Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00796

 

Д , Б , Ч , Ж  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01118 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

Д , Б , Ч , Ж  нарын нэхэмжлэлтэй,

“Э  ” ТӨХК-д холбогдох

Гэм хорын хохирол 40,873,830.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд: Бид Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байрлалтай “Суварга-Өндөр” ХХК-иас газар, контейнер түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг. 2018 оны 04 сарын 29-ний өдрийн шөнө 04 цагийн үед дээрх зах дотор гал гарч бидний үйл ажиллагаа эрхэлдэг бараа материал болон контейнер, агуулах маань бүгд галд өртөн шатаж бидэнд маш их хэмжээний хохирол учраад байна. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээний Хархорин сум дахь салбар нь Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж дээрх гал гарсан болох нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын инженер судлаач, дэслэгч Д.Балжинням, галын лабораторийн техникч, ахлагч О.Баттулга нарын шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.Сономцэрэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр гал гарсан шалтгаан нөхцөл нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон. Дээрх гал гарсан шалтгаан нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шатсан эд зүйлд үнэлгээ хийлгүүлэх тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд дээрх үнэлгээний дагуу нэхэмжлэгч Д д 18,687,950 төгрөг, нэхэмжлэгч Б эд 5,516,970 төгрөг, нэхэмжлэгч Ч д 11,583,970 төгрөг, нэхэмжлэгч Ж д 5,084,740 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Иймд дээрх хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын хариу тайлбарт: Хархорин сумын Манлай тод худалдааны төвд 2018 оны 04 сарын 29-ний өдөр цайны газарт гал гарч шатсаны улмаас иргэн Д , Б , Ч , Ж  нарын худалдаа үйлчилгээ эрхэлдэг контейнер шатаж 40,873,830 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргажээ. 2018 оны 04 сарын 19-ний өдөр П.Пүрэвтогтох нь тог тасарсан тухай дуудлагыг Хархорин салбарын диспетчерийн албанд өгсөн ба уг дуудлагын дагуу байцаагч монтёр Т.Нямсүрэн очиход тоолуурын хайрцаганд хялгасан утсаар ороосон, хүчдэлгүй байсан ба үзлэг хийж байх явцад хүчдэл ирсэн, цахилгаан хэрэгслийг залгахад хэт ачааллаа дийлэхгүй дахин хүчдэлгүй болсон, гал хамгаалагчийг нь үзэхэд хялгасан утаснууд тасарсан байсан. Энэ утас нь стандартын утас байх ёстой ба П.Пүрэвтогтох нь чанартай машины утас гэж зэс голчтой утас өгч уг утсаар цэнэглэсэн. Уг утас нь стандартын бус утас байсан ба П.Пүрэвтогтох өөрөө стандартын бус утас гэдгийг мэдсээр байж машины утсаар гал хамгаалагчийг цэнэглүүлсэн ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01118 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Э   ТӨХК-с 40,873,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д д 18,687,950 төгрөг, Б эд 5,516,970 төгрөг, Ч д 11,583,970 төгрөг, Ж д 5,084,740 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,212 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э   ТӨХК-с 103,222 төгрөг гаргуулан Б эд, 251,390 төгрөг гаргуулан Д д, 200,294 төгрөг гаргуулан Ч д, 96,306 төгрөг гаргуулан Ж  нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 142/ШШ2018/01118 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

1. Иргэн Пүрэвтогтох 220 в-ын тоолуур нь нэгтгэлийн хайрцганд байсан бөгөөд хэрэглэгчийн тоолуураас гараад цэнэглэдэг автомат тавигдаад хэрэглэгч кабелиар хүчдэлээ авсан байсан. Хэрвээ цэнэг бүдүүн тасрах боломжгүй гэхэд удаан хугацааны кротик, халалтанд автоматын үүр хайлах, нэгтгэлийн хайрцагны монтаж гэмтэх, халалтын улмаас нэгтгэлийн хайрцганд гал гарах нөхцөл байдал үүсэх бөгөөд уг нэгтгэлийн хайрцаг ямар ч халсан зүйлгүй, тоолуурын нэгтгэлийн хайрцагнаас галын обьект хүрсэн кабел хайлж халаагүй байсан. Иймд гал өөр шалтгааны улмаас гарсан байх магадлалтай. Цайны газрын монтаж гаднаасаа шатсан байхыг үгүйсгэхгүй.

            2. Дуудлагын монтёр Т.Нямсүрэнг 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүчдэлгүй гэсэн дуудлагын дагуу очиход тоолуурын хайрцганд байсан автомат гал хамгаалагчийн цэнэг нь шатсан байсныг цэнэглэхэд ачааллаа даахгүй 2 удаа гал хамгаалагч шатахад иргэн П.Пүрэвтогтох өөрөө 0,25 мм голчтой зэс утас өгч, 6 ширхэгийг давхарлуулж уг автоматыг цэнэглүүлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад иргэн Пүрэвтогтохын буруутай үйлдэл байна гэж үзэхээр байна. Мөн “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-д эзэмшлийн зааг гэж дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь хуваан зааглаж байгаа цэгийг хэлдэг бөгөөд түгээх сүлжээний хувьд уг хэрэглэгчийн 220 в-ын тоолуурын холболт хүртэл хариуцан тоолуурын хэрэглээ холбогддог клемээс цааших хэрэглэгчийн кабел монтаж болон бусад хамгаалах хэрэгслийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна. Цахипгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар хэсгийн 11-д “иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцна гэж заасны дагуу тухайн цайны газрын галын аюулгүй байдлыг иргэн Пүрэвтогтох хариуцах үүрэгтэй.

3. Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймрийн хяналтын улсын байцаагч хошууч Ч.Ренчинбямба Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийг шинжээчээр томилж шинжээчээс 2 асуулт асуусан ба 2 дахь асуулт нь “Тоолуурын хайрцганд байх гал хамгаалагч /пускател/ буугаагүй, стандартын бус холболт хийсэн байсан нь гал гарах шалтгаан нөхцөл болох уу” гэжээ. Хошууч Ч.Ренчинбямба нь стандартын бус холболт хийсэн гэдгийг юугаар нотолж дээрх асуултыг шинжээчээс асуусан нь ойлгомжгүй байх бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Мөн 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг шинжээчээр томилж шинжээчээс “Тог тасарсан гэх дуудлагаар очсон монтёрын хийсэн холболт нь стандартын холболт мөн эсэх биш бол яагаад” гэж асуусан нь мөн нэг талыг барьсан байна. Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Т.Сономцэрэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Тог тасарсан гэх дуудлагаар очсон монтёрын хийсэн холболт нь стандартын холболт биш, шинжилгээнд ирүүлсэн гал хамгаалагчийг буруу цэнэглэсэн” гэсэн байх ба ямар үндэслэлээр буруу цэнэглэсэн гэж дүгнэснээ мөн стандартын бус холболт гэж ямар холболтыг хэлэх талаар тайлбарлаагүй. Иргэн Д , Б , Ч , Ж  нарын павильон, зарж байсан хувцас бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь бүгд шатаагүй байхад шүүх бүгдээрээ шатсан гэж үзэж хохирлыг бүрэн хэмжээгээр гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна, хавтаст хэрэгт байгаа галын нотломжийн 7 дахь хэсэгт гал түймэрт өртсөн эд хөрөнгөд “цайны газар /бүрэн шатсан/ тэжээлийн павильоны баруун талын ханын хэсэг хайрагдсан, хүнс барааны дэлгүүрийн дээврийн хэсэг шатсан” гэж дурдсан гэтэл иргэдийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээч нь бүрэн шатсан мэтээр бүх эд зүйлийг хохирогчийн хэлснээр үнэлж дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2018 оны 04 сарын 29-ний өдрийн Гал түймэр унтраасан тухай нотломжид гал гарсан тухай дуудлагыг 4 сарын 29-ний 04 цаг 49 минутад аваад 04 цаг 52 минутад очсон, анхны дуудлагаар очсоноос хойш гал түймрийн тархалтыг 15 минутад зогсоосон ба энэ хугацаанд 5 павильон бүтэн шатна гэж байхгүй. Тухайн зах өөрөө 24 цагийн харуул хамгаалалттай, харуул энэ хугацаанд юу хийж байсан, яагаад ажлын байрандаа байхгүй байсныг тогтоож шалгаагүй.

5. Анхан шатны шүүх Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй ЭБЦТС ТӨХК-нд холбогдох иргэний хэргийг 2018.11.15-ны өдрийн 142/ШШ2018/01119 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан ба гал гарахад хохирогчийн болгоомжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж дүгнэлээ. Цайны газрын байрыг үнэлсэн үнэлгээ болох 3,364,000 төгрөгийн тал хувь буюу 1,682,025 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн цайны газарт хичнээн нэр төрлийн бараа байсан нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бараа бүтээгдэхүүний үнэ 4,728,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл гал анх энэ цайны газраас эхэлж гарсан ба эндээс дамжиж Д , Б , Ч , Ж  нарын павильоны зарим хэсэг шатсан мөн дээрх иргэдийн бараа эд материал нь бүрэн шатлагад өртөөгүй, павильон зөвхөн дээврийн хэсэг шатсан байхад байсан гэх бараа материалыг нь бүрэн шатсан мэтээр үнэлсэн хэмжээгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гал гарах болсон шалтгаан нөхцөлийг тог тасарсан дуудлагаар очсон монтёр Нямсүрэнгийн гал хамгаалагчид хийсэн стандартын бус холболтын улмаас харилцан адилгүй диаметртэй цахилгаан дамжуулах утсанд халалт үүссэнээр гал гарах нөхцөл бүрдсэн гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэсэн ба стандартын бус холболт гэж ямар холболтыг хэлж байгаа талаар нэг ч үг өгүүлбэр хавтаст хэрэгт байхгүй байхад энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь хангалтгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 142/ШШ2018/01118 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д , Б , Ч , Ж  нар нь “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх станц” ТӨХК-аас гэм хорын хохиролд 40,873,830.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өглөөний 04 цагт “Хархорин худалдааны төв”-д гал гарч контейнер, агуулахад байсан бараа материал нь шатаж үрэгдсэн үйл баримт,  мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт, гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын нэгдсэн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтад үндэслэн нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Манлай-Од” ХХК-ийн худалдааны төвд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 04 цагийн үед гал гарч нэхэмжлэгч нарын үйл ажиллагаагаа явуулдаг агуулах, контейнер галд өртөж, бараа материал нь шатаж, их хэмжээний хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хариуцагч байгууллагын монтёр Нямсүрэнгийн тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг цайны газрын гал хамгаалагчид хийсэн стандартын бус холболтын улмаас харилцан адилгүй диаметртэй цахилгаан дамжуулах утсаар гүйдэл дамжихад эсэргүүцэл үүсч, улмаар цахилгаан дамжуулах утсанд халалт үүссэнээр гал гарах нөхцөл бүрдсэн тухай шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шинжээчийн дээрх дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч өөрийн татгалзсан тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул “Э  ” ТӨХК-ийн Хархорин сум дахь салбар нь Эрчим хүчний тухай хууль болон цахилгаан эрчим хүчний хэрэглэх дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүйгээс дээрх гал гарсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэсэн үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сард гаргасан үнэлгээний тайланд үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.2-т  заасныг хэрэглэсэн нь зөв юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/01118 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх станц ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,320.00 /гурван зуун жаран хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН