| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2017/00092/И |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 30
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Хэргийн индекс: ****************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Л.Амарсанаа
Г.Давааренчин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******г оролцуулан, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 163 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох “Гэм хорын хохирол 15.161.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...******* нь 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний аав ******* бөгсөн тус газарт нь өндөр даралтын хийн шланкаар хатгаж үлээлгэснээс болоод хагалгаанд ороод нас барсан. Би тэр үед 06 настай байсан. ******* нь манай эмээ ******* намайг 18 нас хүртэл нь тусалж дэмжиж байна гэж хэлж байсан юм билээ. Тэгээд ******* нь одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй өдий болтол туслаагүй. 2016 оны 11 дүгээр сард манай ээж н.******* өмгөөлөгч хөлсөлж аваад *******аас 20 сая төгрөг хувиараа нэхэмжилсэн байдаг ба ******* нь тэр үед 2.000.000 төгрөг өгсөн. Иймд би одоо сургалтын төлбөрийн үлдэгдэл 2.381.000 төгрөг, Сургалтын төлбөрт 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.650.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл байр түрээсэлсний сарын 350.000 төгрөг, 31 сарын төлбөр болох 10.850.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 280.000 төгрөг, бүгд 15.161.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ
Хариуцагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би вагон депод хамт ажилладаг байсан ******* бөгс рүү өндөр даралтын шланкаар үлээлгэснээс гэмтэл авсан ба хагалгаанд орсон боловч нас барсан юм. Тухайн үед шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач ******* дүү ******* гэх эмэгтэй оролцож байсан. Хохирлыг би тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Мөн тэр үед талийгаач н. нь н.*******гаас гэрлэлтээ цуцлуулсан байсан ба охин ******* нь эхийнхээ асрамжид үлдсэн байсан. Би эмээ ******* нь 18 нас хүртэл нь *******ыг тусалж дэмжинэ гэж яриагүй. Харин боломж бололцоогоороо тусалж байя л гэж хэлж байсан. *******ын ээж ******* нь тухайн үед буюу 2003-2004 онд хүүхэд сургуульд орох гээд байна гээд надаас 2 удаа 35000 төгрөгийг авч байсан. 2016 онд Заяажаргалын өмгөөлөгч Даваасүрэн гэх хүн над руу утсаар яриад *******ын сургалтын төлбөр 20 сая төгрөг нэхэмжилнэ төлбөрөө төлөхгүй байгаа учир сургуулиас нь хөөх гээд байна гэхээр нь би хүн чанар гаргаад тусалсан. Би ******* руу утсаар яриад сургуулийнхаа дансыг өгчих 2 сая төгрөг хийе гэхэд яах юм бэ, миний данс руу хийчих гээд байхаар нь би *******ын данс руу нь хийсэн. Н.******* нь өрх толгойлсон эмэгтэй гээд *******ын төлбөрийг Төрийн сангаар төлүүлдэг гэж ээж н.******* нь надад хэлж байсан. Тухайн үед ******* нь эхийнхээ асрамжид байсан ба эцэг *******х нь төлдөг байсан тэтгэлгээс тэжээгчээ алдсны тэтгэмж нь илүү тогтоогдсон тул шүүх намайг *******ыг 18 нас хүртэл тэтгүүлэх шийдвэр гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм...” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 163 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие овогтой Заяажаргалын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017.05.19-ний өдрийн 463 тоот шийдвэрээр хариуцагч *******аас нэхэмжилсэн гэм хорын хохирол болох 15.161.000 төгрөгний нэхэмжлэлийг Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл шүүх уг хуулийн зүйл заалт болон Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.1 дэх хэсгүүдийг баримталсан хирнээ яагаад эсрэгээр шийдвэр гаргав. Нэгэнт *******ын болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулснаас Б.******* амь нас хохирсон нь тогтоогдсон учраас гэм хорын хохирлыг ******* болон түүнийг ажиллуулж байсан Улаанбаатар Төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо /Улаанбаатар төмөр зам/ хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь төмөр замыг хамтран хариуцагчаар татах, *******ын эмээ гэрчээр байцаалгах хүсэлтүүдийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоол гарсан. Ингэж хэргийг тал бүрээс нь нягт нямбай бодит байдлыг тодруулахгүйгээр шийдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодит байдлыг тогтоох үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч ын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч *******ын 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ба зөвшөөрөх ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
1.Талийгаач Б.ыг нас барах үед *******ын эх З.******* нь талийгаачаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байсан ба охин ******* нь эхийнхээ асрамжид үлдэж, эцэг Б. нь шүүхийн шийдвэрийн дагуу охиндоо тэтгэлэг төлж байсан.
2.Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь *******ын шүүхийн шийдвэрийн адгуу авч байсан тэтгэлгээс илүү тогтоогдсон тул зөрүү гаргуулах боломжгүй гэж сум дундын II шүүхийн 2004 оны 06 сарын 29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Дуламжавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
3.Тухайн үед миний бие хэргийн хохирогчоор тогтоогдсон талийгаач Б.******* дүү Б.*******д оршуулгын болон бусад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
4.Нэхэмжлэгч ******* нь насанд хүрсэн хүн тул түүний сургалтын төлбөр болон бусад зардлыг би хариуцах үндэслэлгүй. Иймд сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 163 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч энэхүү тайлбарыг гаргав...” гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 15.161.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч *******ын төрсөн эцэг Б. нь хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч ******* нь талийгаач Б.тай хамт амьдарч байгаагүй боловч түүнээс шүүхийн шийдвэрээр тэтгэвэр авдаг байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
Хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр, төлбөр гаргуулах хэмжээ болон нөхөн төлөх хугацаа нөхцлүүдийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсэгт тодорхой заажээ.
Хариуцагч *******ын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх үед тухайн эрүүгийн хэргийн хохирогчоор талийгаач Б.******* төрсөн дүү Б.******* тогтоогдож, иргэний нэхэмжлэгчээр Д.Дуламжав /нэхэмжлэгч *******ын эмэг эх/ оролцон хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах буюу *******д тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж нь талийгаач Б.******* түүнд төлж байсан тэтгэлгээс илүү тогтоогдсон гэсэн үндэслэлээр Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрхи үйл баримтаас үзвэл талийгаач Б. нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах, өөрөөр хэлбэл түүний охин *******д тэтгэлэг гаргуулах талаар урьд шүүхэд нэхэмжлэл гарган эрүүгийн хэрэгтэй хамт иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд урьд гарсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Золжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг хариуцагч *******ын болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулснаас Б.******* амь нас хохирсон нь тогтоогдсон учраас гэм хорын хохирлыг ******* болон түүнийг ажиллуулж байсан Улаанбаатар Төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депо /Улаанбаатар төмөр зам/ хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тус хэрэгт төмөр замыг хамтран хариуцагчаар татах, *******ын эмээ гэрчээр байцаалгах хүсэлтүүдийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоол гарсан нь хууль зөрчсөн гэжээ.
Нэхэмжлэгчээс гаргасан хамтран хариуцагч татан оролцуулах болон гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 456 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 09 дугаартай шүүхийн тогтоолоор тус тус шийдвэрлэсэн, тухайн эрхийн актуудад зохигчдоос ямар нэгэн гомдол гараагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчий хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй байна. Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг тус тус буцаан олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 163 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас гэм хорын төлбөр 15.161.000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.“ гэж,
2 дахь заалтыг “Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот данснаас буцаан гаргуулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 233.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.ДАВААРЕНЧИН