Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00986

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/03093 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаар магадлалтай,

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Л.Б-д холбогдох,

Зээлийн гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлд 628.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Л.Б-, өмгөөлөгч Н.Нарангуа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулан түүнд 600,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон. Ингээд уг зээлийг Хаан банк дахь Л.Б-гийн эзэмшлийн 5447014497 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 390,000,000 төгрөгийг, мөн өдөр Л.Б-гийн эзэмшлийн 5026708803 тоот дансанд 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Л.Б-тэй байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүүг сар бүрийн эцэст төлөхөөр тохиролцсон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүүд нийт 50,600,000 төгрөг төлөхөөс 46,000,000 төгрөг төлж 4,600,000 төгрөгийн хүү төлөөгүй. Мөн үндсэн зээлийн төлбөрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл зээлдэгч Л.Б- нь 2018 оны 6 дугаар сараас зээлийн хүүг төлөхөө больсон бөгөөд үндсэн зээлээс төлөх ёстой 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд мөн л төлсөнгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлийн дагуу гэрээнээс татгалзсан тул үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 25,860,000 төгрөг, алданги 14,400,000 төгрөг, нийт 640,260,000 төгрөгийг хариуцагч Л.Б-гээс гаргуулахаар нэхэмжилж байна  гэжээ.                                                  

Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Би бизнесийн танилын хувиар Х.Баттулга гэх залуутай уулзан хамтран ажиллах талаар ярилцаж хэд хэдэн удаа уулзсаны дараа түүний хувьцаа эзэмшдэг Хааны харгуй ХХК нь их хэмжээний зээл авахаар төлөвлөж байгаа ч барьцаа хөрөнгө дутаад байгаа талаар ярьж, өөрийн хөрөнгүүдээ барьцаалж зээл авахад нь туслах, цаашид хамтран ажиллахаар тохирсон. Хааны харгуй ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа хувьцаа эзэмшигч Ц.Н-ийн нэрээр надад 600,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Би зээлээ гэрээнд заасны дагуу төлж байтал Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Баттулга утсаар яриад зээлээ миний дансаар төлөөрэй гэсний дагуу эхний төлбөр 60 сая төгрөгийг хүүгийн хамт түүний дансанд төлсөн. Татгалзаж байгаа үндэслэл бол нэгдүгээрт, хэдийгээр энэ гэрээг Ц.Н-тэй байгуулсан боловч зээлийн эх үүсвэр нь Хааны харгуй ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө байсан тул уг компаниас авсан юм. Хоёрдугаарт, энэ зээлийн талаар Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулга болон Ц.Баатарбилэг нартай ярилцаж байсан тул Х.Баттулга нь миний данс руу шилжүүлээрэй гэхээр нь би тэр хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Гэрээ цуцлах талаар мэдэгдлийг Ц.Н-ээс хүлээн авсан. Харин хариу мэдэгдэлд Х.Баттулгад шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаарт, төлсөн үндсэн төлбөр, хүүг хасаж тооцох ёстой. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа бол алданги шаардах эрхгүй. Иймд Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/03093 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-гээс 623,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгон, үлдэх 5,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,359,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 3,276,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/03093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 517 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Х.Баттулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж, түүнээс тайлбар авах нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой” хэмээн огт үндэслэлгүй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бөгөөд энэхүү хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь иргэн Х.Баттулга гэх этгээдийн эрх, үүрэгт аливаа байдлаар нөлөөлөх үндэслэлгүй юм. Энэхүү маргааны зүйл болж буй зээлийн харилцаа нь зөвхөн нэхэмжлэгч Ц.Н- хариуцагч Л.Б- нарын хооронд үүссэн байдаг. Зээлийн гэрээнд үүргийг хэний эзэмшлийн хэд дугаартай дансанд шилжүүлэх талаар тодорхой тусгасан төдийгүй хариуцагч Л.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдүүлэгч Ц.Н-ийн харилцах дансанд зээлийн хүүг төлж ирсэн. Харин Л.Б- Х.Баттулга гэгч хүнд мөнгө өгсөн эсэх асуудал энэхүү зээлийн харилцаанд огтын хамааралгүй болно. Тиймээс хариуцагчаас гаргасан Х.Баттулгыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүх 2018 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 184/Ш32018/13983 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ: “маргааны зүйлийн талаар Х.Баттулгын эрх, үүрэгт хэрхэн сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоохгүй байна гэсэн дүгнэлт хийж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв шийдвэр болсон. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд энэ хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөхөөр байна. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах хүсэлт гаргаснаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгогдохоор байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан үндэслэлээр хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээ буюу 623.640.000 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид 240.517 төгрөгийг төлсөн байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болох төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлж оролцох” зарчмын эсрэг үйлдэл юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч Л.Б-гээс зээл 600.000.000 төгрөг, хүү 14.440.000 төгрөг, алданги 14.400.000 төгрөг нийт 628.840.000 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн гэжээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 30-ний өдөр хуваарийн дагуу төлөх 72.000.000 төгрөгийг төлөөгүй, ...тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй” гэж үзэн нэхэмжлэлээс 623.640.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан  хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Зохигчийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 600.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 1 хувийн хүүтэй зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцсон /хэргийн 6-7 дугаар тал/, энэ талаар маргаагүй байна.

“Хааны харгуй” ХХК нь хариуцагч Л.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан Хөгжлийн банкнаас 1.100.000.000 төгрөгийн зээл авсан тул тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Н-тэй зээлийн гэрээ байгуулж уг зээлийг авсан  талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд Ц.Н-, Х.Баттулга нар нь тус компанийн хувьцаа эзэмшигч байна.

Хариуцагч нь “...Х.Баттулга зээлийг өөрийнхөө дансанд шилжүүл гэсний дагуу 2018 оны 7 дугаар сард төлөх зээл 60.000.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 66.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдөр шилжүүлсэн” гэсэн тайлбар,  мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж, улмаар түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцээгүй байна.

Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн гэж хариуцагч маргаж буй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Баттулгыг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь ач холбогдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 Нөгөө талаар хариуцагч зээлийг төлбөрийг Х.Баттулгад төлсөн тохиолдолд нэхэмжлэгч зээлдэгчийг  гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй гэж үзэж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчид шилжүүлсэн мөнгө  нэхэмжлэгчийнх  болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 418 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 3.276.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ