Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/597

 

 

 

 

 

 

 

      2021            11           08                                      2021/ШЦТ/597                               

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт А-ийн Д-ид холбогдох эрүүгийн 20100 0304 0171 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Нямдэлэг /томилолтоор/, шүүгдэгч А.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Кинг” угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/854 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт А-ийн Д- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 07 тоотод гэртээ Э.Э-тай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд “...хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 07 тоот гэртээ найз Этай маргалдсан. Тэгэхэд миний гэдэс рүү түрүүлж цохихоор нь би зөрүүлээд нүүр, хамар луу нь цохиход Э гараад явчихсан. Би гэртээ байж байхад хамт байсан найзууд залгаад “энэ Э үхлээ ш дээ” гэж хэлэхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодоод унтаад өгсөн. Би гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 150.000 орчим төгрөгийг нөхөн төлсөн. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0304 0171 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Э-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 11 цагийн үед Тэнгис кино театрын урд Хүслэнтэй уулзаад, түүний ах Тэмүүлэнгийн хамт гадуур гарч сэлбэг хайгаад 18 цагийн үед буцаад 20 цагт Хүслэнгийн хамт Дийн гэрт буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24-р байрны 3 давхрын баруун талын булангийн байранд ороход Тэргэл, Цогтгэрэл хоёр байж байсан. Ингээд бид 4 хоолоо идэж байхад Д зүс танихгүй хоёр хүүхдийн хамт орж ирсэн ба удалгүй араас нь хоёр хүүхэд бас орж ирсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед Цогтгэрэл, Тэргэлийн хамт гадаа гарахад онгорхой дэлгүүр байхгүй байхаар нь буцаж ороод Хүслэнг дагуулаад байрнаас гарах гэж байхад Бямбахүү ирчихсэн байсан.

Тэгээд түүнтэй мэнд мэдээд зогсож байхад Д хаалгаар гарч ирснээ “нэгжний мөнгө байна уу” гэхээр нь “мөнгө алга” гэхэд буцаж ороод удаагүй байхад Д дахин “тамхины мөнгө байна уу” гэхээр нь “мөнгө байхгүй” гээд Дийн мөрөн дээр гараа тавиад “чи гэрийн эзэн байж хэдэн найзыгаа яах гэсэн юм бэ” гэхэд Д тонгойх шиг болоод баруун гараараа миний зүүн нүдний ойролцоо цохисон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгасан юм. Ингээд Д хаалгаа онгойлгоод “хамуудаа гараад ир” гэхээр нь бид нар гэрээс гараад явсан.

...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, гомдол санал байхгүй. Би эмчилгээний зардал болох 175.000 төгрөгийг гаргуулан авсан, надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бямбахүүгийн гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 2-р хороо, 24 дүгээр байр луу ороод дээшээ гарч байхад 3 давхрын 07 тоотоос Цогтгэрэл, Хүслэн, Э нар гараад ирэхээр нь мэнд мэдээд зогсож байхад Д гэрээс гарч ирснээ “мөнгөө мартчихлаа” гээд буцаад орсон. Тэр үед бид нар Дийг хүлээгээд, юм яриад зогсож байхад Д гарч ирэхэд Э “найз нар чинь дээрэлхээд байна” гэх утгатай үг хэлэхэд Д баруун гараараа Эийн хамар луу цохиход Э татаад унасан ба Хүслэн бид хоёр бариад авсан юм. Харин Цогтгэрэл, Тэргэл хоёр Дийг бариад зогсож байхад хаалгаа нээснээ нэг юм хэлэх шиг болохоор нь бид нар гарч зугтаагаад байрны ард талд зогсож байсан. Тэр үед Эийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. Д болохоор “лалруудаа гараад ир, хаана байна” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Б.Тэргэлийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дийн гэрт очиж хоноод, маргааш нь гэрт нь байж байхад 20 цаг өнгөрөөгөөд Хүслэн, Э нар орж ирсэн. Тэгээд “хоол хийнэ” гээд дэлгүүр гарч, юм аваад буцаж орж ирээд хоол хийж байхад Дийн найзууд ирсэн. Ингээд хоол хийж идчихээд Э, Хүслэн, Цогтгэрэл бид дөрөв нэг өрөөнд нь хөзөр тоглоод сууж байхад Дийн найз орж ирж танилцаад өрөөнөөс гарсан. Удалгүй Д орж ирээд “та нар чимээгүй бай, ямар их дуутай юм бэ” гэхээр нь чимээгээ багасгаад унтах гэж байгаад “ундаа авъя” гээд Хүслэн, Цогтгэрэл, Э бид дөрөв байрнаас гарч байхад араас Д гарч ирснээ “мөнгө байна уу” гэхэд Э “мөнгө байхгүй” гэсэн юм. Тэгээд Д буцаад орсон ба би Цогтгэрэлийн хамт цахилгаан шатны товчлуурыг дараад зогсож байхад Хүслэн “наад хоёроо салгаарай” гээд орилохоор нь гүйгээд очиход Э татчихсан, хамраас нь цус гарч байсан. Харин Дийг Цогтгэрэл бид хоёр салгаад зогсож байхад Д Э руу хандаж “би чамаас айхгүй шүү” гээд дайраад байсан. Тэгснээ хаалгаа татаад “хамуудаа гараад алъя” гэхээр нь Хүслэн, Цогтгэрэл, Бямбахүү гурав Эийг өргөөд явсан. Би араас нь гараад байрны ард талд очиж Эийн хамрын цусыг тогтоож, анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгэхэд Бямбахүү ирээд “Д нэг хүүхдийн хамт гарч ирээд “лалруудаа хаана байна, гараад ир” гэж орилоод байна” гэхээр нь Хүслэнгийн гэрт нь явж очсон. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “хамар нь хугарсан байна” гэж хэлсэн гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Төгөлдөрийн гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 07 тоотод байх найз Дийн гэрт очиход манай найзууд пиво ууж байсан. Тэгээд би гаднаас орж ирээд юм ярингаа авсан пивоноос нь ууж суухад Д байрнаас гараад явсан. Нэг их удаагүй Д “андаа зодуулчихлаа, гараад ир” гэхээр нь би гүйгээд гарахад орцонд байсан хүмүүс байхгүй байхаар нь орцноос гараад байрны гадаа хайж байгаад байр луу орсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2007 дугаартай:

1. Э.Э-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Дийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед хамаатны найзуудтайгаа гэртээ ирэхэд Э, Хүслэн, Цогтгэрэл, Тэргэл нар манай жижиг өрөөнд байж байсан. Тэгээд гэртээ ирж хоол хийж идээд байж байхад гаднаас манай 4 найр орж ирсэн. Орж ирэхдээ 2 литрийн Сэнгүр пиво 4 ширхгийг барьж орж ирсэн юм. Бид хэд юм ярьж сууж байхад Э нөгөө өрөөнөөс орж ирээд манай найзуудтай юм ярьж байсан. Миний тамхи дууссан байсан болохоор дэлгүүр гарах гэж байгаад Хүслэнгээс нэгжний мөнгө асуухад Хүслэн байгаа гэсэн боловч Э өмнөөс нь байхгүй гээд байсан. Би уурлаад “Хүслэнгээс асууж байна гэж хэлээд байгаа юм биш үү” гэхэд Э над руу уурласан. Миний хүзүүнээс барьж байгаад гэдэс рүү түрүүлж цохиход нь би зөрүүлж хамар луу нь цохисон юм. Тэгээд гэрт байж байхад Цогтгэрэл, Тэргэл, Хүслэн, Э нар алга болчихсон байсан. Би араас нь залгаад асуухад “Гэмтлийн эмнэлэг дээр байна, энэ Э чинь үхлээ ш дээ” гэхээр нь би тоглож байгаа юм болов уу гээд унтаад өгсөн. ...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй, миний буруу .” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Мөнхжин /хэргийн 26х/, гэрч Б.Хүслэн /хэргийн 28х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 52х/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 56х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58х/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 62-69х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Дийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 07 тоотод байх гэртээ хохирогч Э.Э-тай тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон, түний биед “...хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Э.Э- / хэргийн 09-10х, 12х/, гэрч Т.Бямбахүү /хэргийн 16х/, гэрч Б.Тэргэл /хэргийн 21-22х/, гэрч Б.Төгөлдөр /хэргийн 24х/ нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2007 дугаартай:

1. Э.Э-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/ болон шүүгдэгч А.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 48-49х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Э.Э-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Д нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос А.Дийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд уг хууль хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээг,

- мөн хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ, ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн нөхцөл шаардлагыг тус тус тогтоож тодорхойлсноос гадна

- “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1,6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,

- “Хууль хэрэглэх журам” тогтоосон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааж зохицуулжээ.  

 

Шүүгдэгч А.Дийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд ялаас өршөөн хасах, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайлан зааж зохицуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргийн төрөл, зүйлд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Э.Э-т 175.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь ”гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн баримттай байх тул /хэргийн 09-10х, 12х/ эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 07 сарын 02-ны өдрийн/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/854 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Дид 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 02 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг дахин үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах үндэслэл үүсгэсэн.

 

Гэсэн хэдий ч шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван шил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэсэн “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” эрх зүйн зохицуулалтад хамаарна.

 

Нөгөөтэйгүүр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн хүнд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг, тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Дид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, түүний эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлаах ялаар сольж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт А.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Э- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ц овогт А-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Дид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Дид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн /хоёр/ хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус заасныг  баримтлан А.Дийн эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шийтгэх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт А.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Э- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД