Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 956

 

2020           7              30                                           2020/ДШМ/956                                  

 

     А.Дид холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/1025 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн эсэргүүцлээр А.Дид холбогдох эрүүгийн 2010003040171 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн А- ийн Д, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Кинг” угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт /

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/854 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн;

          А.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны 7 тоотод буюу гэртээ Э.Этай маргалдаж, улмаар хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт,  хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Э.Эт учирсан гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2007 дугаартай дүгнэлтэд тусгагдсан зарим гэмтлүүд нь хохирогч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зам тээврийн ослын улмаас гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаарх өвчний түүх баримтад тусгагдсан гэмтэл бэртэлтэй давхцаж буй тул хохирогчийн өвчний түүх баримтад үндэслэн зам тээврийн осол хэргийн улмаас Э.Эийн биед ямар гэмтэл учирсан болох, учирсан гэх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, учирсан гэх гэмтлүүдийг шинэ болон хуучин гэж тодорхойлж ялгах боломжтой эсэх зэрэг асуудлыг тусгай мэдлэгийн хүрээнд шалган тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзээд шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Энхболд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ. “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор гаргах шийдвэр”-ийн талаар заасан ерөнхий зохицуулалт бөгөөд “хэргийг прокурорт буцаах” үндэслэлийг мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-т зааснаас бусад үндэслэлээр шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх А.Дид холбогдох хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар А.Д нь Э.Эийн зүүн нүдний ойролцоо цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон. Хохирогч Э.Э нь зам тээврийн ослын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цаг 05 минутад гэмтлийн эмнэлэгт очиж, өвчний түүх нээлгэсэн ба хэвтэх үеийн гол онош нь тархи доргилт, тархины хаван, бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, бүх биеийн доргилт, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал байх магадлалтай гэж өвчний түүхэнд бичсэн байна. Мөн хэвтэх үеийн үзлэгээр биед ил харагдах шарх үгүй, мэдрэлийн хувьд хүүхэн хараа ижил хэлбэртэй, хүзүүний хөшингө, саа саажилт үгүй гэжээ. Үүнээс үзэхэд, хохирогчид зам тээврийн ослын улмаас учирсан шарх, гэмтэл нь тодорхой байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө учирсан гэх хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэлтэй хамааралгүй болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаар дахин шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн, шинжээч эмч Т.Чимэд-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Эийн биед учирсан хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мэдүүлэг өгсөн ба гэмтлийг тусад нь ялгах, мөн шинэ болон хуучин гэж ялгаж тодорхойлох нь хэрэгт хамаарал бүхий заавал хийгдвэл зохих ажиллагаа биш бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. ” гэжээ.

 

Прокурор Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хяналтын прокурор П.Энхболдын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг дүгнэхэд хохирогчийн биед шүүгдэгч А.Д гэмтэл учруулсан болох нь дараах байдлуудаар тогтоогдож байдаг. Үүнд, зам тээврийн ослын улмаас хохирогчийг эмнэлэгт хэвтэх үед өвчтөний түүх дээр хохирогчоос асуусан асуумжид илэрч буй зовиур нь “толгой өвдөнө, бүсэлхий, нуруу өвдөнө” гэж хэлсэн байдаг. Гэмтлийн дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн эмчийн асуултад “хамар өвдөнө, толгой эргэнэ, бөөлжинө, дотор муухайрдаг” гэх зовиурыг хэлж хариулсан байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд дурдсанаар хохирогчийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар тусгагдсан байна. Шинжээч эмч Чимэд-Очирын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Тэргэлийн мэдүүлэг зэргээр хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч А.Д учруулсан болох нь хангалттай нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Э.Э зам тээврийн осолд орж, нүүрэндээ болон тархи, нуруундаа гэмтэл авсан талаарх баримт байдаггүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж хохирогч Э.Эийг зам тээврийн осолд орсныхоо дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн талаарх баримтыг авч, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Чимэд-Очирын дүгнэлтийн хоёрдугаар хэсэгт “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн байдаг. Осолд орсон цаг хугацаа болон шүүгдэгч А.Дтой маргалдсан цаг хугацаа хоёр хоорондоо ойролцоо байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э “миний нүүр авто ослын улмаас бүхэлдээ хавдсан байсан” гэж мэдүүлсэн байдаг. Иймд гэмтлийн шалтгаан нөхцлийг тогтоож байж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч А.Д “шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Дид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

А.Дид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд А.Дид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1025 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Дид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                      ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ