Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2073

 

 

“С.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01944 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.Д” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …”М.Д” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бараа бөөнөөр худалдах гэрээ байгуулж, 8 000 м.кв явган замын хавтанг 1 м.кв-ыг 14 500 төгрөгөөр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээ ёсоор нийт 116 000 000 төгрөгөөс урьдчилгаа 60 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, явган замын хавтанг хугацаанд нь “М.Д” ХХК-ийн өөрийнх нь автомашинд ачиж, жолоочоор нь баримт дээр гарын үсэг зуруулан хүлээлгэж өгсөн. “М.Д” ХХК нь явган замын хавтанг “С.А” ХХК-ийн үйлдвэрлэлийн талбайгаас хүлээн авч, гарын үсэг зурснаар хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохиролцсон боловч өөрийн талбайдаа хавтанг буулгах үед ачаа тээвэрлэлтээс болж хавтан гэмтсэн гэж гэрээний 5.1, 5.2-т заасан заалтуудыг зөрчин, үлдэгдэл төлбөрөө төлөхөөс татгалзсан. Бид үлдэгдэл төлбөрийг яаралтай авахын тулд худалдан авагч талтай тохиролцон эвдэрч гэмтсэн хавтанг 510 м.кв тооцож, мөн 209 м.кв хавтан шинээр худалдан авах хүсэлтийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 31 932 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 7 983 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус төлөхөөр гэрээ байгуулсан. “М.Д” ХХК-иас дээрх гэрээний үүрэгт нийт 38 415 500 төгрөгийг хүлээн авч үлдэгдэл 21 500 000 төгрөгийг аваагүй байна. Иймд “М.Д” ХХК-иас 2014 оны 11 дүгээр арын 10-ны өдрийн бараа бөөнөөр худалдах гэрээний нэмэлт болон 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг, алданги 10 750 000 төгрөг нийт 32 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд хийгдэх явган замын ажлыг гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгч компанитай бараа бөөнөөр худалдан авах гэрээг байгуулан 10х20 хэмжээтэй 8 000 м.кв явган замын хавтанг 1 м.кв-ыг 14 500 төгрөгөөр тооцож, нийт 116 000 000 төгрөгийн худалдан авалт хийх гэрээ байгуулж, гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг шилжүүлж, Хэнтий аймгийн Биндэр сум руу бараа материалыг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын зүгээс хавтанг цонхолж ачсан байсан бөгөөд падаанд тусгагдсан тоо хэмжээнээс ажлын талбайд очсон хавтангийн тоо хэмжээ зөрсөн. Тус компанийн зүгээс уг зөрчлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дутуу нийлүүлсэн 510 м.кв явган замын хавтанг Хэнтийн аймгийн Биндэр суманд дахин нийлүүлэх, нэмж 290 м.кв явган замын хавтанг дахин авахаар харилцан нэмэлт гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу явган замын хавтангаа нийлүүлсний дараа манай компанийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 2 915 000 төгрөг, нийт 98 415 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Гэтэл нийлүүлсэн явган замын хавтан нь технологийн шаардлага хангахгүй үлйдвэрлэгдсэний улмаас ажил гүйцэтгэх явцад хагарах, угсралт хийсний дараа үйрч бутрах зэргээр цаашид ашиглах боломжгүй байгаагаас Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дээрх явган замын ажлыг хүлээн авах боломжгүй гэж үзэн явган замын ажлыг стандартын шаардлага хангасан өөр хавтангаар хийж гүйцэтгэх шаардлага тавьсан. Бид энэ тухай нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөөгүйгээс манайд 193 302 700 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Бараа бөөнөөр худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч талын нийлүүлсэн хавтан нь технологийн шаардлага хангахгүй үйлдвэрлэгдсэн тул ажил гүйцэтгэх явцад хагарч, угсралт хийсний дараа үйрч бутрах зэргээр цаашид ашиглах боломжгүйн улмаас Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Биндэр сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дээрх явган замын ажлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж явган замын ажлыг стандартын шаардлага хангасан өөр хавтангаар хийж гүйцэтгэх шаардлага тавьсан тул энэ тухай нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэхэд дээрх доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөөгүй тул манайд 191 302 700 төгрөгийн хохирол учраад байна. Манайх өөр газраас хавтан худалдаж аваад тухайн ажлыг хийж дуусгасан бөгөөд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан бараа бөөнөөр худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнээс татгалзаж байгаагаа “С.А” ХХК-д 2015 оны 7 дугаар сард мэдэгдсэн байгаа. Иймд “С.А” ХХК-д шилжүүлсэн 98 415 000 төгрөг, Хэнтий аймгийн Биндэр сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд явган замын хавтанг суурилуулсан, хуулсан ажлын зардал 64 000 000 төгрөг, хавтанг тээвэрлэсэн тээврийн хөлсний зардал 28 887 700 төгрөг нийт 191 302 700 төгрөгийг “С.А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, бүх барааг нийлүүлсэн. “М.Д” ХХК бараа татан авалт хийхдээ манай компанийн хашаанаас чанарын шаардлага хангасан барааг тоо ширхгээр нь бүрэн хүлээн авч, падаан үйлдэж гарын үсэг зурж авч байсан. Тухайн үед “М.Д” ХХК нь барааны чанарын доголдолын талаар огт яриагүй ба санал хүсэлт гаргаж байгаагүй. Харин манайхаас чанарын шаардлага хангасан бараа авчихаад буруу хадгалалт хамгаалалт хийснээс хавтан хагарч шаардлага хангахгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Мөн уг хавтанг тээвэрлэж буулгахдаа асгаж буулгасан, өрж хадгалаагүй нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон тул хохирлоо өөрсдөө хариуцах ёстой, түүнээс чанарын технологийн шаардлага хангаагүй үйлдвэрлэгдсэнээс хавтан хагараагүй гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан М.Д ХХК-иас 32 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.А ХХКомпанийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар С.А ХХКомпаниас 191 302 700 төгрөг гаргуулахыг хүссэн М.Д ХХКомпанийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т  зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 319 200 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 1 114 470 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Учир нь шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Хариуцагч байгууллагын сөрөг шаардлагыг "М.Д" ХХК-ийн Ч.Чулуунбаатар, Н.Баттөр нар хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болон хэргийн 67-70 дугаар хуудсанд авагдсан зургаар нотлогдож байна гэж үзэх боломжгүй байна" гэж хэрэгт цугларсан нотлох баримтад хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь дараах нөхцөл байдлуудаар нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу томилсон шинжээчдийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 038/17 БДЛ дугаартай дүгнэлтэд "...стандартын шаардлага хангаагүй байна" гэж гарсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын зүгээс ирүүлсэн албан бичигт “өмнө нь тавьсан явган замын хавтанг хуулж шинээр тавьж, Засаг даргын тамгын газарт хуулж авсан явган замын хавтанг хүлээлгэн өгсөн” талаар дурдсан байдаг. Тухайн газарт явган замын ажлыг хийж гүйцэтгэсэн иргэн Ч.Чулуунбаатар, Н.Баттөр нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад шүүх уг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь буруу байна гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”М.Д” ХХК-ийн "С.А" ХХК-иас худалдан авсан замын явган хавтан бүгд чанарын шаардлага хангаагүй байсан" гэж дүгнэж болохгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхээс томилолдсон шинжээчдийн зүгээс дээжид ирүүлсэн явган замын хавтан стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон, "С.А" ХХК-иас нийлүүлсэн бүх хавтанг шинжилгээнд хамруулах ёстой байсан гэх, нийлэгчийн зүгээс технологийн горим зөрчиж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлж дээрх гэрээний заалтуудаар худалдан авагч талын эрх ашгийг зөрчиж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болох мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан нь буруу байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 191 302 700 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “С.А” ХХК нь хариуцагч “М.Д” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болон учирсан хохиролд нийт 191 302 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч "С.А” ХХК нь явган замын хавтанг 1 м.кв-ыг 14 500 төгрөгөөр тооцож 8 000 м.кв талбайн хэмжээтэй, 116 000 000 төгрөгийн үнэ бүхий явган замын хавтанг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн дотор хариуцагч "М.Д" ХХК-д нийлүүлэх, тус компани үнийг төлөхөөр тохиролцсон талаар маргаангүй байна.

 

Дээрх гэрээний дагуу “С.А” ХХК нь “М.Д” ХХК-д үйлдвэрийн талбайгаас 8000 м.кв талбайн хэмжээтэй явган замын хавтанг хүлээлгэн өгсөн боловч хорогдол буюу доголдол гарсан тул талууд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж хорогдол буюу доголдлыг 510 м.кв-аар тооцож явган замын хавтанг хүлээлгэн өгөх, шинээр 290 м.кв талбайн хэмжээтэй явган замын хавтан нэмж худалдан авахаар зохигчид тохиролцсон нь уг гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээний дагуу явган замын хавтанг хариуцагчид шилжүүлэн өгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч “М.Д” ХХК нь нэхэмжлэгч “С.А" ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 60 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000  төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2 915 000 төгрөг нийт 98 415 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч нь гэрээний зүйл нь доголдолтой тул үнийг төлөхгүй гэж маргасан.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 3.2-т худалдан авсан бараанд доголдол илэрвэл худалдан авагч нь худалдагч талд мэдэгдэж, уг доголдлыг арилгуулахаар тохиролцохдоо хугацааны талаар тохиролцоогүй байна.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр худалдагч нь худалдан авагчид барааг 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор нийлүүлэх үүргийг биелүүлж байхад хариуцагч доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор доголдлын талаар гомдлын шаардлага гаргах байжээ.

 

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дорнод аймгийн Баян-Уул суманд сумын төвийн шинэчлэл төслийн ажлын явцтай танилцсан хурлын тэмдэглэлд явган замын хавтан нь чанарын шаардлага хангахгүй талаар бичигдсэн байх тул хариуцагч нь мөн өдөр эд хөрөнгийн доголдлыг мэдсэн боловч гомдлын шаардлага гаргаагүй байна.

           /хх-204-207 дахь тал/

 

Иймд худалдан авагч нь худалдагчид хуульд заасан хугацааны дотор эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаагүй тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болно. Гомдлын шаардлага гаргаагүй тул хүчин төгөлдөр гэрээнээс хариуцагч татгалзах эрхгүй тул хариуцагчийн гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчид төлсөн төлбөр буцаах болон учирсан хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь худалдан авагч тал гомдлын шаардлага гаргах хугацааг алдсан тохиолдолд ач холбогдолгүй байх тул нотлох баримтыг дүгнээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өгсөн баримт болох “М.Д” ХХК, иргэн Ч.Чулуунбаатар, Н.Баттөр нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/224 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон гэрэл зургууд нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг нотлохгүй юм.                                                     /хх-50-52, 56-60 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээсэн болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М.Д” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 114 465 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ