Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0608

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Ё.П нар;

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: ГСАУБХ

Гуравдагч этгээд: “А” ХХК

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0007 дугаартай

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.О ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ё.П ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

 

Хэргийн индекс: 113/2023/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О-аас ГСАУБХ-т холбогдуулан ““А” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-1902000*** дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг *-р байрны **тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0007 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг /1997 оны хууль/ тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын ГСАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ““А” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-1902000*** дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг *-р байрны **тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 12 дугаар зүйл ... 2000 оны 05-р сарын 10-ны өдрийн 16 дугаартай тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон баримтыг хавсаргаж ирүүлээгүй болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн. Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид “орон сууц” гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”, 11 дүгээр зүйл “Орон сууц хувьчлах товчооны бүрэн эрх”, 16 дугаар зүйл “Сууц хувьчлан авах өргөдөл гаргах” гэж хуулинд заасан байна. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн Ү1902000*** дугаартай хувийн хэрэгт анх мэдүүлэг, төлбөрийн баримт, Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Орон сууц эзэмших эрхийн бичиг, Орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ, Багийн Засаг даргын тодорхойлолт, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ (эх хувь) (Хавтаст хэрэгт бүгд байгаа) зэргийг бүртгүүлэхээр ирүүлсэн нь тухайн үеийн хуульд заасны дагуу өмчлөх эрхийг нотлох хангалттай нотлох баримт байгаа болох нь нотлогдож байна. Мөн 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйл заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргана гэсэн байхад улсын бүртгэгч хуулийн дээрх заалтын дагуу мэдүүлгийг нягтлан шалгах ажиллагааг хийлгүй бүртгэл хийсэн гэж шүүх дүгнэсэн.

3.2. Хариуцагчийн зүгээс Орон сууц хувьчилсан тухай тогтоолыг бүртгэлийн байгууллагад албан тоотоор хүргүүлдэг тухай шүүх хуралдааны үеэр тодорхой хэлсэн. Улсын бүртгэгч дээрх хуульд заасны дагуу бүртгэлийг бүртгэж баталгаажуулсан. Орон сууц хувьчлах товчооноос улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн нотлох баримтыг нягтлан шалгаж улсын бүртгэгч шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд Орон сууц хувьчлах бүртгэлийн бүрдүүлбэрийн талаар тодорхой заасан заалт байхгүй бөгөөд хуульд заасан нотлох баримтад тулгуурлан улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэлийг зохих хуулийн дагуу бүртгэсэн. Мөн "УСДУ" ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн нотлох баримтад Орон сууц хувьчлалын талаар хангалттай нотлох баримтууд байхад шүүх түүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шүүхээс "УСДУ" ОНӨААТҮГ-т ажиллаж байсан У.Батдолгороос гэрчийн мэдүүлэг авсан, тухайн мэдүүлгийн эхний нүүрний хамгийн доод хэсэгт 2000 онд тухайн орон сууцыг орон сууц хувьчлах товчооны хурлаар оруулж хэлэлцүүлэхэд би орсон байдаг. Хурлаар оруулж хэлэлцэгдээд Пүрэвдаваа гэдэг хүний өмчлөлд шилжүүлж гэрчилгээ бичиж олгосон гэсэн мэдүүлсэн байна. Орон сууц хувьчлалын тал дээр Улсын бүртгэлд хууль зөрчсөн зүйл байхгүй. Түүнчлэн “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудад мөн адил өмчлөлтэй холбоотой нотлох баримтууд байсаар байхад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Тус компани тухайн үл хөдлөх хөрөнгөө тухай үед компанийн нэр дээр шижүүлж аваагүй хэдий ч компаний зүгээс үл хөдлөх хөрөнгийг Ё.П-аас шилжүүлж авсан, хүлээлцсэн нотлох баримт, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байгаа зэрэг болно.

3.3. Мөн нэхэмжлэгч Д.О анх Сүмбэр сумын 3-р баг *-р байрны **тоот орон сууцыг улсын бүртгэлд өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа эсэхийг 2022 оны 10-р сарын 19-ний өдөр мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 10-р сарын 19-ний өдрийн А/1290 дугаартай албан тоотоор анх “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын хөрөнгөд бүртгэлтэй 9 /ec/ орон сууцыг хувьчилсан талаар Улсын бүртгэлийн байгууллагад албан тоотоор мэдэгдсэн байдаг. Тухайн үед 9 орон сууцыг нягталж үзэхэд 2 нь асуудалтай байсны 1 нь Д.О-ын орон сууц байсан юм. Өнөөдрийн байдлаар дээрх 9 орон сууцаас 8 нь өмчлөх эрхээ баталгаажуулаад байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны өмнө “А” ХХК-д холбогдуулан Сүмбэр сумын 3-р баг *-р байрны **тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 134/ШЗ2023/00569 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн талд өмчлөлийн тал дээр хангалтай нотлох баримтууд хавтаст хэрэгт байсан (сүүлд “А” ХХК-ийн нэр дээр байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээг хүртэл архиваасаа олсон байсан) тул захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжтой байсан. Иймд Сүмбэр сумын 3-р баг *-р байрны **тоот орон сууцыг анх мэдүүлэг, төлбөрийн баримт, Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Орон сууц эзэмших эрхийн бичиг, Орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ, Багийн Засаг даргын тодорхойлолт, мөн Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ (эх хувь) зэргийг үндэслэн хуульд заасны дагуу бүртгэсэн байх бөгөөд Улсын бүртгэлийн тал дээр асуудал байхгүй, харин энэхүү маргаан нь иргэн, хуулийн этгээдийн хоорондын иргэний шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой хэрэг маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 26-ны 113/ШШ2023/0007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Ё.П давж заалдах гомдолдоо:

4.1. Шүүх хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсаар байтал нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, мөн үнэн зөв үнэлж, дүгнэж чадаагүй. Тухайлбал: Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж дараах үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэв гээд: 4.1 хэсэгт: Отгонбаатар нь Засгийн газрын 2002 оны 5 сарын 11-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 190 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 5 сарын 24-ний өдрийн 1089 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 сарын 19-ний “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 01 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтын хамт Сүмбэр сумын 3-р баг, 3-р байрны 1-4 тоот 28 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх бүртгүүлэх мэдүүлгийг 2023 оны 02 сарын 09-ний өдөр гаргасан гэжээ.

4.2. Мөн шүүх Үндэслэл хэсгийн 4.5-д Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд авагдсан байна. Үүнд: Хуулийн этгээд “А” ХХК-ний лавлагаа /хх-36-38-р талд/ Үл хөдлөх хөрөнгийг Ё.П-д 2000 оны 12 сарын 19-ний өдөр өмчлүүлж, улсын бүртгэлд бүртгэж 0078***  дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нотлох баримт /хх-53-54/ Ё.П нь 2001 оны 5 сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн хэлтэст : 1. Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Орон сууц нийтийн үйлчилгээний хэлтсийн Орон сууц эзэмших эрхийн 118 тоот эрхийн бичиг /хх-48-49/ 2. Орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ /хх-53-54/ 3. Орон сууц бэлэглэлийн 2001 оны 05 сарын 02-ны өдрийн гэрээ /хх-52-53/ 4. “А” ХХК-ний 2005131 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудын хамт “А” ХХК-ний нэр дээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх өргөдлийг гаргасан байна. Дээрх баримтуудыг үндэслэн 2001 оны 5 сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 3-р баг, *-р байрны **тоот 27 м.кв орон сууцны өмчлөх эрхийг “А” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна гэжээ. Харин шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д, мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана, 1/ Тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг нотлосон эрх бүхий байгууллагын бичиг баримтбичиг барим, 2/ Тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрхийн бичийг баримт зэргийн хавсаргана гэсэн байхад Ё.П үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэйг нотлох баримт болох Орон сууц хувьчлах товчооны 2000.05.10-ны өдрийн 16 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ үнэлгээ тогтоосон баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдож байна гэжээ.

4.3. Гэтэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3-р баг, *-р байрны **тоот орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000*** дугаартай үл хөдлөх хөрөнгийг анх иргэн Ё.П -д Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 5 сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хувьчилсныг 2000 оны 12 сарын 19-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан. Ингэж баталгаажуулахдаа Шүүхийн үндэслээд байгаа Орон сууц хувьчлах товчооны 2000.05.10-ны өдрийн 16 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон баримтыг улсын бүртгэлд гарган өгч бүртгүүлснээр 2000.12.19-ний өдөр Ё.П гийн өмчлөх эрх бүртгэдсэн, тул уг шүүхийн хавсаргаагүй гэсэн бичиг баримт нь улсын бүртгэлийн хэлтэст анхаасаа байсан байхад, шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

4.4. Нөгөөтэйгүүр шүүх улсын бүртгэлийн хэлтэс буюу хариуцагч талаас гаргаж 15 өгсөн нотлох баримтуудыг Үндэслэх хэсгийнхээ 4.5-д жагсаасан байж нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж дүгнэлж чадсангүй гэж гомдолтой байна. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, өөрийн өмчийг захиран зарцуулах бэлэглэх эрхтэй болсны үндсэн дээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 05 сарын 11-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Ё.П нь өмчлөх эрхээ өөрийн үүсгэн байгуулсан компани болох “А” ХХК-д шилжүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь аливаа хуулийг зөрчөөгүй болно. Энэхүү бүртгэл нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ эх хувиараа манай компанид байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч нь Д.О  нь нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

4.5. Өөрөөр хэлбэл өмчлөгч биш тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэ зөв байхаар хуульчилсан бөгөөд Эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж хуульчилсан байдаг. Ё.П нь уг үл хөдлөх хөрөнгийг өмч хувьчлалын хуульд заасны дагуу 2000 онд өмчилж авснаас хойш хэдий нь 23 жил, манай компани бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авснаас хойш 22 жил өнгөрсөн байхад Төрийн өмчийн хороо юу хянаж байсан нь ойлгомжгүй, нэгдсэн бүртгэлийн систем байдаггүй гэдэгт итгэхгүй байна. Монгол Улсад өмч хувьчлал хэдий нь дууссан гэж үзэж байна.

4.6. Хууль хэрглээний тухайд: 1. Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Захиргааны үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ” гэж заасан байдаг. 1996 оны 10 сарын 25-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан гарсан байдаг. Уг хуулийн 1-т “Энэхүү хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэ төлбөргүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтлана.”, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага /гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтлана.”, хуулийн 7 дугаар зүйлийн 1-т “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”,

4.7. Хувьчлагдсан орон сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ. Мөн 1997 оны 5 сарын 7-ны өдрийн Засгийн газрын 118 тоот тогтоол гарсан байдаг. Орон сууц хувьчлах, дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулиудыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 1997 оны 13 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарган тогтоожээ. Тогтоолын 1-т “Орон сууц хувьчлах товчооны даргын үүргийг аймаг, нийслэл, аймгийн Засаг дарга нарт хариуцуулахаар тогтоосугай.”, 2-т “Нийслэл, орон нутагт орон сууц хувьчлах ажлыг орон сууц, нийтийн аж ахуйн газар, өмчийн болон мэргэжлийн холбогдох байгууллагуудын хүч бололцоог дайчлан аливаа зөрчил дутагдал гаргахгүй байхаар "Орон сууц хувьчлах тухай" хуульд заасан зарчмын дагуу энэ оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хорооны дарга Энхболдод тус тус даалгасугай”, 4.1-т “Орон сууц хувьчлалын холбогдох журам, дурэм, заавар, аргачлалаар орон нутгыг хангах, орон сууц өмчлөхийн гэрчилгээг нэгдсэн журмаар хэвлүүлж аймаг, хотуудад хүргүүлэх арга хэмжээ авах”, 4.2-т “Орон сууц хувьчлахтай холбогдуулж орон сууцны эзэмшлийн хувьчлалын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, орон сууц хувьчлалын товчоодын ажилд холбогдох туслалцааг үзүүлэн хяналт тавьж ажиллахыг Нийтийн аж ахуй, үйлчилгэний газрын дарга Б.Жигжидэд даалгаж”, 5-т “Орон сууц хувьчлах арга хэмжээтэй холбогдуулан 1997 онд гарах зардал 7,0 сая төгрөгийг эргэж төлөгдөх нөхцлөөр ашиглуулахыг Сангийн сайд П.Ц, түүний зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга, 3.Э-д даатгасугай” гэсэн тогтоол гарч байсан байна.

4.8. Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль 1997 онд батлагдан гарсан. Хуулийн 1 дүгээр зүйлд “Энэхүү хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх болон ул хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино,”, 6.1-т “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянан үзэж шийдвэр гаргана” гэж заасан шаардлагыг улсын бүртгэлийн хэлтэс зөрчөөгүй болно. 9.1-т “Иргэн хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн заалтыг мөн зөрчөөгүй болно. 10.1-т “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно” гэж заасан бүртгэлийн хэлтэст бүрдүүлбэр дутуу баримт байгаагүй гэдгийг дээр тайлбарласан болно. 11.2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

4.9. 1996 оны 10 сарын 25-ны өдөр батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”. Мөн 1997 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд Орон сууц хувьчлах бүртгэлтийн бүрдүүлбэрийг бүрдүүлэх талаар тодорхой заагаагүй өмч хувьчлалын хуульд заасан нотлох баримтад үндэслэн улсын бүртгэгч бүртгэхээр заасан энэ үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

4.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны хэргийг хянан хэлэлцэхээс өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар иргэний хэргээ шийдвэрлүүлэхээс өмнө уг захиргааны хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй, шаардлагатай байх учир захиргааны хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 541 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах тухай” тогтоолоор хязгаарлалт тогтоосон байгаа. Гэвч Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн бүртгэгч Д.О-ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзлын үндэсэлэлээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасан “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно” гэж хуульчилсан тул бүртгэл хийгээгүй байдаг. Дээрх бүх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх илт нэг талыг барьж гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

4.11. Эндээс дүгнэхэд: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3-р баг, *-р байрны **тоот орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000*** дугаартай үл хөдлөх хөрөнгийг анх иргэн Ё.П -д Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 5 сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хувьчилсныг 2000 оны 12 сарын 19-ний өдөр Улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Хувьчлагдсан орон сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан. Үүний үндсэн дээр Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрийн өмчийг захиран зарцуулах бэлэглэх эрхтэй болсны үндсэн дээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 05 сарын 11-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Ё.П нь өмчлөх эрхээ өөрийн үүсгэн байгуулсан компани болох “А” ХХК-д шилжүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь аливаа хуулийг зөрчөөгүй болно.

4.12. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
  2. Нэхэмжлэгч Д.О аас ГСАУБХ т холбогдуулан “А” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-1902000*** дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг *-р байрны **тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх гэж заасны дагуу өмчлөгч “А” ХХК-аас өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлсэн гэрээ, хэлцэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/, мэдүүлэг зэргийг үндэслэн өмчлөх эрх өөрчлөгдөх бүртгэлийг бүртгэх хуулийн зохицуулалттай тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасны дагуу өмчлөх эрхийг Д.О-ын нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй байна” гэж, гуравдагч этгээдээс “...манай компани ...4 тоот байрыг 2001 оноос хойш өөр 4 байрны хамт Говьсүмбэр аймагт эзэмшдэг. ... дээрх 5 орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан. ... манай компани дээр бүртгэлтэй өмчийг зөвшөөрөлгүй хувьчилсан шийдвэр гаргасан” гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.
  3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 190 дугаартай тогтоолоор “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9 (ес) айлын орон сууцыг одоо амьдарч байгаа хавсралтад заасан албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах угсармал бетон хийц бүхий 9 айлын орон сууцны “*-1-*”, өрөөний тоо “2”, талбайн хэмжээ “50”, 1970 онд ашиглалтад орсон орон сууцыг тус Төрийн өмчит хувьцаат компанид “Засварын монтёр” албан тушаалтай Дүгэрээ овогтой Отгонбаатарт хувьчилсан байна.
  4. Дээрх Монгол Улсын Засгийн Газрын тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1089 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Д.О т төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг хувьчилж, өмчлөх эрх олгох шийдвэрийг гарган гэрчилгээ олгосон байх бөгөөд Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
  5. Тодруулбал, төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг иргэн Ё.П-аас “А” ХХК /тус компанийн захирал Ё.П /-ийн нэр дээр 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн эрхийн улсын бүртгэлийн Y-1902000*** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл нь хуулиар хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байна.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана:”, “1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт;”, “2/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт.”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн -бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно.” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
  6. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх Ё овогтой П-д /“А ХХК”-ийн захирал/ 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулахдаа 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг /хх-ийн 54 дэх тал/ гол нотлох баримтаа болгожээ.
  7. Гэтэл Ё.П гийн 0078346 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн орон сууцыг хувьчилсан гэх Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хариуцагч улсын бүртгэлийг байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардаж аваагүй бүрдэл хангагдаагүй баримтыг үндэслэн, дээрх хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд түүний дараагийн нэр шилжүүлсэн бүртгэлийг хууль ёсны бүртгэл гэж үзэх үндэслэлгүй.
  8. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Ё.П үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн бүртгэх мэдүүлэг гаргахдаа дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэйг нотлох баримт болох Орон сууц хувьчлах товчооны 2000 оны 05 дугаар сарын 10-ны 16 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон баримтыг хавсаргаж ирүүлээгүй болох нь нотлогдож байна. ... улсын бүртгэгч хуулийн дээрх заалтын дагуу мэдүүлгийг нягтлан шалгах ажиллагааг хийлгүй бүртгэл хийсэн ...” гэж зөв дүгнэжээ.
  9. “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/326 дугаар албан бичгийн хамт шүүхэд ирүүлсэн

-2000 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Хонхорын 0.4 кв-ын хуваарилах сүлжээний ашиглалт, засвар, борлуулалтын үйлчилгээг Хонхорын түрээсийн эзэн Ё.П-аас Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байр 1 дүгээр орц 04 тоот байрыг хүлээлгэж өгсөн, хүлээж авсан акт,

-Чойр ЦШШСалбарын 2001 оны үндсэн хөрөнгийн тооллогын баримт (хх-ийн 79-97 дэх тал)

-үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн зэрэг баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өмч болох нь тогтоогдож байна.

  1. Түүнчлэн, Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/357 дугаар албан бичгээр “...Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр салбар нь 2016 оноос 2023 он хүртэл Д.О аас байрны түрээсийг цалин дээрээс суутгаж байсан ... 04 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тухай бүрт нь төлсөн” гэх хариуг ирүүлсэн, байрны төлбөр төлсөн баримтуудаас  /хх-87-97 тал/ үзэхэд нэхэмжлэгч Д.О  нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Найрамдал хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орц 4 тоотод амьдарч байсан болох нь нотлогдож байна.
  2. Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.
  3. Үүнээс үзвэл хууль бус бүртгэлийн улмаас дээрх хууль тогтоомжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлан авсан нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.
  4. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ /1997 оны/ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 113/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                  О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА