Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1944

 

 

 

                                        

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 55 дугаар байрны 10 тоотод байрлах, регистрийн дугаар 5744938, Сити Аменити ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон Бьюлдинг 309 тоотод байрлах, регистрийн дугаар 2791617, Монгол Дайван ХХКомпанид  холбогдох

 

Гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 32 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай

 

Гэрээнээс үүссэн хохирлын 191 302 700 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сити Аменити ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд барилгын засвар, засал чимэглэл, гэрэлтүүлэг, реклам чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан.Тус компани Монгол Дайван ХХКомпанитай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бараа бөөнөөр худалдах гэрээ байгуулж 8000 метр квадрат явган замын хавтанг 1 метр квадратыг 14 500 төгрөгөөр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд нийлүүлэхээр тохиролцсон.Гэрээ ёсоор нийт 116 000 000 төгрөгөөс урьдчилгаа 60 000 000 төгрөгийг бэлэнээр хүлээн авч явган замын хавтанг Монгол Дайван ХХКомпанийн өөрийнх нь авто машинд ачиж жолоочид нь хүлээлгэн өгсөн баримт дээр гарын үсэг зуруулан хугацаанд нь хүлээлгэж өгсөн.Монгол Дайван ХХКомпани явган замын хавтанг Сити Аменити ХХК-ийн үйлдвэрлэлийн талбайгаас хүлээн авч гарын үсэг зурсанаар хүлээлгэн өгсөнд тооцно гэж гэрээгээр тохиролцсон боловч өөрийн талбайдаа хавтанг буулгах үед ачаа тээвэрлэлтээс болж хавтан гэмтсэн гэж гэрээний 5.1, 5.2-т заасан заалтуудыг зөрчин үлдэгдэл төлбөрөө төлөхөөс татгалзсан.Бид үлдэгдэл төлбөрийг яаралтай авахын тулд худалдан авагч талтай тохиролцон эвдэрч гэмтсэн хавтанг 510 метр квадратаар тооцож, мөн 209 метр квадрат хавтан шинээр худалдан авах хүсэлтийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 31 932 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 7 983 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан.Монгол Дайван ХХК-иас дээрх гэрээний үүрэгт нийт 38 415 500 төгрөгийг хүлээн авч үлдэгдэл 21 500 000 төгрөгийг аваагүй байна.Иймд Монгол Дайван ХХК-иас 2014 оны 11 дүгээр арын 10-ны өдрийн бараа бөөнөөр худалдах гэрээний нэмэлт болон 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг, алданги 10 750 000 төгрөг нийт 32 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Дайван ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд хийгдэх явган замын ажлыг гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгч компаниас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бараа бөөнөөр худалдан авах гэрээг байгуулан 10х20 хэмжээтэй 8000 метр квадрат явган замын хавтанг 1 метр квадратыг 14 500 төгрөгөөр тооцож, нийт 116 000 000 төгрөгийн худалдан авалтыг хийхээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлж, Хэнтий аймгийн Биндэр сум руу бараа материалыг хүргүүлсэн.Гэтэл нэхэмжлэгч байгууллагын зүгээс явган замын хавтанг цонхолж ачсан байсан бөгөөд падаанд тусгагдсан тоо хэмжээнээс ажлын талбайд очсон хавтангийн тоо хэмжээ зөрсөн тул Сити Аменити ХХКомпанид мэдэгдэж, шалгуулахаар болсон. Гэтэл тус компанийн зүгээс уг зөрчлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дутуу нийлүүлсэн 510 метр квадрат явган замын хавтанг Хэнтийн аймгийн Биндэр суманд дахин нийлүүлэх, нэмж 290 метр квадрат явган замын хавтанг дахин авахаар харилцан нэмэлт гэрээг байгуулсан.Худалдагч талаас нэмэлт гэрээний дагуу явган замын хавтангаа нийлүүлсний дараа манай компанийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 2 915 000 төгрөг нийт 98 415 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн.Гэтэл нэхэмжлэгч талын нийлүүлсэн явган замын хавтан нь технологийн шаардлага хангахгүй үлйдвэрлэгдсэний улмаас ажил гүйцэтгэх явцад хагарах, угсралт хийсний дараа үйрч бутрах зэргээр цаашид ашиглах боломжгүй байгаагаас Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дээрх явган замын ажлыг хүлээн авах боломжгүй гэж үзэн явган замын ажлыг стандартын шаардлага хангасан өөр хавтангаар хийж гүйцэтгэх шаардлага тавьсан.Бид энэ тухай нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөөгүйгээс манайд 193 302 700 төгрөгийн хохирол учраад байна.Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өөрт учирсан хохирлыг шийдвэрлүүлэх болно гэв.

 

Хариуцагч Монгол Дайван ХХКомпании шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Дайван ХХКомпани шинэчлэлийн засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул сумыг шинэчлэх тендер шалгаруулалтад оролцон шалгарч энэхүү ажлын хүрээнд тус бүр 2 километр авто замын угсралтын ажлыг нийт 8000 метр квадрат явган замын ажлын хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөн Сити Аменити ХХКомпаниас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бараа бөөнөөр худалдан авах гэрээг байгуулан 10х20 см хэмжээтэй 8000 метр квадрат явган замын хэвтанг 1 метр квадратыг 14 500 төгрөгөөр тооцож нийт 116 000 000 төгрөгийн худалдан авалтыг хийхээр гэрээ байгуулсан.Бид гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлж Хэнтий аймгийн Биндэр сум руу барааг хүргүүлсэн боловч гэтэл Сити Аменити ХХКомпани тухайн хавтанг цонхолж ачсан байсан бөгөөд падаанд тусгагдсан тоо хэмжээнээс ажлын талбайд очсон тоо хэмжээ зөрсөн тул энэ тухай нэхэмжлэгч талд мэдэгдэж хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон.Гэтэл Сити Аменити ХХКомпани уг зөрчлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дутуу нийлүүлсэн 510 метр квадрат хавтанг Хэнтий аймгийн Биндэр суманд дахин нийлүүлэх, нэмж 290 метр квадрат хавтанг дахин авахаар нэмэлт гэрээ байгуулсан.Худалдагч тал нэмэлт гэрээний дагуу хавтанг нийлүүлсний дагуу манайх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр  3 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 2 915 000 төгрөг нийт 98 415 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талд нийлүүлсэн.Гэтэл нэхэмжлэгч талын нийлүүлсэн хавтан нь технологийн шаардлага хангахгүй үйлдвэрэсэн тул ажил гүйцэтгэх явцад хагарч, угсралт хийсний дараа үйрч бутрах зэргээр цаашид ашиглах боломжгүйн улмаас Дорнод аймгийн Баян-Уул,  Хэнтий аймгийн Биндэр сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дээрх явган замын ажлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж явган замын ажлыг стандартын шаардлага хангасан өөр хавтангаар хийж гүйцэтгэх шаардлага тавьсан тул энэ тухай нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэхэд дээрх доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөөгүй тул манайд 191 302 700 төгрөгийн хохирол учраад байна.Манайх өөр газраас хавтан худалдаж аваад тухайн ажлын хийж дуусгасан байгаа.Иймд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан бараа бөөнөөр худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнээс татгалзаж байгаагаа Сити Аменити ХХКомпанид 2015 оны 7 дугаар сард мэдэгдсэн байгаа.Иймд Сити Аменити ХХКомпанид шилжүүлсэн 98 415 000 төгрөг, Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд явган замын хавтанг суурилуулсан, хуулсан ажлын зардал 64 000 000 төгрөг, хавтанг тээвэрлэсэн тээврийн хөлсний зардал 28 887 700 төгрөг нийт 191 302 700 төгрөгийг Сити Аменити ХХКомпаниас гаргуулна гэв.

 

Нэхэмжлэгч Сити Аменити ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манайх Монгол Дайван ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан бараа бөөнөөр худалдан авах гэрээ байгуулж гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, бүх барааг нийлүүлсэн.Монгол Дайван ХХКомпани бараа татан авалт хийхдээ манай компанийн хашаанаас чанарын шаардлага хангасан барааг тоо ширхэгээр нь бүрэн хүлээн авч падаан үйлдэж гарын үсэг зурж авч байсан.Тухайн үед Монгол Дайван ХХКомпани нь барааны чанарын доголдолын талаар огт яриагүй ба санал хүсэлт гаргаж байгаагүй болно.Харин Монгол Дайван ХХКомпани манайхаас чанарын шаардлага хангасан бараа авчихаад буруу хадгалалт хамгаалалт хийснээс хавтан хагарч шаардлага хангахгүй болсон байхыг үгүйсгэхгүй.Мөн уг хавтанг тээвэрлэж буулгахдаа асгаж буулгасан, өрж хадгалаагүй нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж хагарсан тул хохиролоо өөрсдөө хариуцах ёстой, түүнээс чанарын технологийн шаардлага хангаагүй үйлдвэрлэгдсэнээс хавтан хагараагүй гэж үзнэ.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сити Аменити ХХКомпани хариуцагч Монгол Дайван ХХКомпанид холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг, алданги 10 750 000 төгрөг нийт 32 250 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Сити Аменити ХХКомпани нь Монгол Дайван ХХКомпанитай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бараа бөөнөөр худалдах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Сити Аменити ХХКомпани 8000 метр квадрат явган замын хавтанг 1 метр квадратыг 14 500 төгрөгөөр тооцож, нийт 116 000 000 төгрөгийн үнэ бүхий хавтанг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд Монгол Дайван ХХКомпанид нийлүүлэхээр тохиролцсон байна.

 

Мөн талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Сити Аменити ХХКомпани нь эвдэрч гэмтсэн 510 метр квадрат хавтанг нөхөн олгох, Монгол Дайван ХХКомпани 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үлдэгдэл үнийн дүнгээс 20 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, үлдэгдэл төлбөрийн 80 хувь болох 31 932 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл 7 983 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус тус худалдагч Сити Аменити ХХКомпанид шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

 Талуудын хооронд 116 000 000 төгрөгийн үнэ бүхий хавтанг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн, тухайн үед 60 000 000 төгрөгийг бэлэнээр хүлээн авсан, мөн 38 415 500 төгрөгийг хүлээн авсан атлаа үлдэгдэл 21 500 000 төгрөгийг аваагүй байна гэж шаардаж байгаа нь тодорхой бус байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч талын гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг байгаа гэх шаардлага нь баримтаар нотлогдоогүй байх тул хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Монгол Дайван ХХКомпани нь Сити Аменити ХХКомпанид шилжүүлсэн 98 415 000 төгрөг, Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд явган замын хавтанг суурилуулсан, хуулсан ажлын зардал 64 000 000 төгрөг, хавтанг тээвэрлэсэн тээврийн хөлсний зардал 28 887 700 төгрөг нийт 191 302 700 төгрөгийг Сити Аменити ХХКомпаниас гаргуулах тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Дээрх хэлцлийн дагуу Монгол Дайван ХХКомпани тодорхой хэмжээний явган замын хавтанг Сити Аменити ХХКомпаниас худалдан авч, зохих хэмжээний төлбөрийг төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй явган замын хавтанг худалдан авагчид шилжүүлнэ” гэж тохирсон байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байна.

 

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “худалдсан барааг худалдан авагчид шилжүүлснээр бараа устаж, гэмтсний эрсдэл худалдан авагчид шилжинэ, 5.2-т “худалдан авагч барааг хүлээн авсныг гэрчлэх баримт дээр гарын үсэг зурснаар барааг хүлээн авсанд тооцно” гэж тохирсон байна.

 

Монгол Дайван ХХКомпанийн Сити Аменити ХХКомпаниас худалдан авсан явган замын хавтан бүгд чанарын шаардлага хангахгүй байсан, уг хавтанг суурилуулсан болон буцаан хуулсан ажлын зардал нь баримтаар нотлогдоогүй байх бөгөөд энэхүү шаардлагыг нотолсон санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч байгууллагын сөрөг шаардлагыг Монгол Дайван ХХКомпанийн  Ч.Чулуунбаатар, Н.Баттөр нар хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болон хэргийн 67-70 дугаар хуудсанд авагдсан зургаар нотлогдож байна гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө Монгол Дайван ХХКомпани нь Сити Аменити ХХКомпаниас худалдан авсан хавтангаар тухайн ажлыг хийгээгүй, өөр газраас хавтан хуралдан авч ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Монгол Дайван ХХКомпаниас 32 250 000 /гучин хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Сити Аменити ХХКомпанийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар Сити Аменити ХХКомпаниас 191 302 700 /нэг зуун ерэн нэгэн сая гурван зуун хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Монгол Дайван ХХКомпанийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 319 200 /гурван зуун арван есэн мянга хоёр зуун/ төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 1 114 470 /нэг сая нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан, сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН