Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2018/03093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 628,840,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Н нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулан түүнд 600,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон. Ингээд уг зээлийг Хаан банк дахь Л.Б-ийн эзэмшлийн 5447014497 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 390,000,000 төгрөгийг, мөн өдөр Л.Б-ийн эзэмшлийн 5026708803 тоот дансанд 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Л.Б-тэй байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүүг сар бүрийн эцэст төлөхөөр тохиролцсон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүүд нийт 50,600,000 төгрөг төлөхөөс 46,000,000 төгрөг төлж 4,600,000 төгрөгийн хүү төлөөгүй. Мөн үндсэн зээлийн төлбөрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл зээлдэгч Л.Б нь 2018 оны 6 дугаар сараас зээлийн хүүг төлөхөө больсон бөгөөд үндсэн зээлээс төлөх ёстой 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд мөн л төлсөнгүй. Ц.Н нь зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг Л.Б-ээс удаа дараа шаардсан бөгөөд огт төлөхгүй байсан тул түүнд хандан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч тэрээр мэдэгдэлд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тул 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлж, гэрээнээс татгалзаж байгаа болохоо мэдэгдсэн. Зээлдэгч Л.Б нь дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, зээлдүүлсэн мөнгөө гэрээнээс татгалзах хүртэл хугацааны хүү, алдангийн хамт гаргуулахаар ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" заасан үндэслэлийн дагуу гэрээнээс татгалзсан тул үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 25,860,000 төгрөг, алданги 14,400,000 төгрөг, нийт 640,260,000 төгрөгийг хариуцагч Л.Б-гээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь бизнесийн танилын хувиар Х.Б гэх залуутай уулзан хамтран ажиллах талаар ярилцаж хэд хэдэн удаа уулзсаны дараа түүний хувьцаа эзэмшдэг Хааны харгуй ХХК нь их хэмжээний зээл авахаар төлөвлөж байгаа ч барьцаа хөрөнгө дутаад байгаа талаар ярьж, Л.Б нь өөрийн хөрөнгүүдээ барьцаалж зээл авахад нь туслах, цаашид хамтран ажиллахаар тохирсон. Ингээд өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг болон хувьцааг нь эзэмшдэг Мүгэн констракшн ХХК-ийн эд хөрөнгүүдийг Хөгжлийн банкны барьцаанд бариулж, Хааны харгуй ХХК-ийг зээл авахад нь тусалсан болно. Хааны харгуй ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсныхаа дараа хувьцаа эзэмшигч Ц.Н-ийн нэрээр надад 600,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Би зээлээ гэрээнд заасны дагуу төлж байтал Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Б утсаар яриад зээлээ миний дансаар төлөөрэй гэсний дагуу эхний төлбөр 60 сая төгрөгийг хүүгийн хамт түүний дансанд төлсөн. Татгалзаж байгаа үндэслэл бол нэгдүгээрт, хэдийгээр энэ гэрээг Ц.Н-тэй байгуулсан боловч зээлийн эх үүсвэр нь Хааны харгуй ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө байсан тул уг компаниас авсан юм. Хоёрдугаарт, энэ зээлийн талаар Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б болон Ц.Б нартай ярилцаж байсан тул Х.Б нь миний данс руу шилжүүлээрэй гэхээр нь би тэр хүний дансанд мөнгө шилжүүлсэн. Гэрээ цуцлах талаар мэдэгдлийг Ц.Н-ээс хүлээн авсан. Харин хариу мэдэгдэлд Х.Б-д шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаарт, төлсөн үндсэн төлбөр, хүүг хасаж тооцох ёстой. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа бол алданги шаардах эрхгүй. Иймд Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Л.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг, зээлийн хүү 25,860,000 төгрөг, алданги 14,400,000 төгрөг, нийт 640,260,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр үндсэн төлбөрт 600,000,000 төгрөг, хүүд 14,440,000 төгрөг, алдангид 14,400,000 төгрөг, нийт 628,840,000 төгрөг гаргуулна гэж шаардлагын хэмжээг 11,420,000 төгрөгөөр бууруулжээ. Нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзан, учирсан хохиролд гэрээний үндсэн төлбөр, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хамаарах хүү, алдангийг шаардана гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрт 540,000,000 төгрөг, хүүд 6,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 82,840,000 төгрөгийг эс зөвшөөрч, зээлийн эх үүсвэр нь Хааны харгуй ХХК-аас гарсан буюу уг компани Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд хариуцагчийн хөрөнгийг барьцаалсны хариуд зээлийн гэрээ байгуулагдсан тул Ц.Н жинхэнэ зээлдүүлэгч биш гээд гэрээний үүргийг биелүүлсэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа нь алданги шаардах эрхгүй гэх үндэслэлээр татгалзжээ.

Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 600,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон нөхцөл бүхий Зээлийн гэрээ хийжээ. /хх-6-7/ Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 3.5, 4.2-т Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд хөрөнгүүдээ тавьж зээл авахуулсны төлөө зээлдэгч нь зээлдүүлэгчээс 5 жилийн хугацаатай уг зээлийг авч байгаа гэх агуулга бүхий заалт байгаа хэдий ч хариуцагч гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг Ц.Н-ээс хүлээн авсан, хүүг хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 46,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан гэх үйл баримтад маргаагүй бөгөөд баримтаар тогтоогдож байгааг харгалзан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлгүй. /хх-8, 63-71/

Тодруулбал, хариуцагчийн татгалзалд дурдсанчлан гэрээг байгуулах үед хариуцагч гэрээний оролцогчийн талаар ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдэн хийгдсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй буюу гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч Л.Б-д 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хуваарийн дагуу төлөх үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сар, 7 дугаар сарын хүүд 12,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мөн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан тухай мэдэгдсэн байна. /хх-9-11/

Хариуцагч хоёр удаагийн мэдэгдлийг хүлээн авсан гэх боловч төлбөрийг Х.Б-д төлсөн тул үүргээ биелүүлсэн гээд үндэслэлийг зээлийн эх үүсвэр Хааны харгуй ХХК-аас гарсан, тус компанийн хувьцаа эзэмшигч нь Ц.Н, Х.Б нар бөгөөд тэдгээрийн таарамжгүй харилцаанаас зээлийг хэнд төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч, эцэст нь Х.Б-д төлбөрийг төлсөн гэжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцохоор заасан байдаг ба гэрээний 1.2-т үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү үүрэг гүйцэтгүүлэгчид ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заажээ. Төлбөрийг Х.Б-д төлөхийг зээлдүүлэгч зөвшөөрсөн, эсхүл түүнд ашигтай нөхцөл үүссэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Х.Баттулгад мөнгө шилжүүлсэн талаарх хариуцагчийн тайлбараас түүнийг гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эндээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн, тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхтэй ба ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээнээс татгалзах журамтай нийцэх бөгөөд нэхэмжлэгч хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тооцохоор заасан байх тул зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг хохиролд тооцон гаргуулна. Гагцхүү гэрээнээс татгалзсан өдөр нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байх тул хүү, алдангийг уг өдрөөр тасалбар болговол зохино. Ийнхүү тооцоход хүүгийн хэмжээ 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5,400,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5,580,000 төгрөг, 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 1,260,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөг байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, гэрээний 3.3-т заасныг үндэслэн хуваарийн дагуу төлөх зээлийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 38 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн, харилцан тохирсон 0,5 хувиар тооцоход алдангид 11,400,000 (60,000,000*0.5%*38)төгрөг байна.

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид төлбөл зохих хохирлын хэмжээг үндсэн төлбөрт 600,000,000 төгрөг, хүүд 12,240,000 төгрөг, алдангид 11,400,000 төгрөг, нийт 623,640,000 төгрөг гэж үзлээ.