Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 2-8 тоотод оршин суух, Ач Хариад овогт Бямбасүрэнгийн Батбаяр /РЭ91070330/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-01 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овогт Халтарын Сугар /РЭ80040413/-т холбогдох

Гэм хорын хохирол 3.452.243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00517/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, иргэдийн төлөөлөгч Б.Энхбаяр, нэхэмжлэгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Х.Сугар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг 6 дугаар багт Гангатын дөрөлж гэдэг газар 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашинд зорчигчоор сууж яваад осолд орж хүнд гэмтэл авсан. Уг ослыг Х.Сугар нь гаргасан бөгөөд уг үйлдэлдээ Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тохирох ялыг авсан.

Шүүх нь иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж хэргийг шийдвэрлэсэн байх тул би гэм хорын хохиролд дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: эм тариа авсан 39.000 төгрөг, авто тээврийн хэрэгсэл түрээсэлсэн 900.000 төгрөг, мөн Улаанбаатар хотоос авсан эм тариа 144.880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30.000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж очсон зардал 64.000 төгрөг, авах ёстой байсан цалингийн зөрүү 274,443 төгрөг, нийт 1.452.243 төгрөг, мөн шүдний имплант эмчилгээ хийлгэх 1.650.000, ломбо хийлгэсэн 450.000 төгрөг, нийт 3.452.243 төгрөг нэхэмжилж байна. Мөн намайг шүдний дээд углуурга хугарсан тул Монголд эмчлэхгүй гээд уг ясыг авч хаясан бөгөөд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай, хавирга яснаас нөхөн суулгадаг гэсэн болно. Х.Сугар нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үедээ холбоо барьж байсан боловч одоо огт холбоо барихгүй анхаарал халамж тавихгүй байна. Би мөн насан туршдаа хүнд гэмтэл авсан бөгөөд одоо байнгын марталттай байгаа юм. Иймд миний нэхэмжлэлийг хуулийн хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг 6 дугаар багт Гангатын дөрөлж гэдэг газар 21-44 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашинд зорчигчоор сууж яваад осолд орсон ба ослоос үүдэлтэй өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Миний бие гэмтэл авахаас өмнөх байдалдаа орж чадаагүй, нүдний хараанд өөрчлөлт орж, юмыг амархан мартах, ажлын ачаалал даах чадвар буурсан. Би биеэ Солонгос улсад эмчлүүлээд гарсан зардлаа дараа жич нэхэмжлэх бодолтой байгаа. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо өөрт байгаа баримтынхаа хүрээнд тооцож нэхэмжлэл гаргасан. Үүнд: эм тариа авсан нийт 183.880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30.000 төгрөг, Улаанбаатар, Мөрөнгийн чиглэлд зорчсон замын зардал 64.000 төгрөг, авах ёстой байсан цалингийн зөрүү 274.443 төгрөг, шүдний имплант эмчилгээ хийлгэх 1.650.000 төгрөг, ломбо хийлгэсэн 450.000 төгрөг, нийт 3.452.243 төгрөгийг хариуцагч Х.Сугараас гаргуулж өгнө үү. Х.Сугар нь эрүүгийн хэрэгт надад баримтаар нотлогдсон хохирлоос 850.000 төгрөг илүү төлсөн хэдий ч надаас баримтгүй өчнөөн зардал гарч, би эрүүл мэндээрээ хохирсон. Одоо энэ нэхэмжилж байгаа 3.452.243 төгрөгөөс суутгаж тооцохыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Х.Сугар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Сугар нь нэхэмжлэгч Б.Батбаярын тус шүүхэд ирүүлсэн гэм хорын хохирол 3.452.243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Батбаярын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохиролд миний бие нийт 5.390.000 төгрөгийг төлсөн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргаж ирүүлсэн хохирлын баримтаар 4.539.994 төгрөгийн хохирол тооцогдсон байсан. Өөрөөр хэлбэл баримтаар нотлогдсон хохирлоос илүү хэмжээний хохирлыг төлж барагдуулсан байгаа юм. Гэтэл Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн автомашины түрээсийн төлбөрийг дахин иргэний журмаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн би баримтаар нотлогдсон хохирлоос гадна 850.000 төгрөгийг илүү төлсөн учир одоо нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас би баримтаар нотлогдвол эм тариа авсан 39.000 төгрөг, Очир Орлом гэдэг компаниас авсан эм тарианы үнэ 144.880 төгрөг, цахилгаан бичлэг хийлгэсэн 30.000 төгрөг зэрэгт гарсан зардлуудыг төлөхийг зөвшөөрнө. Гэхдээ эрүүгийн хэрэгт би нотлох баримтаар нотлогдсон зардлаас 850.000 төгрөгийн хохирлыг илүү төлсөн. Энэ мөнгөндөө суутгуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн машин түрээслэхэд гарсан гэх 900.000 төгрөгийн зардал нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэгсэхгүй болгосон, хуурамч баримт бүрдүүлж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, мөн 3 сард ажлаа хийгээд явж байсан хүний цалингийн зөрүүг би төлөхгүй. Шүд ломбодуулахад гарсан зардалд 450.000 төгрөг нэхэмжилснийг мөн зөвшөөрөхгүй. Гэмтлээс үүдэлтэй 1 шүд хугарсан байсан. Шүдний имплант суулгуулахад гарах зардал 1.650.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ирээдүйд гарах зардлаа нэхэмжилснийг мөн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь Х.Сугарт холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болон уг гэм хороос үүдэлтэй ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, замын зардалд нийт 3.452.243 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.Сугар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээ, эм тариа авсан зардал болон цахилгаан бичлэг хийлгэхэд гарсан зардлуудыг баримтаар нотлогдож байгаа тохиолдолд төлнө. Гэхдээ эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх үед би хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон хохирлоос илүү хэмжээний буюу 850.000 төгрөгийг илүү төлсөн. Уг хохирлыг эрүүгийн хэрэгт илүү төлөгдсөн 850.000 төгрөгөөс суутгуулна гэж маргаж байна.

Хариуцагч Х.Сугар нь 2016 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 04 цагийн үед өөрийн эзэмшлийн 21-44 УНЛ улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхдаа Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Гангатын дөрөлж гэх газарт засмал зам руу орж ирсэн адууг дайрсны улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Батбаярын биед хүнд гэмтэл учруулсан болох нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Батбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч Х.Сугараас шаардах эрхтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 274.443 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж сард 540.033 төгрөгийн үндсэн цалин авдаг болох нь түүний ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар нотлогдож байх ба Б.Батбаяр нь 2017 оны 03 дугаар сард 265.900 төгрөгийн лист авсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндсэн цалин 540.033 төгрөгөөс дутуу авсан цалин 274.443 төгрөгийг,

Монос Фарм Трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эм ханган нийлүүлэх төвөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан эм тариа авахад төлсөн төлбөр 144.880 төгрөг, /хх-ийн 11-р тал/

Амин-Эрдэнэ эмнэлэгт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тархины цахилгаан бичлэг хийлгэхэд төлсөн төлбөр 30.000 төгрөг, /хх-ийн 17-р тал/

Үлэмж фарм эмийн сангаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эм, тариа авахад төлсөн төлбөр 39.000 төгрөг, /хх-ийн 19-р тал/,

Улаанбаатар хот, Мөрөн сумын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 26, 29-ний өдрүүдэд зорчсон замын зардал 65.200 төгрөг, /хх-ийн 7-8-р тал/ зэрэг баримтын дагуу хариуцагч Х.Сугараас нийт 553.523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Б.Батбаяр нь хавтаст хэргийн 10, 13-16, 18 дугаар хуудаст авагдсан автомашины түрээсийн төлбөр 900.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа боловч Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор хэлэлцэж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй, нэхэмжлэлийг иргэний шүүхэд дахин шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг, түүнчлэн нэхэмжлэгчийн шүдэнд ломбо хийлгэхэд гарсан зардал 450.000 төгрөг, шүдний имлант эмчилгээ хийлгэхэд гарах зардал 1.650.000 төгрөгийн хохирол нь нотлох баримтаар нотлогдоогүй, хийгдээгүй байгаа эмчилгээний төлбөрийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Х.Сугар нь эрүүгийн хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлоос илүү 850.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь илүү төлөгдсөн гэх 850.000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй боловч надад учруулсан хохирол төлбөр түүнээс ч илүү гарсан учир нэхэмжлэлийн шаардлагаас суутгуулж тооцуулахгүй гэж маргаж байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтанд Х.Сугараас нэхэмжлэгч Б.Батбаярт илүү төлсөн 850.000 төгрөгийг буцааж өгөх, эмчилгээний төлбөрт оруулж тооцуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй, энэ нь нотлогдохгүй байх тул шүүх хариуцагчаас гаргуулах төлбөрт суутгаж тооцох боломжгүй юм.

Иймд хариуцагч Х.Сугар гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирлын хэмжээ нотлогдсон байх шаардлагатай тул баримтаар нотлогдож буй нийт 553.523 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.898.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч Х.Сугараас 553,523 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 17.256 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х.Сугараас 553.523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.898.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Сугараас 17.256 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

 

Б.МӨНХТУЯА