Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

2021       11          08                                         2021/ШЦТ/324

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /онлайн/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Энхболд /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алтайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Нт холбогдох 1921006290023 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 06ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, .................. овогт Н /РД: ..................../

 

Шүүгдэгч Н нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт Норт бенз маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, 10.1-т заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалт, 23.1-т заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаагүйн улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Б.Н унаж амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

    Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаашид хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байх болно. Би хохирогчийн ар гэрийнхэнд 9 сая төгрөгийг өгсөн. Мөн хохирогчийн ар гэрийхэнд нэмж 3 сая төгрөгийг өгөхөөр тохиролцсон байгаа. Маш их харамсаж байна...” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “...Энэ шүүх хуралдаанд яагаад автомашины жолооч нь оролцож байгааг гайхаж байна. Цэргийн ангийнхан нь оролцох ёстой байсан юм. Би шүүгдэгч Нт гомдолгүй. Харин прокурор С.Алтай болон цэргийн ангийнханд гомдолтой байна...” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 95............. дугаараас над руу залгаад “Та Н-ын аав мөн үү?  уучлаарай, гэнэтийн юм болчихлоо, та яаралтай Дорнод аймагт ирэх хэрэгтэй байна. Танай хүү нас барчихлаа” гэж хэлсэн. ...Би Дорнод аймагт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө ирээд цэргийн анги удирдлагатай уулзахад гэнэтийн юм болоод нас барчихлаа гэж хэлээд өөр зүйл яриагүй. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон миний хүүгийн ажил явдлыг гаргасан. ...Хүмүүсийн сургаар бол хүний өвс хадлангийн ажилд яваад машинд дайруулж нас барсан талаар сонссон...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө цаг сайн мэдэхгүй байна. Машины ачаан дээр суугаад урагшаа явсан. Эхний 100 гаран боодол өвсийг талийгаач Н болон Б, Н, О бид нар машины ачаан дээр ачаад Б, О бид нар түрүүлээд ачаан дээр гарсан. Тэгээд талийгаач Н машины ачаан дээр гараад ачааны урд талын зүүн хэсэгт сууж байгаа харагдсан. Миний хоолой өвдөөд би дээш хараад хэвтэж байсан юм. Тэгсэн ... “Н-аа” гээд орилохоор нь босоод харсан чинь Н машины ачаан дээрээс буухаар нь араас нь дагаад буусан чинь Н жолоочийн талын хойд дугуйнд толгой хэсгээрээ дайруулсан ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...Н нь чиргүүлийн урд хэсгийн өндөрлөгөө хамгаалалтын тэнд сууж байгаа харагдсан. Яагаад унасан талаар ямар нэг зүйл мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 39-40/

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд бид нар эхний өвсөн дээр очиж зогсоод машины тэвш дүүртэл 1 үе өвс ачсан. Ингээд холоос нь эхлээд ачъя гээд хамгийн цаад талд байсан 2 хэсэг нуруулдаж хураасан өвс рүү яваад өвсний цаад тал руу гараад эргэж байтал О, М нар гэнэт машины жолоочид зогсоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь Н машины ачаан дээр байхгүй байсан. Тэгээд машин шууд зогсоод бид нар буугаад харсан чинь Н ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...Б бид хоёр Н-ыг харах боломжгүй буруу хараад сууж байсан. ...яагаад унасан талаар мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 41-43/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өвсний голоор орох үйлдэл хийж байтал жолооч залуу “Өө п.... нэг нь ойччихлоо” гэж хэлээд машиныг зогсоож машинаас буусан. Тэгэхэд нөгөө хаалган талд суусан ахлагч нь бас жолоочийн араас үсрээд буусан. Ингээд араас нь буухад жолооч залуу “Би хүн алчихлаа” гэж хэлээд орилж бахирсан. Мөн ачаан дээр үлдсэн 4 цэрэг нь бас уйлж орилж бахиралдаад бөөн юм болсон. Ингээд харсан чинь жолооч талын хойд талын дугуйнд нэг цэрэг нь толгой хэсгээрээ дайруулсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 52-54/

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар гэрийн гаднаас урагш хөдлөөд өмнөх өдөр ачиж байгаад үлдсэн өвсөө ачиж дуусгаад тэндээсээ хөдлөөд 2 хэсэг газарт нуруулдаж хураасан өвс рүү очиж, өвсний голоор орж зогсох гээд эргэх үйлдэл хийж байхад манайхнаас нэг нь Н-аа гэж орилсон тэгэхэд машин зогссон. ...Н нь бид нараас зайдуу ганцаараа өндөрлөгөө төмрийн ойролцоо жолооч тал руу захдуу сууж явсан. Би Н-ыг машинаас унах үед харж чадаагүй гэнэт л нэг нь орилсон. Тэгээд харахад Н машины ачаан дээр байхгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 55-56/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот “Нын биеэс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот дүгнэлтэд:

1. Б.Н-ын цогцост гавлын хэлбэр алдагдсан байдал, гавлын орой суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны урагдал, их болон бага тархины эдийн няцрал, бяцрал, баруун нүд алимнаас мултарсан байдал, хамар болон баруун хацрын ясны үйрч бяцарсан хугарал, хуйхны зулай болон дагз хэсгийн цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, хуйхны зулайн орой хэсгийн няцарсан шарх, духны зулгаралт болон цус хуралт, баруун шанаа, баруун чамархайн зулгаралт, баруун чихний дэлбэн болон баруун зовхи орчмын няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.3.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал авто машинд дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4.Дээрхи гэмтлүүдийн гавлын хэлбэр алдагдсан байдал, гавлын орой суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны урагдал, их болон бага тархины эдийн няцрал, бяцрал, баруун нүд алимнаас мултарсан байдал нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацрын ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

7. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй.

8. Талийгаач В 3 бүлгийн цустай байна” гэжээ. /1-р хх-ийн 102-103/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд:

1. “Жолооч Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ”, 23.9.б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй ... хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч Б.Н нь мөн дүрмийн 6.2.б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж ... явахыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн хэдий боловч зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй.

2.  Жолооч Н нь хөдөлгөөн эхлэхийн өмнө осол үүсгэхгүй байх бүх нөхцөл болон зорчигч нь аюулгүй байдлаа хангасан эсэхийг шалгаагүйн улмаас осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

3. 4. Хэрэг ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн Норд бенз маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна гэжээ. /1-р хх-ийн 112-113/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-22/

Зам тээврийн ослын хэргийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 23/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 24/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-31/

Нын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51, 137-138/

М.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 56/

А.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/

З.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73/

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 146-149/

Амь хохирогч Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 155/

“Урлаг урлан” МСҮТ-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 156/

Б.Н-ын нийгмийн даатгалын дэвтэр, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 157, 160/

Ц.О-ны гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 158-159, 161-164/

Б.Б-ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 165-169/

Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 170/

Б.Б нь амьжиргааны түвшнээс доогуурт багтсан тухай баримт /1-р хх-ийн 172/

Б.Н-ын сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 173-182/

Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 185/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хх-ийн 186/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол, тэтгэмж олгосон баримтууд /2-р хх-ийн 225-246/

Шүүгдэгч Нын өмгөөлөгч М.Энхтуяагаас гаргаж өгсөн 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 219/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Нт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай эс үйлдэхүй байх бөгөөд уг эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Боржигин овогт Н нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт Northbenz маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, 10.1-т заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх, 23.1-т заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаагүйн улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Б.Н унаж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Нын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Э.М, Н.Н, Б.Б, М.О нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Н-ын нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон болох нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ............. овогт Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Нт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Нт гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Нын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилээр тогтоов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Наас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь Н нь 69 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  шүүгдэгч Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг өршөөн хассугай.  

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

   6. Эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н нь 69 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт хүргүүлсүгэй.

 

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА