Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0620

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Х

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 125/2020/0027/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н-оос Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Н-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/04 дугаар “Б.Л-ийг Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хууль  бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаартай “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Н-ийг огцруулах тухай”, 6/04 дугаартай “Б.Л-ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Н-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Тус шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаартай "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Нийг огцруулах тухай", 6/04 дугаартай Б.Л-ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох тухай" тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Нийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэсэн.

3.2. Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргадаг төсвийн эрх мэдэл бүхий байгууллага биш бөгөөд энэ эрх үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар авч хэлэлцсэний үндсэн дээр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах ёстой юм. Гэтэл ИТХ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, биелэгдэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн, биелэгдэх боломжгүй шийдвэр гэж үзэж байна.

3.3. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "... Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.", 47.2-д "Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт, Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын дэгийн дээрх заалтаас үзвэл Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ байнгын дэгийн 9.4 дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байна.

3.4. Учир нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны ээлжит хуралдаанаас өдрөөс өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр болсныг төлөөлөгч нар мэдэж байсан ба өмнөх 2021 оны 12 дугаар сард болсон сумын ИТХ дээр энэ асуудлыг удаа дараа мэдэгдэж түүний үндэслэл шалтгааныг хэлэлцэж байсан үйл баримтын талаар дүгнэлт хийлгүйгээр эсрэг утга бүхий дүгнэлт хийсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдол бүхий талаас нь дүгнэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Г.Н-оос Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Н-ийг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/04 дугаар “Б.Л-ийг Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хууль  бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Нэхэмжлэгчээс “... Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгаагүй, хуралдаан эхлээд хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах явцад хурлын даргыг огцруулах санал гаргаж хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн гэж, хариуцагчаас “... хурлын дарга Г.Н-ийг гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр огцруулах албан шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4 дүгээр хуралдаан болон 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаар хуралдаанд ирүүлж байсан, ... Г.Н нь гэмт хэрэгт холбогдож, сум, орон нутгийн ажлыг цалгардуулсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналтай холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ...төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд 35.1.2-т Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхийг хурлын төлөөлөгч эдлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д ...хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батлахаар тусгайлан зааж хуульчилсан байх бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1-д “... төлөөлөгч, …асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “…-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус нарийвчлан заажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжаар ээлжит 6 дугаар хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцэхээр баталсан бөгөөд талууд уг үйл баримттай маргаагүй байна.

6. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч Б.Л ...хурлын даргыг огцруулахаар санал гаргасныг хурлын төлөөлөгчдийн 77.8 хувийн саналаар дэмжсэнээр тухайн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 6/03 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Н-ийг огцруулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх тул “... ээлжит хуралдаанаас өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр болсныг төлөөлөгч нар мэдэж байсан ба өмнөх 2021 оны 12 дугаар сард болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр энэ асуудлыг удаа дараа мэдэгдэж түүний үндэслэл шалтгааныг хэлэлцэж байсан” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

7. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй 6/03, 6/04 дугаар  тогтоолуудыг гаргах болсон шалтгаан буюу улс төрийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй.   

8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “ өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр гомдлыг хангах боломжгүй.

9. Учир нь нэгэнт нэхэмжлэгчийг огцруулсан 6/03 дугаар хууль бус тогтоолыг шүүх хүчингүй болгосон тул түүнийг үндэслэн гарсан 6/04 дүгээр тогтоолыг ч мөн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Г.Н-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулж, мөн хугацааны хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаснаар түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр байна.  

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “... Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргадаг төсвийн эрх мэдэл бүхий байгууллага биш бөгөөд энэ эрх үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар авч хэлэлцсэний үндсэн дээр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах ёстой, ... ИТХ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, биелэгдэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн, биелэгдэх боломжгүй шийдвэр гэж үзэж байна” гэх үндэслэлээр хариуцагчаар татагдаагүй сумын Засаг даргын Тамгын газарт шүүхээс даалгах боломжгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстойг дурьдах нь зүйтэй.  

11. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, түүний 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН