Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 Г.Ц, Ц.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Ндаргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Н.Энхнаран

Прокурор                                                         С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч               Б.Б

Өмгөөлөгч                                                        Т.Энхболд

Шүүгдэгч Г.Ц-нөмгөөлөгчид                             Д.Галтогтох

                                                                           В.Давааням

Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч                              М.Энхтуяа

Шүүгдэгч                                                            Г.Ц

Шүүгдэгч                                                            Ц.Н нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Г.Цтүүний өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ц, Ц.Н нарт холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 04 дүгээр сарын 06ы өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Б овогт Ц.Н. Урьд

- Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1975 оны 08 дугаар сарын 17ы өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Б овогт Г.Ц.

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт Норт бенз маркийн _______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, 10.1-т заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалт, 23.1-т заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаагүйн улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Б.Нунаж амь нас нь хохирсон,

шүүгдэгч Г.Цнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27.4-т заасан “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэх заалт, 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх заалт, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт байлдагч Б.Ннь өвс зөөвөрлөх ажил хийж байгаад Норт бенз маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл Г.Цнь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ц.Ныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Ц-г хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Ц.Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг,

шүүгдэгч Б овогт Г.Ц-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжлэлээс  Б.Б-ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх гэм хорын төлбөр 3,319,884 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн цаашид 25 жил ажиллаж олох байсан цалин орлого 102,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ц.Н, Г.Цнараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бт шүүгдэгч Ц.Н 3,750,000 төгрөг, Зэвсэгт хүчний жанжин штаб 31,152,760 төгрөг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги 16,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,  

 - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц, Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Г.Цнадад 2 жилийн хорих ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах гомдлыг гаргаж байна.

Намайг 2020 оны 10 дугаар сарын сүүлээр аймгийн цагдаагийн газраас дуудсан. Ямар учиртай юм бол гэж бодоод ангийн захирагч Т.Т-ээс асуухад “таныг гэрээнд гарын үсэг зурсан учраас тань дээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм байна лээ. Та очоод миний буруу гээд хэлчих. Гол буруутай хүн нь том машины жолооч. Тийм болохоор танд ял энээ тэрээ оноохгүй, тэнсэнтэй юм билээ. Нас барсан цэргийн аавд нь ангиас хохирол мөнгийг нь өгчихсөн, таниас мөнгө төгрөг нэхэхгүй, аав нь гомдолгүй гэсэн. Та буруутай гээд хэлчихвэл энэ хэрэг ингээд хаагдана. Ангийн нэр хүнд ч гараад янз бүр болохгүй” гэж хэлсэн. Би тухайн үед ангийн захирагчийн үгэнд итгэсэн. Бас 10-аад жил ажилласан 327-р ангийн нэр сүрээ ч бодсон. Тэгээд цагдаа, прокурор дээр ирэхэд хялбаршуулсан журмаар шийдээд 1 жилийн тэнсэн авах боломжтой гэж хэлж байсан. Бүгд тэгж яриад байхаар нь санаа зовоогүй. Надаас өмгөөлөгч авах уу гэхэд нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд мөрдөгчийн хэлснээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлье гэсэн хүсэлт бичиж өгөөд прокурортой уулзахад 1 жилийн тэнсэн өгнө гэхээр нь зөвшөөрсөн.

Энэ хэргийн нарийн ширийн зүйлийг ч сонирхоогүй, танилцаагүй. Сүүлд цагдаагаас дуудаад хоёр зүйл дээр гарын үсэг зуруулсан. Юу байсныг нь одоо санахгүй байна. Ингээд намайг шүүх рүү шилжүүсэн. Шүүх дээр ирэхэд долоо хоногийн дотор шүүх хурал чинь болно гэж байсан. Гэвч шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээ больсон гэж мэдэгдсэн. Би энэ талаар ангийн захирагчид хэлэхэд шүүх хурал болохоос 3, 4 хоногийн өмнө намайг дуудаад “Батболд өмгөөлөгч манай ангийн өмгөөлөгч байгаа юм. Таньтай хамт шүүх хуралд орно, ангиас үнэ хөлсийг нь өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Миний хувьд Батболд өмгөөлөгчийг өөрөө сайн дураараа сонгож, гэрээ байгуулсан зүйл байхгүй. Шүүх хурлын өмнө Батболд өмгөөлөгч надтай уулзаад “та хурал дээр миний буруу, би гэрээнд гарын үсэг зурсан, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээрэй. Тэгвэл 1 жилийн тэнсэн өгөх боломжтой шүү” гэж хэлсэн.

Ингээд шүүх хуралд ороход шүүгч болон Энхболд өмгөөлөгч хоёр намайг “та ямар учраас буруутай юм бэ? Танд ямар үүрэг байсан бэ?” гэсэн утгатай асуулт асуугаад байсан. Би энэ хэргийн нарийн учрыг мэдэхгүй, хадлан дээр ч байгаагүй болохоор мөн та шүүх хурал дээр “би буруутай гэж хэлээрэй” гээд байсан болохоор янз бүрийн олон асуултанд хариулж чадаагүй. Тийм болохоор би өөрийгөө буруутай гэж хэлэхээс өөр юм хэлж чадаагүй. Тэгсэн чинь Алтай прокурор “яагаад хариулж чадахгүй байгаа юм бэ” гээд намайг загинаад байсан. Тэгсэн чинь шүүхээс надад 2 жилийн хорих ял өгсөн. Би ийм ялтай гэж бодоогүй.

Хамгийн гол нь том машины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж чиргүүл дээр цэргүүдийг суулгаснаас болж нэг цэрэг нас барсан болохоор би өөрийгөө нэг жилийн тэнсэнтэй юм байна л гэж ойлгож ирсэн. Би өөрийнхөө ажиллаж байгаа ангийнхаа нэр хүндийг бодоод, ангийн захирагчийн үгэнд ороод хэрэг хүлээсэндээ харамсаж байна.

Иймд би одоо бүх үнэнийг хэлье гэж бодож байна. Би “Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019.09.10-ны өдөр байгуулаагүй. Хэрэг гарч цэрэг нас барсан өдөр буюу 2019.09.18-ны өдөр намайг эхнэртэйгээ хоол идэх гээд явж байхад ангийн захирагч Т.Танги дээр хүрээд ир гэж дуудсан. Анги дээр очиход ангийн захирагч болон зарим албан хаагч нар байсан бөгөөд ангийн захирагч дээрх гэрээг гаргаж ирээд намайг гарын үсэг зурчих гэсэн. Би юу болсон талаар асуухад “Бийн хадлан дээр ажиллаж байсан нэг цэрэг нас барсан байна. Тийм болохоор цэрэг авч явсан өдрөөр гэрээ байгуулах ёстой юм байна.” гэж хэлсэн. Би янз бүрийн юм бодолгүй, уншилгүй тэр гэрээн дээр нь гарын үсэг зурсан.

Би тус 327-р ангид орон сууцны байцаагчаар буюу арын албанд ажилладаг энгийн ажилтан юм. Манай анги нийт 8000 гаруй малтай. Малын хэрэгцээнд зориулж жилд багадаа 6000 боодол өвс бэлтгэдэг. Манай анги өөрсдөө хадлангийн техникгүй учраас хадлангийн салаануудтай тохиролцож ажиллах хүч буюу цэрэг өгч ажиллуулан оронд нь өвс авдаг байсан. Жил бүр л ийм маягаар ажиллаж ирсэн. Үүний дагуу Чойбалсан сумын иргэн Бтай уулзаж нэг цэргийг өдрийн 40,000 төгрөгөөр тооцон ажиллуулж оронд нь өвс авахаар болсон. Тухайн үед Б болон Булган суманд хадлан хадаж байсан Нямсүрэн нарт 5, 5 цэрэг өгч ажиллуулан оронд нь өвс авахаар амаар тохиролцсон. Сүүлд байгуулсан “Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ”-г Булган суманд хадлан хадсан Нямсүрэнтэй байгуулаагүй, цэрэг нас барсан болохоор л Бтай сүүлд нөхөж байгуулах шаардлага гарсан байх гэж бодож байна.

Миний хувьд хөдөлмөр хамгааллын ажилтан биш, би тухайн осол болсон газар байгаагүй, цуг яваагүй ба хадланд гарсан цэргүүдийн амь нас, аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээгээгүй. Би цэргүүдийг байтугай тэднийг хариуцаж явсан ахлагч нарын нэрийг ч мэдэхгүй. Ангийн захирагчтай уулзаад хадланд 5, 5 цэрэг, 1,1 ахлагч ажиллуулна гэсэн тоог л мэдэж байсан. Нэг ёсондоо би мал аж ахуйд хэрэглэх өвс бэлтгүүлэхийн тулд хадлангийн салаа болон 327-р анги, ангийн захирагчийг л хооронд нь холбож өгсөн. Түүнээс биш тухайн Бийн хадлангийн салаа нь надтай ямар ч хамааралгүй бөгөөд миний хадлангийн салаа биш юм.

Хадлангийн ажилд харамсалтайгаар амь насаа алдсан цэргийн аюулгүй байдлыг Б болон 327-р анги хоёрын хэн нь хариуцах ёстойг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хувьд хадланд гарсан цэргүүдийн аюулгүй байдал, амь насыг хариуцах талаар ямар ч үүрэг хүлээгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хуулийн дагуу үнэн мөнөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдаж ялыг хөнгөрүүлэх талаар санал тавьж өргөдөл бичиж байна. Ялтан Н түүний өмгөөлөгч М.Энхтуяа бид хэргийн талаар маргадаггүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

Мэдээж жолооч хүн тээврийн хэрэгсэлтэй харьцаж жолоодож буйн хувьд хууль дүрмийн дагуу аюулгүй байдлыг хангаж хянаж, шалгаж, шаардаж цэргүүдийг буулгаагүй алдаа хийсэн буруугаа хүлээж үнэхээр харамсаж, түүний аавын сэтгэлийг сайн ойлгож байна.

Яг үнэндээ би хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэхээр тохирч, хадсан өвс тээвэрлэх ажил үүргийг амаар тохиролцсон гэрээний дагуу ажлын талбар дээр гүйцэтгэж явсан хүн гэдэг Нын ойлголт, тайлбар зөв. Нтай цэргийн ангиас харьцаагүй. Б л “ах нь хэдэн цэрэг цэргийн ангиас авч ажиллуулж байгаа чи яваад өгчих хоног хугацаа алдвал ах нь хоног тутам мөнгө урсаад байна” гэж гуйж байж ажиллуулсан. Миний хувьд хүний тэрэг барьж ирээд буцах гэж байхад Б гэдэг хүн таарч гуйсаар байсан. Машины эзэн Дорноговьд ажил байгаа, тэрэнтэй яриад хариу хэлнэ гээд 24 цаг хүлээлгэсэн. Энэ хооронд аргагүй гуйгаад байсан болохоор зөвшөөрсөн юм. Б надад тээврийн хөлс өгөх байсан. Тэр хүн цэргийн ангитай, цэргүүдтэй яаж тохирсон болохыг мэдэхгүй. Тэр осол гардаг өдөр хоёр хураасан өвсний хооронд ойртоод салхины эсрэг хараад зогсоод өгчих гээд цэрэг ахлагч нар нь хэлээд, ахлагч нь цэргүүдийг машин дээр сууцгаа гээд өөрөө кабинд орж ирсэн. Тэгээд л хоёр өвсний голоор орох гэж тойруу мушгиад ороход л толинд цэрэг унаж байгаа харагдсан гэдэг.

Бүхэл бүтэн хадлангийн ажилд цэрэг авч ажиллуулж байгаа нь ч, цэргээ өгч ажиллуулж байгаа нь ч тэр хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж зааварчилгаа өгч, түүнийгээ хэрхэн биелүүлж байгааг хянаж, шаардаж аюулгүй ажиллах ажиллагаа хэвшүүлэх, мөрдөж ажиллах л ёстой. Тиймээс цэргийн амь нас, аюулгүй байдлыг цэргийн ангийн зүгээс хариуцах л ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Харин чухам хэн нь хариуцах ёстойг мэдэхгүй.

Би өөрийнхөө  буруугийн төлөө хариуцлага хүлээх ёстойгоо бүрэн ухамсарлаж байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хэлэлцэнэ гэж шийдэж, ноогдох хуулийн хариуцлагын талаар ч тодорхой болсон гэж ойлгож байсан болохоор  шүүхээс өгсөн ялд цочирдсон боловч хуулийн хүрээнд шийдэж байгаа учир гомдоод байх юу байхав. Гэхдээ ар гэрт хоёр нялх хүүхэдтэй эхнэр үлдсэн болохоор хуулийн хүрээнд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Д.Галтогтох 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/34 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дэх “...шүүгдэгч Г.Цнь аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4, 28.1.3, 28.1.8-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон болох нь Дорнод аймгийн Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 001 тоот ... дүгнэлт, гэрч Т.Т-ийн мэдүүлэг, аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул... Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг ... үйлдсэн гэм буруутайд тооцож...” гэсэн дүгнэлтийг ЭХХШТ Хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нэг гол шинж нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл”-ээр үүрэг хүлээсэн этгээд буюу эрх бүхий тусгай субъектын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан байхыг шаарддаг.

Хохирогч Б.Ннас барсан энэхүү хэргийн хувьд авч үзвэл Г.Цнь  амь хохирогчийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл /гэрээ/-ийн дагуу хариуцахаар үүрэг хүлээсэн этгээд биш юм.

Анхан шатны шүүх Дорнод аймгийн Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 001 тоот дүгнэлтийг үндэслэн Г.Ц-ггэм буруутайд тооцсон.

Шинжээч нар дээрх дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан 2019.09.10-ны өдрийн "Аж ахуйн ажил гүйцэтгүүлэх гэрээ” гэх баримтыг үндэслэл болгосон. Өмгөөлөгчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус дүгнэлт нь хууль тайлбарласан, тодорхойгүй, ойлгомжгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019.09.10-ны өдрийн “Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хавтаст хэргийн 226-р хуудас/ -г  талууд харилцан тохиролцож байгуулаагүй гэж үзэж байна. 

Учир нь Г.Ц“дээрх гэрээг 2019.09.10-ны өдөр буюу цэргүүдийг Б.Бийн хадлан руу явуулсан өдөр байгуулаагүй бөгөөд хохирогч нас барсан өдөр буюу 2019.09.18-ны өдөр ангийн захирагч Т.Тнь намайг дуудаад тус гэрээн дээр гарын үсэг зуруулсан” гэж тайлбарладаг. Энэ нь гэрч Б.Бийн 2019.09.18-ны өдөр гэрчээр өгсөн /1 хавтаст хэргийн 45-р хуудас/ “...Би 327 дугаар ангитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Харин Цэвээнээ гэх хүн 327 дугаар ангитай гэрээ хийсэн гэж байх шиг байсан. Би Цэвээнээтэй уулзаад өвс бэлдэх хүн хүч өгвөл 2000 боодол өвс өгнө гэж амаар тохирсон юмаа...” гэх мэдүүлэг, Г.Ц-ын 2019.09.23-ны өдөр гэрчээр өгсөн / 1-р хавтаст хэргийн 75-р хуудас/ “... Би Нямсүрэн, Б нарт байлдагч, ахлагч нарыг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бид нар амаар ярилцан тохирч хөлс мөнгийг нь авахаар болсон юмаа...” гэх мэдүүлгүүдээр тогтоогддог.

Гэвч энэ байдлыг анхаарч үзэлгүй, тус гэрээг анхнаасаа байгуулсан юм байна гэж өнгөц дүгнэж, гэрээг бодитоор байгуулагдсан эсэхийг нарийвчлан шалгаагүйгээс шүүхийн шийдвэрийн болон шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл болсон.

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд нь бусадтай Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу биечлэн болон төлөөллөөрөө дамжуулан гэрээ байгуулах эрхтэй байдаг. Аливаа гэрээний нэг тал өөрөө биечлэн гэрээг байгуулах боломжгүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу төлөөлөгчөөрөө дамжуулан байгуулж болдог. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Гэтэл хавтаст хэрэгт Г.Цнь 2019.09.10-ны өдрийн “Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулах талаар хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл байдаггүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтаас харахад Г.Цнь зэвсэгт хүчний 327-р ангид ажилладаг болох нь тодорхой харагддаг бөгөөд хугацаат цэргүүд болон ахлагч нар нь Г.Ц-нхадланд бус Б.Б гэх хүний хадланд ажиллахаар явсан болох нь илэрхий байдаг. Гэтэл зэвсэгт хүчний 327-р анги дээрх гэрээний захиалагч талыг төлөөлүүлж өөрийн ажилтан Г.Цаар гарын үсэг зуруулж, гэрээг батлуулсан гэж харагдахаар байна. Энэ байдлыг шүүх анхаарч, тус гэрээ хүчинтөгөлдөр эсэх дээр дүгнэлт хийгээгүй нь Г.Ц-ггэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Дорнод аймгийн Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 001 тоот дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг ямар албан тушаалтан, хэн гэх этгээд зөрчсөн талаар нэрлэж заагаагүй байхад анхан шатны шүүх Г.Ц-гзөрчсөн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.  

Тус шинжээчдээр дүгнэлт гаргуулахаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор С.Алтай томилсон бөгөөд шинжээч томилсон 2020.08.07-ны өдрийн дугаар 4/11 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол / 2-р хавтаст хэргийн 35-р хуудас/-ын 2.2-т “... байлдагч Б.Ннь .... унаж амь нас нь хохирсон гэх хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэх? Хэрэв зөрчигдсөн бол хэн гэх албан тушаалтан ямар хууль журмын зүйл заалтыг зөрчсөн болох? гэсэн асуултыг тавьсан.

 Шинжээч нар тус асуултад хариулахдаа / 2-р хавтаст хэргийн 41-р хуудас/ “... Ажлын явцад буюу ажлын байран дээр очоод ХАБЭА-н зааварчилгаа өгөх үүргийг гэрээгээр захиалагч талд хариуцуулжээ. ХАБЭА-н тухай хуулийн 28.3 заасны дагуу гэрээний захиалагч талд хуулинд заасан үүргүүдийг гэрээгээр баталгаажуулан түр шилжүүлсэн боловч гэрээнд хүлээсэн үүргээ захиалагч тал бүрэн биелүүлээгүй байна...” гэжээ.

Дээрх шинжээч нар прокурорын асуултанд бүрэн гүйцэд хариулаагүй бөгөөд Г.Ц-гбуруутай гэж дүгнээгүй. Прокурор болон шүүх тус шинжээч нарын дүгнэлтэд дурьдагдсан “Захиалагч” гэж хэн болохыг хэргийн бодит байдалтай нийцүүлж тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь 2019.09.10-ны өдөр байгуулагдсан гэх гэрээг харахад “Нэг талаас Дорнод /аймаг, нийслэл/ Чойбалсан /сум, дүүрэг/ 2 дугаар баг “Өлзийт” /ХХК, ХК, аж ахуйн нэгж/, / цаашид “захиалагч” гэх/-ийг төлөөлж дарга, захирал Бэхбат овогтой Б ...” гэж бичсэн байна.

Эндээс дүгнэхэд захиалагч нь “Өлзийт” ХХК түүний захирал Б.Б гэж ойлгогдохоор байна. Бодит байдал дээр цэргүүд Б.Бийн хадланд ажиллаж байсан билээ. Ийм байхад Г.Ц-г“хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн. 

Тус хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн эсэх? Хэрэв зөрчигдсөн бол хэн гэх этгээд зөрчсөн болохыг тодруулах зорилгоор нийт 4-н удаагийн шинжилгээ хийгдсэн. Үүнд:

1. Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Мөнхжаргалын 2019.12.16-ны №12-06-067-008 тоот дүгнэлт /Тус дүгнэлтээр тус ангийн захирагч нь ХАБЭАТ Хуулийн 28.1.3, 27.1 –д заасныг тус тус зөрчсөн гэх агуулгатай/

2. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ц.Мөнхжаргалын 2020.01.03-ны № 12-06-067-001 тоот нэмэлт шинжилгээ /энэ дүгнэлтээр дэд ахлагч А.Баяртулгыг ХАБЭАТ Хуулийн 27.1, 27.4, 28.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх агуулгатай/

3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Ц.Бадамаа, Б.Батцэнгэл нарын 2020.03.13-ны №05-092/12 тоот дүгнэлт /Энэхүү дүгнэлтээр ангийн захирагч нь ХАБЭАТ Хуулийн 28.1.3, 28.1.4, 28.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн/

4. Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 001 тоот дүгнэлт / Энэхүү дүгнэлтээр 2019.09.10-ны өдрийн гэрээний Захиалагч зөрчсөн гэж дүгнэсэн /

Дээрх 4-н удаагийн шинжээчийн дүгнэлтээр тус бүр өөр өөр субъектүүдийг ХАБЭАТ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад буюу харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас “Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 001 тоот дүгнэлт”-ийг нотлох баримтаар авахдаа бусад шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээс харахад Г.Цхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Г.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч В.Давааням 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Нэг: Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн.

Миний үйлчлүүлэгч Г.Цболон тус хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хүсэлтээ Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан. Тэдгээрийн хүсэлтийг хэрэгт хяналт тавьж буй прокурор С.Алтай хүлээн авч 2020.12.18-ны өдөр 4/171 тоот “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, мөн өдрөө 4/476 тоот “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал гаргасан. Тус саналд Ц.Н, Г.Цнарыг холбогдох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэх санал гаргасныг яллагдагч нар хүлээн зөвшөөрсөн учир хэргийг Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2020.12.24-ний өдөр хүлээн аваад тус хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч П.Пагмыг томилсон. Томилогдсон шүүгч 2020.12.31-ний өдөр 2021/ШЗ/30 тоот “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” захирамж гарган 2021.01.08-ны өдөр “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 2021/ШЗ/64 тоот захирамж гаргасан. Улмаар Г.Цнарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2021.01.21-ний өдөр хийж Г.Ц-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр шилжүүлсэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй бөгөөд тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй үндэслэл тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаах ёстой.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэх заалтыг “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” захирамжийн үндэслэлээ болгосон нь хуульд нийцэхгүй байна.

ХОЁР: Шүүгдэгч Г.Ц-нөмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно”, 2 дахь хэсэгт “ ... яллагдагч, шүүгдэгч...-ийн зөвшөөрснөөр эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Г.Ц-нхүсэлт болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй өмгөөлөгч Ө.Батболдыг шүүх хуралдаанд оролцуулсан нь Г.Ц-нөмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч Ө.Батболд нь тус хэрэгт 2020.02.12-ны өдөр яллагдагчаар татагдсан зэвсэгт хүчний 327-р ангийн захирагч Т.Тгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой харагддаг.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн агуулга нь хууль мэдэхгүйгээс өөрийн эрх зүйн байдлыг дордуулах, хилсээр хэрэгт шийтгэгдэх гэх мэт өөрт хохиролтой байдал бий болохоос сэргийлэхэд оршдог. Гэтэл Г.Цтай харилцан эсрэг ашиг сонирхолтой байж болох 327-р ангийн захирагч Т.Тг өмгөөлж байсан өмгөөлөгчийг Г.Ц-нөмгөөлөгчөөр оролцуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн гэж үзэж байна.

ГУРАВ: Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй.

Г.Ц-д холбогдох хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоох, яллах, цагаатгах талын олон баримт бичиг авагдсан байна. Гэвч тэдгээр баримт бичгийн дийлэнх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан “нотлох баримтаар тооцох” талаар тогтоосон шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримт бичгүүд нь эх хувиараа биш, хуулбарласан, баримт бичгийн үнэн зөвийг баталгаажуулаагүй, хуулбарласан тохиолдолд мөрдөгч, прокурор тэмдэглэл үйлдээгүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим баримт бичгүүд нь уншигдахгүй /маш бүдэг/ гэх мэт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 

Энэ хэргийн хувь заяаг эцэслэн шийдвэрлэхэд хавтаст хэрэгт  авагдсан баримт бичгүүд нь чухал ач холбогдолтой тул ЭХХШТ Хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах ёстой юм.

ДӨРӨВ: Хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг нэг мөр тогтоогоогүй байна. Хавтаст хэрэгтэй танилцах явцад хугацаат цэргийн албаа хаахад хэдхэн хоног үлдсэн байсан талийгаач Б.Наранбаярын амь нас, аюулгүй байдлыг хуульд заасны дагуу хариуцах ёстой иргэн, албан тушаалтан нь хэн бэ гэдгийг буюу уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг хэргийн бодит байдалд нийцүүлэн нотлоогүй.

Хугацаат цэргүүдийг бүтэн 1 жилийн турш хариуцаж, хамгаалах үүрэг хүлээсэн зэвсэгт хүчний 327-р ангийн удирдлага, эсхүл тодорхой ажлын хөлс өгөхөөр тохиролцон өөрийн хадлангийн ажлыг хийлгүүлж байсан Б.Б гэх хүн хоёрын аль нэг нь хариуцах ёстой гэдэг асуудал юм. Гэтэл хэрэгт хяналт тавьж буй прокурор хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгалгүйгээр хэрэгт хамааралгүй, аюулгүй ажиллагааг хангах үүргийг ямар нэг байдлаар хүлээгээгүй Г.Ц-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж, Г.Цаар өөрөөр нь гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, тухайн хэргийг хариуцах ёстой этгээдэд ял завшуулсан гэж үзэхээр байна. 

ТАВ: Г.Ц-д танилцуулах ёстой тогтоол, шийдвэр, шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмаар танилцуулаагүй.

Хавтаст хэргээс харахад Г.Ц-г2020.10.29-ний өдөр яллагдагчаар татсан байх ба мөн өдөр Т.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолуудыг гаргажээ. Т.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг яллагдагч Ц.Н болон түүний өмгөөлөгчид танилцуулсан атлаа Г.Ц-д танилцуулаагүй нь яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэх, цаашид гэм буруугийн талаар маргах эсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр төрлийн нөхцөл байдлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, нэг нэгнийгээ үгүйсгэсэн хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан.

Мөрдөгч Г.Ц-д яллагдагчаар татсан тогтоолыг 2020.10.30-ны өдөр танилцуулж, түүнээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг авсны дараа буюу 2020.11.13-ны өдөр шинжээч нарын дүгнэлтүүдийн дугааруудыг бичиж, танилцсан гэсэн гарын үсэг зуруулсан баримт /2-р хавтаст хэргийн 47-р хуудас/-ыг хэрэгт хавсаргажээ. Энэ нь Г.Ц-д өөрийн гэм буруутайд эргэлзэх, цаашид гэм буруугүй талаараа маргах, хэргийн үнэн мөнийг олох, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх тал дээр хаалт болсон гэж үзэхээр байна. Бодит байдал дээр мөрдөгч нь шинжээч нарын бүх дүгнэлтүүдийг Г.Ц-д нэг бүрчлэн танилцуулаагүй гэдэг бөгөөд дүгнэлттэй танилцсан гэх баримтан дээр гарын үсэг зуруулсан байдаг.

Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б гаргасан тайлбартаа: “Ц, Т хоёрын хэн нь хариуцлага хүлээх гээд байгааг ойлгосонгүй. Ийм байдлаар дахин дахин шүүх хурал хийж, хэрэг шийдвэрлэгдэхгүй яваад байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Энхболд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Давааням Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийг хэрэглэх талаар үндэслэл бүхий гомдол гаргасан байна гэж үзэж байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хуульд оруулж өгөөгүй. Хуульч хүний хувьд энэ асуудал дээр нэг мөр ойлголттой болох нь зүйтэй гэж бодож байна. ...Шүүх Цыг хэлцэл хийсэн гэсэн асуудлаар гэм буруутайд тооцсон. ...Энэ хэргийн хувьд авто аваарын улмаас хүн нас барсан гэдэг нь тодорхой. Харин хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн хууль журам зөрчсөн эсэх дээр тодорхой бус асуудал харагддаг. Энэ хэрэгт шинжээчийн 4 дүгнэлт гарсан байдгаас 3-н дүгнэлтээр нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч буруутай гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл яагаад гэнэт хөндлөнгийн шинжээч оруулж ирээд Цбуруутай гэдэг дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна. Би энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж, асуусан. Тодорхой хариулаагүй учир эргэлзээ төрж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийн тухайд анх Нт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж явсан. Прокуророос яллагдагч нарын хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хүлээн авч тогтоол үйлдэн, яллагдагч нартай ял тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу Ц, Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаатай тэнсэхээр тохиролцсон. Анхан шатны шүүх хэргийг хянаад захирамж гарган ердийн болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 27.10 дугаар зүйл аль аль нь 5 жил хүртэл хорих ялтай хөнгөн гэмт хэрэг учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Н, Г.Цнарт холбогдох  хэргийг шүүгдэгч Ц.Н түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Г.Цтүүний өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Энэ хэргийн хувьд  Зэвсэгт хүчний 327-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Ннь цэргийн ангийн удирдлагын шийдвэрээр хувь хүний хадлангийн талбайд ажиллаж байхдаа, өвс ачсан тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт тээвэрлэгдэн явсны улмаас унаж тухайн тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдан амь насаа алдсан  байна. Цэргийн ангийн зүгээс тус цэргийн ангид орон сууцны байцаагч ажилтай Г.Цтай гэрээ байгуулан тухайн цэргийн албан хаагчийг ажиллуулсан гэх тайлбар өгч,  гэрээг гаргаж өгсөн боловч бодит байдалд Г.Цнь ямар нэг хадлангийн үйл ажиллагаа явуулаагүй, харин Б.Б гэх иргэний хадлангийн талбайд ажиллаж байсан, энэ талаар цэргийн ангийн удирдлага мэдэж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул “Г.Ц-гтухайн цэргүүдийг ажиллуулж байгаа гэрээний тал” гэх дүгнэлтэд үндэслэн гэм буруутай этгээдээр тогтоосон, хэргийг зүйлчилсэн прокурор, шүүхийн үйл ажиллагаа эргэлзээтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт (хамгийн зохистой харьцаагаар) тохирсон байх” шударга ёсны зарчмыг хангасан, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгод нийцсэн байх ёстой. Гэтэл “цэргийн алба хаагч хөдөлмөрлөх үед түүний хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, стандартыг хэн хариуцах” тухайд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Н, гэм буруу нь эргэлзээгүй тогтоогдоогүй Г.Цнарт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж” албадлагын арга хэмжээ хэрэглэснээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор гаргаж  буй  прокурорын санал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцээгүй гэж үзнэ.

Шүүх, шүүгдэгч Ц.Н, Г.Цнарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналыг хүлээн авахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгч В.Даваанямын гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.  

Иймд Ц.Н, Г.Цнарт холбогдох хэрэгт ердийн журмаар мөрдөн байцаалт явуулахаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Ц.Н, Г.Цнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21ий өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, _______ дугаартай Ц.Н, Г.Цнарт холбогдох хэргийг прокурорын газарт буцаасугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Г.Цнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

               ШҮҮГЧИД                                                          З.ЭНХЦЭЦЭГ

                                                                          Ж.ДОЛГОРМАА