Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2021/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Цолмон, Д.Энхзул  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Батцэнгэл нь 2008 оны 4 сард Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг, 3-12 жилийн сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг өмчилж аваад 2008 оны 6 сард нас барсан. 2009 онд өв нээгдэхээс өмнө нотариатч П.Хишигжаргал өв залгамжлах эрхийн гэрчилгээг *******ийн нэр дээр хуурамчаар нээж, улмаар *******оос Р.Эрдэнэбаатарт уг газрыг худалдсан худалдах-худалдан авах гэрээг хуурамчаар гэрчилсэн байдаг.

Энэхүү хууль бус үйлдлийн улмаас уг газрыг Р.Эрдэнэбаатараас*******т,*******ээс Ц.Төмөрчулуунд, Ц.Төмөрчулуунаас*******т тус тус шилжүүлсэн улсын бүртгэл хийгдсэн. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээ болон худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 2572 дугаартай шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээ болон худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар *******оос Эрдэнэбаатарт шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 14 дугаар шийдвэрээр *******оос Эрдэнэбаатарт шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон.

Ингээд маргаан бүхий газрын дээрх хүмүүст шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2019 оны 77 дугаар захирамжаар “П.Хишигжаргалын өвлөх эрхийн гэрчилгээ болон худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон, худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул зохих журмын дагуу улсын бүртгэлд хандаж өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” гэж шийдвэрлэсэн.

Үүний дагуу Улсын бүртгэлийн газарт хандахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******, Б.Бүжинлхам нарын нэр дээр бичиж олгосон боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дүгнэлтээр уг бүртгэлийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл шүүгчийн 2019 оны 77 дугаар захирамжийг утга агуулгыг гажуудуулж*******ийн нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгоогүй гэж үзэж *******, Б.Бүжинлхам нарын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Уг асуудлаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Маргаан бүхий газрын өмчлөгчөөр Р.Эрдэнэбаатар,  Ц.Төмөрчулуун,******* нарыг бүртгэх болсон хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдож түүнийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсон тул Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5-д зааснаар дээр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгох асуудлыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хариуцан зохион байгуулах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Хоролсүрэн  шүүхэд гаргасан тайлбартаа: Баяндүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2572 дугаартай шийдвэрээр *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 14 дугаар шийдвэрээр Р.Эрдэнэбаатар, ******* нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байх бөгөөд*******ээс Ц.Төмөрчулуунд, Ц.Төмөрчулуунаас*******т шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр улсын бүртгэлд авагдаагүй байна.

Улсын бүртгэлийн Г-1617001044 дугаартай газрын өмчлөгчөөр иргэн*******т бүртгэлтэй байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсны дараа уг шийдвэрийг үндэслэн бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2008 оны 4 сарын 29-ний өдөр Б.Гантогоогийн аав Д.Батцэнгэл гэдэг хүний нэр дээр уг газрыг өмчлөх эрхийн захирамж гарсан байсан. Энэхүү захирамжийг үндэслээд Д.Батцэнгэлд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Дараа нь Ховд аймгийн тойргийн нотариатч П.Хишигжаргалын баталсан 2009 оны 06 сарын 09-ны  өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтыг үндэслэн *******ид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож, улмаар ******* Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг үндэслэн Р.Эрдэнэбаатарт маргаан бүхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бичиж олгосон байдаг. Ингээд цаашаа Ц.Төмөрчулуун,******* гэх хүмүүсрүү газар шилжиж бүртгэл хийгдсэн байдаг.

Энэ асуудал шүүхээр олон жил маргаж байгаа маргаантай асуудал тул бид шүүхээс гэрсэн шийдвэрийг биелүүлнэ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номинзаяа шүүхэд гаргасан тайлбартаа:******* нь анх 2010 оны 8 сарын 16-ны өдөр Эрдэнэбаатартай гэрээ байгуулж Жаргалант сумын Магсаржав багийн нутаг, 3-12 жилийн сургуулийн урд, Хөрс ШТС-ын хойно байрлах 1200 кв метр газрыг худалдан авч шударгаар өмчилж эхэлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх газрыг Р.Эрдэнэбаатар худалдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, нотариатын үйлдэл зэргийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр байгаа гэжээ. Энэ асуудалд Р.Эрдэнэбаатар буруугүй ба харин нотариатч П.Хишигжаргал, газрын албаны мэргэжилтэн Ш.Түвшинбат гэм буруутай болох нь тогтоогдсон. Тухайлбал Ш.Түвшинбат нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдаж, ингэхдээ учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг.Б.Шүрэнцэцэгийн өмчлөлийн Г-1617001044 дугаартай газрын өмчлөгчөөр 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 84-48822 дугаартай мэдүүлгээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн *******, Б.Бүжинлхам нарыг хууль зөрчиж бүртгэсэн ба уг асуудлаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 3888 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл Г.Шүрэнцэцэгийн өмчлөлийн газрыг ******* болж өөрчлөгдсөн зүйл байхгүй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 77 дугаар захирамжаар *******ийг өмчлөгчөөр тогтоосон зүйл байхгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Цолмон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг өмгөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхэд хариу тайлбар өгсөн. Энэ тайлбараа дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн******* нь анх 2010 оны 08 сарын 16-ны өдөр Р.Эрдэнэбаатартай маргаан бүхий 1200 метр квадрат газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ авч, уг газрыг шударгаар эзэмшсэн. Үүний дараагаар 2011 онд иргэн Ц.Төмөрчулуунд уг газрыг шилжүүлсэн. 2012 оны 08 сарын 15-ны өдөр  дахин 16170001044 дугаар бүртгэлтэй гэрчилгээ гарч энэ гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байна. 

 Нэхэмжлэгч нь дээрх газрыг Р.Эрдэнэбаатарт шилжүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний нотариатын үйлдлийг хүчингүй хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан гэх ба энэхүү үйлдэлд иргэн Р.Эрдэнэбаатар, гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн гэм буруу байхгүй. Үүнд Ховд аймгийн тойргийн нотариатч П.Хишигжаргал, тухайн үед газрын албанд ажиллаж байсан Ш.Түвшинбат нар гэм буруутай. Тухайлбал, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 24 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Түвшинбатыг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасны дагуу яллаж, өршөөлд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иргэн *******ийг залилсан хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.  Шүүхээс Р.Эрдэнэбаатар,******* нар  гэм буруугүй болохыг анхаарч үзэх зүйтэй байх.

 Тус маргаан бүхий газрын өмчлөгчөөр  2019 оны 06 сарын 24-ны өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ******* Б.Бүжинлхам нарыг хууль зөрчиж бүртгэсэн. Уг хууль бус бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 сарын 22-ны 3888 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосон. Хариуцагч нь уг бүртгэлээ Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 77 дугаартай захирамжийг үндэслэж бүртгүүлсэн гэж тайлбарлагдаг ба уг бүртгэлийг 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 3888 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосон.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “...Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана...” гэж заасан тул *******ийн өмчлөлийн маргаан бүхий газрын өмчлөгчөөр иргэн *******, Б.Бүжинлхам нарыг тогтоосон ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй тул ямар нэгэн бүртгэл хийх боломжгүй.

2019 оны 10 сарын 22-ны өдрийн 3888 дугаартай дүгнэлтээр *******ийг бүртгэсэн бүртгэлийг дараах байдлаар хүчингүй болгосноо зааж өгсөн. Үүнд нэгдүгээрт, иргэн  Р.Эрдэнэбаатараас  Б.Шүрэнцэцэгт,*******ээс Төмөрчулуунд, Төмөрчулуунаас буцаад *******т  шилжиж ирж байгаа бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэгэн өөрчлөлт хийхийг даалгасан шийдвэр байхгүй, хоёрдугаарт өвлөх эрхийн гэрчилгээнд  2500 метр квадрат газрын өмчлөгчөөр  тогтоосон байхад 1200 метр квадрат газрын өмчлөгчөөр тогтоож гэрчилгээ гарсан нь буруу, гуравдугаарт, эдгээр бүртгэлүүдийг өөрчлөхийг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэр байхгүй, дөрөвдүгээрт улсын бүртгэлийн гэрчилгээ буюу гуравдагч этгээдийн өмнө өмчилж байгаа гэрчилгээг хүчингүй болгоогүй гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ энэ алдаануудыг засагдсан мэтээр ярьж,*******ийн нэр дээр байгаа өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй болохыг тогтоолгох, үүнтэй холбоотой даалгах шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ш.Түвшинбат нь *******ийг залилсан гэдэг нь тогтоогдсон. Тиймдээ хохирол болох 13,576,000 төгрөгийг өөрөө барагдуулна гэснээр өршөөлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ш.Түвшинбатаас хохирлоо нэхэмжлэхгүй байж*******ээс газар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ шалтгааны улмаас тухайн газар дээр баригдаж байгаа аж ахуйн хэрэгцээний барилгаа барьж чадахгүй, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байна. Барилгын ажлын зөвшөөрлөө авахаар Ховд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газарт хандсан боловч тухайн газар дээр өмчлөлийн маргаантай асуудал гарсан тул зөвшөөрөл өгөх боломжгүй гэх агуулга бүхий хариуг өгдөг. Одоо хүчин төгөлдөр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу гуравдагч этгээд******* нь өмчлөгч юм гэдгийг анхаарч үзнэ үү. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхзул  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:*******ийн хувьд маргаан бүхий газрыг гэрээ хэлцлийн үндсэн дээр хууль ёсоор өмчилж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Хэрвээ*******ийг хууль бусаар өмчлөгчөөр тогтоолгосон гэж үзвэл иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх ёстой. Энэ талаар нэхэмжлэгч талаас одоогийн байдлаар шүүхэд  хандсан зүйл байхгүй.

*******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд 2009 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон иргэний хэргийн шийдвэрийн  агуулгыг шүүх анхаарч үзнэ үү.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжид “...Иргэний хэргийн анхан шатны шүүхээс *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож тус тус шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэлд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой...” гэж дүгнэсэн байдаг.

Шүүгч Г.Янжиндулам нь хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д ”...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана...”, 109.3-д “....Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй...”, мөн хуулийн 110 дугаар зүйлд 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж тус тус заажээ. Манай үйлчлүүлэгчийн хувьд иргэний хуулийн эдгээр зүйлүүдэд заасны дагуу уг хөрөнгийг шударгаар олж авсан. Г.Янжиндулам шүүгчийн хувьд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гажуудуулсан гэж үзэж байна.

Маргаан бүхий газрын өмчлөгчөөр*******ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон болохоос биш өөр ямар нэгэн байдлаар тухайн бүртгэлүүдийн талаар дүгнэлт гаргасан зүйл байдаггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мягмардорж нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-12 жилийн дунд сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500м.кв үл хөдлөх хөрөнгийн 1617001044 дугаарт Ж.Мягмардорж миний өмчлөлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр болгож улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоо “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тул өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.    

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг  үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтуудаас үзвэл: 

1. Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Мягмардоржийн нөхөр Д.Батцэнгэл маргаан бүхий газрыг эзэмшиж улмаар 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр захирамжаар[1] өмчилж авсан.

2.  Д.Батцэнгэл нь 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нас барснаар түүний эхнэр Ж.Мягмардоржийн нэр дээр 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн  гэрчилгээ[2] авч, мөн өдөр маргаан бүхий газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг[3] гаргасан.  

4. Улсын бүртгэлийн байгууллагаас 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өмчлөлийн газрыг Д.Батцэнгэлийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617001044 дугаарт бүртгэж гэрчилгээ[4] гаргаж маргааш нь буюу 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр уг гэрчилгээг хүчингүйд тооцож *******ийн нэр дээр шинэчлэн гаргаж өгчээ.[5]

5. Р.Эрдэнэбаатараас *******той 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг[6] үндэслэн 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг[7] гаргаснаар мөн өдөр Р.Эрдэнэбаатарын өмчлөлд,

 Б.Шүрэнцэцэгээс Р.Эрдэнэбаатартай 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээг[8] үндэслэн 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг[9] гаргаснаар мөн өдөр*******ийн өмчлөлд,

Ц.Төмөрчулуунаас*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунзаяатай 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан Газар бэлэглэх гэрээг[10] үндэслэн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг[11] гаргаснаар мөн өдөр Ц.Төмөрчулууны өмчлөлд,

Б.Шүрэнцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Олзоос Ц.Төмөрчулуунтай 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээг[12] үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг[13] гаргаснаар мөн өдөр*******ийн өмчлөлд тус тус шилжиж бүртгэгджээ.

6. Нэхэмжлэгч ******* нь нөхөр Д.Батцэнгэлийг нас барснаас хойш маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг өвлөн авч улсын бүртгэлд хандаж байгаагүй бөгөөд дээрх улсын бүртгэлийн ажиллагаа хийгдсэнийг мэдээгүй байсан тул мэдсэнээс хойш хууль хяналтын байгууллагад хандсанаар маргаан эхэлжээ.

Улмаар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамжаар[14] Яллагдагч Ш.Түвшинбат нь Ховд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж,Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт Хөрс шатахуун түгээх станцын зүүн хойд талд байрлах хохирогч *******ийн нөхөр Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500.кв талбай бүхий Г-1617001044 дугаартай газрын гэрчилгээг 2009 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд “газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна” хэмээн залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцсон,   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаар шийдвэрээр[15] Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Хишигжаргалын 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон, *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцсон,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 154/ШШ2019/00014 дүгээр шийдвэрээр[16] *******, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулагдсан 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаар захирамжаар[17] нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт Хөрс шатахуун түгээх станцын зүүн хойд талд байрлах 2500.кв эд хөрөнгө өмчлөх эрхийн Г-1617001044 дугаарт бүртгэсэн газрыг Р.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэл, Эрдэнэбаатараас*******т,*******ээс Ц.Төмөрчулуунд, Ц.Төмөрчулуунаас*******т шилжүүлсэн улсыг бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр тус тус гарч хуулийн хүчин төгөлдөр болжээ.

7. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэхээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт[18] гаргасан.

8. Улсын бүртгэлийн хэлтсээс*******ийн өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй талаар түүнд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл[19] хүргүүлсэн байна.

9.Нэхэмжлэгч ******* охин Б.Бүжинлхамын хамт маргаан бүхий газрыг өвлөх эрхийн гэрчилгээг[20] 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр авч, улсын бүртгэлийн хэлтэст  2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг[21] гаргаж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000330059 дугаартай гэрчилгээ[22] авчээ. 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргалаас газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг сэргээлгэхээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол[23] гаргаж, хариуг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1027 албан бичгээр[24] гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *******ид олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах дүгнэлт бичүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гомдол[25] гаргасан.

11. Улсын бүртгэлийн ерөнхий газрын  хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3888 дугаар дүгнэлтээр[26] эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1617001044 дугаарт *******, Б.Бүжинлхам нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэснээр гэрчилгээг 2019 оны 12 сарын 11-ний өдөр хүчингүй болгожээ.[27]

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоогоос 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дахин улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт[28] гаргасан.

 13. Улсын бүртгэлийн хэлтсээс*******т улсын бүртгэлийн гэрчилгээ авч ирж хүчингүй болгох тэмдэглэгээ хийлгэх шаардлагатай талаар 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мэдэгдлийг хүргүүлсэн.[29] Мөн*******ээс газар өмчлөлийн гэрчилгээг гаргуулах гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр албан бичгээр[30] Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлснийг  2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 03/264 дүгээр албан бичгээр[31] шүүхийн гүйцэтгэх хуудасгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй талаар хариу өгсөн байна.       

14. Нэхэмжлэгч ******* 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гомдол[32] гаргаж, шүүхэд хандах талаар хариуг 2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 8/8153 дугаар албан бичгээр[33] хүлээн авснаар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад үнэлэлт өгч хууль зүйн дүгнэлт хийвэл:

Нэхэмжлэгч ******* нь түүний гарын үсгийг хуурамчаар зурж өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж улмаар газрыг худалдаж, удаа дараа бусдын өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйлдлийн талаар 2015 оноос маргаан үүсгэснээр 2017-2019 онуудад эрүүгийн хэргийн, иргэний хэргийн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дээрх үйл баримтуудыг хууль бус болохыг тогтоож, улмаар улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой талаар  дүгнэсэн байх ч улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхээс татгалзсанд гомдолтой  гэж, 

хариуцагчаас шүүхийн шийдвэрээр*******ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгоогүй тул давхар бүртгэл хийх боломжгүй,*******ийн зөвшөөрлөөр бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэж ,

гуравдагч этгээдээс газар өмчлөл хууль бус гэдгийг мэдээгүй тул хууль ёсны өмчлөгч, өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэл хүчин төгөлдөр байхад *******ийг өмчлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 Маргаан бүхий газрын анхны өмчлөгч Д.Батцэнгэлийг нас барснаас хойш түүний эхнэр *******ийн нэрээр хийгдсэн өв залгамжлалын гэрчилгээ болон түүнд үндэслэн Р.Эрдэнэбаатартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хууль бус байсныг тогтоож хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлага дээрх үйл баримтаас хойш үүссэн нөхцөл байдалтай холбоотой тул дээрх үйл баримтуудад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий газрын өмчлөгчөөр*******ийг бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг хянаж дүгнэв.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “ Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.”, 25 дугаар зүйлийн 25.1-дИргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.”, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан.

 Д.Батцэнгэл нь Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг өмчилж авсан боловч улсын бүртгэлд бүртгүүлж газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан болох нь 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өмчлөлийн газрыг Д.Батцэнгэлийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617001044 дугаарт бүртгэж гэрчилгээ гаргасны дараа 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр уг гэрчилгээг хүчингүйд тооцож *******ийн нэр дээр шинэчлэн гаргаж өгсөн үйл баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймээс газар өмчлөгч Д.Батцэнгэл газраа улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй байхад бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд түүнийг нас барснаар хууль ёсны өвлөгчид энэ эрх шилжих учиртай. Гэтэл өв хүлээн авах өвлөгчөөр бүртгэх үйл явц хууль бус явагдсаны улмаас түүнд үндэслэн хийгдсэн газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч ******* улсыг бүртгэлд бүртгүүлэх эрх болон улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй гуравдагч этгээд*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.

*******ийн хамтран өмчлөгч Б.Бүжинлхам нь нэхэмжлэл гаргах үед 12 нас 1 сартай байсан ба одоо 13 нас 10 сартай тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.7-д зааснаар иргэний эрхийн зарим чадамжтай тул мөн хуулийн 17.2-д ”7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ.” гэж зааснаар төрсөн эх ******* нь нэхэмжлэлийг дангаар гаргасныг зөвшөөрч хүлээн авсан болно. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантогоогоос 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргахад улсын бүртгэлийн хэлтсээс*******ийн зөвшөөрлөөр бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэж тайлбарласан ба*******т 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус мэдэгдлийг хүргүүлж, гэрчилгээг гаргуулах гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хандах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байх ч нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар мөн оны 8 дугаар  сарын 07-ны өдөр бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар хариу өгсөн тул 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт  хандаж, тус газраас 2020 оны 09 сарын 11-ний өдрийн албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариуг авснаар тус шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

 Гуравдагч этгээд******* нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж маргах ч энэ нь гэрээнээс үүдэлтэй иргэний  эрх зүйн харилцаанд хамааралтай ба улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шууд хамааралгүй.

Тодруулбал, иргэд хоорондын гэрээ нь тэдний хүсэл зориг, итгэлцэл, тохиролцоон дээр үндэслэж байгуулагддаг тул гэрээнээс үүдэлтэй аливаа үүрэг, хариуцлагыг талууд өөрсдөө хариуцах хүлээн учиртай.

Улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болсон, хүчин төгөлдөр бусад тооцогдсон үндэслэлийг хянах үүрэггүй бөгөөд нэгэнт эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн баримт бичиг хүчингүй төгөлдөр бус болсноор уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс хууль бус үйл баримтад үндэслэн хийгдсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаар захирамжаар “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий улсын бүртгэлийн үндэслэл болсон үйл баримтыг хууль бус болохыг шүүхээс тогтоосон байх тул зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг улсын бүртгэлд бүртгэхийн тулд*******ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох үндэслэлтэй талаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул бүртгэлийг хүчингүй болгож 2019 оны 06 сарын 24-ний өдөр ******* болон түүний охин Б.Бүжинлхамыг газрын өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй. 

Гэтэл улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3888 дугаар дүгнэлт гарснаар   нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 12 сарын 11-ний өдөр хүчингүй болгосноор маргаан үүсчээ.

Улсын байцаагчийн дүгнэлтийн талаар талууд маргаж гомдол гаргаагүй байх ч хариуцагчаас дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй тайлбарлаж байх тул дүгнэлтийн үндэслэлийг хянаж дүгнэх  шаардлагатай гэж үзлээ.  

Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.1-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газар нь  нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих ба мөн хуулийн 18.7.1-д зааснаар тус газрын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй байна.

Хяналт шалгалтын улсын байцаагчийн 3888 дугаар дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг нэгдүгээрт,*******ийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэрүүдэд тусгагдаагүй, хоёрдугаарт, *******, А.Бүжинлхам нарыг өмчлөгчөөр бүртгэх талаар шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр ирүүлээгүй, гуравдугаарт,*******ээс өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгоогүй, дөрөвдүгээрт өмчлөх газрын хэмжээ зөрүүтэй гэж дүгнэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох,19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хууль хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1,19.4.2,19.4.3-д зааснаар улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг тогтоохын тулд  холбогдох нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч  хянаж үзэж нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хууль хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч *******ийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан үндэслэл болсон Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаар шийдвэр, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 154/ШШ2019/00014 дүгээр шийдвэр, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаар захирамжуудад Б.Шүрэнцэцэгийн газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, *******, А.Бүжинлхам нарыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх талаар тусгаагүй гэх үндэслэл нь нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус гэх үндэслэлд хамаарахгүй.

Нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус гэдгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргах журам, шаардлагыг зөрчиж гаргасан мэдүүлэг болон хавсарган ирүүлсэн баримтууд зөрүүтэй, утга агуулгын алдаатай зэрэг зөрчилтэй, бүрдүүлбэр дутуу байхыг ойлгоно.

*******, А.Бүжинлхам нарыг өмчлөгчөөр бүртгэх талаар шүүхийн шийдвэр гараагүй гэх үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.”гэж,

 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно. “6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. 11 дүгээр зүйлийн 11.3-т “... Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.”11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ. гэж тус тус заасан.

Эндээс үзвэл өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд жинхэнэ өмчлөгч нь биш болох нь шүүхээр тогтоогдсон бол түүнд энэ тухай мэдэгдэж /Б.Шүрэнцэцэгт удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн/, хууль ёсны өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага нь шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран холбогдох шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хөтлөх эрхтэй гэж ойлгох нь зүйтэй. 

Харин өмчлөгч биш болсон этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч хүчингүй болгох, бүртгэх газрын хэмжээний зөрүүг тодруулах зэрэг нь улсын бүртгэлийн байгууллагаас хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой . 

Иймээс хариуцагчаас гуравдагч этгээд*******ийг газар өмчлөгчөөр бүртгэсэн улсыг бүртгэлийг шүүхийн шийдвэр болон түүний зөвшөөрөлгүйгээр хүчингүй болгох боломжгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл хоёр нийцэж байх шаардлага, үйл ажиллагааны зорилго, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд үүсэх үр дагаврын тэнцвэртэй байдлыг хангах замаар захиргаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй . 

Иймд захиргааны байгууллагын хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ийн “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан тул нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлээгүй ба гаргасан мэдүүлгийн бүрдүүлбэрийг хянаж үзэж, бүртгэх асуудлыг улсын бүртгэлийн байгууллага эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй байна. 

Гуравдагч этгээдээс газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн маргаан үүссэнээр маргаан бүхий газар дээр барилгын ажил гүйцэтгэж байгаатай  холбоотойгоор учирсан хохирлыг гаргуулахаар иргэний шүүхэд хандсан талаар тайлбар гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул дүгнэлт хийхээс татгалзсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4,19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн *******ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй тооцохгүй байгаа Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр, 3-12 жилийн дунд сургуулийн урд, “Хөрс” шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 кв метр газрыг эд хөрөнгө өмчлөх эрхийн 1617001044 дугаарт*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсыг бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс/-ээс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] хх1 –ийн 159-160 дугаар хуудас

[2] хавтаст хэрэг 1-ийн 87 дугаар хуудас

[3] хавтаст хэрэг 1-ийн 81-82, 85-86 дугаар хуудас

[4] хавтаст хэрэг 1-ийн 89 дүгээр хуудас

[5] хавтаст хэрэг 1-ийн 93 дугаар хуудас

[6] хавтаст хэрэг 1-ийн 92 дугаар хуудас

[7] хавтаст хэрэг 1-ийн 90-91 дүгээр хуудас

[8] хавтаст хэрэг 1-ийн 97 дугаар хуудас

[9] хавтаст хэрэг 1-ийн 95 дугаар хуудас

[10] хавтаст хэрэг 1-ийн 103 дугаар хуудас

[11] хавтаст хэрэг 1-ийн 100 дугаар хуудас

[12] хавтаст хэрэг 1-ийн 108 дугаар хуудас

[13] хавтаст хэрэг 1-ийн 106 дугаар хуудас

[14] хавтаст хэрэг 1-ийн 73-75 дугаар хуудас

[15] хавтаст хэрэг 1-ийн 217-221 дүгээр хуудас

[16] хавтаст хэрэг 1-ийн 45-50 дугаар хуудас

[17] хавтаст хэрэг 1-ийн 197-204 дугаар хуудас

[18] хавтаст хэрэг 2-ын 17 дугаар хуудас

[19] хавтаст хэрэг 2-ын 7 дугаар хуудас

[20] хавтаст хэрэг 2-ын 19 дүгээр хуудас

[21] хавтаст хэрэг 2-ын 9 дүгээр хуудас

[22] хавтаст хэрэг 2-ын 25 дугаар хуудас

[23] хавтаст хэрэг 1-ийн 244 дүгээр хуудас

[24] хавтаст хэрэг 1-ийн 245 дугаар хуудас

[25] хавтаст хэрэг 2-ын 37-39 дүгээр хуудас

[26] хавтаст хэрэг 2-ын 43-44 дүгээр хуудас

[27] хавтаст хэрэг 1-ийн 143 дугаар захирамж

[28] хавтаст хэрэг 2-ын 5-6 дугаар хуудас

[29] хавтаст хэрэг 2-ын 1-4 дүгээр хуудас

[30] хавтаст хэрэг 1-ийн 249 дүгээр хуудас

[31] хавтаст хэрэг 1-ийн 250 дүгээр хуудас

[32] хх2-ын 45-48 дугаар хуудас

[33] хх2-ын 49 дүгээр хуудас