Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 31

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч              Б.Батзориг

                             Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                 Г.Давааренчин

                    

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан,  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлоор Д.Оюудайд холбогдох “Барьцааны гэрээний үүрэгт 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах” тухай, Д.Оюудайгийн сөрөг нэхэмжлэлтэй “Нью Линк Интернэшнл”       ХХК-нд холбогдох “Барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны эд зүйлсийг чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

 Нэхэмжлэгч “Нью Линк Интернэшнл” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нью Линк Интернэшнл ХХК нь 1999 оноос хойш албан ёсоор оюутан сурагчдыг гадаадад сурч боловсрох, ажиллах боломж олгож зуучлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадад суралцахаар болсон оюутан Монголдоо заавал буцаж ирэх үндэслэл болгож үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлага үүсдэг болно.

Учир нь: гэрээгээр гадаадад суралцдаг оюутан, соёлын солилцооны хөтөлбөрөөр явахдаа хугацаандаа буцаж ирэхгүй байх, гадаад улсын хууль дүрмийг зөрчиж харлаж, визний зөрчил гаргах, гэмт хэрэгт орооцолдох нь зуучлагч “Нью Линк Интернэшнл” ХХК-ий үйл ажиллагаа хэвийн явуулахад хортой нөлөөтэй ба гадагш сурах чин хүсэлтэй дараагийн хүүхдүүд гадаадад суралцах боломж алдагддаг, мөн гадаадын харилцагч байгууллагууд итгэл алдарч хамтран ажиллахаас татгалздаг ноцтой үр дагавартай болно. Иргэн Лхагвасүрэнгийн Болор

2.

 

нь 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Англи улсад суралцуулах тухай 07/04 тоот гэрээ байгуулж, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07/06 тоот барьцааны гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу Англи улсад суралцсан бөгөөд гэрээний дагуу Монголдоо ирж барьцаагаа чөлөөлүүлэх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгөх боломжгүй юм. Барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоот орон сууцны өмчлөгч Д.Оюудай барьцаа хөрөнгөөрөө 5000 долларыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Хэрэв Лхагвасүрэнгийн Болор нь гэрээгээ зөрчөөгүй бол манай компани Английн хамтрагчийнхаа итгэлийг алдахгүй олон Монгол залуус Англид сурч боловсрох эрх нээлттэй байх байсан билээ. Өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа бөгөөд гэрээ зөрчсөн этгээдүүд үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрээд байна. Иймд 5000 доллар буюу 12.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Монгол банкны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ханш 2498 төгрөг байгаа болно.

…Тэгэхээр уг долларыг тухайн үеийн ханшаар бодох уу, өнөөдрийн ханшаар бодох уу гэдэг асуудал гарч ирнэ. Иймд уг мөнгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү...

Зохих ёсоор үүргээ гүйцэтгэж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ. гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөлөөгч нар  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...“Нью Линк Интернэшнл” ХХК-наас иргэн Д.Оюудайд холбогдуулан 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.  Миний төрсөн охин Лхагвасүрэн овогтой Болор нь 2007 онд шүүхэд “Нью Линк Интернэшнл” ХХК-ний шугамаар ИБУИНВУ-ын Лондон хотод Leicester Square сургуульд 6 сарын хугацаатай суралцахаар болсон ба Монгол Улсад эргэн ирэх баталгаа болгож 5000$ үүрэгт Д.Оюудай миний өмчлөлийн Ү-2204008889 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 22 дугаар байрны 91 тоотын 2 өрөө байрыг барьцаалсан. Нью Линк Интернэшнл ХХК-тай 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Барьцааны гэрээндээ 6 сарын сургалтын хугацаагаа дуусгаж, эх орондоо ирээгүй, сургалтанд хамрагдаагүй, визний зөрчил гаргах болон үлдсэн ямар ч тохиолдолд эрэн сурвалжлах болон Монгол Улсад албадан ирүүлэх ажиллагаанд гарсан хохирол зардлыг барьцааны хөрөнгөнөөс гаргуулахаар тохиролцсон. Миний охин Л.Болор нь тус сургуульд 6 сар суралцаж төгссөн бөгөөд сургалт нь 2007 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн 2008 оны 1 дүгээр сарын 18-нд дууссан тул визээ сунгуулах зайлшгүй нөхцөл үүссэн. Үүнийгээ “Нью Линк Интернэшнл” ХХК-ний шугамаар ХХК-ний захирлын дүү Д.Ариунбатад мэдэгдэж, барьцааны гэрээний 1.2-т зааснаар нэг удаа визээ сунгуулан суралцсан юм. Сургуулиа төгсөөд 2008 оны 7 дугаар сард ирсэн ба ирсэн тухайгаа Нью Линк Интернэшнл ХХК-нд мэдэгдэж, барьцааны гэрээний 3.2-т заасны дагуу байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандсан боловч барьцааг чөлөөлж өгөөгүй. Бидний хооронд байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болсон. Миний охин Л.Болор нь Англи улсын болон Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, заасан сургуульд суралцсан, визний зөрчил гаргаагүй, нэг удаа визээ 6 сараар сунгасан бөгөөд “Нью

3.

 

Линк Интернэшнл” ХХК-нд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй бөгөөд эдгээр Л.Болорын гадаад паспортын хуулгаар байхад барьцааны гэрээг цуцалж өгөхгүй иргэн надаас 12.490.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

…Хичээл дуусахаас өмнө визний хугацаа дуусч байсан тул визээ сунгуулах шаардлага зайлшгүй тулгарсан. Тэгээд визээ сунгуулахад 2009 оны 3 дугаар сарын 31-нд дуусахаар хугацаатай сунгасан. Би визний хугацаа дуусч, байгаа, хичээл дуусах болоогүй, хугацаагаа дахин сунгах талаар тухайн үед Ариунболд захирлын дүү Ариунбаттай утсаар ярьж мэдэгдэж байсан. Тэгээд виз гарсан хэдий боловч би 2008 оны 07 дугаар сард өөрийн биеэр эргэж ирээд Ариунболд захиралтай уулзсан. Тэр үед Ариунболд захирал намайг хэл амаар доромжилж, миний паспортыг булааж авах намайг зодох дээрээ тулсан. Би энэ компанид ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байгаа. Би Англи улсад суралцаж байхдаа ямар нэгэн визний зөрчил гаргаагүй. Ямар нэгэн гэмт хэрэг холбогдож энэ компаниар эрэн сурвалжлуулж зардал чирэгдэл учруулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...”

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хээлцэх хугацаа гурван жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг тул “Нью Линк Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...

…Миний зүгээс барьцааны гэрээг дуусгавар болгож үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 336 дугаартай шийдвэрээр:

 -Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар “Нью Линк Интернэшнл” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Оюудайд холбогдох “Барьцааны гэрээний үүрэгт 5000$ буюу 12.490.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Нью Линк Интернэшнл” ХХК Д.Оюудай /Л.Болор гарын үсэг зурсан/ нарын хооронд байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн № 07/06 тоот Барьцааны гэрээг дуусгавар болгож, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 91 тоотод байрлалтай Д.Оюудайгийн өмчлөлийн             Ү-2204008889 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчид нь буцаан олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн    57.1-д зааснаар нэхэмжлэгч “Нью Линк Интернэшнл” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.560 төгрөг, Д.Оюудайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, “Нью Линк Интернэшнл” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан Д.Оюудайд олгож шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгч “Нью Линк Интернэшнл” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

4.

 

 “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.05.04-ний өдрийн 336 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний хугацаанд Монголдоо заавал буцаж ирэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн гэрээнд заагдсаны дагуу нэхэмжлэл гаргасан. Шүүх гэрээний хугацаанд заавал буцаж ирэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж дүгнэн шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 71-р зүйл, 72-р зүйл, 73-р зүйлүүдэд гэрээний хугацааг хэрхэн тоолохыг заасан байх ба 208-р зүйлд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой зааж өгсөн байх ба 221-р зүйлд заагдсан хүндэтгэн үзэх шалтгаануудыг зааж өгчээ. Хариуцагч тал гэрээний хугацаандаа яваагүй нь нэхэмжлэгчийн буруу биш ба ирэх хугацаандаа Монголдоо ирээгүй нь ч нэхэмжлэгчийн буруу биш. Хариуцагч тал нэхэмжлэгч талд албан ёсоор мэдэгдсэн, хугацаа сунгуулахыг хүссэн ямар ч баримт байхгүй байна. Иргэний хуулийн 222.4 дэх заалтаар заагдсанаар хариуцлага хүлээх ёстой. Гэтэл шүүх гэрээнд ямар ч тохиолдолд заавал хугацаандаа буцаж ирнэ гэсэн заалтыг зөрчөөгүй гээд байгааг ойлгохгүй байна. Гэрээг шүүх хүчинтэй гэж үзсэн. Гэрээнд заагдсан заавал хугацаандаа Монголдоо ирэх заалтыг хүчингүйд тооцоогүй. Иймд хугацааг яаж тоолсон нь тодорхойгүй, хугацаандаа заавал Монголдоо ирэх заалтыг үгүйсгэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.04-ний өдрийн 336 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

Үндэслэх нь:

    

 Нэхэмжлэгч “Нью Линк Интернэшнл” ХХК нь  гэрээний үүргийг биелүүлээгүйгээс “барьцаа 5000 доллар буюу 12.490.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч Д.Оюудайд  холбогдуулан  гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан  “Барьцааны гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хэргийг судлан үзвэл:  “Нью Линк Интернэшнл” ХХК, хариуцагч Д.Оюудайтай харилцан тохирч  2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Англи Улсад суралцуулах гэрээ” гэх №07/04 тоот,  2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №07/06 тоот “Барьцааны гэрээ”-гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.

 

  Хэрэгт авагдсан нотлох баримт болох дээрх гэрээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайлбал хэргийн материалын 6,7,8 дугаар талд авагдсан Англи улсад суралцуулах болон Барьцааны гэрээнүүдийг зохигчдоос хуулбарлан ирүүлсэн бөгөөд дээрх хуулбараас гэрээний нэг тал нь хэн болох,  гэрээнд  талууд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй буюу харагдахгүй, Барьцааны гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч хариуцагч нарын  хооронд байгуулсан гэж ойлгогдохоор боловч тухайн гэрээнд талууд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй,  барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар авагдаагүй байна.

 

   Гэтэл шүүх дээрх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “ ...Хуулбарыг өгсөн үед

5.

 

шаардлагатай  гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт шүүх үзлэг явуулах ба шинжилж судлаж болно.” Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэснийг тус тус зөрчсөн байна.

 Иймд  шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

                                         ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                       Л.АМАРСАНАА 

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН