Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2019/0023/З |
Дугаар | 159/ШШ2020/0007 |
Огноо | 2020-03-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 159/ШШ2020/0007
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн *******, ******* нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, ******* , ******* нарыг *******өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдөр олгосон 08 , 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******
Гуравдагч этгээд: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... миний бие нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн *******, ******* нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино... гэж заасан. ******* ******* нарын гэрлэлтийг бүртгэсэн 02 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн ******* нь надад холбогдуулан *******, *******, мөн өөрийн биеийг *******ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот 1 өрөө орон сууцны үнээс 50 хувь буюу 22.500.000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь түүний Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 02, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон намайг хариуцагчаар л хэрэг үүсгэсэн захирамжаар нотлогдож байна. Энэхүү гэрлэлтийн бүртгэл нь миний хууль ёсны эрх ашигт ноцтойгоор халдаж байгаа учраас шүүхэд хандаж байна. ******* нь *******тэй гэрлэлт бүртгүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд гэрлэлтийг бүртгэх анкетанд зурагдсан гарын үсэг нь түүнийх биш гэдэг нь Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтээр батлагдсан. Хуурамч бүртгэлийг үндэслээд гэрлэлтийн гэрчилгээг гаргаж байгаа улсын бүртгэл буюу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас миний өмчлөх эрх зөрчигдөж би Иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар татагдаад байна. Улсын бүртгэлийн байгууллага нь гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэгч нарын гэрлэлт батлуулах хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн бүртгэлийн ажиллагаа хийх ёстой. Гэтэл ******* гэх гарын үсгийг түүний өмнөөс дур мэдэн зурж /*******өд гэрлэх хүсэл байсан эсэх нь тодорхойгүй/ түүнийг Улсын бүртгэлд бүртгэж *******тэй гэр бүл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Миний хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх зөрчигдөж эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхийн хүрээнд тус шүүхэд хандаж зөрчигдөж буй эрхээ хамгаалуулахаар хандаж байгааг хүлээн авна уу. Иймд Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн *******, ******* нарын гэрлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... миний бие *******тэй 2010 оноос хамтран амьдарсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа 2014 онд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст 1-18-67 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээнд *******, нарыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр Я:Батмөнх нь өвчний улмаас нас барсан. Буяны ажил явдалд түүний үр хүүхдүүд ирж оролцсон. Гэтэл 2018 онд ******* гэх эмэгтэй ирж би *******ийн хууль ёсны эхнэр байна бидний дунд 2 хүү байгаа чи *******тэй ямар ч хамааралгүй хүн, хууль ёсны өв залгамжлагч нь бид 3 учир байраа авъя чи гар гэж хэлсэн. Талийгаачтай хамт амьдарч байх хугацаанд түүний 5 хүүхэд холбоотой, зарим нь ирдэг байсан. Энэ ******* гэх эмэгтэй болон түүний 2 хүүхэд *******, ******* нарын талаар огт мэдэхгүй. Талийгаач энэ тухай ярьж байсан удаагүй. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******ийн хууль ёсны өвлөгчөөр ******* хүү *******, ******* нар мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн оос байрны *******ийн өмчлөлийн хэсэг буюу байрны үнийн тал болох 22.500.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган, ыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн хамт *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээг *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж, хэрэгт нотлох баримтаар өгсөн. ******* нь амьд сэрүүндээ дээрх 3 хүний талаар огт ярьж байгаагүй учраас бид энэхүү баримтуудад эргэлзэж, нотлох баримтуудыг үнэн зөв эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан. *******, ******* нарын төрсний гэрчилгээ нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд бүртгэгдсэн байсан. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******, ******* нарын төрөлтийн түүхийг архиваас гаргуулан үзэхэд дээрх 2 хүү нь ******* овогтой биш, Шаравдорж овогтой гарч ирсэн. Овог нэр зөрсөн учир Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргаж *******, ******* нарын үрчлэлтийн талаарх болон овог нэр солиулсан тухай лавлагааг гаргуулахаар *******, ******* нар нь Монгол улсын бүртгэлд Шаравдоржийн Батхуяг, Шаравдоржийн Батбаатар болох нь тогтоогдож, овог нэрээ солиулж байгаагүй, ямар ч үрчлэлт хийгдээгүй, ******* гэх хүнтэй хамааралгүй болсон нь тодорхой болсон.
******* нь өөрийн төрсөн хүүхдүүд болох *******, ******* нарын төрсний гэрчилгээг өөрчилж цаасан дээр ******* овогтой болгосон байсан нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаануудаар тогтоогдсон тул гэрлэлтийн баталгаанд мөн эргэлзэж Сэлэнгэ аймгийн Сант суманд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн 02 дугаар бүхий гэрчилгээг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа түүний хамт ХААТР маягтыг гаргуулж иргэний хэрэгт нотлох баримтаар оруулсан. ХААТР маяг буюу гэрлэгсдийн бүртгэлд зурагдсан ******* гэх гарын үсэг нь түүнийх мөн эсэх нь эргэлзээтэй байсан тул дээрх бүртгэл нь Сэлэнгэ аймгийн архид эх хувиараа хадгалагдаж байсан учир Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний албаар *******ийн гарын үсгийн бичвэрийг шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсан. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд байх Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны гэрлэснийг бүртгэх дэвтэр-ийн 6 дугаар хуудасны өвөр хэсэгт зурагдсан ******* гэж бичигдсэн гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн *******ийн гар бичмэл гарын үсгийн загвартай хоорондоо тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд дараах үндэслэлүүдээр *******, ******* нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.
1. 1988 онд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлд ******* өөрөө гарын үсэг зураагүй, түүний өмнөөс хэн нэгэн гарын үсэг зурж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2. Түүнчлэн Шаравдорж овогтой, Батбаатар, Батхуяг нарыг 1988 онд иргэний шинэчилсэн бүртгэл хийх үед ******* нь өөрийнхөө ажиллаж амьдарч сумынхаа бүртгэлийн ажилтанд хандаж, *******өөр овоглуулсан, Шаравдорж гэх хүн өөрийн хоёр хүүхдийг өөр хүнээр овоглуулахыг зөвшөөрсөн хүсэлт зөвшөөрөл байхгүй, үрчлэлт хийгдээгүй, овог өөрчлөлтийн талаар мэдээлэл байхгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа болон бусад нотлох баримтуудаас тодорхой болсон. Иймд дээрх бүртгэлүүд нь хууль бус болж байна.
3. Энэхүү Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн ажилтны тухайн үеийн хууль бус бүртгэлээс болж ******* хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, өнөөдөр өөрийн худалдаж авсан байрны тал хувь буюу 22.500.000 төгрөгийг *******, *******, ******* нарт алдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үнэхээр *******, *******тэй гэрлэлтийн албан ёсны бүртгэлтэй, хууль ёсны эхнэр нь байсан юм бол 2000 оноос хойш хаана байсан бэ, яагаад эхнэр нөхөр хоёр хамт амьдрахгүй, хоёр өөр аймагт амьдардаг. Өөрөөр нь овоглодог хүүхдүүд эцэгтэйгээ ирж уулздаггүй, орон байраа авах талаар маргаан үүсгэх байсан бол *******ийг амьд сэрүүнд нь ирж уулзаад өөрт ногдох хэсгээ авъя, гэрлэлтээ цуцлуулъя гэсэн маргаануудыг яагаад үүсгээгүй юм бэ гэсэн асуулт бидэнд гарч ирсэн. Үүнээс дүгнэн үзэхэд эрх бүхий байгууллагад хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгүүлсэн гэрлэлт биш байсан учраас *******ийг амь үед нь маргаан үүсгэлгүй нас барсны дараа маргаан үүсгэж байгаа нь харагдаж байна.
4. *******, ******* нарын гэрлэлтийг хууль бус болохыг тооцуулж, хүчингүй болгуулахыг хүсэж байна. Учир нь гэрлэгсдийн бүртгэл дээрх гарын үсэг нь *******ийн биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. 2005 онд Улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд *******, ******* нар нь гэрлээгүй гэж бүртгүүлсэн. Энэхүү шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. *******ийн гарын үсэг бас эргэлзээтэй харагддаг. 02 дугаартай гэрлэлтийн бүртгэлд зурсан *******ийн гарын үсэг бол Цэцэг гэдэг үгийг таталдаад биччихсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан *******ийн шүүхэд таргасан гараар бичсэн хоёр хүсэлтэд гарын үсгээ Наранцэцэг гэж маяггүй бичсэн байдаг. Иймд гэрлэлтийг хууль бус гэж тооцох үндэслэл байна гэж үзэж байна. Мөн хуульд эмэгтэй хүн нэг нөхөртэй, эрэгтэй хүн нэг эхнэртэй байх ёстой. Гэтэл *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлд хоёулаа хоёр дахь гэрлэлт гэж бүртгүүлсэн атлаа өмнө нь гэрлэж байсан эсэх талаар бүртгэлийг шалгахгүйгээр бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна. тухайн үед гэрч Баярсайхан мэдүүлэг өгөхдөө гэрлэлтийн цуцалсан эсэхийг сайн санахгүй байна гэж мэдүүлдэг боловч гарын үсэг нь мөн байна гэж хэлдэг. Тэгэхээр энэ хоёр хүний эхний гэрлэсэн бүртгэлийг шалгахгүй хоёр дахь бүртгэлийг бүртгэсэн нь хууль бус. Түүнийг заавал шалгаж байж бүртгэх ёстой байсан.
Мөн Шинжээч Одбаярын дүгнэлтээр ...*******ийн гарын үсэг биш... гэж гарсан учир гэр бүл бологсод тухайн үед хэрэгжиж байсан 1973 оны гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар хэсэгт гэрлэгсэд сайн дурын дурын үндсэн дээр гэрлэх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Тэгэхээр гарын үсэг нь биш гэж дүгнэлт гарсан учир гэрлэлтийн бүртгэлийг хууль бус гэж үзэж байна. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Сант сумын Улсын бүртгэлд бүртгэгдсэн 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын 2 дугаар хэсэгт ...1988 оны 10 дугаар сараас эхлэн Монгол улсад регистрийн дугаар өгсөн... гэж тайлбар өгсөн байсан. Гэтэл Батбаатар, Батхуяг нарт 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******өөр овоглож, регистрийн дугаар олгосон гэж тайлбар гаргасан нь хуурамч баримт бичиг өгсөн байж болзошгүй гэх хардалт төрүүлсэн. Учир нь 1984 онд Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын сайд нарын зөвлөлөөс бүх ард түмнийг регистрийн дугаартай болгох аян өрнөж, 1988 оны 10 дугаар сард бүх нийтэд шинээр регистр олгосон байдаг.
Хоёрт: *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлийг 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн. Харин хоёр хүүхдийн овгийг сольж, төрсний гэрчилгээг 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу 03 хоногийн дараа авсан нь гэрлэгсдийн бүртгэлд эцэг Шаравдоржоос зохих зөвшөөрлийг аваагүй ******* дур мэдэн хууль бусаар хийлгэсэн болох нь илт байна. Хэрэв гэрлэгсдийн гэрлэлтийг бүртгэхдээ тухайн үед урьд нь гэрлэлтээ цуцалсан эсэхийг нягтлан шалгаж, гэрлэгсдээр өөрсдөөр нь гарын үсэг зуруулж, сайн дурын үндсэн дээр гэр бүл болгосон бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Хүүхдийн овог нэрийг сольж, үрчлэлт хийхдээ заавал эцгийнх нь зөвшөөрлийг авсан байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шаравдоржоос ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Үрчлэлт хийгдээгүй байдал харагддаг.
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт бүрдүүлэх тухай 1180 тоотод *******, ******* нар нь 1988 онд гэрлэлтээ бүртгүүлэхдээ тус бүр 2 удаа гэрлэсэн байсан. *******ийн өмнө нь гэрлэж байсан баримт олдохгүй байсан. Мөн хүүхдүүд нь Шаравдоржоор бүртгэлтэй байснаа 1988 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд *******өөр овоглосон нь үрчлэлт хийж, овог өөрчилсөн бүртгэл байхгүй. Цахим санд энэ талаарх баримт байхгүйг дурдсан. Тэгэхээр *******ийн өмнө нь гэрлэж байсан талаарх мэдээлэл байхгүй атал шинээр гэрлэлт бүртгэсэн нь хууль бус. Түүнчлэн үрчлэлт овог нэр өөрчилсөн бүртгэл хийгээгүй байж *******өөр овоглосон нь хууль бус гэж үзэж байна.
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 366, 367 дугаартай төрсний гэрчилгээний лавлагаанд Батбаатар, Батхуяг нарын овог нэр зөрсөн. Тус газрын 1197 тоотод Батбаатар, Батхуяг нарын овог нэр өөрчилсөн болон үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай албан тоотод *******, ******* нарын үрчлэлтийн мэдээлэл тэмдэглээгүй, эцэг тогтоох овог нэр өөрчилсөн талаар тэмдэглэл байхгүй, мөн Өвөрхангай аймгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1160 тоотод Хужир сумын бүртгэлд овог нэр өөрчилсөн бүртгэл хийгдээгүй. Иймд 3 аймгийн бүртгэлд овог нэр өөрчилсөн талаар ямар ч бүртгэл байхгүй байгаа нь илт хууль бус бүртгэл гэдгийг харуулж байна. ******* нь төрсний гэрчилгээнд хийгдсэн, үрчлэлт, овог нэр өөрчилсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь өөрөө илт хууль бус гэдгийг нь мэдэж байгаа болов уу гэх таамаглал гарч байна. *******, ******* нарын *******өөр овоглож байгаа нь тэдний өмчлөлд байгаа тухайлбал Орхон аймагт маргаан үүсгэсэн Зэст багийн 1-18-60 тоот 1 өрөө орон сууцаас өөрт ногдох хэсгээ авах эрх нь нээлттэй болох юм. Тэгэхээр ******* өмчлөлд байгаа дээрх орон сууц эзэмших эрхэд ноцтойгоор халдаж, түүний эрх ашиг хохирч болзошгүй нөхцөл байдал бий болсон. Иймд *******, ******* нарыг *******өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдөр олгосон 08168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Энэ хэрэгт захиргааны хэрэг үүсгэн эхэлснээс хойш би өөрөө хариуцагчаар оролцоно гэсэн саналаа гаргасан. Учир нь 1988 онд би Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллаж байхдаа Бүх нийтийг регистрийн дугаартай болгох ажилд гар бие оролцож байсан. Хоёрдугаарт 2000 онд тасгийн даргаар ажиллаж байхад энэ хэрэгтэй адилхан маргаануудыг шийдвэрлэж байсан тул байгууллагаа төлөөлж өөр хүн оролцуулсангүй өөрөө оролцож байна.
Сант суманд 1988 онд бүртгэсэн 02 дугаартай гэрлэлтийн бүртгэл байдаг. Сант суманд улсын бүртгэгч гэж байгаагүй, Улсын бүртгэлийн байгууллага 2000 оноос эхлэн бие даасан тогтолцоонд шилжсэн, тамгын газрын ажилтнууд хавсарган гүйцэтгэх журмаар бүртгэлийн ажил явагддаг байсан.
1988 оны 02 дугаар сард Гэрлэлтийн тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн иргэд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэр бүлээ батлуулах гэж заасан байдаг. Энэ үед аль нэг сумын бүртгэл хийж байсан хүн гудамжинд явж байгаа хүмүүсийг та хоёр ирж гэрлэлтээ бүртгүүл гэж хүчээр хүнийг албадахгүй. Тухайн хүмүүс өөрсдөө сайн дураараа ирж, гэрлэлтээ батлуулсан гэдэгт эргэлзэхгүй байна. 02 дугаартай гэрлэлтийн бүртгэлийг би яагаад хүчин төгөлдөр гэж үзэж байна вэ гэхээр одоогийн мэдээллийн сан гэдэг шиг Монгол улс даяар мэдээллийн санг хардаг тогтолцоо байхгүй байсан. Цаасан баримт байсан. Энэ хоёр хүн өргөдлөө гаргалаа, өргөдлийг үндэслэн гэрлэлтийн гэрчилгээг гараар бичиж, бүртгэлд авч, ХААТР маягт буюу гэрлэгсдийн бүртгэх гэрчилгээг хамт бичиж өгөөд, ХААТР маяг дэвтэр хоёр архивд орж, нотлох баримтыг завсар нь хавсаргаад архивладаг байсан. Тэгэхээр манай байгууллагад энэ хоёр баримт хоёулаа байдаг. Баримтад авагдсан гарын үсэг үнэн үү, худал уу гэдгийг шүүх шинжилгээний алба нотлох байх. 02 дугаарт бүртгэлд *******, ******* хоёр өөрсдийн биеэр ирж бүртгэлээ хийлгэсэн гэж үзэж байна. Өмнөх гэрлэлтийн талаар тухайн үед бүртгэлийн ажил хийж байсан хүн та өмнө нь гэрлэж байсан уу гэж асуухад гэрлэгсэд гэрлэж байсан гэж хариулсан байдаг. Намайг анх хэрэгтэй танилцаад бүртгэлийг шалгаж байхад *******ийн хувьд 1986 онд Зүүнхараагийн шүүхээр өмнөх гэрлэлтээ цуцлуулсан байдаг. мөн *******ийн хувьд цуцалсан бүртгэл харагдахгүй байдаг. Тэгэхээр энэ хоёр хүн хоёр дахь гэрлэлт гэж үнэн зөв хариулсан байдаг. Тиймээс гэрлэлт цуцалсан бүртгэлийг тухайн үеийн хууль болон одоо мөрдөгдөж байгаа хуулиар 14 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан байдаг. үүнийг ******* ч биелүүлээгүй, одоо ч мөрдөгддөггүй. Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор бүртгүүлнэ гэж заасан боловч иргэд бүртгүүлдэггүй. *******, ******* нарыг хэдэн оноос Сант суманд амьдарсныг мэдэхгүй байна. Магадгүй 1986, 1987, онд ирж амьдарсан байж болох юм. Тэр үед Монгол улс даяар Монгол улсыг регистрийн дугаартай болгох төв автомат регистр гэж явж байсан. энэхүү аян 10 дугаар сард эхэлж байсан. Энэ үед эдгээр хүмүүсийн гар дээр байсан бичиг баримтуудыг авснаас биш, тэр үед бичиг баримтыг сольж олгоогүй юм. Тэгэхээр Өвөрхангай аймгийн Хужирт суманд байсан баримт Сант суманд бичигдээгүй гарсан. Хэрэв Сант суманд бичигдсэн бичилт бол манай Сант сумын тамгын газрын тамга байх ёстой. Гэтэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын тамга харагдаж байсан. Өвөрхангай аймгийн Хужирт сумаас авсан гэрчилгээг зассан байж магадгүй эсхүл Өвөрхангай аймгийн Хужирт сумаас *******өөр овоглуулан сольж авсан байж магадгүй.
ХААТР нэгдүгээр маягт гэж байдаг. Энэ маягтыг бичихдээ хоёр хүүхдийнх нь гэрчилгээг хураан авч регистрийн дугаар олгодог байсан. Би өөрөө ингэж ажилладаг байсан. Ингээд ХААТР маягтаа архивд өгдөг байсан. Тэгэхээр энэ ХААТР маягт манайд бичээстэй байдаг. Тэгэхээр энэ хүмүүс 1988 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант суманд регистр авсан байдаг.
Хоёрдугаарт гэрлэлт баталсан нь хуучин хууль болон одоо мөрдөгдөж байгаа хуулиараа хүчин төгөлдөр байна. Хэрэв тухайн эцэг хүүхдийг зөвшөөрсөн тохиолдолд захиргааны журмаа буюу шүүхийн журмаар эцгээр нь овоглодог. Эсхүл хуучин Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт батлагдмагц өмнө нь төрсөн хүүхэд эцгээр овоглодог байсан. Одоо бол эцэг өөрөө хүсэлтээ өгдөг болсон. Тэгэхээр *******, ******* нарын хувьд өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар Шаравдорж овогтой юм. Иймд Батбаатар, Батхуяг нарын бичиг баримт өнөөдрийг хүртэл зөрчилтэй явж байна. Тухайн үед ******* зөвшөөрсөн зөвшөөрөл, үрчлэгдсэн бүртгэл өнөөдрийг хүртэл манай байгууллагад байхгүй байгаа юм.
1951 оноос хойших үрчлэлт, овог нэр өөрчлөгдсөн бүртгэл манай байгууллагад бүрэн утгаараа бүртгэлтэй байдаг. 1950 оноос төрсний бүртгэл, 1951 оноос үрчлэлт бүртгэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө сум сумын тамгын газар дамжин явж байсан боловч улсын бүртгэлийн нотлох баримтуудыг архивдаа бүрэн хэмжээгээр нь хадгалж чадсан. Хэрэв тухайн хоёр хүүхдийн бүртгэлийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд бүртгэсэн бол давхар дугаар олгох хуультай байсан. 08 гэх гэрчилгээний дугаартай Батбаатар, 168 дугаартай Батхуяг нарын гэрчилгээг дахин олгосон бол, эсхүл үрчилсэн бол, овог нэр өөрчилсөн бол хазгай тэмдгээр тэмдэглэж давхар дугаар олгодог байсан. Тэгэхээр би энэ хоёр хүүхдийн гэрчилгээг Улсын бүртгэлийн тухай хууль зааснаар хүчингүй гэж үзэх нь боломжтой юм. Иймд энэхүү зөрчлийг арилгаж байж шинэчилсэн бүртгэлийг хийх ёстой байсан. Тэгэхээр *******, ******* нарын өмнө гэрлэлтээ цуцалсан шүүхийн шийдвэр байна, манай байгууллагад цуцалсан талаарх бүртгэл байхгүй ч гэсэн энэ хоёр хүн Сант суманд гэрлэлтээ бүртгүүлэхдээ урь өмнө гэрлэж байсан салсан гэж бүртгэлийн маягтад бүртгүүлсэн. Иймд 02 дугаартай гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байна...гэв.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Нэрээ солиулж байгаагүй. Цэцэгээ гэж дууддаг нэрээр зарим бичиг баримтад бүртгэсэн байсан. Би өөрийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг баталгаажуулаад шүүхэд гарган өгсөн.
Миний 1988 онд Сант суманд гэрлэлтийг баталсан Баярсайхан гэдэг 2019 оны өвөл шүүхэд ирж мэдүүлэг өгсөн байдаг. Баярсайхан одоогоор элэгний хорт хавдартай бие нь тааруу тул энэхүү шүүх хуралдаанд оролцож чадсангүй. Би энэ шүүх хуралд ирж оролцож, гэрчийн мэдүүлэг өгөөч, би хилс хэрэгт гүтгэгдээд байна гэж уламжилсан. Гэвч би хэвтэрт байгаа, очиж чадахгүй байна, надаас асуух зүйлсээ утсаар асууж болно шүү гэж хэлсэн. Мөн манай хоёр хүүхдэд тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ өгч байсан уу гэж асуухад Баярсайхан дөнгөж төрсөн хүүхдэд үрчлэлтийн гэрчилгээ өгдөг байсан. Танай хоёр хүүхэд том болсон байсан тул олгох боломжгүй. Мөн талийгаач өөрөө танай хоёр хүүхдийг өөрийн нэр дээр бүртгүүлнэ гэж хэлж байсан тул гэрчилгээ бичиж өгсөн гэж хариулсан. Гэрчилгээг бичиж өгөхдөө хуулбар үнэн гэж бичиж өгсөн. Үүнээс хойш манай хоёр хүүхэд өнөөг хүртэл *******өөр овоглож явж байна. Нэг нь 40 гарсан залуу. Бага нь 39 настай. Манай хоёр хүүхдийн төрсөн эцэг одоо ч нас барсан байх. Иймд одоо цаашид манай хоёр хүүхдийн овог яах ёстой вэ, би учрыг нь сайн ойлгохгүй байна. Би өмгөөлөгч авах боломж байхгүй. Шүүх үнэн зөв шийдвэр гаргах байх. Үнэн учраа хэлье гэж бодоод ирсэн. гэдэг хүүхэн намайг нэлээн хилс хэрэгт гүтгэж байна. Би энэ хүүхнийг гэрт нь очоод гар гэж хэлэх нь битгий хэл зүсийг нь ч үзээгүй. Ямархуу хүн байдгийг нь ч мэдэхгүй.
Талийгчтай би олон жил ханилсан. Ханилсан байх хугацаанд 2010 оноос эхлэн талийгч зан ааш нь хувирсан. Гэртээ ирэх нь ч багасаад Манай талийгч лам хүн байсан. Эрдэнэт хотод хийд байгуулна гэж хэлээд нэг өрөө байрыг 2004-2005 оны үед худалдаж авсан. гэдэг хүүхэнтэй танилцахаас өмнө энэ нэг өрөө орон сууцыг худалдаж авсан. Ингээд 2010 оноос хойш гэртээ ирэх нь цөөрөхөд сураг сонссон. гэдэг хүүхэнтэй холбоотой болсон гэж сонссон. Миний танил ...эгч минь гэрт очсон нэг хүүхэн авгай нь байна... гэж хэлсэн гэдэг. Сүүлд нь *******өөс өөрөөс нь асуухад ...надад тусалж, гэр орон цэвэрлэж, хоол унд хийж өгдөг хамаатан садангийн хүн... гэж хэлж байсан. Би тийм л юм байх гэж бодож явсан. Гэтэл гэр бүл үймүүлж салгаад, нэг өрөө орон сууцыг өөрөө худалдаж авсан гэж худлаа ярьсан. Би дургүй хүрээд огт очоогүй. 2016 он гараад 2017 оны эхээр ирэхдээ талийгч ...миний байрыг хоёр хүүхдэд авч өгөөрэй... гэж хэлж байсан. Талийгаач нас бардаг жилийн 9 дүгээр сард *******тэй утсаар ярихад эрүүл саруул ярьж байсан. 11 дүгээр сар болоход утсаар ярихгүй болохоор нь тэндээ тогтвор суурьшилтай болоод утсаар ярихгүй байгаа юм байна гэж бодож байлаа. Тэгээд сүүлдээ миний муу совин татаад гэрт нь яваад очтол нэг залуу хаалгыг нь онгойлгоод ... 49 хоног нь сая болоод өнгөрлөө гэж хэлэхэд нь л нас барсныг нь мэдсэн. Ийм л зүйл болсон. Хоёр хүүхдээ одоо байгаа овгоор явж байвал зүйтэй гэж үзэж байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн нь Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэний бүртгэлийн 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн *******, ******* нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гуравдагч этгээд *******ийн хүү нар болох *******, ******* нарыг *******өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
*******, ******* нарын гэрлэлтийн
бүртгэлийг хүчингүй болгуулах тухайд:
1944 онд төрсөн Ягааны Батмөнх, 1955 онд төрсөн Цэрэнжавын Наранцэцэг нарын гэрлэлтийг 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын АДХ-н гүйцэтгэх захиргааны зааварлагч Д.Баярсайхан улсын бүртгэлд бүртгэж 02 дугаартай гэрлэсний гэрчилгээ олгожээ.
Ягааны Батмөнх, Цэрэнжавын Наранцэцэг нар нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт гэрлэлтээ бүртгүүлэхдээ тус бүр 2 дахь гэрлэлт гэж бүртгүүлсэн байх тул өмнөх гэр бүлийн байдлыг нь шалгахад:
Нэг. 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын гэрлэлтийг бүртгэх анкет 12 дугаар бүртгэлд Цэрэнжавын Цэцгээ /Наранцэцэг/-г Долгор овогтой Шаравдоржтой гэр бүл болсныг бүртгэсэн нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасагт хадгалагдаж буй архивын баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл[1], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[2] зэргээр нотлогдох бөгөөд Зүүнхараа хотын шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 173 дугаартай шийдвэрээр Цэрэнжавын Цэцгээ /Наранцэцэг/ Долгорын Шаравдорж нарын гэр бүлийг цуцалсан нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай албан бичгээр нотлогдож байна.[3]
Хоёр. Ягааны Батмөнх, Ганжуурын Даваацэрэн нарыг 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Увс аймгийн Улаангом сумын 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаарт бүртгэсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар[4] нотлогдох бөгөөд Улаанбаатар хотын Найрамдал районы 1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр гэр бүл цуцлагдсаныг Улаанбаатар хот Найрамдал дүүргийн 1981 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 67 дугаарт бүртгэсэн нь Дархан-Уул аймгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 375 дугаартай албан бичгээр нотлогдож байна.[5]
Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ. Үүнд:
а/ Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүртгэлийн бичиглэл болон тус бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн ******* гэсэн бичиглэл нэг хүний бичгийн хэв мөн эсэхийг шинжлүүлэхэд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Ягаан овогтой Батмөнх, Цэрэнжав овогтой Наранцэцэг нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлд бүртгэсэн бичвэр нь тус бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн ******* гэсэн бичиглэлүүд нь нэг хүний бичиг биш байна... гэх дүгнэлт,
б/ Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн *******ийн амьд ахуйдаа бичиж байсан бичиглэл бүхий баримтуудыг Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн ******* гэсэн бичиглэл нь нэг хүний бичгийн хэв мөн эсэхийг шинжлүүлэхэд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 031 дугаартай дүгнэлтээр ...1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Ягаан овогтой Батмөнх, Цэрэнжав овогтой Наранцэцэг нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн ******* гэсэн гарын үсэг нь *******ийн уртын дуу гэсэн тэмдэглэлийн дэвтрийн зүүн өнцөгт байгаа гарын үсэг, ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрүүдтэй тохирч байна ... гэх шинжээчийн дүгнэлтүүд[6] мөн *******, ******* нарын гэрлэлтийг бүртгэж, бүртгэлийн дэвтрийг хөтөлсөн гэрч Д.Баярсайханы мэдүүлгээс[7] үзэхэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай Сэлэнгэ аймгийн Сант сумын гэрлэлтийг бүртгэх анкетын 02 дугаарт бүртгэгдсэн Ягааны Батмөнх, Цэрэнжавын Наранцэцэг нарын гэрлэлтийн бүртгэл нь хүчин төгөлдөр хуулийн дагуу бүртгэсэн бүртгэл гэж үзэх үндэслэлтэй байна.
*******, ******* нарын *******өөр овоглосон
бүртгэлийг илт хууль бус болгуулах тухайд:
Нэг. Я.Батбаатарыг Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрснийг 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төрөгсдийг бүртгэх анкет 5 дугаарын бүртгэлд бүртгэж эцэг Долгорын Шаравдоржоор овоглосон[8] бөгөөд Ягааны Батмөнхөөр овоглож 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын АДХ-ын тэмдэг дарж баталгаажуулан 08 дугаартай төрсний гэрчилгээг[9] олгожээ.
Хоёр. Я.Батхуягийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрснийг 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төрөгсдийг бүртгэх анкет 170 дугаарын бүртгэлд бүртгэж эцэг Долгорын Шаравдоржоор овоглосон[10] бөгөөд Ягааны Батмөнхөөр овоглож 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын АДХ-ын тэмдэг дарж баталгаажуулан 168 дугаартай төрсний гэрчилгээг[11] олгосон байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэрийг өөрчилснийг бүртгэх тухай хуульчилсан бөгөөд овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хөтлөх нь Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлээр зохицуулагдахаар хуульчилсан байна.
Гэтэл Д.Шаравдоржоор овоглож байсан *******, ******* нарын овгийг *******өөр овоглохоор солиулахдаа дээрх хуулийн заалт болон журмын дагуу бүртгэл хөтлөгдөөгүй, овог өөрчилсний гэрчилгээ олгогдоогүй байх тул дээрх овог сольсон бүртгэлийн илт хууль бус бүртгэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн *******, ******* нарыг *******өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдөр олгосон 08 , 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******, ******* нарын *******өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.З
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР