Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0133/З |
Дугаар | 221/МА2023/0589 |
Огноо | 2023-09-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0589
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0562 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч: Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: Д.Оюумаа
Илтгэгч шүүгч: С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Ц”
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э”
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2023/0133/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.1.4, 11.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “ХV-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн тухай” 1/6082 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоож, XV-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг зохих ёсоор холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга “З” дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн аваагүй тухай:
Анхан шатны шүүх шийдвэртээ “Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. ....40.3. ....38.2. ....гэж заасан нь хариуцагч захиргааны байгууллагаас өөр захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд нэхэмжлэгчид дээрх үүргийг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх буюу эрх зүйн харилцаатай байсан болохоор шүүхээр тогтоолгох ашиг сонирхол байсан, нөгөө талаар, нэхэмжлэгчид өөрөөс нь үл шалтгаалах байдлаар нэг сарын өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг гаргахад заавал хавсаргах хуульчилсан баримт /байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө/-г гаргаж өгөх боломжгүй байсан, энэ нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ч, нэг хоногийн өмнө ч адилхан боломжгүй байсан” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу “Э” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XB-21398 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан даруйдаа хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, үүрэг хүлээж байгаагаа ойлгож “мэдэгдэл”-д гарын үсэг зурдаг. Тус мэдэгдлийн 5 дугаар зүйлд “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана” гэж заасан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компаниас сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасан талаар нэг ч нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн өргөдөл гаргахад хүлээн аваагүй гэж амаар ярьсныг өргөдөл гаргасан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Иймээс хугацаа сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд баримт бичгийн бүрдэл бүрэн өргөдлийг гаргаагүй талаарх хариуцагчийн эс үйлдэл хууль бус байна, .... гэж зааснаар эс үйлдэхүйн шинжийг агуулж байна” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Гэтэл “Э” ХХК-с гаргасан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22/73, 16-ны өдрийн 22/75 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд төрийн захиргааны байгууллагын зүгээс өргөдөл гомдлыг нь шийдвэрлүүлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй, тухай бүрд нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан сунгуулах өргөдлөө гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон талаар хариу өгсөн байдаг. Гэтэл төрийн захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0562 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/6082 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоолгох, XV-021398 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг зохих ёсоор холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Анхан шатны шүүх “... Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ... 40.3, ....38.2. ... гэж заасан нь хариуцагч захиргааны байгууллагаас өөр захиргааны байгууллагын үүрэг ...” гэж зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь бодитойгоор үнэлэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.
3. Энэ талаар гаргасан хариуцагчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд хавсаргах ёстой баримтын хамт гаргаагүйгээс хүчин төгөлдөр байх хугацаа нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсонд хариуцагчийг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22/73 дугаар албан бичгээр “...Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд бидний хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн сунгалтын өргөдлийг хүлээн авч хянан зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж өргөдөл гаргахдаа ямар нэгэн материал хавсаргаагүй /хэргийн 1-69 дэх хуудас/ учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 дугаар албан бичгээр “...ХV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасны дагуу манай газарт гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байна” гэх хариуг өгчээ.
5. Мөн нэхэмжлэгч нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “ХV-021398 тусгай зөвшөөрөл сэргээлгэх” хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/6082 дугаар албан бичгээр “... хуулийн 22.1-д заасны дагуу өргөдлөө гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон, мөн ... захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаа хэтэрсэн ... тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээн бүртгэх боломжгүйг мэдэгдье” гэж хариу өгснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Учир нь дээрх хариу өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан зөвхөн “1 сарын өмнө” өргөдлөө гаргаагүй гэх үндэслэлээр өгсөн хариу гэж үзэхээргүй байна.
7. Мөн хуулийн 22.1 дэх хэсгийн 22.1.1-22.1.4-д заасан “хавсаргах баримт бичгийг ирүүлээгүй” нь дээрх хариуг өгсөн үндэслэлд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг үгүйсгэж, Булган аймгийн Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан шүүхийн шийдвэрийг үндэслэлээ болгон маргасан.
8. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК нь хайгуулын ХV-021398 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-38.1.3-д заасан 30 хоногийн дотор батлуулах ёстой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, тухайн үеэс Засаг даргын энэхүү үйл ажиллагааны талаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд шүүхэд маргах боломжтой байхад шүүхээр шийдвэрлүүлээгүй, хайгуулын үйл ажиллагаа огт явуулаагүй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа гарсан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргад нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан нь хүчин төгөлдөр болсон боловч мөн төлөвлөгөөг одоог хүртэл батлагдаагүй болох нь тогтоогдож байна.
9. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл тухайн маргаан нь хайгуулын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаад сунгуулах өргөдөлдөө зөвхөн байгаль орчны менежментийн 3 дахь жилийн төлөвлөгөөг хавсаргаагүйтэй холбоотой гэж үзэхээргүй, харин анхнаасаа нэг ч удаа хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаа нь дуусгавар болсон, энэ хугацаанд захиргааны буруутай үйл ажиллагааны талаар маргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хайгуулын үйл ажиллагаагаа явуулаагүй, энэ нь хариуцагч Кадастрын хэлтсийн үйл ажиллагаанд хамааралгүй, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, мөн хуулийн 22.1.4-т заасан хайгуул явуулсны дараа гардаг хайгуулын ажлын тайланг ч хавсаргах боломжгүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлээгүй /энэ талаар маргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгээгүй/ байхад хугацааг “3 удаа” сунгуулах нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэж дүгнэж, “... хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмаар шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан” нь үндэслэлгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр болжээ.
10. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр өөр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг тогтоосон нь энэ хэргийн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Ашигт малтмалын тухай хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар шаардлага хангаагүй өргөдөлд өгсөн хариуг хууль бус гэж үзэх, мөн хуульд зааснаар өргөдөл гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үйл явдал (хууль зүйн факт)-ыг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.
11. Харин нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх учирсан хохирлоо нэхэмжилж шүүхэд хандах нэг үндэслэл болохоор байна.
12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасныг баримтлан “Э” ХХК-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “ХV-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн тухай” 1/6082 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоож, XV-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг зохих ёсоор холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан “Э” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ