. Тэгээд бидэнд сонин санагдсан бидэнд газрын бичиг баримт байсаар байхад энэ айлд яагаад байдаг юм бэ? гээд ингээд энэ үеэс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Болор-Эрдэнэ гэж хүн дээр шууд ирээд зөвөлгөө авч шинэ кадастарын зураглал хийлгэхээр зураг хийдэг хүнийг авчраад байж байтал энэ хүн гарч ирээд та нар юу болж байна гэхээр нь шинэ кадастарын зураг хийлгэж байна гэж хэлсэн кадастарын зураг өдөртөө гарсан зургаа аваад Болор-Эрдэнэ дээр иртэл энэ хүн ирсэн байсан тэгээд маргаан үүссэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 08-наас өнөөдрийг хүртэл хугацаанд биднийг маш зовоож байна биднийг хууль ёсны гэрчилгээтэй байхад хууль бус гэрчилгээ аваад тэрийгээ далимдуулж засвар хийгээд зарах гэсэн. 

             Бидэнд албан ёсны гэрчилгээ байсан болохоор газрын албанд гэрчилгээгээ шалгуулсан тэгээд албан ёсоор Үүрийнтуяа даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 тоот захирамжаар хашааны газраа өмчлөх эрхээ олж авсан. Бидний бүх үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн болхоор бидэнд буруу байхгүй. Харин хувилдааны аргаар орж ирээд луйварын аргаар бас хажуудаа өмгөөлөгч авсан байгаагаараа түрий барьж алийг хойш нь татаж биднийг 2 жил гаруй самарч байна үүнд гомдолтой байна. Ер нь энд хэлсэн дээрээ хэлэхэд өмгөөлөгч хүн хуулийн дагуу л байна байх гэж бодож байна.

             Бидний гол зорилго энэ хүний хууль бус гэрчилгээгээр баталгаажуулах гэж бүр сүүлдээ бидний кадастарын зургийг хувилж аваад тэр сөрөг нэхэмжлэлтэйгээ өгсөн байна үүнийг буруу гэж бодож байна. Өөр бас бид үндсэндээ хуулийн дагуу бүх газар эзэмших гэрчилгээ, өмчлөх гэрчилгээтэй болсон учир биднийг хуулийн дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Тэр хууль бус гэрчилгээг аймгийн Газрын албаны хүний гарын үсэгтэй 2016 оны 04 дүгээр сарын 02–ны өдрийн 1/244 гэсэн тоот бичгээр газрын албанд өгсөн чиглэлд хууль бус гэрчилгээг хүчингүй болгох талаар тусгасан байгаа. Бидний хүсэлтийг хүлээн авч Ж.Болдбаатарын хууль бус эзэмшлээс газрыг маань чөлөөлж, хашаа байшингийн өмчлөгчөөр Б.Мөнхдалайг тогтоож  өгнө үү!...гэв.

 

               Хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ж.Болдбаатар шүүх хуралдаанд Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлийн хариу болон сөрөг нэхэмжлэлдээ гаргасан тайлбартаа :

       ..... Би энэ хүний хэлж байгаа шиг  янз бүрийн луйвар хийгээгүй ээ. Анх би 2004 онд чүдэнзний араас нүүж ирсэн. Охин маань сургуульд явах болоод өөрийн байшингаа зараад хүүхдээ сургуульд нь явуулсан. Тэгээд Буйрын голоор хашаа байшин сураглаж яваад Бахтжан гэж залууг бол би таньдаггүй байсан, тэгээд  тэр залуутай тааралдаад “би энэ байшинг зарах гэж байгаа юмаа” гэхээр нь үнэ хөлсөө тохироод авсан. Би өөрөө хөдөө ажилтай байсан болохоор эхнэртээ хэлээд, эхнэр маань намайг ирэхэд орсон байсан. Тэгээд тэр залуугаас газрын гэрчилгээ байгаа юу? гэхэд өмнөх хүн нь надад өгөөгүй, би таньд олж өгнөө” гэж хэлсэн. Бичиг баримтгүй гэдгийг мэдэж явж байгаад 2008 онд газрын бичигтэй болсон. Тэгээд тэр үед нь сайн мэддэггүй л байсан, манай эхнэр хөөцөлдөж явж газрын бичигтэй болсон. Тэгээд  газрын бичигтэй болсон юм чинь гээд байж байтал эхнэрийн бие өвдөөд, удалгүй өнгөрсөн. Тэгээд энэ хүмүүс гэнэтхэн л газрын бичиг гаргаад ирсэн. Манайх ийм газрын бичигтэй “буцааж авна” гээд ер нь байнга дарамтанд байлгадаг хашаа байшин луу хүн ч орж болдоггүй юу болж байна, яах гэж байна гээд түлээ мод буулгасан ч ирж хараад юу буулгаж байна, юу ачиж байна гээд байдаг. Хүний юманд байгаа юм шиг л байдаг. Би бол гомдолтой байна. Би энэ 2 хүнд буруу юм хийгээгүй  Би бол хуулийн дагуу амьдарч байгаа луйвардаж авсан зүйл байхгүй. Энэ 2 хүн Бахтжанд хашаа байшингаа зарсныг  Бахтжан ч  нотлож байгаа.  Газраа зарчихаад  сүүлд зараагүй гээд зарсан хүндээ бичиг  баримтыг нь өгөхгүй 10 гаран жил нуун дарагдуулчихаад одоо хүний газрын гэрчилгээг хүчингүй болгоно гээд дайраад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       ... Миний хүү Б.Отгонбаатар  гэдэг бид хашаа байшин худалдаж аваад  нэг жил болоод дараа нь буулгаж шинээр байшин барьсан. Байшин барьсан хүмүүс нь ч байгаа.  Хуучин байшингийн суурин дээр барьсан зүйл байхгүй. Хундаамыг нь барьсан хүмүүс маань цутгасан. Тэр байшин шургаагаар барьсан байсан. Энэ хүн намайг байшин бариад л зараад байдаг гэж хэлж байна. Би хүмүүст байшин барихад нь тусалж байснаас биш байшин барьж зарж байсан зүйл байхгүй. Хашаа байшингаа өөрийн болгож авмаар байна... гэв.

 

           Гэрч   М.Нармандах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

         ...Манай байшин урт байсныг богиносгож, өргөсгөж барьсан байгаа.Шургаагаар барьсан байшин. Манай байшингийн материалыг л ашиглаад барьсан байна лээ.

            Намайг уг байшинд  амьдарч байх үед найм орчим метрийн урттай, 2 залгаа байшин байсан... гэв.

           Гэрч   Ч.Цэрэнчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

      ... Хуучин байшинг бүрэн буулгаж 2 машин зах банз, яс мод зэргийг авч  байшинг шинээр барьсан. Шургаагаар барьсан байшин байсан хуучин байшингийн материалаас нээх ороогүй, мод нь хуучирч  ялзарсан байсан. Байшинг бүгдийг нь буулгаж, нарийн байсан  хундаамыг нь шинээр өргөсгөн би өөрөө цутгасан юм.  Байшинг бол шинэхэн барьсан юм аа...гэв.

           Гэрч   Ч.Батмөнх  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

        .... Уг маргаж буй байшин нь  30-50 жил болсон байшин байгаа юм. Би өөрөө тэнд өссөн хүн. Манай дүү худалдаж аваад амьдарч байгаад буулгаж шинээр барьсан Баатарын хөрөө рамаас зах банз материал авч барьсан, хуучин материалыг авч ашиглаагүй. Би өөрөө тэр байшинг барихад  нь туслаж байсан. Шургааган байшин байсан болохоор хуучин материалууд нь их муудсан байсан.  Ж.Болдбаатарын талийгаач эхнэр нь миний дүү байсан юм. Тэгээд тухайн үед байшинг барьж байхад би дүүгээ хуучин буурин дээрээ ирж байгаа юм байна даа л гэж бодож байсан. Байшин буулгаж, барьж байхад Б.Мөнхдалай  болон Г.Банзрагч гуай юу ч хэлээгүй...  гэв.

 

                      Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж                          

                                                          Үндэслэх нь:

 

             Б.Мөнхдалай нь Ж.Болдбаатарт холбогдуулан “Хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”,” байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ж.Болдбаатар нь Б.Мөнхдалайд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгч мөн болохыг  тогтоолгох”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан

        Хариуцагч Ж.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байгаа “байшингийн өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

        Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлийн тухай:

         Б.Мөнхдалай нь анх шүүхэд “Сүхбаатар 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшин газарт 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших эрхтэй №001825 дугаартай гэрчилгээтэй... Бахетжан гэдэг залуу нь 2003 онд ... сарын 15.0 мянган төгрөөөр бодож 150.000 мянган төгрөг өгье  гэж тохиролцоод...120.000 төгрөгийг өгч түр сууж байгаад... бид нарт огтхон ч хэл мэдэгдэлгүйгээр, одоо амьдарч байгаа Болдбаатар нь 2004 оны 6 дугаар сард шөнөөр нүүж орсон байсан. Бид тэр өдрөөс эхлэн энэ газар байшингаа хэн ч худалдаагүй шүү, манайд газрын бичиг баримт бүгд байгаа, та нар бичиг баримтгүй газар хашаа байшинг худалдаж авах ёсгүй ” гэж хэлдэг байсан...Надад 1996-2056 он хүртэл 60 жил эзэмших газрын гэрчилгээ байгаа, түүнийгээ өмчилөхөөр хуулийн дагуу хөөцөлдөж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сумын засаг даргын захирамжаар (А/125) гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000612777 дугаартай гэрчилгээ, үүнийгээ үндэслэн хуулийн дагуу Монгол улс, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртлгэл, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандснаар иргэн Б.Мөнхдалай миний нэр дээр 57 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1217004267 дугаарт бүртгэж 000381157 дугаартай гэрчилгээ авсан”  гэснээр Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 161 тоот хашаа байшин,  газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дээрх байшингийн өмчлөгч нь Б.Мөнхдалай болохыг тогтоолгохыг хүсчээ. 

      Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: ... 1996 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Буурын гол, Баянхааны 4 дүгээр баг, 9 дүгээр хэсэгт Б.Мөнхдалайд 956 мкв талбайг “орон сууц, хашаа, хүнсний ногооны талбай” гэсэн зориулалтаар  60 жил эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 23-нд мөн Б.Мөнхдалайд 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоотод гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбай бүхий газар олгосон, уг гэрчилгээний дагуу  2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх газарт байршилтай 57 мкв талбай бүхий хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг Б.Мөнхдалайгийн нэр дээр гэрчилгээ олгосон байна.

       Гэтэл Сүхбаатар сумын 4 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, 161 тоот хаалга  гэсэн 2007 онд бүртгэлтэй байсан газрын байршлын кадастрын зургын дагуу  Сүхбаатар сумаас 2008 оны 02 дугаар сарын 18-нд Ж.Болдбаатарын эхнэр Ш.Батгэрэлд №0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү нэг газарт гурван гэрчилгээ давхардуулан олгогдсон байгаа асуудлаар зохигчид захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлж байгаа ба уг газрын асуудлаар гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас “газар чөлөөлүүлэх” гэсэн шаардлага нь захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа болох нь хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон тул Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй Ж.Болдбаатарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дээрх маргаан бүхий газрын гэрчилгээг давхардуулан олгосон, хэнд олгогдсон газрын гэрчилгээ нь хуулийн дагуу хүчинтэй болох нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг байна. 

        Б.Мөнхдалай нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэгт, 161 тоот байшингийн өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгохыг хүссэн байна.

        Б.Мөнхдалай нь 1969 оноос өнөө болтол тус сумын Буурийн гол хэмээх газарт  амьдарч байгаа  бөгөөд өөрийн хуучин хашаа байшингийнхаа  хажууд шинэ хашаа байшин барьснаар 2002 онд  шинэ байшиндаа амьдрах болсон байна.

         Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Банзрагч нар нь “ хашаа байшингаа хэн ч, хэзээ ч худалдаагүй, хуучин байшинд минь орон байртай болтлоо түр суухыг хүссэн янз бүрийн амьдралтай хүмүүст туслах сэтгэлээр  5-6 айлыг суулгаж байсан... Бахетжан гэдэг залуу нь байшин хашаанд түр сууя, сарын 15.0 мянган төгрөөөр бодож 150.000 мянган төгрөг өгье” гэхээр нь тохиролцоод ...120.000 төгрөгийг өгч үлдсэнийг нь 5 сард цувуулан арай ядан төлж дуусгасан...Гэтэл бид нарт огтхон ч хэл мэдэгдэлгүйгээр, одоо амьдарч байгаа Болдбаатар нь 2004 оны 6 дугаар сард шөнөөр Бахетжаныг нүүлгэж... өөрсдөө орсон байсан... Би талийгаач эхнэртэй нь уулзаж, манай байшин гэдгийг хэлж байсан, 2014 онд мөн л шөнөөр байшинг /орой нь/буулгачихсан байсан болохоор бид “энэ айл 10 гаруй жил ямар ч үнэ, хөлсгүй суусан болохоор  байшинд минь засвар хийх нь, нэгэнт эвдүүлчихсэн байшингаа яаж засаж бүтэн болохыг нь харах нь зөв” гэж үзээд хэл яриа гаргалгүй ажиглаж байлаа... байшингийн талаар маргаан гаргаж л байсан. Гэхдээ хуулийн байгуулага гэж яваагүй. Энэ хүмүүст тус болох л гэж явсны эцэст ийм боллоо...” гэсэн тайлбар гаргажээ.

        Харин хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан М.Бахтжаны мэдүүлэгт “...би  Сүхбаатар сумын Буурын голын 4 дүгээр багийн 3 дугаар хэсгийн / хуучнаар/ 161 тоотод байрлах  хашаа байшинд 2003 оны 04 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар хүртэл 1 жил гаран амьдарсан. Би тэр хашаа байшинг түрээсэлж байгаагүй, худалдаж авсан юм. Тухайн үеийн ханшаар 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр үед 20 гаруйхан настай байсан. Надад зарсан хашаа байшингийнхаа хажуу хашаанд өөрийнх нь гэр орон байсан болохоор итгээд л худалдаж авсан...Би ганцаараа Б.Мөнхдалай гуайн гэрт орж эхнэрийг нь байхад мөнгөө өгч байсан. Б.Мөнхдалай гуай “газрын гэрчилгээ аваагүй, чи өөрөө хөөцөлдөөд аваарай” гэж байсан. Дараа нь 2004 оны 6 дугаар сард  байшингаа 450.000 төгрөгөөр худалдаж, тэр мөнгөөрөө 60 айлд найз Мөнхбаатараасаа хашаа байшин худалдаж авсан. Манайх тэр хашаа байшинд 1 жил гаран болсон. Ж.Болдбаатарынх 12 жил гаруй амьдарч байхад юу гэж Б.Мөнхдалай гуай хашаа байшиндаа хүн зүгээр суулгах юм бэ?

     Тухайн үед 7х4 харьцаатай шургааган, урд талдаа 4 цонхтой, зүүн талдаа цонхгүй, баруун талдаа битүү, урд талдаа цонхгүй, залгаа байхгүй урт чигээрээ байшин байсан...хашаа нь хоёр хажуу талдаа айлтай, хойд талдаа хашаа байхгүй, урд талдаа муу сараалжин хашаа байсан. Би банз худалдаж авч, хойд тал болон урд талаа нөхөж хашаа барьсан...Хэрвээ маргаж буй хашаа байшин Б.Мөнхдалай гуайн өмч хөрөнгө байсан бол намайг хашаа байшинг зараад нүүдэл, суудал хийж байхад яагаад маргаан гаргаагүй юм бэ?  Б.Мөнхдалай гуайнх маргаан бүхий хашаа байшингийн хамар хашаанд амьдарч байсан бүгдийг харж, мэдэж байсан. Би аймгийн холбоонд Б.Мөнхдалай гуайн хүргэнийх нь ахтай цуг ажилладаг байхад намайг хаана ажиллаж амьдардагийг нь мэдэхгүй гэж ярьсан байна лээ...” гэх мэдүүлэг, хэргийн 68 дугаар хуудсан авагдсан Ц.Отгонбаярын “... Би 2004-2008 онд Буурын голын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Намайг засаг даргаар ажиллаж байхад одоогийн маргаад байгаа хашаанд Б.Мөнхдалай гуай  амьдардаг байсан. Тэгээд  хажуу талдаа шинээр газар аваад өөрсдөө тусдаа хашаа байшин бариад тэндээ орж амьдрах болсон.  Миний мэдэхээр маргаан бүхий хашаа байшинд эхлээд Өлзий гэдэг айл байсан, дараа нь аймгийн холбоонд ажилладаг М.Бахтжан гэдэг залуу байж байгаад Ж.Болдбаатарынх орсон. Н.Өлзий нь түрээслэн сууж байсан. Харин Бахтжан түрээслэсэн үү, худалдаж авсан уу гэдгийг мэдэхгүй. Харин М.Бахтжанаас Ж.Болдбаатарынх худалдаж авсан гэдгийг Ж.Болдбаатарын талийгаач эхнэр Ш.Батгэрэл нь надад хэлж байсан... 2007 онд газрын өмч хувьчлалын бүртгэл явагдсан. Энэ үеээр газрын албанаас кадасртын хүмүүс ирж айл өрхүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээг хэмжиж бүртгэл хийсэн. Иймд энэ 2 айлууд тус тусдаа бүртгэлд орсон байгаа ...” гэх мэдүүлэг, хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан Сэлэнгэ аймгийн Газрын албанаас ирүүлсэн “Иргэн Жалбуу овогтой Болдбаатарын /МЬ55012011/ -ийн 2007 онд бүртгэлтэй байсан  газрын байршилын кадастрын зураг”  зэрэг нотлох баримтуудаас  үзэхэд  Ж.Болдбаатарынх маргаж буй хашаа байшинг М.Бахтжанаас худалдан авч 2004 оны 6 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд 2014 онд уг байшинг шинэчлэн барьсан болох нь тогтоогдож байна.   

             Харин нэхэмжлэгч Б.Мөнхдалай болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Банзрагч нар нь 2004 оны 6 дугаар сараас хойш өөрийн өмч хөрөнгө нь бусдад худалдагдсан, бусдын эзэмшилд байгаа, мөн өмч хөрөнгийг нь буулгаж, зохион байгуулалтыг нь өөрчилж, өөрсдийн эрхийг зөрчиж байгааг мэдсээр байж энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, өөрийн өмч болохыг баталгаажуулахаар холбогдох байгууллагад хандаж байгаагүй, харин 2016 оны 04 дүгээр сард  шүүхэд “байшингийн өмчлөл тогтоолгохоор” хандаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил”, мөн хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”  байхаар хуульд заасан байхад дээрх хугацаанд өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар нэхэмжлэл гаргаагүй байгаа байна.

              Б.Мөнхдалайд Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай 57 мкв талбайтай хувийн орон сууны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004267 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон  нь 2016 оны 04 дүгээр сард  шүүхэд “байшингийн өмчлөл тогтоолгохоор” маргаан үүссэн, уг хашаа байшинд Ж.Болдбаатарынх 13 жилд амьдарч байгаа болох талаар судлаагүй гэрчилгээ олгосон  нь учир дутагдалтай болсон байна.

            Дээрх баримтуудаас дүгнэхэд: Ж.Болдбаатар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай 57 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон байх тул Ж.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,         Б.Мөнхдалайгийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай 57 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Б.Мөнхдалайгийн “газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдын эзэмшилээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гарган Б.Мөнхдалайд буцаан олгож, “ Хашаа байшингийн өмчлөгч болохыг” тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд төлсөн  70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.Болдбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний  Хэрэг  Шүүхэд  Хянан  Шийдвэрлэх  Тухай  Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 , 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг  тус тус  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Б.Мөнхдалайн нэхэмжлэлтэй Ж.Болдбаатарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.   Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Б.Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй “хашаа башингийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардплагыг хэрэгсэхгүй болгож, “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 161 тоот хаягт байршилтай 57 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Болдбаатар болохыг тогтоосугай.

3.  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн “газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдын эзэмшилээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагад төлсөн  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гарган буцаан олгож, “Хашаа байшингийн өмчлөгч болохыг” тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.Болдбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

8. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ