Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/001002

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК. Х.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 337.192.204 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бум констракшн ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 430.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ипотекийн гэрээгээр Х.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан. Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусах боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 475 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 335.457.289.08 төгрөг, зээлийн хүү 1.490.146.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244.768.99 төгрөг нийт 337.192.204.37 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Бум констракшн ХХК, Х.Б- нараас ЗГ1105111736 тоот зээлийн гэрээний үүрэгт 337.192.204.37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Б” ХХК. Х.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар манай компанийн хуванцар хоолойн үйлдвэр байгуулах төсөл хэлэлцэгдэж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700.000.000 төгрөгөөр дэмжигдсэн талаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 509 тоот албан бичиг ирүүлсэн. Уг зээлийг Г ХХК-аар дамжуулан олгохоор судлагдаж, барьцаа хөрөнгө бага байна гэх шалтгаанаар 430.000.000 төгрөг олгохоор тогтсон. Манай компанийн Гин дахь харилцах дансанд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 430.000.000 төгрөгийн зээлийг байршуулсан боловч, зарлагын гүйлгээнд барилт хийж захиран зарцуулах боломж өгөхгүй 3 сар хадгалсан атлаа хүүг суутган авсан байсан. Зээлийг  427.000.000 төгрөг авсан. Энэ 3 сарын хугацаанд ашиглаагүй зээлийн хүүнд нийт 9.966.575.35 төгрөгийг тооцож авсан байсан. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг жилийн 3 хувиар тооцохоор байхад манай компаниас жилийн 9 хувиар хүү тооцож хүүгийн төлбөрт 99.315.837.68 төгрөгийг авсан нь манайд илт хохиролтой төдийгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Тус банк нь төслийн дагуу зөвшөөрөгдсөн 700.000.000 төгрөгийн зээлийг олгоогүй, олгосон 430.000.000 төгрөгийн зээлийг 3 сар олгоогүй учраас төсөл хэрэгжүүлэх хугацаа хойшлогдож, валютын ханшийн зөрүүнээс санхүүгийн болон эдийн засгийн хохирол гарсан. Төсөл хойшлогдсоны улмаас зээл төлөх графикт өөрчлөлт оруулах талаар Гинд удаа дараа хүсэлт гаргасан боловч, хүлээн аваагүй. Г зээлийн хүүг 9 хувиар тоосноор зөвхөн зээлийн хүүгийн зөрүү 60.615.837.69 төгрөг, зээл олгоогүй байхад тооцсон хүү 9.966.575.35 төгрөг нийт 70.582.413.04 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Бум констракшн ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 327.510.314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.681.890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Хайдавын Бумангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.843.911 төгрөг, 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, 1.795.580 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.795.502 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018.03.15 өдрийн дугаар 488 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдол гаргалаа.

Анхан шатны шүүх хариуцагч талын мэтгэлцэх бололцоог хангаж нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах.өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, зохигчдод тэгш бус хандсан шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ч.хүсэлтийг хүлээн авалгүй хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ үнэн зөв, бодитойг батлах, нотлох баримт гэрчийн мэдүүлгийг авах бололцоогоор хангасангүй. Шүүх хурлын товыг зохигчид мэдэгдэлгүй итгэмжилсэн төлөөлөгч Б.Наранхүүг хэргийн материалтай танилцах боломж олголгүй шүүх хурал зарлаж хариуцагч талыг анхан шатны хуралд оролцуулалгүй хууль зөрчсөн үйлдэлд давж заалдах шатны шүүх үнэн зөв дүгнэлт өгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хариуцагч талын нотлох баримт, гэрчийн мэдүүлэг гарган шүүх хуралд биечлэн оролцох бололцоог хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч “Б” ХХК болон  Х.Б- нарт холбогдуулан зээлийн төлбөрт 337.192.204 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон ипотекийн гэрээг дурджээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээлийн хүүг 9 хувиар тооцож, хүүгийн төлбөрт 99.315.837 тооцож авсан нь хууль зөрчсөн, төслийн дагуу зөвшөөрөгдсөн 700.000.000 төгрөгийн зээлийг бүрэн олгоогүй, ашиглаагүй 3 сарын хүүд тооцсон 9.966.575 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ. 

Хариуцагч “Б” нь жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлдүүлэх гэрээний хүрээнд Гнаас 430.000.000 төгрөгийг  40 сарын хугацаагаар жилийн 9 хувийн хүүтэй зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Х.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоотын  2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар байрны 3 тоотод байрлах 165 м.кв талбайтай хувийн сууц, мөн хорооны 18 дугаар байрны зоорийн давхрын 1, 2  тоот авто зогсоолуудыг барьцаалахаар харилцан тохирч, 2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр зээлийн болон ипотекийн гэрээ байгуулжээ /хэргийн 17-32 дугаар тал/.

 Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, зохигчийн хооронд банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.      

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 335.457.289 төгрөг, хүү 1.490.146 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 244.768 төгрөг нийт 337.192.204 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсаныг буруутгах боломжгүй байна.  

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчийн дансанд 2016 оны 1 дүгээр сарын 25-ний өдөр шилжүүлсэн боловч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл саатуулан барьж ашиглах боломж олгоогүй атлаа энэ хугацааны хүүд 9.681.890  төгрөг тооцож авсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс дээр дурдсан хүүгийн төлбөрийг хасаж, хариуцагчаас 327.510.314 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ банкнаас зээл олгох гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан, шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд итгэмжлэлгүй ирсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэхгүй талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсаныг буруутгах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 1.795.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ