Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0058/З |
Дугаар | 221/МА2023/0583 |
Огноо | 2023-09-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0583
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэгч: “З” ХХК,
Хариуцагч:Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээх шийдвэр гаргах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 471 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0058/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6, 1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 27.5, 27.6-д зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар А/357 тушаалын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “З” ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч “З” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 1.0 га газрыг ашиглах эрхтэй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.3.3 дахь хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч тусгай хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар ашиглах эрх аваад 6 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/357 дугаартай тушаал гарах үед тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаартай албан бичигт хавсаргасан газрын үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон. Тус үйл баримтаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “ ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс тус баримтыг хуулийн дагуу, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт тус тус заасныг баримталж ажиллаагүй байна.
2.3. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсныг Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаартай албан бичгээр тогтоогддог. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь, бүрэн төлөөгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүрэн эрхийг хуульчилсан эрх зүйн зохицуулалтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “З” ХХК-аас “... Газрыг ашиглах гэтэл давхцал кадастрын зургийн огтлолцлын цэгүүд байршил зөрсөн, тодруулахад давхцалгүй гэсэн боловч дахин давхцал гарч өөр этгээд байшин барьж эхэлснээс маргаан үүсэж эрх бүхий этгээдэд хандсанаар шийдэгдэх хүртэл үйл ажиллагааг зогсоосон, одоо хүртэл шийдвэр гараагүй, шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй ... Налайх дүүргийн зам засварын ажил, цар тахлын улмаас ашиглах боломжгүй байсан ... газрын төлбөрийн тухайд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот акт зэргээр төлбөрийн үлдэгдэлгүйгээр баталгаажуулсан, Налайх дүүргийн газрын албаны нэхэмжлэлийн дагуу 2021, 2022 онуудад 2.064.000 төгрөгийг 100 хувь төлсөн ... 2021 оны 04 дүгээр сард газрын ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч манай хүсэлтийг шийдвэрлээгүй учир дахин 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20/92 тоот албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандсан хэдий ч шаардлагатай арга хэмжээ аваагүй ...” гэх зэрэг үндэслэлээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээх шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, ... хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй, ... хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг нь дуусгавар болгох санал ирүүлсэн, ... налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 23/665 дугаар мэдэгдлээр ... хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 39 иргэн, аж ахуйн нэгжид төлбөрийн мэдэгдэл хүргүүлсэнд “З” ХХК багтсан, төлбөрөө төлсөн ч 2022 оны сүүлд 1007862 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн бичиг ирсэн ... нэхэмжлэгч нь газрын төлбөрийг нэг жил алгасаж дараа жилд нь төлдөг нь Газрын төлбөрийн тухай хуулийн ... улирал бүрийн сарын эхний 25-ны өдөр хугацаанд нь бүрэн төлөх зохицуулалтад нийцээгүй ... хамгаалалтын захиргааны тус компанийн газар ашиглах эрхийг цуцлах саналд тус компани газар газар ашиглах эрх үүссэн 2016 оноос 2002 оны 08 дугаар сарын байдлаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар нь хоосон байсан бодит нөхцөл байдлыг үзлэг хийж тогтоосон талаарх нотлох баримт болох зураг ирүүлсэн, мөн газар ашиглах эрхийн хугацаа нь дууссан байсан, Газрын тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргахаар заасан байхад хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны дараа сунгуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сард гаргаснаас үзвэл хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй нь тодорхой байна. Иймээс маргаан бүхий акт үндэслэлтэй гарсан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний А/357 дугаар маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 35.3.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэж газар ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “З” ХХК багтсан байх бөгөөд тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, гэрчилгээний хугацаа дууссан” гэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болсон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналд дурдагдсан нэхэмжлэгчид хамаарах үндэслэл болох газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй, гэрчилгээний хугацаа дууссан гэх зэрэг нөхцөл байдлыг тогтоосон талаарх тайлбар үндэслэлтэй холбогдуулан хэргийн үйл баримтыг тодруулж шалгаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
4.2. Хэрэгт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох нөхцөл бүрдсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын жагсаалт, “хавсралтын 28-д “З” ХХК “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, гэрчилгээний хугацаа дууссан” гэж тэмдэглэсэн/, мөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонины баасан гаригийн 6 дугаар нүүрт сонсох ажиллагааг явуулах талаар мэдээлсэн материал, ... газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг, ... газрын төлбөрийн мэдээллийг тус тус хүргүүлсэн талаар дурдсан 22/529 дугаар албан бичиг, хээрийн судалгаа хийх явцад нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, хашаа хайс татагдаагүй, атар хэлбэрээр байсныг нотолно гэх фото зургийн баримтууд, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “... “З” ХХК 1.007.862 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй” гэж тодорхойлсон 23/665 дугаар албан бичиг зэрэг баримтууд тус тус авагдсан байна.
4.3. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болсон маргаан бүхий актын "... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй ... ” гэх хэсэгтэй холбогдуулан шүүх дээр дурдсан Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн удаа дараагийн албан бичгүүд тэдгээрийн хавсралттай холбоотой үйл баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар шийдвэрт тусгаагүй, энэ талаарх нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулах ажиллагааг хийж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт хээрийн судалгаагаар тогтоогдсон гэх дээр дурдсан баримтыг хэрхэн үзэж байгаа нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан “газрын давхцал үүссэний улмаас эрх бүхий этгээдэд хандсан ч шийдвэрлэгдээгүйн улмаас газрыг ашиглах боломжгүй байсан” гэж маргасан үндэслэлтэй холбогдуулан газрын давхцал арилгуулах талаар хэзээ, хэрхэн ямар хүсэлт гаргасан эсэх, хариуцагч шийдвэрлэсэн эсэх, хүсэлтийг шийдвэрлээгүй нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн эсэхийг, мөн нэхэмжлэгчийн “зам засварын ажлын улмаас газраа ашиглах боломжгүй байсан” гэж маргасан үндэслэлтэй холбоотой баримт нотолгоог тус тус бүрдүүлээгүй, эдгээр маргасан үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “... бодит нөхцөл байдлыг тогтоолгүй маргаан бүхий актыг гаргасан ... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны ... 22/631, ... 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал хариуцагчид хүргүүлсэн боловч нэхэмжлэгч “З” ХХК-ийн хүсэлт, тайлбарыг харгалзан үзээгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Зүй нь шүүх маргаан бүхий актын “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй” гэсэн үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “... анх газар ашиглах эрх үүссэн 2016 оноос хойш газрын давхцал үүссэний улмаас мөн Налайх дүүргээс зохион байгуулсан зам засварын ажлын улмаас газар ашиглах боломжгүй байсан ... цар тахалтай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд бэрхшээл үүсгэсэн” гэж, маргасан үндэслэлтэй холбогдуулан хэзээ ямар байдлаар газрын давхцал үүссэн, нэхэмжлэгчээс энэ талаар ямар байгууллага албан тушаалтанд хэрхэн хандсаныг, энэхүү шалтгааны улмаас газар ашиглахад саад үүссэн эсэх, мөн зам засварын улмаас газар ашиглах боломжгүй, үйл ажиллагаа явуулахад саад учирч газар ашиглах боломж хязгаарлагдсан эсэх, эдгээр нь газрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглах боломжгүй нөхцөлд хамаарах эсэх, мөн нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийг сунгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй гэж маргасан нь, хариуцагчаас “газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа сунгуулах хүсэлт гаргасан” гэж маргасан нь тус тус үндэслэлтэй эсэхийг тодруулж, хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлсний эцэст хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.
Түүнчлэн шүүх маргаан бүхий акт гарах үед “нэхэмжлэгч газрын төлбөр бүрэн төлөөгүй байсан” гэх хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримттай холбогдуулан шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь, мөн Газрын тухай хуулийн 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэлүүд зэрэг бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах эсэх зэрэг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь тус тус хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг дурдах нь зүйтэй байна.
4.5. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ