Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1602

 

     Куонн У Мүнний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Куонн У Мүнний нэхэмжлэлтэй

Хариуцагч "Аж констракшн" ХХК-д холбогдох

 

            20.000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч      Р.Чинбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Куонн У Мүнн /Kwon Ohmoon/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ыг иргэн Куонн У Мүнн нь "Жэй Эм Технологи" ХХК-ийн захирал бөгөөд тус компани нь хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай, 67 дугаар байрыг захиалан бариулсан. Уг байрны мансардны давхар дахь 17, 18, 19 тоотуудын гипсэн таазыг засварлуулж, төмөр дээврийг шинэчлэн ус хаягч хийлгэхээр Куонн У Мүнн нь "Аж констракшн" ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын 2014/10 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт ажлын хөлсийг 27.000.000 төгрөгөөр тохиролцон маргааш нь урьдчилгаа 20.000.000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Засварын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч компани ажлаа хийж гүйцэтгээгүйгээс бороо орох үед байрны дээврээс ус алдаж их хэмжээний хохирол учирч, мансардны давхарт айлууд амьдрах боломжгүй болсон. Барилга, засвар шинэчлэлтийн ажлын гэрээний 3.4-т “гүйцэтгэгч нь барилгын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй, захиалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ... бол захиалагч энэхүү гэрээг дангаар цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлсийг гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхтэй" гэж заасны дагуу Куонн У Мүнн нь гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн мөнгөө авах шаардлагыг гаргасан. Засварын ажлыг өөр компаниар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Иймд "Аж констракшн" ХХК-д барилгын засварын ажлын хөлсөнд урьдчилж олгосон 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Аж констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Аж констракшн" ХХК нь БНСУ-ын иргэн Куонн У Мүннтэй 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67 дугаар байрны 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх ажлыг 27.000.000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож ажлаа эхлүүлсэн. Тус байрны мансардны хэсгийн дулаалгыг барилгын норм дүрэмд заасны дагуу хийгээгүй байсан. Модон рам дээр шууд төмөр дээвэр хийснээс хүйтний улиралд төмөр дээвэр модон хучилт хоёрын завсар цан цохиж ус доошоо гоожсноос болж гипсзн тааз хуурч унасан, хаалга гажсан, паркетан шал овойж хөндийрсөн байсан. Мансардны төмөр хучилт цоороогүй, бороо цасны ус гоождоггүй тул манай компанийн захирал захиалагч Куонн У Мүннтэй амаар тохиролцоод хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх ажлуудыг хийхгүйгээр дээврийн дулаалгыг барилгын норм дүрмийн дагуу хийж, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солихоор тохирсон. Энэ тохиролцоог бид бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон ба ажлаа хийж дуусгаад захиалагч Куонн У Мүннд байрны түлхүүрүүдийг хүлээлгэн өгч хийсэн ажлаа нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Манай компанийн хийсэн бүх ажил буюу дээврийн дулаалга, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солих зэрэг ажлын төсөвт өртөг нь 12.986.288 төгрөг болсон юм. Бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгөөс хийсэн ажлын өртөг 12.986.288 төгрөгийг хасаад 7 013.700 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Аж констракшн" ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Куонн У Мүннд /Kwon Ohmoon/ олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Куонн У Мүнний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Аж констракшн" ХХК-иас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Куонн У Мүннд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа  давж заалдах гомдол:

...Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлын үр дүнг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгсөн баримтгүй, зардал гаргасан баримт ирүүлээгүй боловч энэ нь тодорхой хэмжээнд ажил гүйцэтгэсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд өөр баримтаар тогтоогдох боломжтой байхад анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтыг бүрэн үнэлж, дүгнэлгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Тухайн үед буюу 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх фото зургуудыг хариуцагч нь шүүхэд гаргасан бөгөөд энэ нь гэрээнд заасан ажлаас тодорхой хэсгийг нь хийж гүйцэтгэсэн гэдгийг нотлох баримт бөгөөд эдгээр нотлох баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Талууд маргаагүй байхад шүүх цаг хугацааны хувьд тодорхойгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй болно. Шүүхээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн дээврийн дулаалга хийх. дүүжин таазыг задалж буулгах, дам модон нурууг солих, гипсэн тааз угсрах, таазанд тэгшилгээ хийх, хаалга солих зэрэг ажлуудыг нэхэмжлэгч Куон У Мүнн нь бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр бусдаар гуйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан гэрээгээр гүйцэтгүүлсэн ажил нь ямар зардлын баримтаар, ямар ажил хүлээлцсэн актаар, ямар гэрчийн мэдүүлгээр, ямар шинжээчийн дүгнэлтээр, ямар фото зургаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад хэргийг хэт нэг талд ашигтайгаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Куон У Мүнн нь 2015 оны 8 дугаар сарын 31-ны өдөр "... ажлыг чанартай хийж хүлээлгэж өгөх хугацаа болсон боловч одоо болтол хийж дуусгахгүй  даамжирсаар өнөөдрийг хүрлээ хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа дуусгаж хэвийн ашиглах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү ..." гэсэн албан бичгийг хариуцагчид ирүүлж байсан бөгөөд энэ баримт нь тодорхой хэмжээнд ажил хийснийг нотолж байхад шүүхээс огт үнэлсэнгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлыг биечлэн хийсэн гэрч Т.Баярсайханы мэдүүлгийг эх сурвалжаа заагаагүй гэсэн тодорхойгүй үндэслэлээр түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудал болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”  гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Куон У Мүнн нь хариуцагч "Аж констракшн" ХХК-д холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, засварын ажлыг өөр компаниар хийлгүүлэх хүсэлтэй” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7.013.700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргахдаа гэрээгээр тохирсон зарим ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан байна.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ” №2014/10 тоот гэрээг байгуулан уг гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч "Аж констракшн" ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинэр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх ажлыг гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч Куон У Мүнн ажлын хөлсөнд 27.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-11/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Куон У Мүнн нь  “Булган цэнгэл” ХХК-тай дөрвөн удаа “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бичгийн баримтыг шүүхэд ирүүлж, хариуцагч "Аж констракшн" ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлуудыг “Булган цэнгэл” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь “Булган цэнгэл” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээгээр 13 дугаар хорооллын 67 дугаар барилгын 5 давхрын дээвэр, дулаалга, граниз, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр, /хх75-76/

 

2016 оны 10 дугаар сарын 17ны өдрийн гэрээгээр 13 дугаар хорооллын 67 дугаар байрны салхивч агааржууулалтын дээврийн дулаалга, дээврийн төмөр, усны яндан, гадна пасадны нөхөөс зэрэг ажлуудыг, /хх77-78/

 

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 хорооллын 67 дугаар байрны 17, 18, 19, 20 тоотын дотор заслын ажил, паркетан шал солих ажлыг /хх79-81/

 

2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээгээр 13 дугаар хороолол дахь 67 дугаар байрны гадна дотор засал, хаяавч, бетон цонхны төмөр шал солиулах ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх82-84/

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаас үзэхэд  хариуцагч "Аж констракшн" ХХК болон  “Булган цэнгэл” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь өөр, өөр ажил байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч бусадтай гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

 

 “Жэй Эм Технологи” ХХК-ийн захирал Куонн У Мүннийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4 тоот албан бичгээр "Аж констракшн" ХХК-д хандан “... тус компанийг ажлаа хийж дуусгахгүй он дамжин байгаа талаар болон ажлаа дуусгаж хэвийн ажиллах нөхцөлөөр хангуулахыг”  хүссэн бичгийн баримт авагдсан  байна. /хх 13/

 

Хариуцагч дээрх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч ажлаа хийж байсныг албан бичигтээ дурьдсан гэсэн тайлбар гаргаж маргасан байхад шүүх уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Хариуцагч талын гаргасан “Жэй Эм Технологи” ХХК-ийн орон сууцны барилгын дээвэр, дотор заслын ажлын төсөвт өртгийн товчоо гэсэн бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримт байна.

 

 Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хүлээдэг бөгөөд нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах ёстой.

 

Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Иймд давж заалдах шатын шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                      Ц.ИЧИНХОРЛОО