Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 0005

 

 

 

 

 

 

 

 

 

О.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Г.Э

   Шүүгдэгч                                                       О.О

Нарийн бичгийн дарга                             Э.Б нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хурарлдааны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Оын гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч О.От холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овогт О-н О,

 

О.О нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  аймгийн  сум багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” хүнсний захын баруун талын авто зам дээр  улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч  С овогт О-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.От Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

            энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гуч хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн    дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.От,  улсын дугаартай тээврийн хэрэгслийн  гэрчилгээг “Б” ХХК-д тус тус буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О давж заалдах гомдолдоо:

... анхан шатны шүүхийн шийдвэрээр ... 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа, харин надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар урьд өмнө оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож надад 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэснийг хууль зөрчсөн, хүнийг эрхийг зөрчсөн, эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Тухайлбал:

Шүүгдэгч О.О би хүн амины хэрэг үйлдэж шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэгдсэн ба хорих ял эдэлж байх хугацаандаа хүмүүжиж, зан байдлаараа нийтэд ямар ч аюул учруулахгүй болсноо нотолж нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй, хохирол төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн.

Хорих газраас гарч ирээд нийгэмд болон олон нийтэд аюултай үйлдэл хийж ямар нэг захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, амьдрахын эрхэнд өөрийн эзэмшсэн жолооч мэргэжлийн дагуу хувийн эзэмшлийн байгууллагад нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилд орж ажилласан юм. Гэтэл тэр өдөр буюу 2021 оны 07 сарын 28-ны өдөр автобусны торомз гэнэт ажиллахгүй болж осол гаргасан. Би өөрийн бурууг ойлгож, хохирогчид тусалж, ямар нэг хохирол төлбөргүй болгосон. Энэ бүх байдлыг шүүх харгалзан үзсэн боловч хуульд заасны дагуу ял оногдуулахдаа өмнөх ялын тэнсэн харгалзах ялыг биечлэн эдлүүлэхгүй нөхцөл байдалд тооцож үзээгүй маш их гомдож байна.

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4-д “...хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ял дээр шинээр гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр заасан бол Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 5-д “...хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба эдлээгүй үлдсэн ялыг заавал нэмж нэгтгэнэ гэж заагаагүй байна. Иймд шүүх шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруутай ойлгож байгаа байдал зэргийг харгалзан үзэж өмнөх ялын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлүүлэхгүйгээр зөвхөн шинээр гэмт хэрэг үйлдсэн зүйл ангид заасан ялыг оногдуулах боломжтой байсан.

... би өндөр настай ээжийгээ асран хамгаалдаг, ээж маань миний шоронд өнгөрүүлсэн 11 жилийн хугацаанд сэтгэл санааны маш их дарамтад амьдарч надтай хамт ял эдэлсэнтэй адил сэтгэлийн зовлонтой амьдарч ирснийг би маш сайн ойлгож байсан тул өөртөө маш их хяналт тавьж ямар нэг хэрэг зөрчил гаргахаас байнга сэргийлж байсныг шүүх анхаарч үзээгүй, бас шинээр болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байхад надад дахин хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн Эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго алдагдсан мөн шинээр үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулна гэсэн Шударга ёсны зарчмыг хэрэгжүүлээгүй гэж бодож байна.

Иймд надад хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, надад хуульд заасан ял оногдуулж өгөхийг хүсэж байна ... гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

... Шүүгдэгч О.О нь урьд 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нийт 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн. хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоов гэж дүгнэлт хийсэн атлаа нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эдлээгүй үлдсэн ялын тооцоог хэрхэн тооцож, нийт эдлэх ялыг тогтоосон нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой байсан атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл хэсэг заалтыг буруу баримтлан шийдвэрлэсэн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн-259 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гомдол эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч  О.О нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  аймгийн  сум  багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” хүнсний захын баруун талын авто зам дээр  улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх О.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, нийт эдлэх  хорих ялыг 2 жил 6 сарын  хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгч О.О нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 14 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.

            Гэтэл О.О нь хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ ...  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож  шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Өөрөөр хэлбэл шүүх ялтны эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг хэрхэн тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон талаараа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах  эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

            Шүүгдэгч О.Оын хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хугацаандаа үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн  ялыг тэнссэн хугацааг хүчингүй болгож  энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ял болгон өөрчилж нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ эдлээгүй үлдсэн хорих ялыг ямар үндэслэлээр хүчингүй болгож нэмж нэгтгэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

            Түүнээс гадна анхан шатны шүүх хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх байтал  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл хэсэг заалтыг буруу баримтлан шийдвэрлэсэн  байна.

            Иймд дээд шатны прокурорын ... Шийтгэх тогтоол хуулийн шаардлагад нийцээгүй... гэсэн үндэслэлээр гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.Оын ... хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хянан үзэж хуульд заасан ял оногдуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.От холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч О.Оын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.  

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.От урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА