Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 2-144 тоотод оршин суух, Байгууд овогт Гомбосүрэнгийн Жанчивдорж /РД: РЮ80071410/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байр, 6 тоотод оршин суух, Суухун овогт Цэрэнгийн Энхцэцэг /РД: СШ82112828/-т холбогдох,

14,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, хариуцагч Ц.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Г.Жанчивдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Энхцэцэгээс 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаар “Авто машины түрээсийн гэрээ”-г байгуулсан. Улмаар гэрээний үлдэгдэл төлбөрт 18,500,000 төгрөгийг 3 жил 2 сарын хугацаанд багтаан төлөхөөр тохиролцож, гэрээний 2.2-т заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын байдлаар нийт 13,182,000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдагч Ц.Энхцэцэг нь манайд ирээд “яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би машиныг чинь 7 хоногийн хугацаанд ломбарданд тавиад буцаагаад өгнө туслаач” гэж гуйсан. Урьд нь Ц.Энхцэцэг нь нэг удаа ломбарданд тавиад авч өгч байсан учир миний бие туслахаар шийдэж, тухайн өдөр машинаа итгэн хүлээлгэн өгсөн. Бид ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн боловч Ц.Энхцэцэг нь манай машиныг буцаан өгөөгүй бөгөөд тус барьцааны газар нь манай машиныг зарсан байна. Бид энэ асуудлаар худалдагч талтай удаа дараа биеэр уулзаж, утсаар холбогдсоор ирсэн ч сүүлийн өдрүүдэд бидэнтэй холбогдохоо больж, утсаа салгах, утсаа авахгүй гэртээ байхгүй мэтээр зугтах зэрэг зохисгүй үйлдэл гаргах боллоо. Иймд Ц.Энхцэцэгээс гэрээний төлбөрт төлсөн 13,182,000, урьдчилгаа төлбөрт төлсөн 1,500,000 төгрөг, нийт 14,682,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 тоот автомашины түрээсийн гэрээ гэх нэртэйгээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нэгдүгээр зүйлд түрээслэгч нь түрээслүүлэгчийг ямар өмчтэй болгох талаар тодорхой дурдсан. Энэхүү гэрээгээр нийт 20,000,000 төгрөгөөр автомашиныг худалдаж авах бөгөөд урьдчилгаанд 1,500,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон бөгөөд Г.Жанчивдорж нь Ц.Энхцэцэгээс 1433УНЯ улсын дугаартай хюндай верна маркийн автомашиныг авсан. Үлдэгдэл төлбөрийн төлөлтийг гэрээний хавсралтаар тогтоосон бөгөөд 39 удаагийн төлөлтөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөр бүрэн дууссан байхаар тохирсон. Г.Жанчивдорж нь 1,500,000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ байгуулахаас 4 хоногийн өмнө шилжүүлсэн. Учир нь гэрээ байгуулагдахаас 4 хоногийн өмнө талууд утсаар холбогдож машиныг үзэхээр болж Г.Жанчивдорж машиныг үзэж боломжийн машин байсан учир ийнхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлж гэрээ байгуулсан. Эхний төлөлт 2012  оны 9 дүгээр сараас эхэлсэн бөгөөд гэрээний дагуу сар бүр 480,000 төгрөгийг төлөх ёстой. Харин Г.Жанчивдорж нь 500,000 төгрөг төлж гэрээнд заасан хэмжээнээс илүү төлж байсан. Ийнхүү төлбөр төлөхдөө нэг дор 500,000 төгрөг биш, 100,000 төгрөг, 110,000 төгрөг гэх мэтээр хувааж тухайн сардаа нийт 500,000 төгрөг төлж байсан. 2014 оны 12 дугаар сарын байдлаар урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн. Харин сар болгоны төлөлтөд нийт 14,682,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,318,000 төгрөг үлдсэн. Гэрээний хавсралтын дагуу харахад 2014 оны 12 дугаар сар гэхэд 4,000 төгрөгийн илүү төлөлтэй байсан. Г.Жанчивдорж нь зохих журмын дагуу төлбөрийг төлж байсан.

            2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Энхцэцэг нь Г.Жанчивдоржийн гэрт нь очиж уулзан “..мөнгөний хэрэг гарлаа 7 хоног машиныг чинь ломбардад тавьчихаад буцаагаад аваад өгье. Приус машин зараад мөнгийг нь өгч буцааж өгнө” гэсэн ба үүнийг Г.Жанчивдорж зөвшөөрч машинаа түүнд өгсөн. Учир нь талууд тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан ба Ц.Энхцэцэг өмнө нь дээрх байдлаар авч буцааж өгч байсан. Иймээс түүнд итгэж машины дотроос нь өөрийн багаж хэрэгслээ авалгүй өгөөд явуулсан. Ингээд түүний хэлсэн хугацаа болох 7 хоногоос хэтэрсэн бөгөөд буцааж өгөхгүй байсан. Янз янзын шалтаг тоочиж шүүхэд хандахад хүргэсэн. Г.Жанчивдорж нь тайлбартаа болсон үйл явдлын талаар тодорхой бичсэн. Ц.Энхцэцэг нь машиныг ломбардад байх хуагаанд нь төлбөр төлсөнд тооцоё гэж 2015 оны 01-4 дүгээр сарын төлбөр болох 968,000 төгрөг төлсөн гэсэн баримт хийж өгч байсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сараас хойш тэдний холбоо харилцаа тасарсан. Г.Жанчивдорж нь Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаатай. 2015 оны 5 дугаар сард ломбардны хүнтэй уулзахад “...Ц.Энхцэцэг нь үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тул машиныг зарсан. Та нар Ц.Энхцэцэгтэй учраа  ол. Бидэнд хамаагүй” гэж хэлсэн. Иймээс Г.Жанчивдорж талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний хугацаанд төлсөн төлбөр болох 14,682,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв. 

 

 

Хариуцагч Ц.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Жанчивдоржтой 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний явцад Г.Жанчивдорж нь түрээсийн гэрээний 3.4 заалтыг удаа дараа зөрчиж орлогыг байнга дутуу тушааж байсан. Уг автомашины анхны үнэ 10,500,000 төгрөгийн үнэтэй бөгөөд Эрэл банкны лизингийн зээлээр авсан. Тухайн автомашиныг барьцаанд тавьж уг машины үлдэгдэл үнийг төлсөн. Г.Жанчивдоржийн тушаасан урьдчилгаа болон орлого нь тухайн автомашины үнэ болон банкны хүүнд төлөгдсөн. Хотын дотор хувиараа болон такси үйлчилгээнд ажилладаг жолооч өдөрт 50,000-70,000 төгрөгийн орлоготой ажилладаг бөгөөд дунджаар өдөрт 60,000 төгрөг байдаг. 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 604 хоног байгаа бөгөөд энэ хугацаанд Г.Жанчивдорж нь 36,240,000 төгрөгийн орлого олж үүнээс автомашины түрээсийн орлого болох 12,912,000 төгрөгийг хасахад 23,328,000 төгрөгийг 2 жил гарны хугацаанд өөртөө олсон. Иймд миний бие гэрээг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ баримтуудыг харгалзан үзэж энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсан нь үнэн. Г.Жанчивдорж нь эхний хэдэн сар 500,000 төгрөг төлөөд явж байсан. Би хариу тайлбартаа Г.Жанчивдорж нь графикийн дагуу төлбөр  төлөөгүй, орлого алдаж байсан зэргийг тодорхой бичиж нарийвчлан гаргасан байгаа. Мөн холбогдох баримтыг өгсөн. Би ганц жолоочтой харьцдаггүй. Надаас машин түрээслэдэг олон хүн байдаг. Г.Жанчивдоржийн түрээслэсэн машиныг Эрэл банкны лизингээр 4,650,000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 7,700,000 төгрөг дээр гэрээ хийж авч байсан. Урьдчилгаа мөнгийг нь хүнээс хүү өндөртэй зээлсэн байсан тул машин солих гэх мэт янз бүрийн хэлбэрээр төлбөрийг барагдуудах журмаар явж байсан. Машиныг ломбардад тавьснаас хойш Г.Жанчивдорж дарамталж хаалга үүд нүдэж зохисгүй үйлдэл гаргаад байхаар нь орлогын баримт буюу төлбөр төлсөнд тооцсон тухай баримт бичиж өгсөн. Би түүнд хоол ундны мах шөл хүртэл өгч байсан удаатай. Би Төрийн банкны зээл авч автомашинуудыг санхүүжүүлж байсан том хэмжээний зээлтэй байсан. Төрийн банкнаас санхүүжилт гаралгүй машинуудаа алдаад дууссан.

Намайг шүүх хуралдаанд огт ирдэггүй гэж ярьж байна. Манай хүүхэд аркиттай тул байнга ирж очих боломжгүй байсан. Би анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд очиж байсан. Би Г.Жанчивдоржийг урьдчилгаа өгч байсан, машиныг нь хураагаад авсан юм, ажил төрөлгүй байгаа юм гэж бодоод УБҮ8633 улсын дугаартай машиныг өгсөн. Тэгэхэд 3 сар Хөвсгөлрүү унаж яваад надад нэг төгрөг ч өгөөгүй, түрээсийн орлогоосоо ч барагдуулаагүй тул өөр компанид барьцаанд тавьсан байсан машин болохоор тухайн компанид өгөх шаардлагатай болж буцааж авсан. Г.Жанчивдорж нь энэ машинаар 2 жил гэр бүлээ тэжээж, хэрэгцээгээ хангаж  хангалттай хэрэглэсэн гэж үзэж байна. Бидний хооронд байгуулсан гэрээ нь автомашины түрээсийн гэрээ юм. Гэрээний 3.4 дэх заалтийг зөрчсөн тул би машиныг буцааж авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч худалдах худалдан авах гэрээ гэж ярьж байна. Энэ бол автомашины түрээсийн гэрээ юм гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад   

                 ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Г.Жанчивдорж нь хариуцагч Ц.Энхцэцэгт холбогдуулан автомашины урьдчилгаанд болон түрээсийн төлбөрт төлсөн нийт 14,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ”... хариуцагч Ц.Энхцэцэгээс 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийн 3 жил 2 сарын хугацаанд багтаан төлөхөөр тохирсон боловч Ц.Энхцэцэг нь уг машиныг ломбарданд тавьчихаад буцаагаад аваад өгье гэж хэлээд авч яваад буцааж өгөөгүй...” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “...нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөөгүй тул автомашиныг буцаан авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14/33 дугаартай “Автомашины түрээсийн гэрээ”  байгуулагдсан байх ба уг гэрээ байгуулагдсан эсэх болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй байна.

Уг гэрээгээр  түрээслүүлэгч талын үндсэн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, түрээслэгч талыг өөрийн өмч хөрөнгөтэй болгох зорилгоор нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн 14-33 УНЯ улсын дугаартай, KMHCG51RP50248339 арлын дугаартай, “Верна” маркийн автомашиныг 3 жил 2 сар 4 хоног түрээслэх, урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг төлөх, автомашины үлдэгдэл төлбөрийг 18,500,000 төгрөгөөр, 1 сарыг ажлын 22 хоногоор тооцон өдөрт 22,000 төгрөгийг буюу сарын эцэст 484,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь дээрх гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх ба түрээслэгч нь уг графикийн дагуу төлбөрөө төлж дууссан тохиолдолд автомашиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчийн хэн алин гаргаж байна.

 Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлан шаардах эрхээ тодорхойлж байгаа бол хариуцагч нь автомашины түрээсийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлан мэтгэлцэж байна. 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.3 дахь хэсэгт түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно гэжээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй байна.

Хариуцагч нь гэрээ байгуулагдах үед тухайн автомашин хариуцагчийн өмчлөлд байгаагүй учраас худалдах эрх байхгүй байсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох  14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн цагаан өнгийн суудлын автомашин нь “Эрэл банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч уг автомашиныг хариуцагч Ц.Энхцэцэг нь Н.Уламжаргал гэх хүнээс худалдаж авсан ба уг автомашиныг худалдан авсан үнийг төлөхийн тулд “Эрэл банк” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12/205 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 14-33 УНЯ улсын дугаартай, “Хюньдай верна” маркийн автомашиныг барьцаалж, улмаар нэрийг зээлдүүлэгч “Эрэл банк” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь Эрэл банктай байгуулсан зээлийн гэрээ барьцааны гэрээ, авто тээврийн газар тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, Эрэл банк ХХК-иас авто тээврийн газарт гаргасан хүсэлт болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд уг автомашин нь хэдийгээр “Эрэл банк” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хариуцагч Ц.Энхцэцэгт байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаанд 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагчид нийт 11,872,000 төгрөгийг төлсөн нь орлогын хураамжийн маягтаар нотлогдож байхаас гадна хариуцагч уг төлбөрийг авсан эсэхэд маргаагүй байна./хх 13-26 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 13 372 000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх бөгөөд зөрүү 1 310 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ Гэрээний 3.4-т “Түрээслэгч жолооч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоногоос дээш орлогын хураамжийг тасалбал Ц.Энхцэцэг өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, автомашиныг хурааж авах эрхтэй бөгөөд урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж олгохгүй” гэснийг үндэслэн тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь сар бүрийн эцэст 110,000 төгрөгөөс 637,000 төгрөг хүртэлх төлбөрийг хариуцагчид төлсөн байгаа нь гэрээний 2.3, 3.4 дэх заалтуудыг нэхэмжлэгч  зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Ц.Энхцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс “...Би автомашиныг чинь 7 хоногийн хугацаанд ломбарданд тавиад буцаагаад аваад өгье” гэж авч явсанаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны шатанд гаргаж байх тул түүнийг  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх үүргээ.. биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Хюньдай верна” маркийн автомашин нь  2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ариг банкнаас хариуцагч Ц.Энхцэцэгийн өмчлөлд шилжин бүртгэгдэж, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Бичил глобус групп” ХХК-ийн, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр С.Мандахын, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г.Бумцэндийн, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр М.Батбаярын, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Мөнхтөрийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д  заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 13,372,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,310,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэгээс 13,372,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жанчивдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,310,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 224,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ЭНХЗАЯА