Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0146/З |
Дугаар | 221/МА2023/0597 |
Огноо | 2023-09-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2023/0597
Ч.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ч.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0558 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0146/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Д нь “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар захирамжийн Ч.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0558 дугаар шийдвэрээр: “ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д ээс, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ч.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “... Анхан шатны шүүх ... маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ч.Д нь 2011 оноос хойш 11 жил гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаагүй үүнийг уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ... 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс газраа зохих ёсоор эзэмшихэд хүндрэл гарч байсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас олон удаагийн хөл хориог эрх бүхий этгээдээс тогтоож байсан зэрэг баримтуудаас үзвэл, нэхмэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан уу хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл шалтгаангүй байсан уу, хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад судлах шаардлагатай байсан” гэх үндэслэл нь буруу учир шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгээр 2011 оноос хойш эзэмшил газраа ашиглахаар ямар нэг үйлдэл хийгээгүй 11 жилийн хугацаанд бусдын хууль бус үйлдлийн улмаас газраа ашиглаж чадахгүй байгаа гэж нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьж мөн 2020 оны цар тахалтай холбон тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зохион байгуулсан талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3, 2.4-т дүгнэсэн атлаа албан тоотод дүгнэлт хийлгүй орхисон мөн мэдэгдэлд дурдсан хугацаанд нэхэмжлэгч нь хариу тайлбар ирүүлээгүй Захиргааны байгууллагаас 2021 оноос хойш сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж эхэлсэн атал 2022 оны мэдэгдлүүдийг дээрх хэсэгт дүгнээгүй.
3.3. Нэхэмжлэгч нь 2011 оноос хойш 11 жил газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан хашаа барьж байсан эсэх талаар тодруулалгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ”гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
2.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.2. Нэхэмжлэгч Ч.Д ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.3. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “эзэмшил газраа зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдэж, холбогдох тайлбар, нотлох баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд ирүүлнэ үү” гэж олон нийтийн хэрэгсэл болох сонингоор зарлуулсан боловч, холбогдох тайлбар саналыг ирүүлээгүй тул Ч.Д ийн зуслангийн зориулалттай 1000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.
2.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн хойд талд газар эзэмшиж буй этгээд тус зуслангийн ам руу орох зам дээр хаалт босгон /уулын амыг хашаалж авсан/ тэнд манаач ажиллуулж байсан бөгөөд манаач нь хаалга нээж өгөхгүй, Ч.Д ирвэл битгий оруулаарай гэж захирал хэлсэн хэд хэдэн удаа бөөн хэрүүл болсон. Тэр этгээдийн хууль бус үйлдлийн талаар газрын албаны холбогдох хүмүүст амаар мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс тус газрыг эзэмшиж, ашиглах ямар ч боломж байгаагүй. Бусдын хууль бус үйлдлийн улмаас Ч.Д өөрийн эзэмшлийн газрыг ашиглах битгий хэл нэвтэрч чадахгүй байсан. Мөн сонсох ажиллагаа явуулаагүй хүчингүй болгосон гэсэн мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/07 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийсэн байна гэж ямар ч үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзсан ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Д нь өөрийн эзэмшлийн газартаа дураараа орж гарахад хэний ч зөвшөөрөл хэрэггүй. Гэтэл орж гарахын тулд хэн нэгэнд тайлбар тавьж, зөвшөөрөл авч бөөн асуудал үүсгэж байж эсвэл орж, гарж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байсан. Энэ талаар гомдол гаргасан боловч холбогдох байгууллага огт анхаарч үзээгүй. Төрийн байгууллагад иргэн амаар, бичгээр гомдол гаргаж болно. Харин төрийн байгууллага хариу өгөх үүрэгтэй. Ч.Д ээс шалтгаалах зүйл огт байхгүй...” гэж тайлбарлан маргажээ.
2.5. Газрын тухай хуулийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан нөхцөл болзлын хүрээнд зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, харин газар эзэмшигч хуульд заасан хугацаанд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд эрх бүхий этгээдээс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Д нь анх 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 449 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо /хуучнаар/ одоогийн хуваагдсан 34 дүгээр хороо Баянголын аманд 18627321756996 нэгж талбарын дугаар бүхий газрыг 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0363555 дугаар гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд буюу нийт 11 жил өөрийн эзэмшил газрын хэвлийг хөндөөгүй, ямар нэгэн барилга байгууламж бариагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд эрх бүхий байгууллагад хандсан гэх боловч газар эзэмших захирамж гарснаас хойш 10 жилийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлөөс өөрөөр бодит байдал дээр эрх бүхий байгууллагад гомдлоо гаргасан зүйл байхгүй байна.
2.7. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж заасан байна. Уг хуулийн дагуу нэхэмжлэгч Ч.Д нь эрх бүхий байгууллагад хандаж, өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулж, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байхад энэ эрхээ эдлээгүй, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 11 жил өөрийн эзэмшлийн газраа ашиглах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй бусдын хууль бус үйлдлийн улмаас болж өөрт газар эзэмших эрхэд хохирол учирсан бол түүнийгээ шалгуулж тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандахаас гадна холбогдох харьяа дүүргийн цагдаагийн байгууллага болон шүүхэд хандаж өөрийн эрх ашгаа хамгаалуулах талаар хандаагүй байна.
2.8. Анхан шатны шүүх “... маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн зүгээс газраа зохих ёсоор эзэмшихэд хүндрэл гарч байсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас олон удаагийн хөл хориог эрх бүхий этгээдээс тогтоож байсан үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцлүүдийг хангасан уу, хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл шалтгаангүй байсан уу гэдгийг хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад судлах шаардлагатай байсан” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм.
2.9. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эрх бүхий этгээдээс хөл хориог 2020 оноос тавьсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Д нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшиж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 11 жил дээрх газрыг ашиглаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбон тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2.10. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор, 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж хуульчилсан байх тул өөрийн эзэмшил газраа гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хуулиар хүлээсэн үүрэг нь зөвхөн газар эзэмшигчид хамаатай байна.
2.11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасан нэхэмжлэгч нь 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.
2.12. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.1-д “сонсгол зохион байгуулах”, 27.4.2-д” саналыг бичгээр авах”, 27.4.3-д “биечлэн уулзах”, 27.4.4-д “утсаар санал авах”, 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах”, 27.4.6-д “төлөөлөгчөөр дамжуулан санал авах”, 27.4.7-д “бусад” гэж тус тус заасан.
2.13. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/1163 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож буй талаар мэдэгдэж, түүнчлэн “Өглөөний сонин”-ы 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 174 дүгээрт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдсэний дотор нэрсийн жагсаалтын 29 дүгээрт Ч.Д ийн нэр бичигдсэн. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/2271 дүгээр албан бичгээр “дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар захирамжаар газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байгаа зэргээс үзвэл хариуцагч хуульд заасан журмын дагуу маргаан бүхий акт гарахаас өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна гэж үзэхээр байна.
2.14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/000 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ч.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ