Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00946

 

Ц.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 399 дүгээр магадлалтай,

Ц.Өийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд,  нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээллийн төвийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 25-нд томилогдон ажилласан. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор тус байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болж өөрчлөгдсөн, үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 11-нд 108 дугаар шүүхийн шийдвэр гарч, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын ажилд  эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 458 хоногийн цалинг шүүхийн шийдвэрт заасан 33.780 төгрөгөөр тооцон 15.431.245 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч Ц.Өийг түр ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ахлах арга зүйчээр түр хугацаагаар ажилласан болохоос хариуцагчтай тохиролцсон зүйл байхгүй гэжээ.                                                  

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ө нь Төрийн нарийн бичгийн даргатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-нд томилогдсон. Ингээд уг ажлаа хийж байгаад жирэмсний амралтаа авч одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг нь Хууль зүйн яамны сайдын багцын хохирлын сангаас өгсөн. Түр хугацаагаар томилогдсон гэдэг нь үндэслэлгүй. Арга зүйчээр ажиллахаар тохиролцож томилогдсон, цалингаа авч, улмаар жирэмсний амралтын тэтгэмжүүдийг авсан. Тус байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, олгох ёстой цалинг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор гомдол гаргах ёстой байтал энэ хугацаанд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох, нэхэмжлэгч Ц.Өийн 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15.471.240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ц.Өд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 399 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 15.471.240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Өд олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235.310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 399 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Өийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр, магадлалыг талаар гаргасан хяналтын гомдлыг Улсын дээд шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 001/хт2017/00748 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгч эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацааг өөрөөр тогтоохтой холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байсан болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэмж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Энэ хугацааг зогссон болон тасалдсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн Ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус төвийн даргын Б/08 тоот тушаалаар томилсон. Нэхэмжлэгч Ц.Ө нь санал болгосон тус ажлын байрыг бүрэн зөвшөөрч ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс, тэтгэмжүүдийг авч байгаад одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа болно.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 399 дугаар магадлалыг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15.471.240 төгрөг гаргуулах,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгчтэй харилцан тохирч, ахлах арга зүйчийн ажилд томилсон..” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Өийг Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар маргаагүй байна.

Харин дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Ц.Өийг тус төвийн ахлах арга зүйчээр томилж, үндсэн цалинг 740.341 төгрөгөөр тогтоосон, тэрээр уг ажлыг гүйцэтгэж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрөөс жирэмсний амралт авч, улмаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч нь Ц.Өийг шүүхийн шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилоогүй боловч нэхэмжлэгч ахлах арга зүйчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаад жирэмсний амралтаа авсан байх тул тохиролцсоны үндсэн дээр уг ажилд томилсон гэх хариуцагчийн тайлбарыг  үндэслэлтэй гэж үзнэ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг ахлах арга зүйчийн ажилд томилогдсоноос хойш хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэрт тодорхой дурдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн.     

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 399 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ