Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00939

 

ХХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

ХХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээд Н.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд С.Энхзаяа, гуравдагч этгээд Ш.Даваасүрэнгийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 01085 дугаартай шүүхийн шийдвэрээр Нармандахын Бат-Өлзий, Сүхбаатарын Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,637,624 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 256,138 төгрөг, нийт 19,893,762 төгрөгийг гаргуулж ХХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м,кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэлтэй 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг 121,704,500 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн. Энэхүү тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул 189 м.кв талбайтай хувийн сууц, 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 121,704,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Н.Б-, С.Энхзаяа нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамж 14 тоотод байрлах Y-1723003774 дугаарт бүртгэлтэй 189 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1723001885 дугаарт бүртгэгдсэн 799.8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Y-1723004021 дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, 12х8 хэмжээтэй байшин зэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч худалдан борлуулах үнийг тогтоохын тулд үнийн саналыг талуудаас авсан боловч талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг баримтлан хөндлөнгийн үнэлгээчнээр хөрөнгийг үнэлүүлж, талуудад үнэлгээг танилцуулсан. Шинжээч томилох явцад шинжээчид хуульд заасан эрх үүргийг танилцуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой гаргах үүрэг хариуцлагыг сануулсан. Хариуцагчийн зүгээс шинжээчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг зөв, буруу хийсэн талаар тайлбар өгөх боломжгүй юм. Төлбөр төлөгчөөс барьцааны газар дээр байгаа нийт хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргасан тул газар дээр байгаа нийт хөрөнгийг хурааж битүүмжлэн үнэлүүлсэн. Энэ тухайгаа төлбөр авагч Хас банкны Хөвсгөл салбарт мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Энхзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэндээ энэ зээлийн гаргаж байгаа хэмжээ нь 40 сая төгрөгийн барьцаагаар хийгдсэн. Тухайн үед буюу 2013 онд Хуг хөрөнгийг барьцаалахдаа 70 хувийн үнэлгээ тогтоож барьцаалж байсан. Зээлийн эдийн засагч зээлийн бус худалдаа хийгээд, тухайн зах зээлийн үнэлгээг тухайн объект ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар орлоготой юм гэдгийг үнэлж өөрөө судалгаа хийгээд түүнийгээ судалгаа хийсэн төлбөрт манайд 60 сая төгрөг гаргаж өгч байсан. Тийм учир энэ судалгааг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хтухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70 хувиар тооцож барьцаа авдаг байсан. Энэ нь үндсэндээ бол 70 хувийн журмаар барьцаа авна гэдэг бол Хөөрөө 125,714,000 төгрөгөөр үнэлээд энэ үнэлгээг 70 хувиар буюу 88,000,000 төгрөгөөр барьцаалсан. Ийм учир үнэлгээг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: С.Энхзаяагын тайлбартай адил саналтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээг тогтоохдоо үнэлгээний 3 аргыг хэрэглэж тогтоосон. Зардлын аргаар үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад заасан аргаар үнэлэн нөхөн олгуулах үнийг 370,000 төгрөг гэж үнэлсэн. Зах зээлийн үнэлгээний аргаар үнэлэхдээ: Зах зээлийн зар болоод зарсан мэдээллийг тулгуурлаад байшингийн нэгж талбайн үнийг тодорхойлж үүн дээр хувийн сууц, үйлчилгээний зориулалттай байшин зэргийг тодорхойлж 83,9 саяар үнэлгээг тогтоосон. Дараагийн арга болох орлогын аргаар үнэлэхдээ тухайн үйлчилгээний дэлгүүр нь 2013 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тул орлогын аргаар үнэлэх боломжтой гэж тооцоолоод бүтэн нэг жилийн орлогыг авч үзээд тэндээс жилийн борлуулалтын орлого, тухайн үйлчилгээ явуулахтай холбогдон гарсан зардал, нийт ашгаас татварт суутгаад эрсдэлийн хувь буюу хорогдуулах үеийг тооцож давхар харьцуулж орлогын аргын үнэлгээг гаргасан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Н.Б-, С.Энхзаяа нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-11-14 тоотод байрлалтай хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалаар: Гуравдагч этгээд С.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хуулийн заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Заалтаар өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боллоо. Учир нь дээрх 2 заалтаас харахад үнэлгээний тогтоосон үнэлгээг үндэслэлгүй тогтоосон байдлыг тогтоох хуулийн заалт биш ба эдгээр заалтууд нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргах, дуудлага худалдааны үнэ процессыг тогтоохтой холбоотой журамласан зохицуулалтыг агуулсан байна. Учир нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.1-д зааснаар "... тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ... тодорхойлох” бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх аргыг үнэлгээчин бие даан сонгох эрхтэй” гэж дүгнэсэн. Гэсэн хэдий боловч тогтоох хэсэгт шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь .шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Хэргийн баримтын 24 дүгээр хуудаст үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар байгаа ба үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу хуулбар үнэн гээд тэмдэг дарж баталгаажуулсан байна. Мөн хэргийн материалын 26 дугаарт хуудаст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 104 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ш.Оюунтуяа нь 2018.08.01-ний өдрийн ..шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байх ба үүнд "томилогдсон шинжээ Ш.Даваасүрэн (017200057)” дугаартай гэрчилгээний дугаар тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хэргийн баримтын 26 дугаар хуудаст байгаа гэрчилгээний дугаар шинжээчид эрх үүрэг тайлбарласан гэрчилгээний дугаар таарч байгаа ба шинжээчээр томилохдоо шинжээчийн үнэлгээ тогтоох эрхтэй эсэх асуудлыг нягтлан шалгаж, албан ёсны эрхтэй шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд мэтгэлцсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "... үнэлгээчиний үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хувьд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 жилийн хугацаагаар сунгав гэх баримтыг манайх эх хувиас хуулбарлаж авсан боловч хуулбар үнэн тэмдэг даруулаагүй байсан тул хэрэгт гаргаж өгөөгүй. Харин хэрэгт үнэлгээ хийх эрхийн гэрчилгээний хуулбар хувь байгаа”, (анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 12 дугаар хуудас) гэдгийг нотолсон байдаг. Үнэлгээчний үнэлгээ хийх эрхийн талаарх асуудал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өрнөж, талууд холбогдох баримтыг гаргуулан мэтгэлцсэн ба хэргийн баримтад байгаагаар үнэлгээчний эрхгүйг үгүйсгэх нөхцөл байхгүй байсан. Хэргийг бүрэн бодитой шийдвэрлэх үүднээс үнэлгээчний үнэлгээ тогтоох эрхийг хөдөлбөргүй тогтоох нотлох баримтыг цуглуулах эрхийг оролцогч болон бусад этгээдийг хүсэлтийг харгалзахгүйгээр шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгох төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас холбогдох лавлагаа, нотлох баримтыг гаргуулан авах бүрэн боломжтой байсан ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй, үгүйсгэх нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн процессын алдааг засалгүй хэргийн эргэлзээтэй нөхцлийг үнэлэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээчний эрх олгогдсон эсэх асуудлыг гуравдагч этгээд би нотлох боломжгүй бөгөөд хувь хүний мэдээллийг энгийн иргэнд өгөхгүй, миний хувьд олж авах боломжгүй нотлох баримт юм. Харин хариуцагчийн хувьд өөрт байгаа нотлох баримтыг шаардлага хангуулан гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь үнэлгээчний гаргасан үнэлгээ ямар хууль тогтоомж, заавар журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр тогтоогдсон талаар хууль, эрх зүйн талаас ч, хэргийн үйл баримтын хүрээнд ч хангалттай нотолж чадаагүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дах Сум дундын Иргэний хэргийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01085 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Б-, С.Энхзаяа нараас 19.637.624 төгрөг гаргуулж, Хас банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн, дээрх шийдвэрт шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах журамтай.

Түүнчлэн мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй байна.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилсон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин Ш.Даваасүрэн нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч нарын  өмчлөлийн тус аймгийн Мөрөн сумын 2-11-14  тоотод байрлах 189 м.кв талбай бүхий байшин, үйлчилгээний зориулалттай 90 м.кв барилга, 799.8 м.кв талбай бүхий өмчлөлийн газрын зах зээлийн үнийг 121.704.500 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

Шинжээч маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан дээрх аргуудыг ашиглаж, ийнхүү 3 аргаар тооцож үр дүнг харьцуулан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн бодит үнэ цэнийг орлогын аргаар хийсэн үнэлгээ илүү бодитой илэрхийлнэ гэж үзсэн тухайгаа үнэлгээний тайланд тодорхой тусгажээ /хэргийн 154-157 дугаар тал/.

Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгохдоо зах зээлийн ханшаар бус, орлогын хандлагын аргаар үнэлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн атлаа шинжээчээр томилогдсон Ш.Даваасүрэн хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу.

Өөрөөр хэлбэл, Ш.Даваасүрэнд хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэргийн 24 дүгээр талд авагдсан, уг баримт хуульд заасан шаардлага хангасан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Дуудлага худалдаанд орох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч тал харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд бөгөөд шинжээчийг эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн дүгнэлт гаргасан, түүний үнэлгээг буруу гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох” гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, хувийн сууц, газрыг 121.704.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай ХХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Н.Б- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ