Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж баталгаажуулах  тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ө нь ХНХЯны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээллийн төвийн даргаар ХНХЯны сайдын тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 25-нд томилогдон ажилласан. Өнөөдрийг хүртэл энэ байгууллагыг байгуулагдахаас нь эхлээд хөдөлмөрөө зориулж ажилласан хүн юм.  Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор  тус байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болж өөрчлөгдсөн ба үүнтэй холбоотойгоор түүнийг ХНХЯны сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрйин Б/51 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Өмнө нь 13 хүн ажиллаж байсан, шинээр өөрчлөгдөхөд  мөн л 13 хүний орон тоо батлагдсан байсан. 

Энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаснаар шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 11-нд 108 дугаар шийдвэр гарч, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, олговрыг нь олгож шийдсэн. Энэ шийдвэр нь дээд шатны шүүхүүдээс хэвээр батлагдаж, хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл энэ шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл ХНХЯны сайдын тушаалаар Ц.Ө-ийгМэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын ажилд нь эгүүлэн томилоогүй байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө биеээрээ маш олон удаа очиж уулзсан, шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж байсан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа одоог хүртэл дуусгавар болоогүй байдаг. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ныг хүртлэх 458 хоногийн цалинг шүүхийн шийдвэрт заасан 33 780 төгрөгөөр тооцон 15 431 245 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын дэвтэр нөхөн бичиж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Ц.Ө-ийг түр ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ахлах арга зүйчээр түр хугацаагаар ажилласан болохоос хариуцагчтай тохиролцсон зүйл огт байхгүй. Шүүхийн шийдвэрт заасан ажилд одоог хүртэл томилоогүй. Хэрэв нэхэмжлэгч арга зүйчээр томилохыг зөвшөөрсөн бол шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2018 оны 4, 5 дугаар сард албан бичиг явуулахгүй байсан, хэрэгт нэхэмжлэгчийг сайдтай тохиролцсон гэх баримт байхгүй, төвийн захиралтай л тохиоролцсон байдаг.Тушаалд түр гэж заагаагүй нь шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийг нь дэмжиж байна гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ц.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ц.Ө нь төрийн нарийн бичгийн даргатай харилцан тохиролцон, түүний үндсэн дээр Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-нд тушаалаар томилогдсон. Ингэж ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг нь Хууль зүйн яамны сайдын багцын хохирлын сангаас олгогдсон. Түр хугацаагаар томилогдсон гэдэг нь үндэслэлгүй. Арга зүйчээр ажиллахаар тохиролцож томилогдсон, цалингаа авч, улмаар жирэмсний амралтын тэтгэмжүүдийг авсан. Энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Иймд манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, олгох ёстой цалинг нь олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар 3 сарын дотор гомдол гаргах ёстой, гэтэл энэ хугацаа нь дууссан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч ХНХЯ-д холбогдуулан, 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч ХНХЯ үл зөвшөөрч Ц.Ө нь  харилцан тохиролцсоны үндсэн дээр Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн ахлах арга зүйчээр томилогдон ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ө нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн захирлаар томилогдсон боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй, ХНХЯны сайдын тушаал гараагүй, тус төвийн захирал түр ажиллаач гэсний дагуу ахлах арга зүйчээр төвийн захирлын тушаалаар түр ажилласан,  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзэв.

1.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/51 тоот тушаалаар Ц.Ө-ийг тус яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээллийн  төвийн захирлын ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар нэхэмлэгч Ц.Ө-ийгМэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 107 771 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулахыг даалган шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримт нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай шийдвэр, 2017 оны 03 дугаар 10-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 693 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 748 дугаартай тогтоол зэргээр нотлогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9186 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 932 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 30-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явуулж 2017 оны 12 дугаар сарын 06-нд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 107 771 төгрөгийг төлбөр авагч Ц.Ө-д олгосон нь 00000112 тоот төлбөрийн хүсэлт болон зохигчдын тайлбараар нотлогдсон.

3. Хэрэгт авагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 тоот “Ажилд томилох тухай” тушаал, 2018 оны 10 дугаар сарын 03, 22-ны өдрүүдийн 155, 180 тоот тус байгуулагын төлбөрийн хүсэлтүүд, 2018 оны 08, 09 дүгээр сарын “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох жагсаалт, 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацааны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн “Цалингийн тооцооллын хүснэгт”, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Ц.Өнь хариуцагч ХНХЯны харъяа  Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн ахлах арга зүйчээр томилогдон 740 341 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос жирэмсний амралтаа авч, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авсан байна.

Хэдийгээр хэрэгт Ц.Ө-ийн 2018 оны 11 дүгээр сарын 26-нд хүүхэд төрүүлсэн талаарх хүүхдийн төрсний гэрчилгээ авагдаагүй ч зохигчид энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй болно.

4.Нэхэмжлэгч Ц.Ө нь тус төвийн захирлын ажилд томилогдох хүртэл зөвөлгөө өгч, түр хугацаагаар ахлах арга зүйчийн ажлыг гүйцэтгэх талаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заасан урьд эрхэлж байсан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн захирлын ажилд томилоогүй, ахлах арга зүйчийн ажилд томилсон тус төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 тоот “Ажилд томилох тухай” тушаалд гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч ХНХЯны сайд нь нэхэмжлэгч Ц.Ө-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн захирлын ажилд томилоогүй байх боловч нэхэмжлэгч нь тус төвийн ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн жирэмсний амралтаа авах хүртэл ажиллаж байсан, одоо амаржсаны амралтыг эдэлж байгаа үйл баримтаас үзэхэд ажилтан Ц.Өсөхгэрэл, ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, ХНХЯны нэгж байгууллага болох Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний  төвийн ахлах арга зүйчийн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-нийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд тэрээр хуульд заасан энэ хугацааг хэтрүүлсний гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч байгуллагаас, 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай Ц.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-д холбогдох, нэхэмжлэгч Ц.Ө-ийн, 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ц.Ө-д олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ                                  Ж.БАЙГАЛМАА