Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/259

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002530307 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.О

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч О.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр 71-58 ОРО улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Ээжийгээ олон жил зовоож байна, хөнгөн ял өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Ц-гийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гарч хүнсний зах орох гээд Дэнжийн МУИС-ийн зүүн талын автобусны зогсоол дээр дүү Пүрэвтэй уулзаж, бид хоёр Дэнж гэсэн бичигтэй автобусанд суусан. “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр ирээд автобус зогсоод хаалгаа онгойлгохоор нь би түрүүлж буух гээд шатан дээр гишгээд нэг хөлөө газар гишгэх гэж байтал автобус гэнэт ухраад би шууд доошоо газарт унасан, би газраас босох гэтэл миний зүүн хөл эргэчихсэн байсан учир босож чадаагүй. ...эмчилгээнд гарсан зардлаа авсан бөгөөд надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-50-53/,

иргэний хариуцагч М.А-н “...О.О нь манай байгууллагаас мөнгөн тусламж хүсэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өөрөө мөнгө нэмээд хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг төлсөн, мөн Приус машины засварт 300.000 төгрөгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

гэрч Х.Б-н “...над руу манай компанийн диспетчер Батцэцэг залгаж “71-58 жолооч замын хашлага мөргөчихлөө” гэж хэлсэн, би...6-1 дүгээр байрны гадаа ирэхэд “Хүлэг” захын авто зогсоол дээр тус автобус нь зогсож байсан. Намайг очиход Батцэцэг болон жолооч Отгонбаатар нар байсан бөгөөд “автобус тоормозгүй болоод ухарчихлаа, тэгсэн чинь нэг хүн буугаад эмнэлэг явчихлаа” гэж хэлсэн. ...Приус-30 машины гупер нь ханзарчихсан байхаар нь би засварын газарт аваачиж янзлуулж, гомдолгүй болгосон, байгууллага гарсан зардлыг нь төлсөн.” гэсэн мэдүүлэг /хх-68-70/,

гэрч Х.М-н “...намайг байгууллагын гаражид байхад над руу диспетчер Оюунтуяа залгаж “71-58 ОРО дугаартай автобус ухраад хашлага мөргөчихлөө, тэгээд цагдаа нар автобусыг журмын хашаанд хийнэ гэнэ, асахгүй байна, та журмын хашаанд нь хийгээд өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь би ганцаараа “Хүлэг” захын урд очиход автобус зогсоол дээр зогсож байсан бөгөөд жолооч Отгонбаатар болон цагдаа нар байсан, Отгонбаатар хэлэхдээ “машин тоормозгүй болоод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн, би тэр автобусыг асаах гэтэл асахгүй байсан. ...Тус автобус нь хийн тоормозтой, хий байж тоормоз ажиллана, хэрвээ хий дуусвал автобус шууд нам зогсдог технологитой.” гэсэн мэдүүлэг /хх-72-73/,

гэрч С.Б-н “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би 6-1 дүгээр байрны урд талын авто зогсоол дээр гадна талын диспетчерээр ажиллаж байсан. ...над руу жолооч Отгонбаатар залгаж “эгч ээ, та хаана байна, Говилын буудал дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь гүйгээд “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр очиход тус зогсоолд Отгонбаатарын унаж явдаг 71-58 ОРО улсын дугаартай автобус байсан бөгөөд замын боржур дээр нэг эмэгтэй хүн хөлөө барьчихсан сууж байсан. ...Түргэн ирээд нөгөө хөлөө бариад сууж байсан эмэгтэйг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-75-76/,

гэрч Г.Х-н “...би өөрийн 96-99ОРН улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота приус-30 машинтайгаа хүү Мөнх-Оргилын хамт “Хүлэг” зах орсон... би ганцаараа зах орж, хүү маань машиндаа үлдсэн. Хэсэг хугацааны дараа над руу хүү маань залгаж “машиныг мөргөчихлөө” гэж ярьсан, би захаас гараад очтол нийтийн тээврийн автобус замын дунд байдаг хашлага мөргөөд зогсчихсон,  миний машины зүүн хойд гупер зурагдчихсан байсан. Тэгтэл тэр автобусны жолооч залуу “тоормоз барихаа болиод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн. ...машины хохирлыг тус автобусны компани барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-78-79/,

гэрч Н.П-н “...эгч Цэцэгмаагийн хамт Дэнжийн 3 байрны урд талын автобусны буудлаас автобусанд сууж “Хүлэг” зах орохоор явж байтал нэг юм чанга дуугарсан бөгөөд яг юу дуугарсныг мэдээгүй. Тэгээд автобус “Хүлэг” захын урд очиж зогсоод хаалгаа нээсэн бөгөөд эгч маань хамгийн түрүүнд бууж байсан, гэтэл автобус хойшоо гэнэт хүчтэй ухарсан бөгөөд замын хашлага мөргөөд зогссон. Тэгээд би автобуснаас буутал эгч маань газар сууж байсан бөгөөд намайг очоод өргөх гэтэл эгч маань “миний хөл хугарчихаж, босож чадахгүй байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-81-82/,

шинжээч Б.А “...71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хийн тоормозны системтэй байсан. Ерөнхийдөө хий хуримтлуулж, хуримтлуулсан хийгээ хүчлүүрээр шахаж дугуй тус бүр дээр даралт очиж тоормоз барих үйл явц юм. Механизмын хувьд хий алдагдсан тохиолдолд тоормоз нь шууд автоматаар барьдаг.” гэсэн мэдүүлэг /хх-115-116/,

яллагдагч О.О-ын “...хохирогч эгч өөрөө автобусны голын суудлаас босож ирээд түрүүлж буусан, би уг нь “машин болохгүй байна, байж бай” гэж зөндөө хэлсэн, тэр эгч машин хойшоо өнхөрч эхэлсний дараа буусан. ...хохирогч Н.Цд эмчилгээнд 1.200.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Тэрээр надаас ахиж мөнгө төгрөг нэхэхгүй гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-139/,

О.О-аас Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...“Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр миний жолоодож явсан 71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормоз ажиллахгүй, бууж байсан зорчигч гэмтээд миний машин ухарч Т.Приус машин замын хайстай хамт мөргөчихлөө.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-13/,

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “...О.О нь 71-58ОРО улсын дугаартай дунд оврын автобус жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино./,

12.3. /Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна./ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа /хх-14/,

Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч О.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

3.4а. “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”,

12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна./ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа /хх-34-36/,

О.О эмчилгээний зардал, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-44/,

О.Оын 229051 дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэх, 02058175 дугаартай, 71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол /хх-45/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаартай “...1.Н.Цгийн биед зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байх боломжтой. 3.Зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-98-99/,

Техникийн шинжээч Ц.Энх-Амгалан, Б.Ариунсайхан, У.Отгонбаатар, Л.Энхцэцэг нарын гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-106-109/,

Шинжээч Д.Доржсүрэн, Р.Мягмаржав, Л.Бадамханд нарын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-121-122/,

О.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-153/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-143/,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-159-164/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-167-168/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч О.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр 71-58ОРО улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Цгийн “...“Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр ирээд автобус зогсоод хаалгаа онгойлгохоор нь би түрүүлж буух гээд шатан дээр гишгээд нэг хөлөө газар гишгэх гэж байтал автобус гэнэт ухраад би шууд доошоо газарт унасан, би газраас босох гэтэл миний зүүн хөл эргэчихсэн байсан учир босож чадаагүй.” гэх,

гэрч Х.Б-н “...Намайг очиход Батцэцэг болон жолооч Отгонбаатар нар байсан бөгөөд “автобус тоормозгүй болоод ухарчихлаа, тэгсэн чинь нэг хүн буугаад эмнэлэг явчихлаа” гэж хэлсэн.” гэх,

гэрч С.Б-н “...“Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр очиход тус зогсоолд Отгонбаатарын унаж явдаг 71-58ОРО улсын дугаартай автобус байсан бөгөөд замын боржур дээр нэг эмэгтэй хүн хөлөө барьчихсан сууж байсан.” гэх,

гэрч Н.П-н “...автобус “Хүлэг” захын урд очиж зогсоод хаалгаа нээсэн бөгөөд эгч маань хамгийн түрүүнд бууж байсан, ...би автобуснаас буутал эгч маань газар сууж байсан бөгөөд намайг очоод өргөх гэтэл эгч маань “миний хөл хугарчихаж, босож чадахгүй байнагэж хэлсэн.” гэх,

яллагдагч О.О-ын “...хохирогч эгч өөрөө автобусны голын суудлаас босож ирээд түрүүлж буусан, би уг нь “машин болохгүй байна, байж бай” гэж зөндөө хэлсэн, тэр эгч машин хойшоо өнхөрч эхэлсний дараа буусан. ...хохирогч Н.Цд эмчилгээнд 1.200.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,   

О.О-аас Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...“Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр миний жолоодож явсан 71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормоз ажиллахгүй, бууж байсан зорчигч гэмтээд миний машин ухарч Т.Приус машин замын хайстай хамт мөргөчихлөө.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн, мөн мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай магадлагаа, О.О эмчилгээний зардал, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн тухай баримтуудаар, мөн

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч О.О-ын үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Иймээс шүүх шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн тухайд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч О.О нь хохирогч Н.Ц-гийн биед “...зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт” гэмтэл учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд тэрээр эмнэлгийн тусламж авч гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан бусад зардал нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О нь хохирогч Н.Ц-д эмчилгээний зардал, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны баримт хэргийн 44 дүгээр талд,

хохирогч нь “эмчилгээнд гарсан зардлаа авсан бөгөөд надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 53 дугаар талд,

гэрч Г.Хажидсүрэнгийн “...машины хохирлыг тус автобусны компани барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 78-79 дүгээр талд тус тус авагдсан тул шүүгдэгч О.Оыг учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч О.О-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцон “...ээжийгээ олон жил зовоож байна, хөнгөн ял өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч О.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.О-т Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гуч хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, мөн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тул шүүх энэ тогтоолоор торгох ял оногдуулж, улмаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 229051 дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.О-т,

          71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02058175 гэрчилгээг “ББ-ОД” ХХК-д тус тус буцаан олгож,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.От Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

         энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гуч хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 229051 дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.О-т,

          71-58ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02058175 гэрчилгээг “ББ-ОД” ХХК-д тус тус буцаан олгож,

          битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ