Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0023/З |
Дугаар | 221/МА2023/0575 |
Огноо | 2023-09-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0575
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0584 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.
Хэргийн индекс: 128/2023/0023/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0584 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “... Нэхэмжлэгч “М” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.МУын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2295 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэг, 15-р талд "... “М” ХХК-ийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байсан цементийн үнээс 1 тонн тутамд 214,400-275,200 төгрөгөөр буюу 63.9-100.3%-аар нэмэгдүүлж, үйлдвэр нөхцөлөөр задгай цементийн үнийг 1 тонн тутамд 529,500 төгрөг, үйлдвэр нөхцөлөөр савтай цементийн үнийг 550,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр савтай цементийн үнийг 549,500 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч энд дурдсан үндэслэлийнхээ талаар нэхэмжлэгч компаниас хөдөлбөргүй нотлох баримтуудыг тайлбарын хамт гаргаж өгөөгүй, хэрэгт түүнтэй холбоотой баримт цуглаагүй болно.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “М” ХХК нь Зөрчлийн хэрэг нээх тухай тухай 2022 оны 09. дүгээр сарын 26-ны өдрийн 2202000296 дугаартай тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цементийн үнийг нэмэгдүүлсэн үндэслэл, шалтгаан, тайлбар, холбогдох нотлох баримтыг хариуцагч “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”, эрх улсын байцаагчийн ирүүлсэн албан бичигт заасан хугацаанд гарган өгч, хуульд заасан журмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон, мэдүүлэг, тайлбар өгч оролцсон. Ингэхдээ евро стандартын цементийн үйлдвэр барих, тоног төхөөрөмж худалдан авах, үйл ажиллагаа явуулах зорилгоор гадаад болон дотоодын санхүүгийн байгууллага, банк, компаниудаас авсан зээл, түүний хэмжээ, эргэлт төлөлтийн талаарх холбогдох бүхий л мэдээлэл нотлох баримтыг гаргаж өгч байсан. Цаашлаад Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох холбогдох баримтуудыг хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөөр атал, шүүхээс “нэхэмжлэгч компани хөдөлбөргүй нотлох баримтыг тайлбарын хамт гаргаж, өгөөгүй, хэрэгт түүнтэй холбоотой баримт цуглараагүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Харин ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг нотлох зорилгоор шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзаж байсан билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1 үндэслэл нь “...Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас холбогдох журмыг баталж гараагүй байна. Гэвч журам батлагдаагүй нь улсын байцаагчид аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй тогтоосон эсэхийг шалгахдаа өөрийн үзэмжээр, дур зоргоор шийдвэрлэх эрхийг олгоогүй” гэж маргасан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "... Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг Засгийн газар батлаагүй ч гэсэн илтэд илэрхий үйл баримтад дүгнэлт өгч “хэт өндөр үнэ” гэж тогтоож байгаа хариуцагчийн үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох ...” заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн үйл заалтад заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэт төрөөс шууд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн байх ба үүнийг нь буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй" гэж хууль хэрэглээний илэрхий алдаатай, Өрсөлдөөний тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт, түүний зорилгыг буруу тайлбарласан, байж боломгүй дүгнэлт хийжээ.
Учир нь хариуцагч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэг “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцүүлэн үйл ажиллагаа явуулахаар заасан байна.
Гэтэл дээр дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална.” гэж хууль тогтоогчийн зүгээс илэрхий, ойлгомжтой, тодорхой зохицуулж, улмаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас дээрх журмыг батлаагүй атал анхан шатны шүүхээс улсын байцаагчийн дур зоргоор, өөрийн үзэмжээр хийсэн дүгнэлтийг, “нийтэд илэрхий үйл баримт” гэсэн ойлгомжгүй байдлаар зөвтгөн тайлбарлаж шийдсэн нь үндэслэлгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуульд хэдэн хэдэн заалтад Засгийн газар журам баталж зохицуулахаар заасан байна. Тухайлбал 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.3, 11 дүгээр зүйлийн 11.4, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.1.6 гэх мэт. Эдгээр Засгийн газар журам баталж зохицуулахаар шийдвэрлэсэн заалтуудаас Засгийн газраас холбогдох журмуудыг баталж байгаа бөгөөд маргаан бүхий 7 дугаар зүйлийн 7.2-т “хэт өндөр үнэ тогтоох”-той холбоотой журмын төслийг 2022 оны 07 дугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн боловч батлагдаагүй талаар хариуцагч шүүх хуралдааны явцад тайлбарласан.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх Өрсөлдөөний тухай хуульд дагаж мөрдөх журмын тухай хуулиар эсхүл хуульд өөрт нь Засгийн газар хуульд заасан журам батлах хүртэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, түүний улсын байцаагчид журмаар зохицуулах харилцааг өөрсдөө шийдэх : эрх, олгосон түр зохицуулалт огт байхгүй болно. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж “хэт өндөр үнэ” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлох, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавих хяналтын хэрхэн хэрэгжүүлэх талаар процессын зохицуулалт байхгүй байхад хариуцагчаас “М” ХХК-ийг савласан болон задгай цементийн үнийн хэт өндөр тогтоосон гэх үндэслэлээр торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт нэхэмжлэгч компанийн савласан болон задгай цементийн үнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2022.09.23-ний өдөр, 2022.09.28-ний өдрийн байдлаар тус хүснэгтэлсэн байдлаар дурджээ. Уг хүснэгтийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч компани нь тухайлбал задгай цементийн үнийн өсөлт дараах байдалтай байна.
Огноо | РРС 32,5 | Өсөлтийн хувь |
2022.06.22 | 248,500 төгрөг | - |
2022.09.23 | 519,600 төгрөг | 109,09% |
2022.09.28 | 409,500 төгрөг | 64,7% |
Дээрх хүснэгтийн агуулгыг хариуцагч улсын байцаагчийн акт ногдуулсан үндэслэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй харьцуулан үзвэл цементийн үнэ 109,09 хувь өсвөл “хэт өндөр үнэ”, харин 64,7 хувь өсгөвөл “хэт өндөр үнэ” тогтоогоогүй гэж дүгнэгдэхээр байна. Гэтэл давамгай байдалтай аж ахуй нэгж байгууллага өөрийн борлуулж буй бараа бүтээгдэхүүнийг үнийн хуульд заасан журмын дагуу ямар үндэслэлээр, хэдэн хувиар өсгөж болох хэм хэмжээ тогтоосон акт байхгүй талаар нэхэмжлэгч компанийн зүгээс дахин дахин тайлбарласаар байгаа билээ.
Цаашлаад маргаан бүхий 2295 дугаартай шийтгэлийн хуудаст “М” ХХК-ийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 519,600 төгрөг болгож, хэт өндөр үнэ тогтоосон гэж шийтгэл ногдуулахдаа хэд байх ёстой үнийг хэдэн хувиар өсгөсөн талаар дурдаагүй байна. Хариуцагч шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарын 2.2-т “Тус компани бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон эсэхийг тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэ болон үйлдвэрлэхэд гаргасан зардлыг харьцуулах байдлаар тодорхойлох боломжтой. Тус компаниас ирүүлсэн тайлбар, мэдээлэлд дурдсанаар 1 тонн цементэд ногдох бүрэн өөрийн өртөг дунджаар 146,663 төгрөг байх ба тус үнэ болох 529,500 төгрөг болон 550,000 төгрөгтэй харьцуулан авч үзвэл 361-375%-иар нэмэгдүүлсэн үнэ тогтоосон” гэжээ.
Дээрх хариуцагчийн хариу тайлбарыг өмнөх хүснэгттэй харьцуулж үзвэл
2022.09.28
| 409,500 төгрөг
| 64,7%
|
Үйлдвэрийн өртөг (хариу тайлбарт дурдсанаар
| 146,663 | 179,2 |
байх бөгөөд хариуцагчийн өөрийн гаргасан хариу тайлбараас үзвэл цементийн
үнийг үйлдвэрийн цэвэр өөрийн өртгөөс 316-376%-р нэмэгдүүлэн борлуулбал “хэт өндөр үнэ”: харин 179 хувиар нэмэгдүүлэн зарсан тохиолдолд “хэт өндөр үнэ ” биш гэж дүгнэгдэхээр байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс маргаан үйл баримтад хийсэн дүгнэлт буюу цементийн үнийг өмнөх үнэтэй харьцуулан өсөлтийг хувийг тодорхойлох ёстой юу эсхүл, хариуцагч улсын байцаагчийн хариу тайлбарт дурдсанчлан үйлдвэрийн цэвэр өртөгтэй харьцуулах зүйтэй юу гэх тодорхойгүй нөхцөл бий болоод байна. Өнөөдрийн байдлаар дээрх тодорхойгүй нөхцөл бий болох нь илэрхий ойлгомжтой бөгөөд учир нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл, гомдолд удаа дараа дурдаж буй “хэт өндөр үнэ” тогтоох харилцааг Засгийн газар батлаагүй байгаатай холбоотой юм.
Гэтэл анхан шатны шүүхээс “бараа бүтээгдэхүүний үнэд төрөөс шууд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн” гэж дүгнэж буй нь ойлгомжгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг буюу үнийн өөрчлөлтийг хянах зөвшөөрлийг олгохоос бусдаар аль ч зохицуулалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагчид бараа бүтээгдэхүүнийг үнийг шууд хянах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зохицуулсан бөгөөд “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” тайлбарлажээ.
Гэтэл Засгийн газар Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан холбогдох харилцааг зохицуулах журам батлах үүргээ хэрэгжүүлээгүй атал, түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, түүний улсын байцаагч журам батлагдаагүй асуудлаар өөрсдөө дүгнэлт хийж, хуулийн этгээдийг буюу “М” ХХК-ийг 5,3 тэрбум төгрөг торгох шийтгэл ногдуулж байгаа нь дээрх “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй байгаа төдийгүй, “хуульд үндэслэх”, “шийдвэр үндэслэл бүхий байх” тусгай зарчмуудыг ноцтой зөрчиж байна.
Эцэст нь анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭЛ хэсэгт “...нэхэмжлэгч “М” ХХК-ийн Хөгжлийн банктай байгуулсан Зээлийн гэрээг дурдаад төрөөс дэмжлэг авч үйлдвэр байгуулсны хувьд хямд өртөгтэй цементээр дотоодын хэрэгцээг ханган нийлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нэхэмжлэгчийн зүгээс Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлд хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг зээл нь “М” ХХК-д аливаа хэлбэрээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлээгүй арилжааны зээл болно. Харин ч нэхэмжлэгч компанийн хувьд зээлийн гэрээнд заасан үүргийн зохих ёсоор биелүүлж, ханшийн алдагдал нийт төгрөгт хөрвүүлсэн дүнгээр 228,718,194,894.47 төгрөгийн 2023.03.27-ны өдөр төлж дуусган, нийт 74.5 тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг хүлээсэн.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 584 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч Зөрчлийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй байх тул тогтоох хэсэгт нь хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
1. “М” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0002295 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг “... давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн ... давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.370.546.910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Анхан шатны шүүх “М" ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1 тонн тутамд 214.400-275.200 төгрөгөөр (63.9-100.3%-аар) өсгөж, үйлдвэр нөхцөлөөр задгай цементийн үнийг 1 тонн тутамд 529,500 төгрөг, үйлдвэр нөхцөлөөр савтай цементийн үнийг 550,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр савтай цементийн үнийг 570,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр задгай цементийн үнийг 549,500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ... үндэслэлийнхээ талаар хөдөлбөргүй нотлох баримтыг гаргаагүй, үйлдвэрлэлийн өртгөөс гадна банк болон бусад байгууллагаас авсан зээлийн хүү, эргэн төлөлтийг оруулан тооцсон нь зүйд нийцэхгүй, хариуцагчийн “тоног төхөөрөмж зээлээр худалдан авсныг бүтээгдэхүүний өртөгт шингээх ёсгүй, элэгдлийг тооцох ёстой. Зээлийн үндсэн төлбөрийг өртөгт тооцож байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг зөв гэж үзэж, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэд төрөөс хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Засгийн газар Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан холбогдох харилцааг зохицуулах журам батлах үүргээ хэрэгжүүлээгүй атал ... улсын байцаагч журам батлагдаагүй асуудлаар өөрөө дүгнэлт хийж, ... торгох шийтгэл ногдуулж байгаа нь дээрх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байгаа төдийгүй, хуульд үндэслэх, шийдвэр үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг ноцтой зөрчиж байна...” гэжээ.
4. Өрсөлдөөний тухай хуулийн 7.2-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг батлан гаргаагүй байна.
5. Гэвч энэ нь давамгай байдалтай аж ахуйн нэгж, байгууллага нь ямар нэгэн үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох боломжтой гэсэн ойлголт биш бөгөөд хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ... торгоно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг ноёлох үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж, тогтоогдсон бол шийтгэл ногдуулах эрхтэй.
6. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... 7.1.2. бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж тус тус заасан.
7. Нэхэмжлэгч талаас хариуцагч болон шүүхэд “... зээлийн эргэн төлөлт хийгдсэнтэй холбоотой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн, алдагдалтай ажиллаж байсан, мөн цементийн зах зээлийн 2022 оны 8,9,10 сарын үед зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон, тээвэр ложистикийн асуудлаас үүдэлтэй нийлүүлэлт багасаж, хомсдол үүссэн, ачаа тээвэрлэлтийн зардал өссөн зэргээс үнээ нэмсэн” гэх тайлбар, холбогдох тооцоолол, 2020, 2021 онд авсан зээлийн гэрээнүүд, эргэн төлсөн баримт зэргийг ирүүлжээ.
8. Үүнээс үзвэл хариуцагчийн “... тоног төхөөрөмж авах, үйлдвэрлэлийн барилга барих зэрэг үндсэн хөрөнгөд зориулж авсан зээлийн төлбөрийг бүтээгдэхүүний өртөг дээр нэмж тооцох үндэслэлгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгт элэгдлийн зардал байдлаар тооцогддог” гэх тайлбар үндэслэлтэй буюу бүтээгдэхүүний өртөг огцом өссөнтэй холбоотой үнээ нэмсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Мөн бүтээгдэхүүний үнийг зөвхөн үйлдвэрлэлийн өртөгт үндэслэн тогтоохгүй боловч бусад хүчин зүйлс /инфляци, тээвэрлэлтийн хөлс гэх мэт/ нь тухайн үеийн цементийн зах зээлийн хувьд эрэлт ихтэй, хомсдол үүссэн нөхцөлд үнийг огцом буюу 63,9-100,3 хувиар нэмэх үндэслэл болохооргүй байх бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд зах зээл дээр бүтээгдэхүүний хомсдол үүссэн үед ийнхүү үнээ үндэслэлгүйгээр нэмснийг хэрэглэгчийг хясан боогдуулсан ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтыг нэмж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0584 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Өрсөлдөөний” гэсний өмнө “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9,” гэж нэмж өөрчлөн,бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагч “М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ